Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 208

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Б.Сүрэн

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоо

Нэхэмжлэлийн шаардлага: ““Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир, гуравдагч этгээд “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Даваацэрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхоны орон сууцуудын “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь бүх гишүүдийн хурал хийлгүйгээр байгуулагдсан, өөрөөр хэлбэл хууль бусаар байгуулж бүртгүүлсэн. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 2.6-д “Холбоог төрийн бус байгууллагад элсүүлэх, гишүүнээс гаргах” гэсэн заалтуудыг зөрчсөн.

Бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр, удирдах зөвлөл болсон хэдхэн хүмүүс дур мэдэн бүх гишүүдийн хурал хийлгүйгээр ямар ч үндэслэлгүй, төлбөрөө удаа дараалан нэмж, өндөр төлбөр нэхэмжилж хохирол учруулж байна.

Мөн тус сууц өмчлөгчдийн холбоо нь харуулын төлбөр сар бүр авдаг ч хотхон дотроо хашаанд машинаа тавихад харуул хамгаалалт муугаас эд анги алдагдах, машин мөргөх, шүргэх явдал байнга гарч хохирол учирдаг ч хариуцлага хүлээдэггүй.

Энэ тухай Хан-Уул дүүргийн Засаг даргад өргөдөл гарган хандсан ч Удирдах зөвлөлдөө ханд гэсэн хариу өгч, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд өргөдөл гарган хандахад адил хариу өгсөн. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд, хөрөнгийн тухай хуулийн 5.3-д “холбоо зохион байгуулах хурлыг зохион байгуулна”, 9.2-д “сууц өмчлөгчдийн 50 хувиас дээш хүн оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан тухай хурлын тэмдэглэл, шийдвэр байдаггүй. Энэ нь хуулийн 8.4-д заасныг хангахгүй байна.

Хан-Уул дүүргийн архиваас авсан баримтаас харахад Хос өргөө хотхоны сууц өмчлөгчдийн холбоог зөвшөөрсөн гэх айлуудын жагсаалтад 84 ширхэг тоот жагсаасан байна. Үүнд гарын үсэг зурсан нь 60 ширхэг тоотын хүний гарын үсэг байдаг. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.2-д сууц өмчлөгчдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан заалтыг зөрчсөн бөгөөд Хос өргөө хотхоны 252 ширхэг тоот бүхий санал өгөх бүх гишүүдийн 50 хувьд хүрэхгүй 24 хувь дөнгөж хүрч байна.

“Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах болон сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг сонгосон гэх хурлын ирцийн тэмдэглэл, хурлын протокол Хан-Уул дүүргийн архивт болон сууц өмчлөгчдийн холбоонд өөрт нь байдаггүй. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.3-д зааснаар холбоо байгуулах хурлын зохион байгуулах ба 9.2-д заасан заалт зөрчигдөн гэрчилгээ олгогдсон байна.

Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3-д заасан “Тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт хамгаалалтын эрхлэн хариуцах зорилгоо бүрэн хэрэгжүүлэхгүй байна. Удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Мөн хуулийн 6.1.6-д заасан “Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам” байхгүй. Зардлын задаргаа айл бүрт хуваарилсан зардлын задаргаа тодорхойгүй, нэхэмжилж байгаа мөнгө нь бодитой зардал мөн эсэх нь ойлгомжгүй. Баригдсанаас хойш 3 жил уг барилгыг барьсан “Ганбат өргөө” компани засварын ажлыг хариуцаж байсан тул засварын зардал гараагүй хэрнээ 2015 оны 05 дугаар сард гражид болсон ээлжит бус хурлаар сууц өмчлөгчдийн холбооны заавал байх ёстой хуримтлал байхгүй талаар “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал мэдэгдсэн.

Холбооны төсөл, тайлан тэнцэл, ажлын тайлан, санхүүгийн зарцуулалтын талаар гишүүд мэддэггүй. Оршин суугчид орчноо сайжруулах, харуул, хамгаалалт, хяналтыг сайжруулах, санхүүгийн зардлын баримтыг оршин суугчид үзэх хүсэлт тавьдаг ч үзүүлдэггүй.

Сууцны орцуудад цэвэрлэгээ муу хийгддэг. Хашаанд тавьсан машины харуул хамгаалалт муу, камерын үзүүлэлт маш муугаас эд анги алдагдах, машин мөргөх, шүргэх явдал байнга гардаг, гражид гадны машин тавиулснаас машин түгжигдэж, хүүхдийн тоглоомын талбай шаардлага хангаагүй гэх мэт холбооны үйл ажиллагаатай холбоотой дутагдал, доголдол байнга гардаг” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхоны “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд 2009 онд гэрчилгээ олгосон байна. Тус холбоог хуулийн дагуу байгуулагдаагүй, хууль бус холбоо гэж үзэж байгаа тохиолдолд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д зааснаар холбоог бүх гишүүдийн хурлаар өөрчлөн байгуулах боломжтой юм.

Харин тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /тухайн орон сууцны байшингийн бүх сууц нэг этгээдийн өмчлөлд шилжсэн/, 20.1.2 /Иргэний хуулийн 144 дүгээр зүйлд заасан Орон сууц болон бусад эд хөрөнгийн дийлэнх хэсэг нь устаж, гэмтсэн тохиолдолд эвдрэл хохирлыг даатгалаар буюу бусад аргаар арилгах боломжгүй бол сууц өмчлөгчид холбоог татан буулгаж болно/-т зааснаас бусад тохиолдолд холбоог татан буулгахыг хориглосон байгаа тул холбооны гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй юм” гэжээ.

Гуравдагч этгээд “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Даваацэрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд байшинд 2 ба түүнээс дээш өрх орсон тохиолдолд сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдана гэж заасан байдаг. Байшингийн борлуулалт эхэлсэн цагаас хойш сууц өмчлөгчдийн холбоог байгуулахгүй бол нийтийн дундын эзэмшлийн эд хөрөнгө эзгүйдэн эвдрэх, гэмтэх, цахилгаан шат гацах, суугчдын эрх ашиг зөрчигдөх асуудлууд гардаг учраас хуулийн дагуу 2009 онд байшин ашиглалтад орж байх тэр үеийн айл өрхүүд ярилцан зөвшилцөж сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан байдаг. Удирдах хяналтын зөвлөлийг хууль ёсны дагуу нээлттэй зарлан уг хурал дээр сонгон шалгаруулалтаар бүх гишүүдийн дундаас сонгосон бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны Удирдах хяналтын зөвлөлд санхүүгийн болон хууль хяналтьн байгууллагын ажилтнууд, барилгын болон автын инженерүүд, багш сурган хүмүүжүүлэгчдээс бүрдсэн хүмүүсээр сонгон өөрсдийн төлөөллөө болгон ажиллуулсаар байна. “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоог 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүх гишүүдийн хурал хийснээр байгуулж, Д.Даваацэрэнг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар Удирдах зөвлөлийн тогтоолоор томилсон байдаг. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2009 оны 12-р сарын 17-ны өдрийн 51 дүтээр тоот гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж Хан-Уул дүүргийн хуулийн хэлтэс, татварын хэлтсээр холбогдох бичиг баримтыг шалгуулан хуулийн хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулан өнөөг хүртэл 7 жилийн туршид үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна.

Хан-Уул дүүрэгт “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоог хууль бус учир татан буулгах тухай хүсэлтийг тавьсан ба дүүргийн Засаг даргын тамгын газраас манай сууц өмчлөгчдийн холбоо хуулийн дагуу байгуулагдсан тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үйл ажиллагаа нь жигдэрсэн хэвийн үйл ажиллагаатай сууц өмчлөгчдийн холбоо болохыг тодорхойлсон хариуг өгсөн юм. 

Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд хандсан өргөдлийн дагуу манай сууц өмчлөгчдийн холбоог хянан шалгаж дүгнэлт тодорхойлолтыг гаргаж өгсөн.

Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж байсан тэр үед суугчид өөрсдийн өв хөрөнгөө эзгүйдүүлэхгүйн тулд 260 айл өрх бүрэн орж дуусаагүй байхад 130 гаруй айл өрхийн дунд санал хурааж 84 айл өрх зөвшөөрөн гарын үсэг зуран сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан байдаг. Хариуцагч Б.Сүрэн сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох баримт бичиг Хан-Уул дүүргийн архивт огт байдаггүй гэсэн атлаа өөрийн тайлбарт Хан-Уул дүүргийн архиваас авсан баримтаас авч үзэхэд гэж бичсэн нь архивт сууц өмчлөгчдийн холбооны баримт бичиг огт байдаггүй гэдэгтэй нь нийцэхгүй байна.

Барилгын гүйцэтгэгч компани нь З жилийн хугацаанд барилгын хийцээс үүдэлтэй засваруудыг хийдэг. Харин суугчдын ашиглалтын буруугаас үүссэн эвдрэл гэмтэл, засварыг хариуцдаггүй юм. “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь үүссэн цагаас хойш тодорхой хэмжээний хуримтлалыг үүсгэж чадсан ба түүнийгээ дээврийн засвар, сангийн шугам солих зэрэг томоохон хөрөнгө шаардсан ажлуудад зарцуулан хэрхэн зарцуулсан тухайгаа суугчдад тайлагнаж хэвшсэн уламжлалтай.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хос өргөө хотхоны “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хангалттай сайн хийж гүйцэтгэж яваа баг хамт олон гэж жил бүр Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэргэдэх зөвлөл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төвөөс явуулдаг түвшин тогтоох шалгалтаас дүгнэдэг төдийгүй бүх гишүүдийн хурал болон Удирдах хяналтын зөвлөлөөс сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд маань бүрэн хангалттай үнэлгээг өгсөөр ирсэн” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Сүрэнгээс Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан ““Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоог сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон Хан-Уул дүүргийн Засаг дарга “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоог хүлээн зөвшөөрсөн тушаал шийдвэр, батламжилсан 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр “”Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсний дагуу тус шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д тус тус зааснаар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхло хамгаалуулахаар хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг. Хуулийн зохицуулалтын дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус эсэхэд үнэлэлт өгөх нь зүйтэй байна. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно.” гэж заажээ. 

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хос Өргөө хотхоны оршин суугчид 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүх гишүүдийн хурал хийж, “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, 03 дугаар тогтоол гарснаар тус холбоог байгуулагдсан гэж үзэх юм.

Нэхэмжлэгч “...маргаж буй сууц өмчлөгчдийн холбоо байгуулах бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, бусад холбоодыг бодвол төлбөр өндөр тогтоосон, орлого, зардал, санхүүгийн тайлан, баримтыг сууц өмчлөгч гишүүддээ үзүүлдэггүй ...” гэж маргаж байх бөгөөд энэ асуудал нь тус шүүхийн харьяалалд хамаарахгүй гэж үзлээ.

Учир нь, дээр дурдсанаар захиргааны хэргийн шүүх захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхийн талаар дүгнэж захиргааны хэргийг шийдвэрлэнэ. 

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:

5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;

5.1.2.хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;

5.1.3.захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;

5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;

5.1.5.нутгийн  өөрөө  удирдах  байгууллага  болон шийдвэр, үйл ажиллагаанд 

нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.” гэж захиргааны байгууллагын талаар, 11 дүгээр зүйлийн 11.1.-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:

11.1.1.захиргааны акт;

11.1.2.захиргааны гэрээ;

11.1.3.захиргааны хэм хэмжээний акт.” гэж захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг тус тус заажээ. 

Дээрх заалтуудаас үзвэл сууц өмчлөгчдийн холбоо нь захиргааны байгууллага биш бөгөөд сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах хурлын шийдвэр гарч хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар байгуулагдсанд тооцох тул зохион байгуулах хурлын үйл ажиллагаа болон бусад холбоодыг бодвол төлбөр өндөр тогтоосон, орлого, зардал, санхүүгийн тайлан, баримтыг сууц өмчлөгч гишүүддээ үзүүлдэггүй гэх асуудал нь захиргааны үйл ажиллагаанд хамаарахгүй юм. 

Иймд энэ талаар баримт цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. Хэрэв хуульд бүртгэснээр сууц өмчлөгчдийн холбоог байгуулагдсанд тооцохоор зохицуулсан бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү үндэслэлийг захиргааны хэргийн шүүх шалгаж, дүгнэх юм.

Бүх гишүүдийн хурлаар байгуулагдсан “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь Хан-Уул дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэст хүсэлт гаргаснаар тус дүүргийн Засаг дарга дээрх холбоог бүртгэж 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 51 дүгээр гэрчилгээ олгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй: 18.1.1. Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог бүртгэх;” гэж заасантай нийцэж байна.

Учир нь хуулийн дээрх заалтад зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн бүртгэхээр зохицуулсан бөгөөд “Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан Хос өргөө хотхоны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн Бүх гишүүдийн хурлын 03 дугаар тогтоол зэрэг баримтаар нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Харин нэхэмжлэгч “...маргаж  буй сууц өмчлөгчдийн холбоо байгуулах бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, бусад холбоодыг бодвол төлбөр өндөр тогтоосон, орлого, зардал, санхүүгийн тайлан, баримтыг сууц өмчлөгч гишүүддээ үзүүлдэггүй ...” гэх асуудлаараа хуульд заасан журмын дагуу холбогдох байгууллага, шүүхэд хандах эрхтэй юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засаг даргын бүрэн эрхийг заасан тул хариуцагчаар Хан-Уул дүүргийн Засаг даргыг оролцуулсан болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сүрэнгийн ““Тайван мандах өргөө” сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН