Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00972

 

Г.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж,  шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00456 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1042 дугаар магадлалтай

Г.О-ийн нэхэмжлэлтэй

Э  ХХК-д холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд төлсөн төлбөр, зардал 367.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаагийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/04322 тоот шийдвэрээр Г.О ийг Э  ХХК-ийн тоосгоны үйлдвэрт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зардалд нийтдээ 4.215.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2016 оны 01 дүгээр сард шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд өгсөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу Э  ХХК-иас төлсөн төлбөрөөс 356.702 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх алба суутгаж авсан. Э  ХХК үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч илүү зардал гаргасан тул урамшуулалд төлсөн 356.702 төгрөг, нотариатын болон архивын хуулбар хийсэн зардал 10.300 төгрөг, нийтдээ 367.000 төгрөгийг Э  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00456 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 228 дугаар зүйлийн 228.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э  ХХК-иас 356.702 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.298 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11.351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1042 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э  ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан журмыг зөрчиж асуулт асуух эрхийг хязгаарласан. Хэргийг бүхэлд нь хяналгүй зөвхөн гомдлын хүрээнд, гомдол гаргагчид хөтлөх асуулт тавьсан. Нотлох баримтыг дутуу үнэлж, шийдвэр алдаатай бичигдсэн. Э  ХХК-иас шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын төлбөрийг гаргуулсан шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны Э  ХХК-ийн гомдлоор хүчингүй болгосон магадлал гаргахад оролцсон Ц.Ичинхорлоо шүүгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 456 дугаартай шийдвэрийг хянахад даргалагчаар оролцон мөн л шийдвэрийг хүчингүй болгосон. Өмнөх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот магадлалыг миний гомдлоор 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгосон. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн миний асуудал дээр өөрчлөгдсөн гэж ойлгож байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй...” гэсэн үндэслэлийг магадлалд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т нийцээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат нэхэмжлэлийн хувийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан  боловч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар ирүүлээгүй тул хэргийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоожээ. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг “...хэргийн материалтай танилцах” хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 11.30 цаг хүртэл хойшлуулсан, тэрээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар 2 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдааны товыг дахин мэдэгджээ. Үүний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүх хуралдаан хойшлуулах  тухай” хүсэлтийг  дахин гаргасан, шүүгчийн 2326 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ /хэргийн 14-49 дүгээр тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан “нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх”, мөн хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.3-т заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан бөгөөд  анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулсан байх тул хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох” гомдлыг хангах нь зүйтэй.

Нэхэмжлэгч  Г.О  нь Э  ХХК-аас 367.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж тодорхойлжээ.           

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4322 дугаар шийдвэрээр Э  ХХК-с 4.196.500 төгрөг гаргуулж Г.О д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр авагч нь  2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, төлбөрийн үнийн дүнгээс 8.5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахаар харилцан тохиролцсон, шийдвэр гүйцэтгэгч  гаргуулсан төлбөрөөс 356.702 төгрөгийг урамшуулалд суутган, үлдэх төлбөрийг шилжүүлжээ.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ба хариуцагч Э  ХХК нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, улмаар төлбөр авагчид төлөх төлбөрөөс урамшууллыг суутган авчээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс 356.702 төгрөгийн шаардлагыг хангасан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “үүрэг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж заасан бөгөөд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулахыг үүрэг үүсэх үндэслэлд хамааруулжээ. 

Хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал төлж улмаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн авч чадаагүй байх тул гэм хор учирсан гэж үзнэ.   

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1042 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 228 дугаар зүйлийн 228.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 11.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ