Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 211/МА2024/00010

 

211/МА2024/00010

 

                                        

                             

Г.Ягийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дугаартай шийдвэртэй

Г овгийн Гийн Я нэхэмжлэлтэй

Ш овгийн Жийн Год холбогдох

Хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар 1ширхэг, 0.7 метр урттай авдар 1ширхэг, 1.9 метр урттай ор, авдар 1ширхэг, эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох, хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 300,000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр урттай авдар, 200,000 төгрөгийн үнэтэй 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 400,000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай ор, авдар 1 ширхэг, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Гын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П,

хариуцагчийн өмгөөлөгч В.У

хариуцагчийн өмгөөлөгч О.Б

хариуцагч Ж.Г

нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.....хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар 1ширхэг, 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 1.9 метр урттай ор, авдар /Өөрөө ингэж нэрлэдэг. Дээд талаар нь сөхөж хувцас бусад зүйлээ хийгээд дээр нь унтчихдаг ор/ 1 ширхэг, өвөг дээдсээс 4 үе дамжуулан шүтэж ирсэн эвхдэг Жигжид бурхан 1, Гомбо бурхан 1, Лхам бурхан болон гуутай бурхад, хөлгөн судар, зэрэг тахилын иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох тогтоож өгнө үү. 300.000 төгрөгийн үнэ бүхий хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 400.000 төгрөгийн үнэ бүхий хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.9 метр урттай ор, авдар 1 ширхэг, 8.000.000 төгрөгийн үнэ бүхий дээр үеийн эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан болон гуутай бурхад, судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийг гаргуулж Г.Яд олгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ж.Г анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жамьянгийн Г миний бие өөрийн нөхөр Чийн Мтэй 2001 оны 8 сарын 18-нд А аймгийн Ц сумын Ч гэх газарт хурим найраа хийж гэр бол болж, хамт амьдарч эхэлсэн. Нөхөр маань 2019 оны 7 сарын 3-ны өдөр нас барсан.

2001 онд манайхыг гэр бүл болох үед манай гэрт нэхэмжлэлд дурдаад байгаа бүх бурхдыг, бурхны гуу болон авдартай нь гэрт залсан байсан. Түүнээс хойш манайх тухайн бурхдыг эзэмшиж, ашиглаж, залж, тахиж шүтэж явж байна. Нэхэмжлэгч Г.Я нь манай талийгаач нөхрийн ээж Чгийн төрсөн дүү нь юмаа. Манай хаяанд жижиг гэртээ амьдардаг байж байгаад 2018 онд Я нь өөрийн төрсөн эгч Лгийнд очсон. Г.Я нь манайхтай айл байхдаа манай ам бүлд тоологддоггүй, бичиг баримт байхгүй, нөхөр бид 2 хөөцөлдөж байгаад бичиг баримттай болгож, бүр халамжид хүртэл оруулсан. Манай нөхрийг нас барсны дараа 49 хоногоор нь Л нь ирээд манай бурхан тахилыг ачиж авч явна гээд байсан. Тухайн үед буяны ажлаар ирсэн байсан лам нь 3 хоногийн дотор бурхан тахил хөдөлгөж болохгүй гэхэд, тэр хамаагүй гээд аашлаад байсан. Би тухайн үед аав нь нас барсан ч гэсэн 3 хүүхэд нь бурхан тахилдаа мөргөөд, шүтээд аваад явна гэж хэлэхэд, чиний 3 хүүхэд одоо бидэнд хамаа ч байхгүй чи багш ухамсартай хүн юм бол өг гэж хэл амаар доромжилж аашлаад байсан. Ханийгаа алдсан надад хүнд цохилт болж даралт ихсэж түргэндээ хүртэл хүрсэн шүү. Тухайн үед манай том охин 16 нас хүрч байсан. Охин маань бурхан тахилаа би өгөхгүй гэхэд, чи жаахан хүүхэд юу мэддэг юм гээд байсан. Уг бурхан тахил нь манайд өвлөгдөж ирсэн бид олон жил тахиж шүтэж яваа учраас би хань ижил, үр хүүхдүүдийнхээ удмын бурхдыг Г.Яд өгөхгүй. Г.Я нь уг бурхдыг шүтэж, тахиад, бүрэн бүтэн авч явж чадахгүй, чадвар байхгүй, бусдын асрамжид байдаг, оюун ухааны хомсдол өвчтэй хүн. Энэ нэхэмжлэлийг Г.Я нь гаргаагүй байх, Лгийн ятгалгад ороод байгаа байх, гарын үсэг ч зурж чадахгүй хүн байгаа юм. Өөрийнхөө үс толгойг ч угааж чадахгүй, манай талийгаач угааж өгдөг байсан. Гэр оронги нь манайх л авч явдаг байсан. Нэхэмжлэлд дурдсан 3 ш авдар нь Г.Ягийнх учраас ирээд авахад нээлттэй. Надад энэ ор, авдар хэрэггүй. Харин бурхан тахил авч явна гэж ирсэн. Гэр орондоо оруулдаггүй гэж худлаа бичсэн байна. Манай 2 дахь охин хөгжлийн бэрхшээлтэй учраас би гэрийнхээ хаалгыг гаднаас нь цоожлоод ажилдаа явдаг. Тэр хойгуур ирээд явсан байж магадгүй. Үр хүүхдүүдээ тэжээхийн тулд ажил төрөл хийх хэрэгтэй биз дээ би гурван хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.П анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Я нь төрөлхийн оюун ухааны хомсдол өвчтэй, группт байдаг боловч эрх зүйн чадвар, чадамжаа алдсан гэсэн эмнэлгийн байгууллагын тодорхойлолт гараагүй. Г.Ягийн аав Г 1981 онд, ээж Ж.Д нь 1989 онд нас барсны дараа монгол ёс, заншлын дагуу эцэг, эхийнхээ хэрэглэж байсан бурхан тахил, гэр, мал эд хөрөнгийг нь Г.Я өвлөн авч үлдсэн. Г.Я нь оюун ухааны хомсдолтой учраас байнга хэн нэгэн хүний хаяанд байдаг бөгөөд аав, ээжээсээ хойш өөрийн төрсөн эгч Г.Чгийн хүү Мтэй хамт амьдарч байгаад дүү Мгээ тусад нь гаргасан хүн юм. Мг 2001 онд гэр бүлтэй болсон цагаас Г.Я нь Мгийн хаяанд 2018 он хүртэл амьдарсан. Энэ хугацаанд аав, ээжээсээ өвлөгдөн үе дамжиж ирсэн Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, дагалдах жижиг бурхад, Гомбо бурхан, Жигжид бурхан түүний иж бүрдэл зэрэг эд хөрөнгөө Ч.Мгийн гэрт оруулсан. Үүний учир шалтгаан нь би дүү Мтэйгээ хамт амьдарч байсан, түүнийг гэр бүл болоход цаашдаа ч гэсэн дүүгээ бараадаж амьдрах юм чинь гэж бодоод гэрт нь оруулаад тавьсан ба түүнээс бол миний л өмч хөрөнгө юм гэдэг. 2018 оноос хойш Мтэй таарч, тохирохгүй асуудал гарч тусдаа амьдрах болсон бөгөөд аав, ээжээсээ өвлөгдөн үлдсэн бурхан тахил, авдар, ороо дүү Мгийнд үлдээгээд эгч Лгийнх рүүгээ явсан. Мг амьд байхад нь мөн тусдаа амьдарсан үеэс буюу 2018 оноос хойш, гэр, бурхан тахилаа авъя гэхэд гэрийг нь өгөөд бурхан тахилыг өгөөгүй. Хариуцагч Ж.Г эдгээр бурхан тахилыг Мтэй гэр бүл болоход манайд байсан, Мгээс үлдсэн, өвлөгдөж ирсэн манай бурхан тахил гэж маргадаг. Бурхан тахил нь аав Гд эцэг, эхээс нь үе дамжин өвлөгдөж ирсэн. Ггийн төрсөн ганц хүү Г.Я нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу бурхан тахилыг аав, ээжээсээ өвлөн авсан эхний өвлөгч байсан, аав ээжээсээ хойш 2001 онд Мг тусдаа гартал хамт амьдарч байгаад цаашид Мтэй нэг дор амьдарч байгаа гэдэг утгаар тэднийд залсан болохоос уг бурхан тахилын өмчлөгч нь мөн. 2018 онд Мгийнд амьдрахаа больсон үеэс аав ээжээсээ ирсэн ор, авдрууд бурхан тахилаа авахаар М, Г нараас шаардаж байсан. Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 төрлийн авдрыг хүлээн зөвшөөрч Г.Яд өгсөн. Харин бурхан тахилыг шилжүүлж өгөөгүй. Иймд нэхэмжлэгч Г.Яг Ж.Гын эзэмшилд байгаа Лхам бурхан үүнийг дагасан жижиг бурхад, Алтангэрэл судар хөлгөн судар, Жигжид бурхан, Гомбо бурхан, тэдгээрийн иж бүрдлийн өмчлөгч мөн болохыг тогтоож, эдгээр бурхад болон судар, бурхан тахилын иж бүрдэл зэргийг хариуцагч Ж.Гоос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, үүнийг дагасан жижиг гуутай бурхад Гомбо бурхан, Жигжид бурхан, бурхдын иж бүрдэл нь одоо байдаг. М нь надтай гэр бүл болохоосоо өмнө манайд ийм бурхан тахилууд байдаг, ах бид хоёр тэр болгон зул өргөж чаддаггүй гэж хэлдэг байсан. Намайг Мтэй 2001 оны 08 сарын 18-нд гэр бүл болоход Г.Я нь манай гэрт дээрх бурхан тахилаа залж, шилжүүлж өгөөд миний хоёр дүү тахиж шүтээд яваарай гэж хэлж байсан. М бид хоёрыг гэр бүл болсноос хойш 3 жилийн дараа Мгийн ах дүү нар нь бурхан тахилаа шүтэж тахидаг болсон, өмнө нь тахиж байгаагүй. Би гурван хүүхэдтэйгээ бурхан тахилаа шүтэж зулаа өргөж, гороогоо хийгээд тахиж шүтээд л явна. Г.Я нь эхний 4, 5 жил аав ээжээс өвлөгдөж ирсэн гэртээ амьдарч байсан. Ц баг руу манайхыг нүүхэд Я ах манайхтай хамт нүүж, 2005 он хүртэл манай хаяанд амьдарсан. Яд ямар ч бичиг баримт байгаагүй учраас М бид хоёр хөөцөлдөж байгаад регистрийн дугаар авч өгөөд мэдрэлийн эмчтэй уулзаж оюуны хомсдол оношоор группт оруулсан. Я өөрийгөө авч явах чадваргүй, согтуу үедээ тамхи асаагаад хулдаасаа шатаасан байсан. Энэ байдлаараа янз бүр болж магадгүй байсан учраас Ц сум дахь худалдаж авсан байшингийнхаа үүдний амбаарт хоёр гэрээ хураагаад Яг гэртээ оруулж хамт амьдарсан. Мг бурхан тахилын иж бүрдлийг өмчлөх эрхгүй гэж хэн ч маргадаггүй, түүнийг амьд байх хугацаанд бурхан тахилаа авъя гэдэг асуудал яригдаж байгаагүй. М бид хоёрыг гэр бүл болсноос хойш 3 жилийн дараа Мгийн ах дүү нар нь бурхан тахилаа шүтэж тахидаг болсон, өмнө нь тахиж байгаагүй. Г.Я 2001 оноос хойш нэг ч удаа бурхан тахилаа авна гэж хэлж байгаагүй. Одоо ч энэ бурхан тахилаа авахгүй гэдэг. Г.Я нь 2018 оноос эгч Лгийндээ амьдарснаас хойш гэрийг нь Л авна гээд авсан. М 2019 оны 7 сарын 03-нд нас барсан, 49 хоногоор нь бурхан тахилаа ачаад явна гэж маргаан гаргасан хүн бол Г.Ягийн төрсөн эгч Л. Би бурхан тахилаа өгөхгүй, аав нь байхгүй ч хүүхдүүд нь мөргөж, залбираад шүтээд явна гэж хэлэхэд Л чиний гурван хүүхдийн амьдрал бидэнд хамаагүй гэж хэлсэн. Г.Я бол тухайн бурхдыг авахгүй л гэдэг. Түүний өвчтэй байдлыг далимдуулж төрсөн эгч Г.Л нь бурхан тахилыг авах хүсэл сонирхолтой байгаа. Энэ нь Ягийн өөрийнх нь хүсэл сонирхлын үндсэн дээр хийгдсэн “би өөрийгөө ч авч явж чадахгүй байгаа хүн бурхныг авна гэж юу байх вэ, байгаа газраа байж байг” гэж хэлж байгаа бичлэгээр тогтоогддог. Г.Я өөрийнхөө хүсэл зоригийн үндсэн дээр бурхан, тахилын иж бүрдлийг шилжүүлж өгсөн учраас Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу М болон миний бие, бидний хүүхдүүд эдгээр бурхан, тахилыг өмчлөх эрхтэй. Г.Ягээс Алтангэрэл судар, хөлгөн судар, Лхам бурхан, бусад жижиг бурхад, Гомбо бурхан, Жигжид бурхан, бурхдын иж бүрдлийг хууль ёсны дагуу эзэмшилдээ шилжүүлж авсан. Нэхэмжлэгч бурхад, тахилын иж бүрдлийг аав, ээжээс үе дамжин өвлөгдөж ирсэн хөрөнгө гэж тайлбарладаг. Мгийн тухайд насанд хүрээгүй, өөрийгөө асрамжлах боломжгүй үедээ Г болон түүний эхнэрийн асрамжид нэгээс доошгүй жилийн хугацаанд хамт амьдарч байсан учраас Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар Г.Ягийн нэгэн адил бурхан тахилын иж бүрдлийг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй. Г.Ягийн тухайд 2001 оноос хойш нэг ч удаа бурхан тахилаа авна гэж хэлж байгаагүй. 2019 онд бурхан тахил авъя гэж маргаан гарахад Г.Я гуай авъя гээгүй, харин Г.Л гуай л авъя гэсэн байдаг. Үүнээс үзэхэд 2001 оноос хойш өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Я бурхан тахилыг авлаа гэхэд өвлүүлж үлдээх хүн байхгүй. Харин Ггийн гал дээр нь гарсан зээ хүүгийнх нь хүү байгаа учир бурхан тахилыг уламжлаад өвлөх боломжтой. Нэхэмжлэлд дурдсан авдрыг нэхэмжлэгч Г.Яд шилжүүлж өгсөн. Эдгээр бурхан тахилыг Мтэй гэр бүл болоход л манайд өгсөн, оруулаад тавьчихсан байсан болохоор Жигжид бурхан, Гомбо бурхан, Лхам болон гуутай бурхад, эдгээрийн иж бүрдэл, Алтангэрэл судар, хөлгөн судрууд зэрэг бурхан тахилын иж бүрдэл манайх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

  А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч Г.Я болохыг тогтоож, хариуцагч Ж.Гоос эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан тус бүр нэгийг, гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Гоос 227,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгож, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарлан шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч Ж.Гын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “эд хөрөнгийн төрлүүдээс хамаарч өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох харилцаа тус бүр ялгаатай байдаг ба өмчлөгч этгээд өөрийн өмчлөлийн хөдлөх хөрөнгийг өөр этгээдэд хууль буюу гэрээний дагуу шилжүүлснээр өмнөх өмчлөгчийн хувьд өмчлөх эрх дуусгавар болж, шилжүүлэн авч буй этгээдийн өмчлөх эрх үүсдэг.” гэсэн дүгнэлт хийжээ. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар 111.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж хуульчилсан бөгөөд 111,2.1-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж хуульчилж зохицуулжээ. Маргааны үйл баримтын тухайд нэхэмжлэгч Г.Я нь хариуцагч Ж.Г болон түүний нөхөр болох Ч.М /нас барсан/ нарыг 2001 онд гэр бүл болоход дээрх бурхан тахил, судар, тахилын иж бүрдэл зэрэг эд хөрөнгийг тэдний гэрт оруулан залж, шилжүүлж өгсөн бөгөөд энэ үйл баримт нь хариуцагчийн “...Намайг Мтэй 2001 оны 08 сарын 18-нд гэр бүл болоход Г.Я нь манай гэрт дээрх бурхан тахилаа залж, шилжүүлж өгөөд миний хоёр дүү тахиж шүтэж яваарай гэж хэлж байсан.” гэх тайлбар, гэрч О.Жийн “... М, Г нарыг хурим найраа хийснээс хойш 2, 3 хоногийн дараа очсон. Намайг очих үед бурхан тахил залаатай байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Эын “...2000 он дөнгөж өнгөрч байхад манай дүү Г Мтэй хурим найр хийхэд сайхан шүтээнтэй бурхантай айл байсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Дын хариуцагч Ж.Гын асуусан "М бид хоёрыг гэрлэхэд бурхан тахилыг манайд залчихсан байсан биз дээ” гэсэн асуултад “...Тийм. Манай бүрлэгч дүүгийнд нь тавьчих, хаяанд нь явах юм чинь гээд тавьчихсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч П.Бийн “...Энэ хоёр гэр бүл болоход хоёулаа ахыгаа авсан. Бүрлэгч Мгийнд бурхан тахил байсан байх. М, Я тусад нь гэр барьж гэр бүл болсон байх. Мгийнхээс өөр айлд залагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг, гэрч Г.Ч, шүүх хуралдаанд өгсөн “...Г, М нарыг гэр бүл болоход нь залж өгсөн..., М.Мын “...манай аав бидэнд жил бурхан цагаан сараар бурхнаа гаргаж залахдаа хэрхэн яаж, залдаг, ямар бурхан зэргийг хэлж өгдөг байсан, миний мэдээ орохын л манайд байдаг байсан, цаашдаа эрэгтэй дүү Б очих учиртай юм шүү гэж хэлж байсан, ...Я ах 2020 онд хамгийн сүүлд бурхан тахихад миний дүү нар бурхан тахилаа зөв залж авч явна шүү гэж хүртэл хэлж байсан...” гэх мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн нэхэмжлэгч Г.Ятэй уулзаж бурхны талаар асууж тодруулж байгаа бичлэг бүхий флаш дискт хуулагдсан дуу дүрсний бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Шүүх эдгээр нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийж шийдвэр гаргахдаа тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж дүгнэсэнгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хэдийгээр Г.Я бурхан тахилаа хариуцагч Ж.Гынд /Ч.Мгийнд/ байрлуулсан боловч Г.Я уг хөрөнгөө 2018 оноос Ч.Мгээс шаардаж байсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Г.Лгийн мэдүүлгээр тогтоогддог. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй тул Г.Я өөрийн өмчлөлийн бурхан тахилаа шаардсан тохиолдолд хариуцагч Ж.Г буцаан өгөх үүрэгтэй байсан бөгөөд ийнхүү өмчлөгчийн шаардсанаар эд хөрөнгө шилжүүлээгүй тохиолдолд эзэмшиж буй үйлдэл нь хууль бус юм гэжээ. Нэхэмжлэгч Г.Я нь 2018 оноос бурхан тахил авах талаар шаардаж байсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Л нь авах гээд байдаг байсан талаар хариуцагчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт байдаг. Нэхэмжлэгч Г.Я нь дүү Ч.Мд гэр бүл болоход нь гэрт нь залж оруулж, шилжүүлж өгсөн үйл баримт бодит байдалд тодорхой байгаа, нэхэмжлэгч түүнийгээ өгсөн гэдгээ бичлэгт хэлсэн байхад дан ганц гэрч Лгийн мэдүүлгээр өмнө нь шаардаж байсан гэсэн дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан, бодит нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй шийдвэр болсон байна. Мөн шүүхийн шийдвэрт: “Өмчлөх эрхийн талаарх маргааны хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна. Нэхэмжлэгч 2018 онд Ч.Мгийнхээс тусдаа амьдарч Г.Лгийнд очсоноос хойш өмчлөлийн эд хөрөнгөө хариуцагчаас шаардах эрх үүссэн бөгөөд тэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан “...хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэсэн хугацаанд буюу 2023 оны 10 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.” гэжээ. Нэхэмжлэгч Г.Я нь Ч.Мгийнд бурхан тахилаа оруулж тавьсан үйл баримт нь хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр 2001 онд хариуцагч Ж.Г түүний нөхөр Ч.М нарыг анх гэр бүл болоход нь залаатай байсан талаар нотлох баримтаар тогтоогддог. Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч Г.Я өмчлөлийн эд хөрөнгөө шаардах эрхтэй болно. Гэтэл шүүх 2018 онд бурхан тахилаа Ч.Мгээс шаардаж байсан нь тогтоогдож байгаа учраас энэ үеэс шаардах эрх үүссэн гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь 2001 оны үед маргааны зүйл болох бурхан, судар, тахилын иж бүрдлүүд нь нэхэмжлэгч Г.Ягийн өмчлөлөөс Ч.Мд шилжсэн байх бөгөөд тухайн шилжсэн үеэс түүний шаардах эрх нь үүснэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж хуульчилсан бөгөөд 2001 онд буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд буюу 22 жилийн өмнө нэхэмжлэгч Г.Ягийн шаардах эрх үүссэн байна. Тодруулбал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ.” Мөн хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасан байтал шүүх хариуцагчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох флаш дискт хуулагдсан дүрс бичлэгийг Г.Ч, Г.Я нарын зөвшөөрлөөр хийсэн талаар баримт байхгүй гэсэн үндэслэлээр үнэлээгүй гэж дурдсан байх бөгөөд ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2-т ...дуу, дүрсний бичлэг зэрэг нотолгооны хэрэгсэл нь хэргийн нотлох баримт болох талаар хуульчилсан нотлох баримт гэж үзэхээр байхад түүнийг үнэлэхгүй орхиж байгаа нь ИХШХШТХ-ийн 40.1,40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн бичлэгт нэхэмжлэгч Г.Я бурхан, судар, тахилын иж бүрдлийн талаар, түүнийг хэнд өгсөн, одоо өөрөө авах гэж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг талаар тайлбарлаж хэлдэг, тухайн бичлэгийг хийж байгааг Ч, Я нар нь мэдэж байсан, бичлэг хийлгэхээс татгалзсан үйлдэл гаргаагүй байхад зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Ямар үндэслэлээр хуульд заасан арга хэрэгслээр цуглуулаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл, шалтгааны улмаас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул А аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон дэлгэрэнгүй тайлбар гаргах тул шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ үү гэжээ.

Хариуцагчийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я гуайг ахмад настны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд оруулж 1.000.000 төгрөг авдаг болсны дараа эгч нар нь авах гээд зүтгэдэг болсон. Тэгээд Д гэх гэрчийнх нь эхнэр нь орж ирээд эгч нь хадгаламжийн дэвтрийг нь халамжийн дэвтэртэй нь хамт авъя гээд аваад гарсан. Тэгсэн манай талийгаач юу гэж хэлсэн гэхээр ажаа авах гэж байгаа юм чинь гээд өгсөн. Тэгээд Д ахын хамгийн бага хүү Бд тэр дэвтрийг аваачиж өгсөн. Бн эхнэр ХААН банканд ажиллаж байгаад хот руу шилжихдээ хүргэн Бийндаа өгсөн. Тахиж шүтэж ирсэн бурхан тахил гэдэг. Бид гэр бүл болоод 3 жилийн дараанаас тахидаг болсон. Хамгийн ахмад настайгаасаа авхуулаад тахиж 13 жил тахисан байдаг. Манай талийгаач 2019 онд нас бараад 2020 онд ах дүү нар нь тахисан. 2021 онд Л тахих байсан чинь “бурхан тахилаа гэрт авчирч тахина эднийд тахихгүй” гэсэн. Миний хувьд чөлөөтэй оруулж, гаргадаг байсан. Л гуай хэлэхдээ “чиний гурван хүүхэд бидэнд ерөөсөө хамаарахгүй” гэж хэлж байсан. Тэр ч байтугай 49 хоногоор нь ирээд зулаа аваад тавьчих бурхан тахилаа аваад явъя гэж хэлж байсан. 2018 онд талийгаачийг байхад бурхан тахилаа авна гэж ганц ч удаа дурсаж байгаагүй. Я ах хэлэхдээ бурхан тахил танайд байг би галаа түлж хоолоо ч  хийж идэж чадахгүй хүн бурхан тахил авахгүй гэдэг. Би талийгаачийг өнгөрсөн ч гэсэн зулын шар тосоор зулаа өргөөд бурхан тахилаа шүтээд явж байгаа. Л эгчээс бусад нь бүгд орж ирээд бурхан тахилдаа мөргөөд гардаг. Өрхийн тэргүүн нь нас барахаар ах, дүү нар нь бурхан тахилаа хувааж авдаг уламжлал байхгүй байх гэж бодож байна. Л эгч аав, ээжийгээ байхад нь тусдаа гарсан болохоор өгөх ёстой зүйлийг нь өгсөн байх гэж бодож байна. Хүмүүсийн яриагаар өвөө бурхан тахилынхаа үнэд хүрэх эдлэлийг агуйд хийгээд би олон охидтой энэ хүмүүс яаж ч магадгүй гээд агуйд хийж 7 хоногийн дараа хад ургуулсан гэж ярьдаг. Талийгаачид эмээ нь хэлэхдээ чи бурхан тахилаа шүтэж явна Я ах чинь тахиж шүтэж явж чадахгүй гэж хэлж байсан. Талийгаачийг 6 дугаар ангид байхад эмээ нь нас барж талийгаач сургуулиасаа гарч ахтайгаа хамт амьдраад явж байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Уын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн үндэслэлд санал нийлэхгүй зүйл байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт байгаа. Энэхүү тодорхойлолтод 2001 оноос 2005 оны хугацаанд нэхэмжлэгч Я нь Мгийн гэр бүлтэй хамт амьдарч байсан нь үнэн гэсэн байна. Энэ тодорхойлолтыг хийж өгсөн боловч ам бүлийн хувьд 1 гэж тоологдож байсан. Гэр бүл болох үед нь М нь өвөө эмээтэйгээ хамт амьдарч байсан. Тэгээд өвөө, эмээ нь нас бараад ахтайгаа хамт үлдсэн. Тэгээд гэр бүл болж тусдаа гарахдаа бурхан тахилаа өөрөө авна гээд залсан. Энэ талаар холбогдох гэрч нь нас барсан. Тиймээс асуух боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрвээ тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлье гэж бодоход 2005 он хүртэл амьдарсан нөхцөл байна. Ам бүл тусдаа тоологдоод явсан хугацааг 2005 оноос хойш гэж үзэж болохоор харагдаж байна. Тийм байхад хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2018 оноос авахуулаад тусдаа амьдарч эхэлснээс хойш шаардсан. Энэ шаардах эрх дуусгаагүй байна гэж шүүхээс үзсэнийг хүлээн авах боломжгүй. 2023 онд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр 10 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй. Ягийн өвлөж авсан эд хөрөнгө юм уу түүнд өвлүүлэх ёстой байна гэж шүүхээс үзсэн. Мөн 520 дугаар зүйлийг ч буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Яагаад гэхээр нас барах үед нь өөрийнх нь асрамжид байсан. Энэ нь бусад хууль ёсны өвлөгчтэй нэгэн адил өвлөх эрхтэй. Өвлөх эрхгүй хууль ёсны өвлөгч биш юм гэж үзсэнтэй саналтай нийлэхгүй байгаа. Үүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлд тодорхой заасан. Аль аль талаараа М болон Г нар нь тухайн нэхэмжлэлийн шаардлага болох бурхан тахилын хувьд өмчлөгч нь болсон байдаг. М тусдаа гараад өвөөгийнхөө бурхан тахилыг гэртээ залсан. Түүнээс хойш эхнэр хүүхэд тэдний гэр бүлийн гишүүн, үр хүүхэд, өвлөөд аваад явах бололцоотой. Ягийн тухайд шаардах эрх нь 2018 оноос эхэлж үүссэн гэж үзэх боломжгүй. Я өөрөө шаардаж байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй. Итгэмжлэлийг шүүхээс шалгах ёстой байсан гэж үзэж байгаа. Гомдолд дурдсанаар өөрийнх нь зөвшөөрлөөр хийсэн нь тогтоогдохгүй байна. Харин ч бичлэг хийж байгаа шүү гэдгийг хэлж мэдэгдээд бичлэг хийсэн зүйл харагдаж байгаа. Я Мг 2019 онд нас барахад 49 хоног дээр нь ирээд авъя гэж хэлээгүй. Авъя гэж хэлж байгаа гол хүн Л байдаг. Яд итгэмжлэл олгосон боловч итгэмжлэл нь хууль ёсны дагуу байна уу тухайн хүний хүсэл сонирхол байна уу гэдэгт эргэлзэж байгаа. Гэрч Гын том охин Мын мэдүүлэг байгаа. Тухайн үед ах, дүү нараараа тахиж шүтсэн М ахад үлдээсэн гэдгийг хэлж гэрчилсэн. Я гуай өөрөө өөрийгөө ч авч явж чадахгүй, зулаа ч өргөж чадахгүй хүн байгаа. Тэгэхээр Мд өмчлөх, өвлөх эрх байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэл муутай болсон байна. Гагцхүү М нас барахад Л 49 хоногоор нь очиж бурхнаа авъя гэсэн. Энэ үйл баримтад шүүхээс дүгнэлт хийнэ гэж бодож байна. Тиймээс шүүхийн үгүйсгэж үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байна. Бусад үндэслэлийг давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарласан байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Бгийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас дараах 3 үндэслэлээр давах гомдол гаргасан. Эхний үндэслэл  Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасан хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх анзаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 2.1-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” өмчлөх эрх дуусгавар болно гэсэн хуулийн зохицуулалттай. 2001 онд Я Мгийн бурхан тахилыг залж оруулж өгсөн. Мд өмчлөх эрхээ шилжүүлээд өгсөн бодит нөхцөл байдал харагдаж байгаа юм. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан гэж үзсэн. Хоёр дахь үндэслэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан, энэ хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх үзэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй 2018 онд авахаар шаардаж байсан. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан. Тэгэхээр шаардах эрх үүссэн хугацаа нь 2001 онд Мд бурхан тахилыг шилжүүлж өгснөөрөө буцаан шаардах эрх нь үүсэж байгаа. Тиймээс 22 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гуравдах үндэслэл нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн дуу дүрсний бичлэг байгаа. Үүнийг анхан шатны шүүх нотлох баримтаар тооцоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг хэрэглээгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан. Үүнийг нотлох баримтаар тооцох ёстой байсан гэж гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв       

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт үнэн зөв дүгнэлт хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өмчлөх эрх хэдийд шилжсэн бэ гэдэг асуудал яригдаад байна. Өнөөдрийн байдлаар ч өмчлөх эрх шилжээгүй. Я өөрөө нэхэмжлэл гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оруулсан. Ягийн гарын үсэг биш, түүний итгэмжлэл хууль бус гэсэн баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй. Энэ асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд ярьдаг. Хэрвээ үнэхээр хууль бус байсан бол Ягийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шалгуулах эрх нь байсан. Гэтэл өөрсдөө энэ ажиллагааг хийгээгүй. Ингэх ч боломжгүй. Я өөрөө ирээд хүсэл сонирхлоо илэрхийлээд өөрийнхөө амьдралыг сайн ярьдаг. Юу гэж хэлдэг гэхээр “миний аав, ээж намайг бага байхад бурхан болж гал голомтоо сахиж үлдсэн, айлын ганц хүү” гэдгээ хэлдэг. Ингээд үе удам дамжсан бурхан нь өөр дээр нь байж байсан, гэрчээр асуугдсан Гын хадам ээж Ч гэх хүний хүүхэд талийгаач М байгаа. Энэ хүн 2018 он хүртэл Мг түшиж амьдарсан. Энэ хүн оюун ухааны хомсдолтой гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Оюун ухааны хомсдолтой байлаа гээд аав, ээжийнхээ бурхан тахилыг шүтэж явах боломжгүй, энэ хөрөнгийг өвлөх боломжгүй юм шиг үзэж байгаа нь буруу. Бурхан тахилыг авъя гэдэг тэгсэн хэр нь авдар савыг нь буцаагаад аваачиж өгсөн. Үүний цаана алтыг нь авчихлаа авдрыг нь өгчихье гэсэн агуулга харагдаж байна. Тэгтэл 2018 он хүртэл энэ хүний хаяаг түшээд амьдарч байсан нөхцөл байдал гэрч нарын мэдүүлэг, хариуцагчийн хэлж байгаагаар харагддаг. Хариуцагч хэлэхдээ мөнгөтэй болохоор нь эгч нар нь аваад явсан гэдэг зүйлийг хэлээд байдаг. Тийм биш, үүний цаана олон агуулга байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрэг шийдэгдэх учраас нотлох баримтгүй асуудалд гэр бүлийн чанартай зүйлсийг ярихыг хүсэхгүй байна. Энэ хүмүүс хөөн хэлэлцэх хугацааны асуудал яриад байна. Ах, дүү, нараараа шүтэж явсан гэдгийг хариуцагч өөрөө хэлдэг. Гэр бүл болсноос хойш 3 жилийн дараагаас шүтэж эхэлсэн гэдэг. Ах, дүүсээрээ шүтэж байгаагийн утга юу вэ гэхээр Я тэр айлын хаяанд байгаа учраас шүтээд явж байсан. Нас барахаар нь 49 хоног дээр авъя гэсэн гэж хэллээ. Энэ талаар Л хэлдэг. Л бурхан тахил, эд хөрөнгийн хойноос шунаад байгаа юм шиг зүйл яриад байдаг. Тийм биш үүний цаана бурхан тахилын өмчлөгч нь амьд сэрүүн байгаа. Хэдийгээр оюун ухааны хомсдолтой ч гэсэн амьд сэрүүн байгаа. Эцэг, эхээсээ үе дамжин ирсэн бурхан тахилаа үхэн үхтлээ шүтэх ёстой гэдгээ өөрөө илэрхийлж байгаа. Өмчлөх эрх М, Г нарт шилжээгүй, энэ айлд оруулж тавьсан хөрөнгө холилдсон асуудал байсан. Үүнийг нэхэмжлэл гаргасан цагаасаа тайлбарлаж явсан. 2018 оноос тусдаа амьдрахаар гэрээ авъя бурхан тахилаа авъя гэдэг асуудал ярьж, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа авдар, сав нь очсон, одоо бурхан тахил үлдсэн асуудал байгаа юм. Дараагийн асуудал хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. 2018 он хүртэл энэ айлын хаяаг түшиж амьдарсан гэдгийг гэрч нар ч хэлдэг, хариуцагч өөрөө үүнийг хэлдэг. Тэгэхээр 2018 оноос эхэлж хөөн хэлэлцэх хугацааг авч үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах нотлох баримт хэрэгт авагдаагүй. Дуу дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцох байсан гэж хэллээ. Оюун ухааны хомсдолтой учраас хүн тийм гэж хэлбэл тийм үгүй гэж хэлбэл үгүй гэдэг. Хоёр хүний хоорон дахь асуудлыг нотлох баримтаар авчирч өгчихөөд нотлох баримтаар үнэлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.

                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Г.Я хариуцагч Ж.Год холбогдуулан хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар 1ширхэг, 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 1.9 метр урттай ор, авдар 1 ширхэг, эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох,

 хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 300.000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр урттай авдар, 200.000 төгрөгийн үнэтэй 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 400.000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай ор, авдар 1 ширхэг, 8.000.000 төгрөгийн үнэ бүхий эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 300.000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр урттай авдар, 200.000 төгрөгийн үнэтэй 0.7 метр урттай авдар 1 ширхэг, 400.000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай ор, авдар 1 ширхэг зэргийг нэхэмжлэгчид өгч,  8.000.000 төгрөгийн үнэ бүхий эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгчөөр тогтоолгох, гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч Г.Я болохыг тогтоож, хариуцагч Ж.Гоос эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан тус бүр нэгийг, гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгож шийдвэрлэжээ.

           Хариуцагч Ж.Г шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Мг хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар, 0.7 метр урттай авдар, 1.9 метр урттай ор, авдар зэрэг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, эдгээр эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсан тул нэхэмжлэл  хангагдсан гэж  дүгнэсэн нь үндэслэлтэй.   

             Харин Г.Ягийн төрсөн эгч Г.Чгийн хүү буюу нэхэмжлэгчийн зээ дүү Ч.М нь өвөө Ггийнд өссөн, Г.Ятэй хамт амьдардаг  байсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Г.Л, Г.Ч нарын мэдүүлгээр тогтоогддог боловч Ггийн төрүүлсэн хүүхдүүд байгаа тохиолдолд Ч.М нь  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч биш, харин Г.Л, Г.Ч, Д.Д нарын мэдүүлгээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Яг эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг эцэг эхээсээ өвлөсөн гэж үзнэ гэж дүгнээд эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч Г.Я болохыг тогтоож, хариуцагч Ж.Гоос эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан тус бүр нэгийг, гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.     

            Хариуцагч Ж.Г, Ч.М /нас барсан/ нарыг 2001 онд гэр бүл болоход дээрх бурхан тахил, судар, тахилын иж бүрдэл зэрэг эд хөрөнгийг тэдний гэрт оруулан залснаас хойш одоог хүртэл хариуцагч Ж.Гын эзэмшилд байгаа болох нь хариуцагч Ж.Гын “...Намайг Мтэй 2001 оны 08 сарын 18-нд гэр бүл болоход  манай гэрт нэхэмжлэлд дурьдаад байгаа бүх бурхадыг, бурханы гуу болон авдартай нь залсан байсан. Түүнээс хойш манайх тухайн бурхадыг эзэмшиж, ашиглаж, залж, тахиж шүтэж байна...” гэх тайлбар /хх-ийн 27/, гэрч О.Жгийн “...М, Г нарыг хурим найраа хийснээс хойш 2, 3 хоногийн дараа очсон. Намайг очих үед бурхан тахил залаатай байсан...Ах, дүүгээрээ бүгдээрээ хамтдаа тахиж байсан. Бурхан тахил угаасаа энэ айлдаа л байдаг байсан. Одоо ч байгаа...Үр хүүхдүүд нь байгаа учир эднийд байх учиртай. Бурхан тахил ээжийн аав, ээжийн тахиж байсан бурхан, Ээжийн ах, дүүс бүгдээрээ тахиж шүтдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч Ж.Эын “...2000 он дөнгөж өнгөрч байхад манай дүү Г Мтэй хурим найр хийхэд сайхан шүтээнтэй бурхантай айл байсан. Одоо хэрнээ дүү Гынд бурхан нь тэр чигээрээ байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/, гэрч Д.Дын хариуцагч Ж.Гын асуусан "М бид хоёрыг гэрлэхэд бурхан тахилыг манайд залчихсан байсан биз дээ” гэсэн асуултад “...Тийм. Манай бүрлэгч дүүгийнд нь тавьчих, хаяанд нь явах юм чинь гээд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч П.Бийн “...Энэ хоёр гэр бүл болоход хоёулаа ахыгаа авсан. Бүрлэгч Мгийнд бурхан тахил байсан байх. Мгийнхээс өөр айлд залагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57, гэрч Г.Чгийн шүүх хуралдаанд өгсөн “...М эмээ, өвөөгийнхөө гал голомт дээр гарсан. Би айлын хүн болоод явахаар болоод хүүгээ авья гэхэд манай аав ээж ахтайгаа байг гээд өгөөгүй. Тэгээд эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ өвөө нь нас барснаас хойш ах Ятэйгээ хамт амьдарч байгаа тусдаа айл гэр болоход нь манай хамгийн том эгч бурхан тахилыг нь шинэ гэрт нь оруулж залж байсан. Би ч хамт байж байсан. Гал дээр үлдсэн ганц гээд өгч байсан. Өвөө эмээ хоёрынхоо дараа ах дээрээ үлдсэн болохоор гэр бүл болоод гарахад нь залсан. Үүнээс хойш маргаан үүсэж байгаагүй. Миний хүүгийн 49 хоног дээр манай дүү Л бурхнаа авья гэсэн. Миний хувьд манай бэр болон ач нар дээр минь байвал дээр гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83/, гэрч М.Мын “...Намайг төрсөн цагаас эхлэн бурхад манай гэрт байсан. Манай бурхад. Аав болон нагац ах хамт амьдарч байгаад манай аавыг тусдаа гарахад нь аавд маань өгсөн бурхан. Я ах 2020 онд манайх бурханаа тахих гэж байхад ирээд намайг 2 дүүтэйгээ байхад та гурав маань бурхан тахилаа цааш нь зөв тахиад шүтээд яваарай гэж байсан. Манайх бурханаа тахидаг байхдаа аав маань залж гаргадаг байсан. Мөн надад хэрхэн бурханаа гаргах талаар зааж өгдөг байсан. Манай эрэгтэй дүүг цаашдаа бурхнаа тахиж явах ёстой гэж хэлээд чи цаашдаа дүүдээ зааж өгөөрэй гэж хэлж байсан. Манай аавын 49 хоногоор Л эгч ирээд авна гэж хэлж байсан. Ээж өгөхгүй гэж хэлэхэд чиний гурван хүүхэд хамаагүй гэж хэлж байсан. Би ч бурханаа өгөхгүй гэхэд чи юугаа мэддэг юм бэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/, мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нэхэмжлэгч Г.Ятэй уулзаж бурхны талаар асууж тодруулж байгаа бичлэг бүхий флаш дискт хуулагдсан дуу дүрсний бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Ягийн эх Ж.Д 1989 онд нас барснаар хамт амьдарч байсан хүү Г.Я, зээ хүү Ч.М нар эцэг эхээс өвлөгдөж ирсэн  эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өвлөгч болсон бөгөөд Ч.Мг 2001 онд гэр бүл болоход нь тухайн бурхадыг гэрт нь залж, Ч.Мгийн эзэмшилд шилжүүлж өгсөн үйл баримттай зохигчид маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Ягийн зээ дүү Ч.М өвөө Ггийнд өссөн, Г.Ятэй хамт амьдарч байсан нь тогтоогддог боловч Ггийн төрүүлсэн хүүхдүүд байгаа тохиолдолд Ч.М нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан  этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө  гэж  заасан тул зээ хүү Ч.М эмэг эх Ж.Дын хууль ёсны өвлөгч мөн юм.

 

Нэгэнт хуульд зааснаар нэхэмжлэгч Г.Я, талийгаач Ч.М нар хууль ёсны өвлөгч тул Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-т зааснаар өвлөгдөх эд хөрөнгө буюу бурхдыг 1989 онд хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэн гэж тооцно.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж, 111.2.1-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж заажээ.

 

2001 онд талийгаач Ч.М, Ж.Г нарыг гэрлэж, өрх тусгаарлахад  эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг тэдний гэрт залснаар өв залгамжлалын дагуу хүлээн авсан бурхад тэдний өмчлөлд шилжсэн бөгөөд тэр үеэс хойш Ч.Мг нас барах хүртэл энэ асуудлаар нэхэмжлэгч Г.Я маргаагүй тул  Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж зааснаар хариуцагч Ж.Г бурхдыг өмчлөх давуу эрхтэй болно.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Я  хөрөнгөө Ч.Мгээс 2018 оноос шаардаж байсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Г.Лгийн мэдүүлгээр тогтоогддог гэж дүгнэсэн  боловч  хэрэгт энэ талаар авагдсан өөр нотлох баримтгүй, харин талийгаачийн 49 хоногоор эгч Г.Л нь бурхдыг авна гэсэн талаар гэрч Д.Д, П.Б, Г.Ч, М.М нар мэдүүлжээ.    

             

Маргааны зүйл болсон бурхдыг 2001 онд Ч.М, Ж.Г нарын эзэмшилд шилжүүлснээс хойш  хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Харин талийгаач Ч.Мг нас барсантай холбогдуулан бурхдыг өвлөх эрх Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгчид шилжинэ.

 

Иймд А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дугаартай шийдвэрийг бүхэлд  нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 227.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тус тус шийдвэрлэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дугаартай шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Г.Ягийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 227.550 /Хоёр зуун хорин долоон мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.Гын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 227.550 /Хоёр зуун хорин долоон мянга таван зуун тавин / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     В.Ц

                                            ШҮҮГЧИД                                     Т.Д

                                                                                                   Н.Э