Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 126

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

                    Нарийн бичгийн дарга Б.Урангоо

 Улсын яллагч Л.Энхтайван

 Хохирогч Х.Цэцэгбадам

 Хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа нарыг оролцуулав.

      Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 215-р  зүйлийн 215.3-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нанзадад холбогдох эрүүгийн 201618000267 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 26-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум 2-р баг 3-р хэсгийн Хоёр даваа гэх газар оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Баяуд овогт Норовын Нанзад /РД ОЖ84012618/   

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Нанзад нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 14-04 СЭҮ улсын дугаартай Kia Bongo Fronter маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчин явган зорчигч Ц.Ганбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

            Шүүгдэгч Н.Нанзадын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хөдөөнөөс гэрээ ачиж ирээд ээжийнхээ хашаанд хураасан. Тэгээд буцаж харьж яваад хорооллын замд хүний амь насыг хохироосон нь үнэн. Маш их харамсаж гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.... гэх мэдүүлэг

          Хохирогч Х.Цэцэгбадамын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Осол аваар болсны дараа талийгаачийг өнгөрснийг нь мэдсэн. Одоо энэ хүүхдэд гомдол санал байхгүй. Энэ хүүхэд надад тусалж дэмжсэн. Шоронд явуулчихъя гэсэн санаа алга, тэнсэж өгнө үү.... гэх мэдүүлэг

            Иргэний нэхэмжлэгч Х.Бигэрмаагийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр Н.Нанзад нь зам тээврийн осол гаргаж урд салхины шил хагарч, урд нүүр, капут хонхойж 278.000 төгрөгийн хохирол учирсан. Миний хувьд машинтай холбоотой ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй..... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

          Гэрч Ц.Гиймаагийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2016 оны  09 дүгээр сарын 22-ны өдөр 20-21 цагийн орчимд Хорооллын Цүнхэг дэлгүүрийн урд гэррүүгээ харихаар явж байтал зам дээр цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн урд эрэгтэй хүн дээшээ харсан хөдөлгөөнгүй, саарал өнгийн дээл нөмрөгсөн байдалтай байсан. Ингээд би бодохдоо машин хүн мөргөж амь насыг нь хохироосон гэж бодоод цагдаагийн шуурхай удирдлагын албанд мэдэгдсэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

          Гэрч Х.Бигэрмаагийн 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би өөрийн нөхөр Н.Нанзадын гаргасан зам тээврийн осолд үнэхээр харамсаж байна. Бид нарын биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Надад одоогоор машинтай холбоотой санал хүсэлт байхгүй. Миний хувьд нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна .... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

          Гэрч Л.Оюунбатын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Н.Нанзадын ээжийн дүүтэй би 30 гаруй жилийн өмнө танилцаж гэр бүл болсон. Н.Нанзадын хүргэн ах юм. Би бага хүүхэд байхаас нь таньж мэднэ. Н.Нанзадын аав нь нас барсан. Ээж нь Сүхбаатар сумын төвд бага хүүтэйгээ амьдардаг тэтгэврийн хөгшин бий. Н.Нанзад Увс аймгаас 1995 онд шилжиж ирсэн.  Ээж, аав нь малчин хүмүүс, өөрөө ч багаасаа мал маллаж амьдарч байгаа. Эхнэр Х.Бигэрмаа нь Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хувийн цөөн тооны мал маллаж амьдардаг. Амьдрал ахуйн хувьд боломжийн айл. Хоёр хүүхэд нь нас бага. Одоогоос 4 жилийн өмнө гэр бүлийн хэрэгцээнд цагаан өнгөтэй 14-04 СЭҮ улсын дугаартай Бонго Пронтер машиныг худалдаж авсан. Энэ машинаа Н.Нанзад нь ойр зуурын хэрэглээндээ унаж хэрэглэдэг..... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

            Гэрч Ч.Сувд-Эрдэнийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Н.Нанзадын төрсөн ах Н.Цэрэнчимэдтэй би 200 онд танилцаж гэр бүл болсон. Би Нанзадын бэр эгч байгаа юм. Н.Нанзад Увс аймгаас 1995 онд шилжиж ирсэн. Хадам ээж аав хоёр малчин хүмүүс, өөрөө ч багаасаа мал маллаж амьдарч байгаа. Эхнэр Х.Бигэрмаа нь 2 хүүхдийн хамт Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хувийн цөөн тооны мал маллаж амьдардаг. Амьдрал ахуйн хувьд боломжийн айл юм. Одоогоос 4 жилийн өмнө гэр бүлийн хэрэгцээнд цагаан өнгийн 14-04 СЭҮ улсын дугаартай Бонго Пронтер маркийн машиныг худалдаж авсан. Н.Нанзад нь эхээс 6-лаа Айлын 4 дэх хүүхэд. Их даруу, үг дуу цөөтэй, ажилч хөдөлмөрч эхнэр хүүхэддээ халамжтай, сайн аав. Ухаан санаа бие эрүүл залуу. Н.Нанзад 7-8 жилийн өмнөөс машин жолоодож байгаа, өмнө нь зам тээврийн осол гаргаж байгаагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

            Гэрч П.Наранцогтын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Н.Нанзад бид хоёр найзалж нөхөрлөөд 7-8 жил болж байна. Н.Нанзад нь эхнэр хүүхдийн хамт Зүүнбүрэн суманд мал маллаж амьдардаг. Эхнэр нь эрхэлсэн ажилгүй. Өрхийн орлого нь мал аж ахуй. Амьдрал ахуй боломжийн сайхан амьдралтай. Хувьдаа 2012 онд цагаан өнгийн Бонго Пронтер маркийн машин худалдаж авсан. Үүнийгээ Н.Нанзад нь ойр зуурын хэрэглээндээ унаж хэрэглэдэг..... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

            Гэрч Б.Цогтын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Н.Нанзад бид хоёр хар багаасаа найзалж нөхөрлөж байна. Миний хамгийн сайн найзын нэг. Н.Нанзад нь эхнэр хүүхдийн хамт Зүүнбүрэн суманд мал маллаж амьдардаг. Эхнэр нь эрхэлсэн ажилгүй. Өрхийн орлого нь мал аж ахуй. Амьдрал ахуй боломжийн сайхан амьдралтай. Хувьдаа 2012 онд цагаан өнгийн Бонго Пронтер маркийн машин худалдаж авсан. Үүнийгээ Н.Нанзад нь ойр зуурын хэрэглээндээ унаж хэрэглэдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 дүгээр тал/

            Эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хх-ийн 12-14 дүгээр тал/

            Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 дугаар тал/

            Согтуурлын хэмжээ тогтоосон тодорхойлолт /хх-ийн 15 дугаар тал/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр  тал/

            Эд зүйл, бичиг баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22 дугаар тал/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар тал/

            Бичиг баримтанд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28 дугаар тал/

            Үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 48-49 дүгээр тал/

            Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-57 дугаар тал/    

            Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 83 тоот дүгнэлтэнд...

1.Талийгааачид гавал тархины битүү гэмтэл, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, няцралт, хуйхны доторх цус хуралт, элэгний задрал, нүүрэн хэсэг, хөмсөг, хацар, хамар бугуй, шуу, нуруу, шилбэнд цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3.Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

4.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, цус алдалтын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдал ШОК-н хүндрэлээр нас баржээ.... гэх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8386 тоот дүгнэлтэнд 

1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Нанзадын гэх цусанд 1,8 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1.8 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна....... гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны №04/16 тоот дүгнэлтэнд

1.KIA BONGOFRONTER маркийн 14-04 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ АЯ №0273767, арал №KN3HDP331YK507779 дугаартай, цагаан өнгөтэй, Сэлэнгэ Зүүнбүрэн-02, 03-р хэсэгт оршин суугч Х.Бигэрмаагийн  эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна.

Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор хяналтын үзлэгт орсон эсэхийг www.trans.mn хаягаар орж мэдээлэл авахад 2017 оны 05 дугаар сарын 17-нд техникийн хяналтын үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа нь хуульд заасны дагуу техникийн үзлэг, тооллогондоо хамрагдсан байна. Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь зохих хуулийн дагуу хугацаандаа техникийн хяналтын үзлэгт хамрагдаж замын хөдөлгөөнд техникийн хувьд бүрэн оролцож явсан байх үндэслэлтэй байна.  

2.Тухайн автомашинд эвдрэл гэмтэл байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор хийсэн техникийн үзлэгээр хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эд ангиудаас ослын дараа эвдэрч салсан эд анги байхгүй. Осол гарахд нөлөлсөн ямар нэг эвдрэл, гэмтэл тодорхойлогдсонгүй. Зам тээрийн ослын дараах техникийн үзлэгээр тухайн автомашины урд салхины шил хагарсан, кабины урд нүүрэн хэсэг хонхойж гэмтэн гажсан байна.

Иймд тухайн автомашин техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд замын хөдөлгөөнд оролцож явсан, осол гарахад нөлөөлсөн эвдрэл, гэмтэл гараагүй байх үндэслэлтэй байна.

3.Тухайн автомашинд хийсэн техникийн үзлэгээр осол гарахад нөлөөлсөн эвдрэл, гэмтэл тодорхойлогдоогүй болно..... гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №114 тоот дүгнэлтэнд

1.Нийтийн эзэмшлийн замд гарсан учир зам тээврийн осол мөн. Киа Пронтер маркийн 1404 СЭҮ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Н.Нанзад нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/ Согтууруулах ундааны зүйл ....хэрэглэсэн үедээ....тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчснөөс болж зам тээврийн осол гарсан гэж үзэв.

2.Тээврийн хэрэгслийн тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй.

3.Н.Нанзад нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий этгээд мөн АВ ангиллын 488270 тоот хүчинтэй жолооны үнэмлэхтэй.

4.Киа Пронтер маркийн 1404 СЭҮ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Н.Нанзад нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундааны зүйл ....хэрэглэсэн үедээ....тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан гэж үзэв

5.Талийгаач Ц.Ганбаатар нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна заалтыг зөрчсөн...... гэх дүгнэлт /хх-ийн 76 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 дугаар тал/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 87-88 дугаар тал

Хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 89-90 дүгээр тал/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч Н.Нанзад нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 14-04 СЭҮ улсын дугаартай Kia Bongo Fronter маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчин явган зорчигч Ц.Ганбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд;  Хохирогч Х.Цэцэгбадамын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн, гэрч Ц.Гиймаагийн /хх-ийн 32/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 83 тоот дүгнэлт /хх-ийн 59-60/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 114 тоот дүгнэлт /хх-ийн 76/, Авто техникийн шинжээчийн гаргасан 05/16 тоот дүгнэлт /хх-ийн 71-72 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Цогбаярын гаргасан 8386 тоот дүгнэлт /хх-ийн 65 тал/, согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл /15 тал/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 тал/ шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

          Тухайн хэрэгт хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Н.Нанзад нь ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.... гэсэн  заалтуудыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Киа Бонго Пронтер маркийн 14-04 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ  зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Ганбаатарыг мөргөж амь насыг хохироосон болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Н.Нанзадад холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Шүүгдэгч Н.Нанзадын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуулинд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Н.Нанзадад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3 -д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүнд хор уршиг учруулсан зэрэг байдлуудыг харгалзан үзлээ.

          Шүүгдэгч Н.Нанзад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож буй нь шууд санаатай үйлдэл бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хор уршиг учруулахгүй байна өөртөө найдаж буй нь гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэх хэлбэр юм. 

           Шүүгдэгч Н.Нанзадад ял шийтгэл оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар шүүгдэгч учруулсан бодит хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэж байгаа болон түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж ял шийтгэл оногдуулахаар тогтов.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч Н.Нанзадад оногдуулсан 02 жил 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шйидвэрлэв. 

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Нанзадын 488270 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэх нь зүйтэй.

  Шүгдэгч Н.Нанзад энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

  Хохирогч Х.Цэцэгбадамын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийн хохирол төлбөргүйд тооцсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294,  297-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар  Баяуд овогт Норовын Нанзадыг мөн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.3-д заасан ...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсний улмаас хүний амь насыг хохироох... гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Баяуд овогт Норовын Нанзадын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч Н.Нанзадад оногдуулсан 02 жил 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.    

4.Шүүгдэгч Н.Нанзад энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Нанзадын 488270 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй. 

6.Шүүгдэгч Н.Нанзадад урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ