Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1357

 

 Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04129 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, түрээсийн байранд учруулсан хохиролд нийт 32 640 000 төгрөг гаргуулах,

2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 11, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь Вьетнам ажилчдыг авч ажиллуулна гээд манай 320 м.кв талбай бүхий сэндвичин байшинг түрээсэлсэн. Энэ хугацаанд Вьетнам ажилчид нь гал гаргаж байшинг шатаасан бөгөөд хариуцагч нь тэд нараас мөнгө авч түрээсийн төлбөрөө нэгмөсөн өгнө гэж байсан боловч өгөөгүй. Гал гарснаас хойш уг байрыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан учир уг хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулна.

2013 оны 2, 9 cap гэсэн хоёр түрээсийн гэрээ байгаа. Бид анх 9 дүгээр сард түрээсийн гэрээ байгуулсан боловч би банкнаас зээл авахтай холбогдуулан хугацааг нь урагшлуулж, 2 cap болгон дахин гэрээ байгуулсан юм. 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ олдсон тул тус гэрээний дагуу шаардаж байна.

Хэдийгээр 9 дүгээр сард байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч  гэрээний 2.4-т заасны дагуу гэрээг сунгахгүй гэж мэдэгдээгүй, мөн гэрээний 2.2-т "гэрээний хугацаа дууссан боловч талбай, эд хөрөнгийг ашигласаар байгаа түрээслүүлэгч татгалзаагүй бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгасанд тооцно" гэж заасан.

ХХ нь сэндвичэн байшинг нийт 23 сар түрээсэлсэн бөгөөд 9 сарын түрээсийн төлбөрийг төлж, 1 сарын төлбөрийг дутуу төлж, 13 сарын төлбөрийг төлөөгүй байна. Нийт 54 500 000 төгрөг төлөхөөс 24 500 000 төгрөг төлсөн, үлдэх 30 000 000 төгрөгийг төлөөгүй.

Мөн галлагааны өрөөг шатаасан хохиролд 1 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Тухайн үед галлагааны өрөөг хариуцагч өөрөө засаж, 1 000 000 төгрөгийн зардал гарсан гээд түрээсийн төлбөрөөсөө хасуулсан юм. Одоо галлагааны өрөө нь бүгд шатсан учир би өөрийнх нь тооцоо нийлсэн үнээр нэхэмжилсэн. Иймд ХХгаас түрээсийн төлбөрт 31 000 000 төгрөг, байранд гал алдсан хохирлын төлбөрт 1 640 000 төгрөг, нийт 32 640 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь гал гарсны дараа байшинг битүүлж засна гээд надад байсан 4 ширхэг хавтанг авсан. Бид хоорондоо тооцоо нийлж дээрх төлбөрийг хариуцагч өгнө гэж баримт үйлдэж өгсөн учир үүнийг үндэслэн нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч ХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн сэндвичэн байшинг Вьетнамчуудтай хамт автомашин засварын газар ажиллуулахаар түрээсэлсэн боловч тэдгээр хүмүүс гараашийг шатаасан. Гал гарсны дараа нэхэмжлэгчид мэдэгдэхэд анхны байдлаар нь буцааж авмаар байна гэсэн.

Байшинг шатаасан хүмүүс хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон, би шүүхэд хохирлоо гаргуулахаар хандсан боловч намайг шаардах эрхгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Байшинг би чадлынхаа хирээр засаж өгсөн ба гал гарсны дараа ажиллуулж чадаагүй. Вьетнамчууд 2014 оны 02 дугаар сард гал гаргасан. Галын шинжээч нар юу ч хөдөлгөж болохгүй гэсэн бөгөөд шинжээч нар 2014 оны 6 дугаар сард ирж шинжилгээ хийсэн. Би үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа төлбөрөө бүрэн төлсөн. Иймээс ажиллуулаагүй хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Х гэрээний хугацаа дуусгавар болоход дахин сунгахгүй тохиолдолд энэ тухайгаа түрээслүүлэгчид 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж түрээсийн гэрээнд заасан гэж тайлбарлаж байна. Би тухайн үед гарааш шатсан тул авто засвараа ажиллуулах боломжгүй болчихлоо гэж нэхэмжлэгчид амаар мэдэгдсэн боловч хүлээж аваагүй.

Байшинг засах гэж нэхэмжлэгчээс 4 ширхэг хавтан авсан, түүний зах зээлийн үнийг 1 640 000 төгрөг болох байх гэснээс биш 1 640 000 төгрөг төлнө гэж зөвшөөрөөгүй. Би асуултыг буруу ойлгосон байна. Уг хохирлыг гал гаргасан буруутай хүмүүсээр нь төлүүлэх нь зүйтэй гэжээ.           .

Хариуцагч ХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Түрээсийн гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй ба барилга 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шатсан юм. Би 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр тооцоо нийлэх, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Х бид хоёр төлбөр тооцоо нийлэх хэлцлийг хийж нотариатаар батлуулсан. Энэ хэлцлийг тухайн үед хийхдээ уг барилгыг шатаасан Вьетнамчуудаас хохирлын мөнгийг авч Хт өгнө гэсэн байдлаар дүр үзүүлэн хэлцэл хийсэн юм. Гэтэл шүүх намайг шаардах эрхгүй гэж үзсэн.

Мөн бид түрээсийн гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд хэрэгт авагдсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг нэхэмжлэгч Хын зээл авахад зориулж хугацааг нь өөрчилж байгуулсан гэрээ юм.

Иймд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Х бид хоёрын хооронд хийгдсэн авто засварын зориулалтаар сэндвичин барилга түрээслэх тухай гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

Тооцоо нийлэх хэлцлийг дүр үзүүлэн хийсэн ба хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийсэн тооцоо нийлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 4 дүгээр гудамж, 73 тоотод байрлах сэндвичин барилгыг ХХ нь 1 жилийн хугацаатай авто засварын газрын зориулалтаар түрээслэхээр гэрээ байгуулсан. Энэ талаараа ч хариуцагч тайлбар бопон сөрөг нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Хариуцагч нь өөрийн гараар бичсэн тайлбар дээрээ түрээсийн төлбөрд нийт 31 000 000 төгрөг өгнө, 8 дугаар сарын 18-ны өдөр сэндвичин барилгыг чөлөөлж өгнө гэдгээ баталж бичиж өгсөн байгаа.

Мөн олон сарын турш түрээсэлж, ашиг орлого олчихоод түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулна гэж байгааг ойлгохгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаас үзэхэд сэндвичин барилгад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодоггүй учир улсын бүртгэлд гэрээг бүртгүүлэх боломжгүй юм. ХХ нь 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн болон 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөр тооцоо төлөх, тооцоо нийлэх хэлцлийг сэндвичин барилгыг шатаасан вьетнамчуудаас хохирол төлбөр мөнгийг авч өгнө гэж дүр үзүүлэн хийсэн.

Иргэний хуулийн тайлбарт дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг, талууд хэрэг дээрээ хууль зүйн ямар нэгэн үр дагавар гаргахыг хүсдэггүй. Энэ үйлдлээр гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог гэж тайлбарласан байна. ХХ өөрийн хүсэл зоригийн дагуу тодорхой үйл ажиллагаа эрхэлж, ашиг орлого олохоор объект түрээсэлж авто засварын газар ажиллуулсан байдаг. Үүнээс харахад хариуцагч өөрөө гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрийг төлөх нь түүний үүрэг учир Вьетнам ажилчдаас авч өгөх төлбөрийг өгнө гэж дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцогдох ямар ч үндэслэл байхгүй.

Түрээсийн гэрээ болон тооцоо нийлэх актыг бид харилцан тохиролцон бичиж, нотариатаар батлуулж байсан учир хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлгүй. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг дүр үзүүлсэн гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин тооцоо нийлсэн хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.4, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч ХХгаас 27 640 000 төгрөг гаргуулан Хт олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан хариуцагчийн, 2015 оны 4 дүгээр сарын 11, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн баримтыг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хын, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, уг сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгт хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 296 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хт буцаан олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 321 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэм хор учруулсны хохирол гэж нэхэмжлээд байгаа нэхэмжпэлийн шаардлага нь 1 640 000 төгрөг байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас илүү гарган гэм хорын хохирлын мөнгийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох гэм хорын хохирол 1 640 000 төгрөгийн сэндвичин хавтан авснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн шүүхийн шийдвэрт "..Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох тооцоо нийлсэн баримтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан тооцоо нийлсэн баримтад талууд гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулсан байхаас гадна хэргийн оролцогч нь шүүхэд үнэн зөв мэдүүлэх, хууль бусаар хуурамч нотлох баримт бүрдүүлэхийг хуулиар хориглосон байдаг.” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч өөрөө дээрх баримтыг талууд Вьетнам иргэдээс гэм хорын хохирол гаргуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргаад байхад “шүүхэд нотлох баримтыг бүрдүүлж өгч болохгүй” гэж дүгнээд байгаа нь учир дутагдалтай дүгнэлт болсон байна. Эрүүгийн хуульд иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэхийг хориглосон байдаг боловч иргэний шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримт болгон үнэн зөв гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчин нотлох баримтыг үнэлж болохгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ХХгаас 27 640 000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч  шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалт оновчтой биш байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч Х түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, түрээсийн байранд учруулсан хохиролд нийт 32 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч ХХтай 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний төлбөрт 30 000 000 төгрөг, түрээсийн байранд гал алдсанаас гарсан хохиролд 2 640 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байх хугацааны төлбөрийг бүрэн төлсөн тул гал гарсны улмаас түрээсийн байрыг ашиглаагүй хугацааны төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

            Мөн хариуцагч ХХ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 11, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг нэхэмжлэгч Хыг зээл авахад зориулж хугацааг нь өөрчилсөн бөгөөд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, уг гэрээний үндсэн дээр хийгдсэн 2 удаагийн тооцоо нийлсэн хэлцэл мөн хүчин төгөлдөр бус юм гэжээ.

Нэхэмжлэгч Х сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг зээл авахад зориулж хугацааг өөрчилсөн хэдий ч тооцоо нийлсэн хэлцлүүд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж маргасан байна.

Хариуцагч ХХ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг дүр үзүүлж хийсэн тул хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Х хүлээн зөвшөөрсөн, харин 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, түрээслэгч нь түрээсийн байрыг түрээслүүлэгчээс хүлээн авч ашиглаж байсан нь тогтоогдсон байна.

Иймд 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээ, тооцоо нийлсэн хэлцэл, зохигчдын тайлбараар талуудад түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн   шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.  /хх 33-34, 103-109/

Хариуцагч ХХ нь гал гарснаас хойш түрээсийн төлбөрт тооцож 2 ширхэг автомашиныг нэхэмжлэгчид өгсөн, түрээсийн төлбөрт  25 000 000 төгрөг төлөх тухай тооцоо нийлсэн актыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гал гарснаас хойшхи хугацааны төлбөрийг төлөхгүй гэх түүний тайлбар нь үндэслэлгүй байна. /хх-6/

Мөн түрээсийн байрыг зориулалтаар нь ашиглах боломжгүй болсноос гэрээг сунгахгүй  гэдгээ түрээслүүлэгчид хэлсэн гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, түрээсийн байрыг түрээслүүлэгчид буцаан хүлээлгэж өгөөгүй, эзэмшилдээ байлгасан нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул түрээсийн гэрээний 2.2-д “...анх байгуулсан хугацаагаар сунгасанд тооцно” гэж талууд тохиролцсоноор болон Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “...хугацааг талууд тохиролцож тогтооно” гэж зааснаар түрээсийн гэрээг сунгагдсанд тооцох үндэслэлтэй бөгөөд гэрээний 2.4-т зааснаар болон Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. 

Дээрх үндэслэлүүдээр түрээсийн гэрээний төлбөрт 25 000 000 төгрөг шаардсаныг  хариуцагч ХХгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанд нийцэх ба хөлс төлөх журмыг зохицуулсан 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэг нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл биш тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй юм. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэх бөгөөд мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хөлслүүлэгч нь хөлслөгчийн эд хөрөнгийг гэмтээсэн хэмжээгээр хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй тул  галлагааны өрөөг засахад 1 000 000 төгрөгийн зардал гарсан гэж түрээсийн төлбөрөөс хасуулсныг болон 4 ширхэг хавтангийн үнэнд 1 640 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг үндэслэн нийт 2 640 000 төгрөгийг хариуцагчаас шаардсаныг шүүх хангасныг буруутгах үндэслэлгүй.

Харин шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг шийдвэрлэхдээ бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой хөлслүүлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь заалтыг баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Дээрх үндэслэлүүдээр талуудад 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу үүрэг үүссэн нь тогтоогдсон тул талууд уг гэрээний дагуу үүсэх төлбөр тооцоог нийлж, баталгаажуулсныг хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 Мөн 2013 оны 2 дугаар сарын  01-ний өдрийн гэрээг дүр үзүүлэн хийснээ нэхэмжлэгч зөвшөөрсөн тул шүүх зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “292 дугаар зүйлийн 292.4, 497 дугаар зүйлийн 497.1-д” гэснийг “288 дугаар зүйлийн 288.2.3-т” гэж өөрчилж,

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 296 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ