Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 182

 

****- ****д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо- ****, Д. ****балсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/711 дүгээр шийтгэхтогтоол,Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ДШМ/69 дүгээр магадлалтай,  ****- ****д холбогдох 2010000000767 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, ****- **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ****-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.М-ийг 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогчид 6,300,000 төгрөгийг төлсөн ба шүүгдэгч С.М 13,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч ****д олгож шийдвэрлэжээ.    

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ****-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилсан байхад С.М-ийн гэм буруутай үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхдээ албадлагын арга хэмжээг хэрэглээгүй өөрөөр хэлбэл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хан-уул дүүргийн прокурорын газрын дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч ****- **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс шүүгдэгч С.М-д оногдуулсан 08 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч С.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ... Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно... гэсэн заалтыг хэрэглээгүй ба Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах... үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах гэсэн заалтыг нэмж оруулах нь зүйтэй байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Хяналтын шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.М-д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ.

Эдгээрээс завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм. 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог билээ. 

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна. 

Шүүгдэгч С.М-ийг прокуророос “ **** ****” ХХК-нд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байхдаа хамт ажилладаг С.М-гийн байр худалдан авах зорилгоор **** дүүргийн 15 дугаар хороо, **** дугаар байрны 1 тоотод байрлах сейфэнд хадгалж байсан мөнгөнөөс нийт 20,000,000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлилж шүүхэд шилжүүлснийг хоёр шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн хэргийн үйл баримтыг зөв, бүрэн бодитой тогтоон шийдвэрлэжээ. 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.М-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэсэн өөрчлөлтийг хууль тогтоогчоос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулжээ. 

Шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой бөгөөд харин дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. 

Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг бөгөөд уг зохицуулалтаас үзвэл шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн шүүгдэгчид тухайн хуульд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалтыг заавал тогтоох ёстой ба үүнтэй холбоотой өөрчлөлтийг магадлалд оруулж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхгүй болно. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/711 дүгээр шийтгэхтогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ДШМ/69 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч С.М тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

  

                        ДАРГАЛАГЧ                                       Ч.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН