Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/001163

 

Г.Хосбаярын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04129 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1357 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Г.Хосбаяр

Хариуцагч: Л.Түмэннасан

Нэхэмжлэлийн шаардлага:  32.640.000 төгрөг гаргуулах, 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2013.02.01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2015.04.11, 2016.01.25-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Түмэннасан, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Г.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Түмэннасан нь Вьетнамчуудыг авч ажиллуулна гэж манай 320 м.кв талбай бүхий “сэндвич” байшинг түрээсэлсэн. 2013 оны 9 сар, 2 сар гэсэн хоёр түрээсийн гэрээ байгаа. Бид 9 сард түрээсийн гэрээ анх байгуулсан боловч би банкнаас зээл авахтай холбогдуулан хугацааг нь урагшлуулж, 2 сар болгон дахин гэрээ байгуулсан юм. 2013.9.18-ны өдрийн гэрээ олдсон тул тус гэрээний дагуу шаардаж байна. Хэдийгээр 9 сард байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээний 2.4-т заасны дагуу гэрээг сунгахгүй талаар мэдэгдээгүй, мөн гэрээний 2.2-т гэрээний хугацаа дууссан боловч талбай, эд хөрөнгийг ашигласаар байгааг түрээслүүлэгч татгалзаагүй бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгасанд тооцно гэж заасан. Л.Түмэннасан нь  байшинг нийт 23 сар түрээсэлсэн бөгөөд 9 сарын түрээсийн төлбөрийг төлж, 1 сарын төлбөрийг дутуу төлж, 13 сарын төлбөрийг төлөөгүй байна. Нийт 54.500.000 төгрөг төлөхөөс 24.500.000 төгрөг төлсөн, үлдэх 30 сая төгрөгийг төлөөгүй. Мөн галлагааны өрөөг шатаасан хохиролд 1 сая төгрөг нэхэмжилж байгаа. Тухайн үед галлагааны өрөөг хариуцагч өөрөө засч, 1 сая төгрөгийн зардал гарсан гээд түрээсийн төлбөрөөсөө хасуулсан юм. Одоо галлагааны өрөө нь бүгд шатсан учир би өөрийнх нь тооцоо нийлсэн үнээр нь нэхэмжилсэн. Иймд Л.Түмэннасангаас түрээсийн төлбөрт 31 сая төгрөг, гал алдсан хохирлын төлбөр 1.640.000 төгрөг нийт 32.640.000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь гал гарсны дараа байшинг битүүлж засна гээд надад байсан 4 ширхэг хавтанг авсан. Бид хоорондоо тооцоо нийлж дээрх төлбөрийг хариуцагч өгнө гэж баримт үйлдэж өгсөн учир үүнийг үндэслэн нэхэмжилж байгаа гэжээ.

Л.Түмэннасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байшинг шатаасан хүмүүс хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон, би шүүхэд хохирлоо гаргуулахаар хандсан боловч намайг шаардах эрхгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Байшинг би чадлаараа засч өгсөн ба гал гарсны дараа ажиллуулж чадаагүй. Вьетнамчууд 2014.02.03-ны өдөр гал гаргасан. Галын шинжээч нар юу ч хөдөлгөж болохгүй гэсэн бөгөөд шинжээч нар 2014 оны 6 дугаар сард ирж шинжилгээ хийсэн. Би үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа төлбөрөө бүрэн төлсөн. Иймээс ажиллуулаагүй хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Гарааш шатсан тул авто засвараа ажиллуулах боломжгүй болчихлоо гэж нэхэмжлэгчид амаар мэдэгдсэн боловч хүлээж аваагүй. Байшинг засах гэж нэхэмжлэгчээс 4 ширхэг хавтан авсан, түүний зах зээлийн үнийг 1.640.000 төгрөг болох байх гэснээс биш 1.640.000 төгрөг төлнө гэж зөвшөөрөөгүй. Хохирлыг гал гаргасан буруутай хүмүүсээр нь төлүүлэх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Хосбаяр нь түрээсийн гэрээний дагуу хуримтлагдсан түрээсийн төлбөр, хохирлын төлбөрт 32.640.000 төгрөг нэхэмжилж байна. 2013.02.01-ний өдөр Г.Хосбаяр бид хоёрын хооронд хийгдсэн авто засварын зориулалтаар сэндвичин барилга түрээслэх тухай гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Тооцоо нийлэх хэлцлийг дүр үзүүлэн хийсэн ба хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийсэн тооцоо нийлсэн хэлцэл юм. Иймд 2013.02.01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2015.04.11, 2016.01.25-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: 1 жилийн хугацаатай авто засварын газрын зориулалтаар түрээслэхээр гэрээ байгуулсан. Энэ талаараа ч хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Хариуцагч нь өөрийн гараар бичсэн тайлбар дээрээ түрээсийн төлбөр нийт 31 сая төгрөг өгнө, 8 дугаар сарын 18-ны өдөр  чөлөөлж өгнө гэдгээ  бичиж өгсөн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32.1-с үзвэл “сэндвич”  барилгад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодоггүй.Иймд  улсын бүртгэлд гэрээг бүртгүүлэх боломжгүй юм. Мөн Л.Түмэннасан нь 2015.4.11-ний өдрийн болон 2016.01.25-ны өдрийн төлбөр тооцоо төлөх, тооцоо нийлэх хэлцлийг сэндвичин барилгыг шатаасан вьетнамчуудаас хохирол төлбөр мөнгийг авч өгнө гэж дүр үзүүлэн хийсэн юм гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 102/ШШ2016/04129 дүгээр шийдвэр гаргаж  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.4, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Л.Түмэннасангаас 27.640.000 төгрөг гаргуулан Г.Хосбаярт олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 5.000.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан 2015.04.11, 2016.01.25-ны өдрийн тооцоо нийлсэн баримтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан 2013.02.01-ний өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрсөнийг баталж, уг сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1357 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “292 дугаар зүйлийн 292.4, 497 дугаар зүйлийн 497.1-д” гэснийг “288 дугаар зүйлийн 288.2.3-т” гэж өөрчилсөн байна. 

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 31.000.000 төгрөг төлөх актыг талууд дүр үзүүлэн хийсэн. Гараашийг галдаж хохирол учруулсан хүмүүс иргэдээс түрээсийн төлбөрт би мөнгө төлөх шаардлага байгаагүй тооцоо дууссан байсан. Тухайн түрээслэж байсан гараашийг “...буцааж ав надтай ажиллаж байсан иргэд гал гаргаснаас болоод зугтаад авсан...” гэж хэлсэн боловч түрээслүүлэгч өөрөө хүлээж аваагүй. Уг гараашд гал гарснаас хойш Вьетнам засварын газар ажиллаж байсныг хэн ч нотлоогүй. Иргэний хуулийн 233.1-д зааснаар миний хувьд гараашийг галд автсан өдөр буюу 2014.02.03-ны өдрөөс 1 сарын дараа гараашийн дээврийг битүүлж өгөөд гараашийг хүлээлгэж өгөх гэсэн боловч аваагүй. Гал тавьсан иргэдэд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх тэр үед би өөрөө Г.Хосбаярыг гуйж байгаад 31.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх тухай актыг 2016.01.25-ны өдөр дүр үзүүлэн хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Г.Хосбаяр нь Л.Түмэннасангаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 31 сая төгрөг, хохирол 1.640.000 төгрөг нийт 32.640.000 төгрөг нэхэмжилж /хх 1/ 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ /хх 103/ мөн  2015 оны 04 дүгээр сарын 11-ний болон  2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “тооцоо” гэсэн /хх 5, 6/ баримтыг үндэслэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт 26 сая төгрөг, хохиролд 1.640.000 төгрөг нийт 27.640.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэнээс гадна сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэсгийг баталж, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн  үлдэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ

Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-т заасныг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй нь буруу байна. Тодруулбал, анхан  шатны шүүхийн шийдвэр болон Баянгол, Хан-уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ЕШ2016/02011 дугаар захирамжид заасан бүрэлдэхүүнийг  /хх 113, 122, 125 / тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд зөрүүтэй  бичсэн  байгааг  /хх 116/  давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04129 дүгээр шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1357 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын журмаар  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн  282.950 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                       Б. УНДРАХ