Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02201

 

И.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2023/03974 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Д-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С нар оролцов.

                 ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 921 дугаар шийдвэрээр Х.Н-гээс 45,003,370 төгрөг гаргуулж “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-нд олгож, үүргийн сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж,  миний өмчлөлийн 225 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 479 м.кв талбай бүхий газар зэргийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Иймд хөрөнгийг үнэлсэн “Д-” ХХК-ийн 96,557,885 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тохролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилсон. Эхний шинжээч болох “Б-” ХХК нь хөрөнгийг 117,606,000 төгрөгөөр үнэлсэн боловч хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан. Энэ дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчээр “Д-” ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 96,557,885 төгрөгөөр хөрөнгийг үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Д-гийн Н-т холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 6 дугаар хэсэг, - тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023648 дугаартай 225.5 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18643321087923 дугаарт бүртгэлтэй 479 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Д-” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ШГ23-28 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Н- нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн 7/266 дугаар тогтоолоор үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийг 96,557,885 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж үнэлгээний тайлан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад хуулийг буруу хэрэглэж дахин гомдол гаргах эрхгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

           2.Нэхэмжлэгч И.Д- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Д-” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

                       

3.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2021/00921 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 981 дугаар магадлалаар Х.Н-гээс 44,622,205 төгрөг гаргуулж “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох И.Д-гийн өмчлөлийн 225,5 м.кв талбай бүхий хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, болон газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 41-49-р тал/

           

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

           

            4.а.Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1637 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 39-р тал/

 

4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэрт заагдсан И.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 56, 65-р тал/

 

4.в.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээнд тохиролцоогүйтэй холбоотойгоор хариуцагч байгууллага нь хоёр удаа шинжээч томилсон байна. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны үнэлгээг “Б-” ХХК нь 117,606,000 төгрөгөөр, дараагийн үнэлгээг “Д-” ХХК нь 96,557,885 төгрөгөөр тус тус тогтоосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4.г.Нэхэмжлэгч И.Д- нь “... “Д-” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн” гэх үндэслэлээр тус үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч хөрөнгийн үнэлгээний “Д-” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. Харин нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан байхад анхан шатны шүүх мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалтыг тус тус  буруу бичсэнийг залруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2023/03974 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх ...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь” гэж, “... - тоот ...” гэснийг “621 тоот” гэж, “... үйлчилгээний ...” гэснийг “дэлгүүр” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                             ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ