Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0962/З |
Дугаар | 221/МА2019/0399 |
Огноо | 2019-07-31 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2019/0399
2019 оны 07 сарын 31 өдөр Дугаар 221/МА2019/0399 Улаанбаатар хот
“Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б-г оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0268 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4, 24 дүгээр зүйлүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х...” ХХК-ийн Завхан аймгийн Завхан------ сумын нутагт орших ------ нэртэй **-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0268 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” ... энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн хэдий ч ... алданги төлөх боломжтой 30 хоногийн хугацааны дотор хамаарч байх тул нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй ... ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байхад төлбөр төлснөөс нэг хоногийн дараа ... тусгай зөвшөөрлийн системд дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв гэжээ.
“Х...” ХХК-ийн Завхан аймгийн Завхан------ сумын нутаг ------ нэртэй ашигт малтмалын хайгуулын **-****** дугаартай тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй үндэслэлээр дуусгавар болгоогүй, хуульд ч ийм заалт байхгүй.
Харин “Х...” ХХК нь сунгуулах өргөдлөө ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны төв байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.
Хэдийгээр тус компани нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас 4 хоногийн дараа төлсөн хэдийд ч хуульд заасны дагуу сунгах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна.
Гэтэл анхан шатны шүүх “Х...” ХХК нь ээлжит жилийн төлбөрөө хуульд заасны дагуу алдангийн хамт төлсөн байхад системд дуусгавар болгож бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Ашигт малтмал, газрын тосны газраас 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Завхан------ сумын ------ нэртэй газарт 3567.81 гектар талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч **-****** дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Х...” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.
Нэхэмжлэгч “Х...” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ““Х...” ХХК-ний Завхан аймгийн Завханмандал сумын нутагт орших ------ нэртэй **-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор зохицуулжээ.
Хариуцагчаас “Х...” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр маргасан байна. Гэтэл анхан шатны шүүх “төлбөр төлснөөс хойш нэг хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 15-ны ... тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосноор бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг даалгуулах” шаардлага гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд энэхүү “сэргээж бүртгэхийг даалгах” шаардлагаа “Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ... 3 жилээр сэргээлгэх хүсэлттэй байгаа” гэж тайлбарласан байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь гурван жилийн хугацаатай олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаснаар бүртгэхийг даалгуулахаар маргажээ.
Шүүх энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөл, түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан баримт бичгийг үндэслэн, мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой байна.
Гэтэл анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай дээрх нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нэг үндэслэл болох “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр” (хоцруулж) төлсөн байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэрэг хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа бүрдүүлж өгөх ёстой хуульд заасан баримтуудыг бүрэн бүрдүүлсэн эсэх талаарх баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа ямар баримт бүрдүүлж өгсөн, тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлд хавсаргах баримтуудыг бүрэн бүрдүүлсэн байсан эсэх талаар тодруулах. Учир нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг үнэлж, дүгнэлгүйгээр шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан тодорхой акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй шалтгаанаа “тухайн үед “Х...” ХХК-ний захирал Г.З 2018 оны 7 дугаар сарын 2-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн хугацаанд Грандмед эмнэлэгт эмчлүүлж, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгдо эмнэлэгт хөлний мэс заслын хагалгаанд орж эмчлүүлсэн, мөн тус компанийн бизнес хөгжлийн менежер Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний болон хүүхэд асрах амралтаа авсан байсан” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар уг хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой байжээ. Энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байсныг харуулах бөгөөд шүүх энэ хугацаа болон өвчтэй байсан гэх хугацааны хамаарлын талаар дүгнэх шаардлагатай.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.З өвчтэй байсан гэх тайлбар, уг үндэслэлийг нотолсон баримтууд хоорондоо зөрүүтэй (тухайлбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй талаар ирсэн тайлбар) зэрэгт дүгнэлт өгч, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл болох эсэх, тус хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахад нөлөөлсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ