Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02176

 

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03172 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Т-ын хариуцагч “Ө-” ХХК, Ш.Х- нарт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 30,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч “Ө-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагч “Ө-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч “Ө-” ХХК-ийн өмгөөлөгч П.Л, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчтай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулсан. Хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч миний Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд нэг л удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Өмгөөллийн хөлсөнд 45,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч гэрээний 2.1.7, 2.2.1, 2.2.2-т заасан заалтуудыг удаа дараа зөрчиж, холбогдохоо байсан. Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд зааснаар 45,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хариуцагчийн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд суутган үлдсэн 40,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны дотор буцаан төлөхийг бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Иргэн Н.Т- миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Т.Н-гаас зээлийн төлбөрт 244,000,000 төгрөг гаргуулах тухай маргааны талаарх хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явагдаж байх явцад энэхүү маргаан болон мөн хариуцагч Т.Н- цагдаад гомдол гаргасантай холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Д- дахь өөрийн өмчлөлийн хашааг чөлөөлүүлэн гаргуулах маргааныг шийдвэрлүүлэхэд хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Ш.Х-тай тохиролцсон. Өмгөөлөгч Ш.Х- нь иргэн надад хууль зүйн туслалцааг бодитой зөв үзүүлээгүй, амлалтаа хэрэгжүүлээгүй, хэрэг маргааны талаар ямар ч үр дүн гаргаагүй. Хууль мэдэхгүй иргэн миний хувьд өмгөөлөгч Ш.Х-аас хуулийн мэргэжлийн туслалцаа авах гэж түүнд хандаж их хэмжээний хөлс мөнгө төлсөн. Гэтэл хариуцагч нь миний зээлийн маргаан болон Д-гийн хашааг Т.Н-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх маргааныг шийдвэрлүүлэх талаар хуулийн дагуу үйлчилгээ үзүүлээгүйгээс гадна надад ямар ч мэдээлэл өгөхгүй алга болсон тул түүнээс татгалзсан. Хариуцагч нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалах талаар өмгөөллийн үйлчилгээг бодитойгоор үзүүлж чадахгүй гэрээний үүргээ зөрчсөн тул урьдчилан төлсөн үйлчилгээний хөлс 45,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг өмгөөлөгч Ш.Х-аас буцааж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Ийнхүү “Ө-” ХХН-ийн захирал, өмгөөлөгч Ш.Х- нь худлаа амлаж, үйлчлүүлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг тууштай хамгаалах, үйлчлүүлэгчтэй харилцаа холбоотой байх, үнэн зөв мэдээллээр хангах зэрэг Өмгөөллийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй иргэн намайг хохироосон тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Ө-” ХХК-тай иргэн Н. Төмөрбаатар нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан Н.Т-ын нэхэмжлэлтэй Т.Н-д холбогдох 240,281,641 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр болсон. Н.Т- болон Т.Н- нарын хоорондын асуудал нь зөвхөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа маргаанаас гадна Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн зуслан орчмын нутаг дэвсгэрт байрлах Н.Т-ын өмчлөлийн газрыг Т.Н- нь хууль бусаар эзэмшиж ашигладаг, мөн Н.Т-, Т.Н- нарын “Үндэсний ногоон байгууламжийн нэгдсэн холбоо” ТББ, богинын дэд бүтцийн асуудалд ч хууль зүйн зөвлөгөө өгч, хамтран ажилласан. Тухайн үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй маргаанд нэхэмжлэгч Н.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр К.С- гэх хүн оролцож байсан бөгөөд Н.Т- нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж Ш.Х-т шинээр итгэмжлэл хийж өгсөн, мөн “Э-” ХХК-д өмгөөлөгчөөр ажилладаг Ж.Н- нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон. Миний бие Ш.Х-, манай өмгөөллийн “Э-” ХХК, өмгөөлөгчид Н.Т-ын хэрэгт гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн, нэхэмжлэгч өөрөө гэрээг цуцлах санал гаргаж мэдэгдэл өгснөөр бид өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, өмгөөллийн үйлчилгээний төлбөрийг буцаах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хууль 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дах хэсэгт заасныг баримтлан “Ө-” ХХК болон Ш.Х- нараас 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулан Н.Т-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 307,950 төгрөг гаргуулж, Н.Т-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч “Ө-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “... Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэлийн гол баримт болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхээр хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн”. Ш.Х- нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр маргаан хянан шийдвэрлэх хуралдааны МТ/18 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан бөгөөд энэ тухай баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн билээ. Хариуцагчийн зүгээс шүүхэд гомдол гаргасан тухай баримтаа гаргаж өгсөн ч энэхүү үйл баримтад огт дүгнэлт өгөлгүйгээр шүүхэд маргаан үүсгэн хянагдаж буй баримтыг үнэлэн шийдвэрээ гаргасан.

4.а.Мөн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан. Миний бие Б.Д- нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй болсон тул энэхүү байдлаа илэрхийлж холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн. Гэвч анхан шатны шүүх нь дээрх хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг харгалзан үзээгүй, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн. Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон төлөөлөгч, өмгөөлөгч Номинцэцэгийг хэргийн материалтай танилцуулаагүй шүүх хуралдаанд оролцуулсныг дурдаж байна.

4.б.Хэргийн бодит байдалд үнэлэлт өгөөгүй тухайд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Н.Т-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн маргаануудад ажиллаж үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасны дагуу хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байсан болох нь шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар нотлогддог. Цаашлаад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг нэхэмжлэгч нь үгүйсгээгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байсан болно. Гэвч хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны товыг яаралтай гаргахыг, шүүх хуралдааныг шуурхай явуулахыг биднээс хүсэж эхэлсэн. Энэ нь өмгөөлөгчийн хуульд заасан эдлэх эрхээс хэтэрсэн, цаашлаад шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудал болох тухай тайлбарлахад гэрээгээ цуцлах тухай ярьж эхэлсэн. Энэхүү шалтгаан нөхцөлийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа нь зарим төрлийн ажил үйлчилгээнээс ялгаатай буюу цаг хугацаа шаардах, өөрөөс үл шалтгаалах онцгой төрлийн үйл ажиллагаа юм. Гэвч анхан шатны шүүхээс гэрээний нэг тал болох Н.Т-ын шүүхэд өгсөн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг буюу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар заасанд нийцэх бөгөөд 30,000,000 төгрөгийг биет байдлаар нь буцааж авахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь өмгөөллийн үйл ажиллагааг үгүйсгэж байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх ...”-ийг хуулиар хориглосон байдаг. Анхан шатны шүүх нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудлыг ялгахгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ гэрээ цуцалсны үр дагаврыг нэхэмжилж буй талаар хэрэгжүүлсэн. Гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний хэрэгжсэн хэсгийг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар боддог билээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эрүү, иргэн, захиргааны маргаануудад өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрдөг. Эдгээр нь талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хэрэгжсэн хэсэг юм. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээг цуцалсны үр дагавар шаардаж буй атлаа гэрээний хэрэгжсэн хэсэг буюу гэрээний дагуу нэгэнт төлсөн төлбөрийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүх нь дүгнэхдээ ... нэхэмжлэгч Н.Т- гэрээнээс татгалзсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна ...” гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлаар дүгнэлт өгсөн. Дээрхээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцээгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс өөр асуудлыг шийдвэрлэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

           5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг эс зөвшөөрч байна. Монголын өмгөөлөгчдийн холбооны тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж тайлбарладаг. Өмгөөлөгчдийн холбооноос уг тогтоолыг хэзээ гардаж авсан, уг тогтоолд гомдол гаргасан эсэхийг тодруулсан. Монголын Өмгөөлөгчийн холбооноос тогтоолыг 6 сард гардаж авсан, хуулийн хүчин төгөлдөр болсон гэх тайлбарыг өгсөн. Бид хариуцагчийн эрх ашгийг хөндөхгүй. Мэргэжлийн байгууллагаас асуухад гомдол гарах хугацаа дууссан гэж тайлбар мэдүүлэг өгсөн учраас энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх тухайн баримтыг үнэлсэн. Ж.Н- хоёр хариуцагчийг хоёуланг нь төлөөлж байгаа учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Захиргааны шүүхэд гомдол гаргасан тул холбогдох баримтуудыг гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй. Шүүхэд гомдол гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэдэг. Хариуцагчийн төлөөлөгч нар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан учир шүүхээс торгуулийн арга хэмжээ авсан. Хариуцагч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цааш үргэлжлүүлэхгүй гэх хүсэлт зоригоо илэрхийлсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан мэдэгдэх, татгалзах зарчимд нийцсэн. Гэрээг цуцалсан уу, татгалзсан уу гэдэг зүйлийг ярихаар тусгай ангийн зохицуулалт руу орж байгаа. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт тусгай ангийн зохицуулалтаар хэрэв гэрээг цуцалж байгаа тохиолдолд мөнгөн төлбөрийг буцаана гэсэн байдаг. Татгалзах, цуцлах шинжийг хоёуланг нь агуулж байгаа. Өмнө нь болсон хүсэл зоригийн хувьд татгалзал гэдгийг төлөөлөгч тодорхой хэлдэг. Хууль зүйн утгаараа үүнийг нарийн зохицуулсан. Бид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн. Бидний зүгээс эвлэрэх санал тавьсан. Тодорхой ажил хийсэн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Гэрээнээс татгалзсан гэх нөцхөл байдал шүүх хуралдааны үед тогтоогдсон учир шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан. Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч “Ө-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч “Ө-” ХХК, Ш.Х- нарт холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

3.а.Н.Т- нь “Ө-” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр “Ө-” ХХК нь Н.Т-ын нэхэмжлэлтэй Т.Н-д холбогдох хэрэгт зээлийн үлдэгдэл 240,281,641 төгрөг гаргуулах, Т.Н-тай холбоотой өмчлөх эрхийн талаарх маргаанд хууль зүйн үйлчилгээг үзүүлэх, Н.Т- нь гэрээний төлбөрт 60,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /1хх-ийн 5-6-р тал/

3.б.Улмаар Н.Т- нь өмгөөллийн хөлсөнд нийт 45,000,000 төгрөгийг Ш.Х-ын дансанд төлсөн болох нь талуудын тайлбар, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. /1хх-ийн 9-10-р тал/

3.в.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж зөв дүгнэжээ. Хөлсөөр ажиллах гэрээ нь биежсэн үр дүн шаардаггүй хэдий ч гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээ нь хэмжигдэхүйц үр дүн гаргахад чиглэсэн байх боломжтой, энэхүү гэрээний дагуу бий болох үр дүн гэрээний талуудын хэн алиных нь үйлдлээс хамаардаг онцлогтой тул үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

3.г.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ө-” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ бүрэн хэрэгжээгүй, тухайн гэрээнд заасан хэрэг маргаанд бодит үр дүн гараагүй, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй, шүүх хуралдаанд нэг л удаа оролцсон тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 45,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулна” гэх агуулгаар тайлбарласан.

3.д.Хариуцагч “Ө-” ХХК, Ш.Х- нар нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тодорхой ажиллагаануудыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгч Н.Т- нь гэрээ цуцлах санал гаргаснаар цаашид үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон” гэж тайлбарлажээ.

3.е.Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч “Ө-” ХХК-ийг өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 40,000,000 төгрөгийг буцаан шаардсан үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 7-8-р тал/

3.ё.Талуудын байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний 2.1.4-т “өмгөөлөгч нь гэрээнд заасан асуудлаар үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, уг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн ажиллагааны бүх шатанд болон ажиллагаануудад үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 2.1.6-т “үйл ажиллагаандаа аль болох түргэн шуурхай байх зарчмыг баримтлан үйлчлүүлэгчийнхээ эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга хэрэгслийг ашиглан, тууштай хамгаалах”, 2.1.7-т “Шүүхээр шийдвэрлүүлж буй асуудлын талаар үйлчлүүлэгчдээ танилцуулж, мэдээллээр хангаж байх” гэж тус тус заажээ.

3.ж.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч “Ө-” ХХК нь нэхэмжлэгч Н.Т-тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний дагуу холбогдох байгууллагад гомдол, хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдож байх боловч дээрх гэрээний 2.1.4, 2.1.6., 2.1.7-т заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

3.з.Иймд нэхэмжлэгч Н.Т- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 30,000,000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлахтай холбоотой үр дагаврыг дээрх хуульд заасан ерөнхий зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой тул гэрээ цуцлагдсан нөхцөл байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч “Ө-” ХХК, Ш.Х- нараас 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-т олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн байна. Шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч Ш.Х- нар давж заалдах гомдол гаргаагүй болно.

5.Хариуцагч “Ө-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нөхцөл байдлыг шүүх анхаараагүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэжээ.

5.а.Анхан шатны шүүх Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 300 дугаар хариу мэдэгдэх тухай албан бичгийг үндэслэн хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүйгээс гадна Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан асуудал нь хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэх маргаанд шууд хамааралтай биш байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

5.б.Шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдлын тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шийдвэрлэсэн байна.

5.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн ... дотор хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан. Зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 1 жил 4 сар гаруй хугацаанд зохигчийн эрх хангагдсан гэж үзэхээр байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийн баримтын хүрээнд шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх гомдлыг мөн хангах боломжгүй гэж үзлээ.

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД

                                           ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ