Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 4

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

Шүүгчид                               Б.Манлайбаатар

 Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                А.Золзаяа

Ялтны өмгөөлөгч                 А.Ариунзаяа, Ж.Энхтуяа

Хохирогч                                Х.Цэцэгбадам

Хохирогчийн өмгөөлөгч      А.Отгонбаяр

Ялтан                                  Н.Нанзад

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Норовын Нанзадад холбогдох эрүүгийн 201618000267 дугаартай, 148/2016/0124/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 26-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын  2 дугаар баг 3 дугаар хэсгийн “Хоёр даваа” гэх газар оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Баяуд овогт Норовын Нанзад /РД: ОЖ 84012618/     

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Н.Нанзад нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 14-04 СЭҮ улсын дугаартай “Kia Bongo Fronter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчин, явган зорчигч Ц.Ганбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Н.Нанзадад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 126 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар  Баяуд овогт Норовын Нанзадыг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох...” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Баяуд овогт Норовын Нанзадын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч Н.Нанзадад оногдуулсан 02 жил 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,  

-Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Нанзадын 488270 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэхээр,  

-Шүүгдэгч Н.Нанзадад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Нанзад давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

…Би өөрийн буруугаа маш сайн олйгож байна. Цаашид Цэцэгбадам гуайд өөрийн чадах бүх зүйлээрээ тусалж дэмжинэ. Тухайн үед 1 лааз пиво уусан байсан, үүнийгээ үнэн зөвөөр мэдүүлсэн.

Миний ард 2-6 насны 2 хүүхэд, өндөр настай ээж, эхнэр маань үлдэж байна. Манай гэр бүл мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг.

Миний хариуцлагагүй байдлаас шалтгаалан ар гэрийнхэн болон Цэцэгбадам гуайн ар гэрийнхэн хэцүүхэн байдалд орсонд миний бие өөрийгөө буруутгаад ханашгүй, маш харамсаж байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг биеэр эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Надад итгэл хүлээлгэж буруугаа цайруулах боломж олгоно уу. Би маш их харамсаж байна гэжээ.

Ялтны өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Монголын хуульчдын холбооны  гишүүн өмгөөлөгч А.Ариунзаяа миний бие  Норов овогтой  Нанзадтай байгуулсан  “Өмгөөлөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр түүнд холбогдох  эрүүгийн 201618000267 тоот хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон.Сэлэнгэ аймаг  дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  126 дугаартай  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ял шийтгэл ногдуулах үндэслэлээ тодорхойлохдоо “...Эрүүгийн хуулийн 55 дугаар  55.1.1, 55.1.3-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр  төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас  учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн...” байдлыг харгалзан үзсэн талаар дурьдсан байх бөгөөд дан ганц гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан гэж үзвэл бас учир дутагдалтай юм. Учир нь хохирогчоор тогтоогдсон иргэнийг нэхэмжлэлийн баримт гаргаж өгөхийг хүлээлүйгээр яаралтай арга хэмжээ авч хохирогчийг /талийгаач Ц.Ганбаатар/ оршуулгын ажил явдал болохоос өмнө 1.000.000 төгрөгийн мөнгөн тусламж болон машин техникийн тусламж үзүүлсэн, мөн хохирогчийн ар гэртэй уулзахад “хохирогч /талийгаач Ц.Ганбаатар/ нь  өндөр насны тэтгэвэрийн зээлтэй учир Нийгмийн даатгалын байгууллагаас олгох оршуулгын зардал боложмгүй байна, зээлийг нь хаалгамаар байна” гэсний дагуу Ц.Ганбаатарын Төрийн  банкин дахь 1.468.000 төгрөгийн тэтгэвэрийн зээлийг төлж барагдуулан баримтаа хэрэгт өгсөн байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Х.Цэцэгбадам гуайн Хаан банкин дахь 4.850.000  төгрөгийн тэтгэвэрийн зээлийг хааж мөнгөн тусламж үзүүлсэн юм. Энэ талаар хохирогч шүүх хуралдаан дээр  дэлгэрэнгүй яриагүй боловч “ байнга ирж уулзаж, тусламж үзүүлж байсан” гэдийг хэлсэн.

Хохирогчийн хувьд сургуулийн насны хүүхдүүдтэй хамт үлдсэн байгаа.  Н.Нанзадын  хувьд хэрэг маргаан шийдвэрлэгдсэний  дараа ч гэсэн  хохирогчийн ар гэрийнхэнд байнга тусалж, дэмжинэ гэдгээ үүгээрээ ч хэлж, үйлдлээрээ ч илэрхийлж ирсэн. Иймд Н.Нанзадад ял оногдуулахдаа 55.1.9-д заасныг  харгалзан үзэх нь зүйтэй гэж бодож байна.

Мөн тогтоолын үндэслэх хэсэгт “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүнд хор уршиг учруулсан зэрэг байдлуудыг харгалзан үзлээ.”гэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлд гэмт хэргийн бүрэлдэхүүнд “ Энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол...” гэж  заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...Энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа  харгалзаж үзэхгүй.” гэж зааснаас үзэхэд “согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн” байдлыг онцгойлон харгалзан үзэх үндэслэл биш байсан юм болов уу гэж үзэж байна.

Шүүх хэдий Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д зааснаар  хорих ялын доод хэмжээнээс доош татан ял оногдуулсан ч  биечлэн эдлүүлэхээр тогтоосон. Дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, мөн Н.Нанзадын хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, ял оногдуулахад  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа  зэргийг харгалзан үзэж  Н.Нанзадыг нийгмээс тусгаарлахгүйгээр  оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Нанзадыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байлын болон ашиглалтын журам зөрчсөн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 журамлан, тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч, 02 жил 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс Н.Нанзадад хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийснийг  хүлээн зөвшөрөхгүй байна.  Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “ Н.Нанзад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасны зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож буй нь шууд санаатай үйлдэл...” гэсэн болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнд хор уршиг зэрэг байдлуудыг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн 27 дугаар  зүйлийн 27.2-д “... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн бол хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.” гэсэн болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх хэлбэрийн нэг болж байна. Н.Нанзад нь ЗХД-ийн 2 дугаар зүйлийн 2.7.а-д тээврийн хэрэгслийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодохыг хориглосон заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан асуудал юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, Н.Нанзадын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “... хохирогч тээврийн хэрэгсэл зорчих явах хэсгийн асфальтан замын хажуугийн шороон хэсгээр түүни явж байсан чиглэлд цааш харан  явж байгаад гэнэт зам хөндлөн гарахаар машины урд тал руу ороод ирсэн, тухайн үед тормозны дөрөөн дээр гишгэж, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан боловч амжилгүй хохирогчийг мөргөсөн...” гэжээ.  Зам тээврийн осол гарах үед жолоочийн самбаачлах хугацаанд Н.Нанзад нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан болох нь хавтаст хэргийн 3-4 дүгээр талд байгаа. 2016 оны 09 сарын 22-ны өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...тээврийн хэрэгслийн тормозны № ширхэг мөр үүссэн ба уг мөрний нийт урт 7 м 50 см, тормозны мөрнөөс замын баруун талын хашлага хүртэл 2 м 20 см...”  гэж тэмдэглэсэн болон фото зургаар бэхжүүлсэн № 2-4 зургаар  нотлогдож байгаа болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д гэмт хэргийн улмаас  хүнд хор уршиг учирсан, 56.1.10-д согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял шийтгэлийг хүндрүүлэн үзсэн байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2-д “...56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт  заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүний ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй.” гэсэн байхад Эрүүгийн хуулийн 215 дугаар  215.2-д “ ... согтуугаар үйлдсэн...” 215.3-д “...бусдын амь нас хохирсон...” гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох хуульчилсанг анхаараагүй байна.

Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэг нь  хүндэвтэр гэмт хэрэгт тооцогдох бөгөөд хуулийн санкц нь сонгомол ялын төрөлтэй байхад шүүх хорих ялыг сонгон хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 61 дүгээр  зүйлийн 61.1-г журамлах үндэслэлүүд байсаар байхад хэрэглээгүй гэж үзэж байна. Тухайлбал:

1. тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.

2. гэмт хэрэгт үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,

3. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Х.Цэцэгбадам нь  өөрийн сэтгэл санааны гэм хор арилсан тул Н.Нанзадад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж санал бодлоо шүүх дээр илэрхийлж байсан байна.

Шүүхийн практикт болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялангуяа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журмын эсрэг гэмт хэрэг үйлдэн этгээдэд шүүхээс ял шийтгэл ногдуулахдаа хохирогчийн саналыг харгалзан үздэг билээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 126 дугаартай  шийтгэх тогтоолоор Н.Нанзадад ногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд жолооч зогсоох арга хэмжээ авсан байгаа нь харагдаж байхад шинжээчийн дүгнэлтэнд тэр талаар тусгаагүй байна. Н.Нанзад нь   2-6 насны буюу бага насны хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин хүн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа тул Н.Нанзадад хорих ял оногдуулахгүйгээр хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Ялтан Н.Нанзад давж  заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хөдөө мал маллаж амьдардаг. Өндөр настай ээж, эхнэр хүүхдээ авч явдаг. Өөрийн буруугаас болж өөрийн эцэг шиг хүний амь насыг хохироосондоо харамсаж байна. Би хохирогч эгчид туслах болно. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөөч гэв.

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Н.Нанзад бол миний хүү шиг надад их сайхан хандаж тусалж дэмжиж байгаа тул түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгөөч гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

Зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна гэв.

Тодорхойлох нь:

Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Н.Нанзад нь 2016 оны 09 дүгээр сарын    22-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 14-04 СЭҮ улсын дугаартай “Kia Bongo Fronter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчин, явган зорчигч Ц.Ганбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Баяуд овогт Норовын Нанзадад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч, 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар  шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ялтан Н.Нанзад нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 14-04 СЭҮ улсын дугаартай “Kia Bongo Fronter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчин, явган зорчигч Ц.Ганбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ялтан Н.Нанзад,  хохирогч Х.Цэцэгбадам, иргэний нэхэмжлэгч Х.Бигэрмаа нарын өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 32-38 дугаар хуудсанд авагдсан гэрч Ц.Гиймаа, Х.Бигэрмаа, Л.Оюунбат, Ч.Сувд-Эрдэнэ, П.Наранцогт,  Б.Цогт нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, “Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, “Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд     /хх-ийн 16-18 дугаар хуудас/, согтуурлын хэмжээ тогтоосон тодорхойлолт /хх-ийн 15 дугаар тал/, “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, “Эд зүйл, бичиг баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл” /хх-ийн 22 дугаар хуудас/, “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 25 дугаар хуудас/, Бичиг баримтанд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28 дугаар хуудас/, Үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, “Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-57 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 83, 8386, 04/16, 114 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 59-60, 65, 71-72, 76 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн Засаг дарга нарын тодорхойлолт /хх-ийн 81,83 дугаар хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 84 дүгээр тал/, “Хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт” /хх-ийн 89-90 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Н.Нанзадын  гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ялтан, түүний өмгөөлөгч нар ямар нэгэн гомдол гаргаагүй байна.

         Ялтны өмгөөлөгч нарын “Н.Нанзадад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэх үндэслэлээр бичсэн гомдлыг хянан үзвэл: Ялтан нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч Х.Цэцэгбадам, иргэний нэхэмжлэгч Х.Бигэрмаа нарын нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгүүд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбадамын давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож гаргасан “...Н.Нанзад бол миний хүү шиг надад их сайхан хандаж тусалж дэмжиж байгаа тул түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгөөч...” гэх мэдүүлэг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Л.Нанзадад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах болгож хөнгөрүүлэн өөрчилж, ялтан Н.Нанзадыг  заавал нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзах боломжтой гэж   давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2,6 дахь заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “…тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч” гэснийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч” гэж,  6 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Баяуд овогт Норовын Нанзадад оногдуулсан 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Ялтан Н.Нанзадад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                               Б.МАНЛАЙБААТАР

                                                 Д.БУЯНЖАРГАЛ