Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 590

 

 

 

 

 

 

    Т.Ад холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                  

прокурор Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

хохирогч Б.Одбаяр, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,  

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонцэцэг, хохирогч Б.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Ад холбогдох эрүүгийн 1803008610013 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1989 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Арвайн Үндэс ХХК-д менежер ажилтай байсан гэх, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар байрны 22 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Т.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Ахмадын хорооллын урд замд 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 22.15 минутын үед Тоёота Приус-30 маркийн 9428 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна, а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7-д заасан жолоочид дoр дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёота Приус-20 маркийн 9147 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон уг тээврийн хэрэгслийн ард зогсож байсан Н.Наранбаатар, Б.Одбаяр нарыг мөргөж, Н.Наранбаатарын амь насыг хохироож, Б.Одбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, автомашин дотор сууж байсан зорчигч Б.Урангэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Нэткапитал Финанс корпораци ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 9147 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.350.000 төгрөгийн шууд, 6.200.000 төгрөгийн нийт хохирол, Бичил глобус ХХК-ний эзэмшилийн Тоёота Приус-30 маркийн 9428 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.810.000 төгрөгийн шууд, 4.090.000 төгрөгийн нийт хохирол учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 8.11 дэх заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Т.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Т.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрх 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссаны дараа тоолж эдлүүлж, Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Аы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Т.Агээс 1.513.000 төгрөгийг гаргуулж Б.Одбаярт, 9.874.235 төгрөгийг Д.Отгонцэцэгт олгох, 2.116.000 төгрөгийг Бичил глобус ББСБ-гад олгох, Нэт капитал ББСБ-гын нэхэмжилсэн 6.175.860 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн хувьд дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч миний нэхэмжилсэн хохирлыг хуульд заасны дагуу шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүхээс шүүгдэгч Т.Агийн ажиллаж байсан "Арвайн Үндэс" ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж хохирол гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэснийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь шүүх хэрэгт энэ талаар авагдсан бүх нотлох баримтыг хооронд нь харьцуулан үзээгүй, нотлох баримтын эх сурвалжийг магадлан шалгаагүй, зөвхөн шүүгдэгч Т.Агийн болон иргэний хариуцагч "Арвайн Үндэс" ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттулгын мэдүүлгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг шүүх зөрчсөн гэж үзэж байна.

Гэтэл "Арвайн Үндэс" ХХК иргэний хариуцагч байх олон нотлох баримт, үндэслэл хэрэгт байгаа бөгөөд эдгээрийг шүүх юу гэж үнэлж дүгнэсэн нь шийтгэх тогтоолд огт тодорхойгүй буюу үнэлээгүй байна:

  • гэмт хэрэг гарсан  хэргийн  газар дээр  шүүгдэгч Т.Агийн  автомашинд

"Арвайн Үндэс" ХХК-ний 5 хайрцаг архи байсан болох нь тогтоогдсон,

- шүүгдэгч Т.А нь "Арвайн Үндэс" ХХК-ний архийг худалдан борлуулахдаа ашигладаг автомашинаар гэмт хэрэг үйлдсэн,

- шүүгдэгч Т.А нь өөрийн ачиж явсан архинаас хамт ажилладаг "Арвайн

Үндэс" ХХК-ний худалдааны төлөөлөгч ажилтай Ч.Өнөрбаттай хамт ууж архидан согтуурсан,  

  • дээр дурдсан нөхцөл байдлуудаас гадна "Арвайн Үндэс" ХХК-ний итгэмжлэгдсэн

төлөөлөгч гэрч М.Баттулгын мэдүүлэгт шүүгдэгчийн ачиж явсан архи нь гэмт хэрэг гарахаас 3 хоногийн өмнө буцаалт хийсэн архи гэх боловч энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт байхгүй, архины буцаалт хийгдсэн байхад 3 хоног автомашиндаа ачаад яваад байх боломжтой эсэхийг шалгаагүй,

- гэрч М.Баттулгын мэдүүлэгт шүүгдэгчийг амарч байсан гэх боловч мөн энэ талаар баримт   байхгүй,   архи   худалдан   борлуулах   үүрэгтэй   худалдааны   төлөөлөгчид тодорхой оффис байхгүй нь хэнд ч ойлгомжтой бөгөөд Улаанбаатар хотод бүх хүнсний  дэлгүүрүүд амралтын өдөргүй, мөн дунджаар өглөө 07-08 цагт нээгдээд шөнийн 22-24 цаг хүртэл ажилладаг цагийн хуваарьтай зэрэг нөхцөл байдалтай харьцуулж үзэх боломжтой байхад энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.

Ерөөсөө энэ гэмт хэрэг гарах гол нөхцөл, шалтгааныг бүрдүүлсэн этгээд бол "Арвайн Үндэс" ХХК юм. Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан этгээд болох Т.Аг өөрийнх нь автомашинаар, архины борлуулалт хийлгэхээр ажилд авсан, түүнчлэн худалдан борлуулж байгаа архиндаа ямар ч хяналт тавьдаггүй, тухайн байгууллагын ажилтнууд нь худалдан борлуулах архинаасаа ууж согтууран 2.71 хувийн согтолтын хэмжээнд хүртэл архидан согтуурдаг байна.

Иймд дээр дурдсаныг хянан үзэж шүүгчдэгч Т.Агийн учруулсан хохирлыг "Арвайн Үндэс" ХХК-иас гаргуулж өгнө үү.

2. Миний нэхэмжилсэн хохиролд тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн хохирол 6.200.000 төгрөг, мөн уг тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 6.175.860 төгрөг тус тус багтаж байгаа боловч эдгээр хохирлыг намайг нэхэмжлэх эрхгүй, Нэткапитал ББСБ-ыг
нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талийгаач бид хоёр уг автомашиныг урьдчилгаа 3.000.000 төгрөг төлж зээлээр худалдан авсан, мөн зээлийн 4 удаагийн төлөлтөөр 1.620.347,76 төгрөг төлсөн, нийт 4.620.347,76 төгрөгийн хөрөнгө оруулсан байгаа бөгөөд автомашин ББСБ-ын нэр дээр байгаа нь тээврийн хэрэгслийн өмчлөгч гэсэн үг биш юм. Харин энэ нь зээл бүрэн төлөгдөх баталгаа буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуци байгааг шүүх буруу дүгнэсэн. Тийм ч учраас автомашин бидний эзэмшил, ашиглалтад байдаг болно.

Дээр дурдсанчлан шүүх манай автомашины хохирлыг шийдвэрлэхгүй байгаа атлаа шүүгдэгч Т.Агийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан автомашины зээл 2.160.000 төгрөгийг Бичил глобус ББСБ-д төлүүлэхээр шийтгэх тогтоолд заагаад байгаа нь огт ойлгомжгүй бөгөөд хууль бус юм. Яагаад эрүүгийн хэрэгтэй ямар ч холбоогүй иргэн, ББСБ-ын хоорондын зээлийг шийдээд байгааг ойлгохгүй байна.

Иймд манай тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирол 12.375.860 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

3. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны зардал 5.000.000 төгрөгийг “гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь шүүгдэгч
Т.А миний нөхрийн амь насыг хохироогоогүй байсан бол надад өмгөөлөгч
авч, зардал гаргах ямар ч шаардлага байхгүй болно.

Түүнчлэн миний нөхөр амьд байсан бол хүүгээ 18 насанд хүрэх хүртэл, мөн гэр бүлээ тэжээн тэтгэх байсан нь хэнд ч ойлгомжтой зүйл бөгөөд өнөөдрийн байдлаар хүү маань 243.000 төгрөгийн халамжийн тэтгэвэр авдаг, энэ нь хаана ч хүрэхгүй мөнгө юм. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон тэтгэврийн зөрүү төлбөр 77.000 төгрөгийг хүүгээ 18 насанд хүртэл тооцон нэхэмжилсэн боловч шүүх яагаад бага насны хүүхдийг тэжээн тэтгэх асуудлыг хангаж шийдэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Нөхөр маань сард 1.200.00 төгрөгийн орлого олдог байсан. Үүнтэй холбоотой баримтыг хэрэгт өгсөн бөгөөд ид ажил хөдөлмөр эрхлэх 41 настай байсан учир 60 нас хүртэл 273.600.000 төгрөгийн орлого олох боломжтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан боловч үүнийг шүүх мөн л шийдээгүй.

Иймд дээрх эд хөрөнгийн хохирлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

4. Шүүгдэгч Т.А нь миний нөхрийн амь насыг хохироосон, хохирогч Б.Одбаярын биед хүндэвтэр гэмтэл, хохирогч Б.Урангэрэлийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан, үүнээс гадна манай автомашинд 6.200.000 төгрөгийн, Бичил глобус ББСБ-ын автомашинд 4.350.000 төгрөгийн хохирол, түүнчлэн надад нийт 320.990.235 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд түүний үйлдсэн энэ гэмт хэргийг зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан байхад шүүх 4 жилийн хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна.

Энэ гэмт хэрэг гарсан 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд шүүгдэгч Т.А нь миний хохирлыг барагдуулах ямар ч санаачлага гаргаагүй, төлж барагдуулах хүсэл зориг байгаагүй бөгөөд өвлийн хүйтэнд түлээ түлшгүй даарч хөрч байгаа, мөн бага насны хүүхэд өвдөж, эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэхэд намайг басамжлан харьцаж үл тоож байсан болно. Иймд энэ хүн үйлдсэн хэрэгтээ огт гэмшихгүй, учруулсан хохирлоо төлж барагдуулахгүй, төлөх ямар ч санаа зорилго байхгүй байхад түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулах ёсгүй гэж үзэж байгаа бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон ял шийтгэлээ эдлэх ёстой гэж үзэж байна.

Дээр дурдсаныг хянан үзэж миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Одбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Буджав овогтой Одбаяр миний бие 2018 оны 12 дугаар сарын 16-нд захын урд замд хөдөөнөөс бараа авах гээд зогсож байх үед шүүгдэгч Т.А согтуугаар машинтай ирж мөргөсний улмаас зүүн хөлийн шагай хавиар яс хугарч, улмаар Өвөрхангай аймагт очиж, хагалгаанд орсон. Хохирогч миний өвчтэй байх хугацаанд шүүгдэгч Т.А нь нэг ч төгрөг барагдуулаагүй тул цаашид эмчилгээний зардал болон шүүхээс тогтоосон төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байгаа тул хохирол, гомдолтой байна. ... Миний бие ажил хийхийн хажуугаар барилддаг байсан, 10 жил бэлтгэл хийж аймгийн цолд хүрсэн. Гэтэл уг ослын улмаас цаашид амжилт гаргах боломжгүй болсон. Тухайн үед эмчилгээнд 1.500.000 төгрөгийн зардал гарсан байсан. Шүүхээс уг зардлыг төлүүлэхээр заасан. Би “Алтайн харцага” ХХК-ниас 6 сарын хугацаатай чөлөө авсан. Ажил хийх чадваргүй болсон. Одоо ч ажил хийгээгүй, ажиллах чадваргүй байна. ...Цаашид ажиллах боломжгүй, надтай ганц удаа ч яриагүй. Тэргэнцэртэй байхад таксинд суулгаж өгөөд салсан. Гомдолтой байна. ...” гэв.

Өмгөөлөгч Д.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор гомдол гаргасан. Хавтас хэрэгт Арвайн Үндэс ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр татсан боловч анхан шатны шүүхээс хохирол төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс Арвайн Үндэс ХХК нь уг осол гаргах гол шалтгаан нь болсон гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, шүүгдэгчийн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт, борлуулалт, түгээлт хийлгэж байсан учраас Арвайн Үндэс ХХК-ний буруу гэж үзэж байгаа. Арвайн Үндэс ХХК нь түгээлтэнд тарааж байгаа архиндаа хяналт тавьдаггүй. Мөн түгээгч, борлуулагч нар нь ачиж яваа архийг ууж, архидан согтуурдаг. Энэ талаар баримт нь хэрэгт авагдсан байхад  Арвайн Үндэс ХХК-ниас хохирол төлбөр гаргуулаагүй нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Арвайн Үндэс ХХК нь иргэний хариуцагч болохыг тогтоосон баримт хэрэгт авагдсан. Тухайлбал хэрэг болох өдөр 5 шил архи ачиж явсан, түгээлт хийгдсэн архиндаа хяналт тавьдаггүй. Мөн Арвайн Үндэс ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр уг буцаалтын барааг 3 хоногийн өмнө буцаалт хийгдсэн гэж хэлдэг боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй. Буцаалт хийсэн архийг байгууллагадаа өгөх байсан уу, эсхүл ачаад явах байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Тухайн өдөр Арвайн Үндэс ХХК-ний ажил үүргээ хийж явсан уу, амралтын өдөр нь байсан эсэхийг хангалттай тогтоогоогүй байдаг. Улаанбаатар хотод амралтын өдрүүдэд хүнсний дэлгүүрүүд ажилладаг цагийн хуваарийг миний үйлчлүүлэгч хэлсэн. Гэтэл түгээлт, борлуулалтыг амралтын өдрөөр ч гэсэн түгээлт хийж байсан. Ийм учраас Т.Агийн учруулсан хохирлоос Арвайн Үндэс ХХК-иас тодорхой хувийг нь гаргуулах үндэслэл байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн автомашиныг орхигдуулж шийдвэрлэсэн. Амь хохирогч анх 3.000.000 төгрөгийг ББСБ-д урьчдилгаа төлбөр төлж, дараа нь 4 сарын төлбөр болох 1.632.000 төгрөгийг төлсөн байхад үүнийг орхигдуулж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч Отгонцэцэгийг автомашины хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж анхан шатны шүүх үзсэн атлаа Нэт капитал ББСБ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Автомашины хохирол 6.200.000 төгрөг, Нэт капитал ББСБ-ийн зээлийн үлдэгдэл 6.175.680 төгрөгийг гэм буруутай этгээдээр төлүүлэх хангалттай нөхцөл байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудалд гомдолтой байна. Амь хохирогчийн хүүд нийгмийн халамжаас 244.000 төгрөгийн тэтгэмж тогтоосон. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг, үүнээс тэтгэмжийн 244.000 төгрөгийн зөрүү болох 77.000 төгрөгийг талийгаачийн хүүг 18 нас хүртэл нь сар бүр Т.Агээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх нэхэмжлэлийг Т.А болон Арвайн Үндэс ХХК-ниас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Т.Агийн үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан шүүх ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөдүүлсэн гэж үзэж байна. Ийм учраас давж заалдах шатны шүүх эдгээр байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

 

Өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Одбаярын өмгөөлөгчөөр давж заалдах шүүхийн шатнаас оролцож байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдолд нэмж хэлэхэд шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй. Б.Одбаярын биед зүүн хөлний хавчаар ясны хугарал гэсэн гэмтэл учирсан. Уг гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна гэж үздэг. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан учир Алтайн харцага ХХК-нд ажиллаж байгаад осолд орсны улмаас чөлөө авсан тодорхойлолт байдаг. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн шийтгэх тогтоолд хэлэлцэлгүй орхигдуулсан. Мөн цаашид эмчилгээний зардал нэхэмжлэх асуудлыг нээлттэй үлдээгээгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед орлого байхгүй байсан учраас өөрт байсан эд зүйлээ зарж, мөн ажил хийж олсон мөнгөө хохиролд төлсөн. ...” гэв.  

 

Өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явц болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч нарын хохирлыг тодорхой хэмжээнд төлж барагдуулсан. Хохирогч Б.Одбаярын хохиролд төлбөр төлөөгүй. Үүнд маргаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонцэцэгт тодорхой хэмжээгээр хохирол төлж байсан. Хохирлыг төлөхдөө миний үйлчлүүлэгч ажил олдохгүй байсан учраас Барс зах болон Вокзал дээр ачаа зөөж, 1 өдрийн 40.000 төгрөгийг авч, үүнийгээ хохирогчид шилжүүлж байсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан дансны хуулгаас харагддаг. Боломжоороо мөнгө төлөхөөр 20.000 төгрөг, 30.000 төгрөг, 50.000 төгрөг өглөө гэж хохирогчийн ар гэр уурладаг. Арвай Үндэс ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоохтой асуудалд тайлбаргүй байна. 9147 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ББСБ-ын өмчлөлд байдаг. Уг тээврийн хэрэгслийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шатнаас маргаж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд фидуцийн гэрээгээр тодорхой заасан. Агуулгын хувьд талийгаач тухайн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхийг эдэлж байсан. Харин өмчлөх эрхийг Нэт капитал ББСБ эзэмшиж байсан. Тухайн автомашин нь тээврийн хэрэгслийн даатгалтай байсан. Тээврийн хэрэгслийн даатгал нь тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэг эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд жолоочийн буруутай үйлдэл эс үйлдлээс үл хамааран тухайн хохирлыг бүрэн барагдуулна гэж заасан. Тэгэхээр Нэт капитал ББСБ-д учирсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг Соёмбо даатгал бүрэн хариуцах үүрэгтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор 6.100.000 төгрөгийг нэхэмжилдэг. Талийгаач нас барснаар Нэт капитал ББСБ-тай байгуулсан гэрээ, фидуцийн гэрээнд зааснаар дуусгавар болдог.  Фидуцийн гэрээ дуусгавар болсноор тухайн хэрэгт дээрх тээврийн хэрэгслийг өмчлөх эрх нь Нэт капитал ББСБ-д очно. Нэт капитал ББСБ нь зээлийн үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн хүрэхгүй байгаа тохиолдолд шүүгдэгч эсхүл талийгаачийн ар гэрээс иргэний журмаар нэхэмжлэх эрх нь үүснэ. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн зардалд 5.000.000 төгрөгийг нэхэмжилдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэг үйлдсэн хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөд учирсан хохирлыг хохиролд тооцохоор заасан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь талийгаачийн амь нас, хор уршиг нь талийгаачийн оршуулгын зардал болон түүнтэй холбоотой бусад зардлуудыг ойлгоно. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан зардал болон хор уршгыг зөв тодорхойлон тооцож шийдвэрлэсэн. Талийгаачийн хүүд олгох тэтгэмжийн зөрүү, өмгөөлөгчийн зардал гэх мэт бусад зардлыг нэмж тооцох үндэслэлгүй байна. Үнэхээр нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт байгаа. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн талаар хэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх гэсэн зохицуулалт байхгүй болсон. Ял хөнгөдсөн гэдэг байдлаар анхан шатны шүүх рүү хэргийг буцааж байгаа үйл баримт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байгаатай адилтган үзэх нөхцөл бий болно. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлийг бий болгож анхан шатны шүүх рүү хэргийг буцаахгүй байх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлдээ: “...Тус хэрэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргасан. Гомдолд тодорхой хэмжээний хохирлыг Арвайн Үндэс ХХК-иас гаргуулахаар саналыг анхан шатны шүүхэд гаргаж байсан. Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад үзэхэд Арвайн Үндэс ХХК нь жолоодох эрхээ хасуулсан этгээдийг ажилд авсан байдаг. Хөдөлмөрийн гэрээнд “жолооны В ангилалтай, автомашингүй ажилдаа ирэхийг хориглоно” гэсэн заалттай гэрээ байгуулж Т.Аг ажилд авсан бөгөөд энэ шаардлагыг хангахын тулд Т.А тээврийн хэрэгсэл худалдаж авсан байдаг. Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаагүй болох нь тогтоогдсон. Мөн тухайн түгээлтийн архийг буцааж авсан эсэх асуудалд иргэний хариуцагч Баттулга гэрчээр мэдүүлэхдээ “..уг буцаалтын архийг хамт явж авсан, Т.Агийн автомашинд тавьсан..” гэж мэдүүлсэн. Буцаан олголтын барааг дараа өдөр нь буцаалт хийх ёстой талаар ажил үүргийн хуваарт заасан байдаг. Тэгэхээр 3 хоногийн турш буцаалтын архийг аваагүй шаардаагүй үйл ажиллагаа хариуцсан ажилтан Баттулга байдаг. Тэгэхээр уг осол гаргах шууд нөхцөл байдлыг Арвайн Үндэс ХХК нь бүрдүүлсэн гэж үзэж, иргэний хариуцагчаар тогтоож хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Оршуулгын зардал болох 9.874.245 төгрөгийг төлөгдөөгүй гэж тооцсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирол, фидуцийн гэрээний нэг тал Наранбаатар гэх хүн амь хохирсонтой холбоотойгоор тухайн гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй болсон. Төлөх төлбөр нь үлдсэн байдал үүссэн. Эвдрэл гэмтлийн хохирол 6.200.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс, гэрээний биелэгдээгүй хэсэг болох 6.175.860 төгрөгийг Нэт капитал ББСБ-иас нэхэмжилсэн. Уг тээврийн хэрэгслийн даатгалтай эсэх асуудал яригдаж байна. Даатгал нь шүүхийн шийдвэрийг үндэслэж олгох талаар эрх нь нээгдэх учраас уг асуудлыг хэрэгсэхгүй болгох биш хэлэлцэхгүйгээр орхиж даатгалын байгууллагатай хамтарсан гурвалсан байдлаар иргэний журмаар нэхэмжлэж шийдвэрлэх боломжтой байгаа тул хэрэгсэхгүй болгосон асуудлыг анхан шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Талийгаачийн бага насны хүүхэд өнчирч хоцорсон. Тэжээгчээ алдсаны тэтгэмж 243.000 төгрөг тогтоогдсоноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгэээр тооцож, зөрүү 77.000 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн үүнтэй санал нэг байна. Нэгэнт хохирогчийн цалин орлого тодорхойлогдохгүй байгаа. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Одбаяр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нарын цаашид хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчид оногдуулсан ялын хувьд анхан шатны шүүх хуралдаанд 6 жилийн хугацаагаар хорих ял, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах санал тавьсан. Уг зүйл заалтад хорих ялын дээд хэмжээ 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулахаар заасан байдаг. Шүүгчийн дотоод итгэл, эрх зүйн ухамсарыг үндэслээд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь прокурорын зүгээс тохироогүй байна гэж үзэх боломжгүй байна. Уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд удаан хугацаагаар хорих ял шийтгэсэн тохиолдолд хэрхэн нөлөөлөхийг харж дүгнэлт хийсэн байх. Гомдолд дурдагдсан асуудалтай санал нийлэхгүй байна. Хавтас хэрэгт тогтоогдсон баримтаар иргэний хариуцагчаар Арвайн Үндэс ХХК-ниас тодорхой хувийг гаргуулах боломжтой гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч тухайн осол болох үед ажлаа хийж байсан эсэхийг тодорхойлох цагийн хуваарийг хэрэгт авагдаагүй гэж хэллээ. Албан ёсны баталгаажсан цагийн хуваарь нь хэрэгт авагдсан. ...” гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Т.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Ахмадын хорооллын урд замд 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 22.15 минутын үед Тоёота Приус-30 маркийн 9428 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна, а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7-д заасан жолоочид дoр дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёота Приус-20 маркийн 9147 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон уг тээврийн хэрэгслийн ард зогсож байсан Н.Наранбаатар, Б.Одбаяр нарыг мөргөж, Н.Наранбаатарын амь насыг хохироож, Б.Одбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, автомашин дотор сууж байсан зорчигч Б.Урангэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Нэткапитал Финанс корпораци ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 9147 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.350.000 төгрөгийн шууд, 6.200.000 төгрөгийн нийт хохирол, Бичил глобус ХХК-ний эзэмшилийн Тоёота Приус-30 маркийн 9428 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.810.000 төгрөгийн шууд, 4.090.000 төгрөгийн нийт хохирол учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 8.11 дэх заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонцэцэгийн “...хадам аав, хүргэн дүү хоёр орж ирээд Нараа ах аваарт орчихсон юм шиг байна гэхээр нь би хадам аав, эмэгтэй дүү болон нөхөртэй нь бид осол болсон газарт очиж, юу болсоныг нүдээрээ харсан. ... Талийгаачийн ажил явдалд одоогийн байдлаар баримттай нь нийт 7.514.392 төгрөг, баримтгүй нь 4.546.000 төгрөгийг тус тус зарцуулаад байна. ...Маш их гомдолтой байна. Оршуулгын зардал болон энэ хугацаанд гарч байгаа бүх зардалыг гаргуулж авмаар байна. ... Т.А нь одоогоор 2.500.000 төгрөгийг өгөөд байна. ...бага хүү одоо 4 настай, иймд хүүгээ насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийг холбогдогч жолооч Т.А болон Арвайн Үндэс ХХК-иас нэхэмжилж байна. ...” /1-р хх 41-42, 43/,

Хохирогч Б.Одбаярын “...Тоёота приус 30 маркийн автомашин талийгаач Наранбаатар ах бид хоёрыг хамаад машинтай хамт мөргөсөн. Би тэр агшинд зүүн хөлөө мөргүүлээд хойшоо 3-4 метр газар үсрээд унасан юм. Би босох гэтэл гишгэж чадахгүй байсан учир замын хойд талын хашааг түшээд боссон. ...Ослын улмаас миний зүүн хөлийн хавчаар яс хугарсан, шагайн хэсэгт цуурсан байгаа, одоогоор тархи болон биеийн өөр хэсэгт ямар нэгэн зовиур байхгүй. ...” /1-р хх 64-65/. 

Гэрч Б.Алтанхуягийн “...1-р эгнээнд зогсоод жолооч буугаад ...арын багажаа онгойлгоод зогсож байхад огцом араас хүчтэй цохилт болох шиг болсон. ...Тэгсэн араас машин мөргөсөн байсан. Тэр машины ард нэг жижиг суудлын машинтай эмэгтэй хүн ирээд наад согтуу жолооч чинь урд мурилзаад яваад байсан гээд цагдаа, түргэн тусламж дуудсан. ...” /1-р хх 111-112/,

Гэрч А.Отгонзаяагийн “...Тоёота приус 30 маркийн автомашин зам дээр хэрж явснаа хоёрдугаар эгнээ рүү ороод буцаад гэнэт зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү шилжиж, уулзварын наад талд багажаа онгойлгон зогсож байсан Тоёота приус маркийн автомашины ар талд зогсож байсан хүмүүстэй нь хамт уг машины араас нь маш хүчтэй мөргөөд зогссон. ...” /1-р хх 122-123/,

Иргэний хариуцагч М.Баттулгын /Арвайн Үндэс ХХК/ “...Худалдааны төлөөлөгч Т.А 2018 оны 8 дугаар сард манай байгууллагад ажилд орсон. ...Манай байгууллагын худалдааны төлөөлөгч нар Даваа гаригаас Баасан гариг хүртэл өглөө 9 цагаас оройн 17 цаг 30 минут хүртэл ажиллах ажлын цагийн хуваарьтай байдаг юм. ...Т.Агийн зам тээвриийн осол гаргасан өдөр нь амралтын өдөр байсан байна лээ. Т.Аг жолооны эрхээ хасуулсан талаар би мэдэхгүй, Т.А саяхан энэ машиныг худалдаж авсан гээд л албан хэрэгцээндээ машинаа унаж явсан юм. Худалдааны төлөөлөгч нар албан ажилдаа албаны автомашин байхгүй, өөрсдийн хувийн машинаар ажил үүргээ гүйцэтгэж явдаг. Харин байгууллагаас шатахуун болон элэгдэл хорогдлын мөнгийг сар болгон олгодог юм. ...” /1-р хх 90-91/,

М.Баттулгын гэрчээр мэдүүлсэн: “...Амартүвшин нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажиллаагүй, амралтын өдөр байсан учир амарч байсан. ...Амартүвшин нь Баянзүрх дүүргийн Чулуун овооны Жанжин зах дээр архи зээлээр өгсөн байсан. Уг дэлгүүр нь зээлээ өгөхгүй байсан болохоор надтай хамт 2018 оны 10 дугаар сарын 10-ны орой Жанжин захаас буцаалтаар авсан юм. Иймд уг 5 хайрцаг архийг би мэдэж байна. ...Т.А бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 10-ны орой авсан учир оройтсон байсан. Амартүвшин манай байгууллагын борлуулалтын түгээгчид өгөх ёстой байсан өгөөгүй байсан байна. Манай худалдааны төлөөлөгч нар буцаалтын бараандаа падаан бичиж надаар болон албаны даргаар цохуулж түгээгч нарт өгөх ёстой. ...” /1-р хх 124-125/

Гэрч Ч.Өнөрбатын “ ...Амартүвшин машиныхаа араас мөргүүлчихлээ хоёулаа нэг юм уух уу гэхээр нь “би таксинд жаахан явах хэрэгтэй байна. Саяхан гарч ирсэн” гэж хэлсэн. Амартүвшин маргааш л таксиндаа яв л даа, одоо гараад ямар хэрэг байна гээд байхаар нь за за тэгье гэсэн ...Амартүвшин бид хоёр 0.75 литрийн нэг шил архи, ...2.5 литрийн шилтэй пиво нэг шилийг хувааж уусан юм. Тэгээд Амартүвшин харихаар болоод би гаргаж өгөөд явуулчихсан юм. ...” /1-р хх 119-120/, 

Т.Агийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Өнөрбатын гэрээс гараад машинаа унаад явж байгаад тэгээд л юу болсон мэдэхгүй, нэг мэдсэн Ахмадын хорооллын урд зам дээр зогсож байсан. Тоёота приус 20 маркийн 91-47 УНЧ улсын дугаартай автомашины араас мөргөж, уг машины жолооч Н.Наранбаатарын амь насыг хохироож, зам тээврийн осол гаргасан юм. ...Би жолооч мөн 2015 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2 жилээр эрхээс хасуулчихсан юм. ...” /1-р хх 207/ гэх мэдүүлгүүд,  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2287 дугаартай дүгнэлтэд: “1. Н.Наранбаатарын бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурьдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Н.Наранбаатар нь гавлын суурь яс хугарч, их бага тархины аалзан хальсан дор цус харвасан зэрэг хавсарсан амьдрах боломжгүй гэмтлийн улмаас шууд үхэлд хүрчээ. 3. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь спиртийн агууламж илрээгүй гэсэн хариу ирүүлсэн байна. 4. Цус нь АВО-н системээр ВIII-р бүлэгтэй байна. 5. Н.Наранбаатарын бие цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна. 6. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байна. 7. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.” /1-р хх 148-150/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12559 дугаартай дүгнэлтэд: “1. Б.Урангэрэлийн биед өгзөг болон ууцанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй.” /1-р хх 160/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12653 дугаартай дүгнэлтэд: “1. Б.Одбаярын биед зүүн хөлийн хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /1-р хх 160/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 6540 дугаартай дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус-30 маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. ...3.Автомашины урд хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой, хойд хэсэгт гарсан гэмтэл нь автомашиныг хөдөлж явахад нөлөөлөхгүй тул осолд нөлөөлөхгүй. ...5.Автомашины тоормос шингэн дамжуулгатай, АВS системтэй байна. 6.Автомашины тоормос ажиллаж байна. 7. Хаймар дугуйнуудын хээний гүн нь 1.6 мм-ээс их хэмжээтэй байгаа нь Монгол Улсын МNS 4598-2011 стандартын 5.14.3-н 5-р хүснэгтэд заасан суудлын автомашины дугуйн хээний гүн 1.6 мм хэмжээнээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно гэсэн заалтын дагуу хаймар дугуйнууд хээний хувьд стандарт шаардлага хангаж байна. Харин зүүн хойд талын дугуйн хацар их хэмжээтэй элэгдсэн, баруун урд талын дугуй хавантаж овойсон тул шаардлага хангахгүй болсон байна. 8. Автомашины урд хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл, хойд хэсэгт гарсан гэмтэл нь ослын өмнө үүссэн байх боломжтой.” /1-р хх 175-177/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 850 дугаартай дүгнэлтэд: “1. Тоёота Приус-30 маркийн 94-28 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Төмөрбат овогтой Амартүвшин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 "Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.11 "жолооч нь урдаа яваа хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгсэлийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Тоёота Приус-20 маркийн  УНЧ дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Намсрай овогтой Наранбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.Зам тээврийн осол гарахад зам, орчин, түүний гадаргуугийн байдал зорчих хэсэгт дэх тэмдэг тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн №6540 дугаартай дүгнэлтэд Тоёота Приус-30 маркийн  УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эвдрэл гэмтэл нь уг осол, хэрэг гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” /1-р хх 190/ гэх дүгнэлтүүд,

Т.А нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “тээврийн хэрэгсэл жолоодох эрх” хасагдсан тухай ЦЕГ-ийн лавлагаа /1-р хх 235/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 4-5/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1-р хх 6-7/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

                                       

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Т.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрх 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссаны дараа тоолж эдлүүлэхээр тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Шүүх Т.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн, гэм буруутайд тооцож, хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг шийдвэрлэгдсэн байх бөгөөд шүүгдэгч Т.А үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ял шийтгэлийн талаар маргаагүй байна. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонцэцэг “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан байхад шүүх 4 жилийн хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. ... Т.А нь миний хохирлыг барагдуулах ямар ч санаачлага гаргаагүй, төлж барагдуулах хүсэлгүй байна. Хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн,

 

Хохирогч Б.Одбаяр “...миний өвчтэй байх хугацаанд шүүгдэгч Т.А хохиролд нэг ч төгрөг барагдуулаагүй тул цаашид эмчилгээний зардал болон шүүхээс тогтоосон төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байгаа тул хохирол, гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий гомдол тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хоёроос  найман  жил хүртэл хорих ялтай бөгөөд анхан шатны шүүхээс  шүүгдэгч Т.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч 4 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэнийг “хуульд зааснаар ял оногдуулсан” гэж үзэхээр байх тул ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй  байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонцэцэгээс өгсөн амь хохирогчийн оршуулгын зардал  12.744.235 төгрөгийг анхан шатны  шүүх гаргуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгчээс төлсөн 2.870.000 төгрөгийг хасч үлдэх 9.874.235 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд тэтгэвэр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин, хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаачийн хүүд тэжээгчээ алдсаны халамжийн тэтгэвэр 243.000 төгрөгөөр тогтоогдсон. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байгаа, халамжийн тэтгэвэр 243.000 төгрөг байгаа учраас зөрүү 77.000 төгрөгийг сар бүр шүүгдэгчээс нэхэмжилдэг бөгөөд амь хохирогч Н.Наранбаатарын хувиараа хөдөлмөрлөдөг орлогыг Эрүүгийн шүүх хуралдаанаар  тодорхойлох боломжгүй тул энэ талаарх гомдлоо иргэний шүүхээр  баримт бүрдүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Т.А нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу амралтын өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй байхдаа өөрийн тоёота приус маркийн авто машинаар такси үйлчилгээнд явж байгаад найзынхаа гэрт архи ууж  согтуурсан, улмаар тээврийн хэрэгсэл жолоодож шөнийн 22 цагийн үед осол гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Арвайн үндэс ХХК-иас шүүгдэгчийн учруулсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.

 Энэ хэрэгт Бичил Глобус ХХК иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, тус компанийг төлөөлөн иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаяр машины зээлийн үлдэгдэл өр 2.116.000 төгрөг шүүгдэгч Т.Агөөс гаргуулах талаар мэдүүлсэн /1х-94-96х/ байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийж уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзсэнгүй.

Мөн хэрэгт бүрдсэн баримтын хэмжээнд хохирлыг тооцож хохирогч Б.Одбаярт 1 513 000 төгрөгийн хохирол гаргуулахаар тооцсон байх бөгөөд хохирогч баримтаа бүрдүүлж цаашид гаргах хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Харин анхан шатны шүүх  иргэний нэхэмжлэгч Нэт капитал ББСБ-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй гэж шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгтээ дүгнэсэн атлаа “Тогтоох” хэсэгтээ Нэт капитал ХХК-ны нэхэмжилсэн 6.175.860 төгрөгийг шууд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хаасан шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Иймд энэ талаар шийдвэрлэсэн заалтыг өөрчлөх нь зүйтэй.

 Мөн анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонцэцэг, хохирогч Б.Одбаяр, Б.Урангэрэл  нарын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын  хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх энэ талаар нэмэлт заалт оруулах нь зөв байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонцэцэг, хохирогч Б.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 8 дахь заалтын“ Нэт капитал ББСБ-гын нэхэмжилсэн 6.175.860 төгрөгнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “ Нэт капитал ББСБ нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.” гэж өөрчилж,

- мөн тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонцэцэг, хохирогч Б.Одбаяр, хохирогч Б.Урангэрэл нар нь цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ