Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 359

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Ж.Ганболд, П.Алтантуяа, тэдгээрийн өмгөөлөгч В.Ганболд

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0067 40470 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б, 1991 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хими ба цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, “Септрик” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 01-10 тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 3 сарын хорих ял оногдуулан, оногдуулсан хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, /

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Газарчин дээд сургуулийн урд талын Шар хадны эцсийн буудал руу явдаг замд Хьюндай Соната 7 маркийн 04-36 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Хөдөлгөөний дүрмийн 9.2, “Жолооч, хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан Шевролет Крузе маркийн 73-36 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Ж.Ганболд, П.Алтантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр таксинд явж байсан. Тухайн үед 40-50 км цагийн хурдтай явж байсан. Сандрахдаа хаазан дээр гишгээд эсрэг урсгалд явж байсан цагаан машинтай ах эгч хоёрыг мөргөсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болж ийм явдал болсон. Хохиролд 1.200.000 төгрөг өгсөн. Зам засварын компанийг иргэний хариуцагчаар оруулах саналтай байна” гэв.

Хохирогч П.Алтантуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 21 дүгээр хороолол ороод Шар хаданд байрлах гэр рүүгээ явж байсан. Осол гарсан замын эргэлтэн дээр урдаас маш хурц гэрэл асч, өөдөөс маш хурдтай машин орж ирээд биднийг мөргөсөн. Маш ихээр гомдолтой байна. Биднийг маш ихээр хохироосон. Одоо болтол осол болсноос хойш 8 сар болж байхад нэг ч хохирол төлбөр төлөх талаар уулзаагүй. Маш их эмчилгээ хийгдсэн. Миний эмчилгээний зардал 1.241.460 төгрөг гарсан, хүүхдийн эмчилгээний зардалд 131.800 төгрөг гарсныг тус тус нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ж.Ганболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Одоогоор миний биеийн байдал муу байна. Эхнэрийн хэлсэнтэй санал нэг байна. Нүд бүрэлцээд харахгүй биеийн байдал муу байна. Миний эмчилгээний зардалд 1.534.111 төгрөг гарсныг нэхэмжилж байна. Машины эрсдэл 2.547.000 төгрөг, цалингийн зөрүү 1.826.448 төгрөг, журмын хашаанаас машин авсан машины төлбөр 1.130.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Бидэнд нийт 8.410.819 төгрөгийн хохирол гарсан. Үүнээс 1.200.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн, үлдсэн мөнгийг төлөөгүй” гэв.

Хохирогч Ж.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал өөдөөё 2 машины хурц гэрэл маш хурдтай гарч ирж харагдсан. Би тэр 2 машиныг уралдаж байна гэж бодсон. Би тэгээд автомашиныхаа хурдыг хастал өөдөөс нөгөө 2 машины нэг нь шууд урсгал сөрж  орж ирээд маш хүчтэй мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн...Маш их гомдолтой байна…” гэх мэдүүлэг. /1хх 56-57/,

Хохирогч П.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...их хурц гэрэл өөдөөс тусаад машин их хурдтай өөдөөс орж ирж харагдсан тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд амьсгаа авч чадахгүй машин дотроо байж байсан. Би машиныхаа жолооч талын урд суудал дээр сууж явсан. Маш их гомдолтой байна…” гэх мэдүүлэг. /1хх 29-30/,

Насанд гэрч Г.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Осол болох үед би унтаж байсан. Харин ээжийн орилох дуунаар л сэрсэн…” гэх мэдүүлэг. /1хх 115/,

Гэрч Д.Булгантамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний явж буй урсгалын нэгдүгээр эгнээнд хоёр суудлын машин мөргөлдчихсөн байдалтай байсан. Тэр үед би ослын газарт зогсолгүй явж өнгөрөхдөө өөрийн 89014400 гэсэн дугаараас 103-т, дараа нь 102-т тус тус залгаж дуудлага өгсөн. Өөр мэдэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг. /1хх 114/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9804 дугаартай дүгнэлт:

  1. Д.Ганболдын биед өвчүүний хугарал, баруун, зүүн цавь ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /1хх-118/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9805 дугаартай дүгнэлт:

  1. П.Алтантуяагийн биед өвчүү ясны хугарал, баруун талын 4-8 дугаар хавирганы хугарал, зүүн богтос яс, зүүн сарвууны 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, тархины доргилт, цээж, хэвлийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /1хх-123/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9804 дугаартай дүгнэлт:

  1. Г.Тэмүүлэнгийн биед тархины доргилт, баруун шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /1хх-128/,

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хэргийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-19/,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...Хьюндай Соната 7 маркийн 04-36 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Болдоо овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа /1хх-ийн 172-175/,

            Вендо ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-ийн 181-182/,  Итгэлт Эстимэйт ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-ийн 190-195/, хохирлын баримт /1хх-ийн 63-74/, цалингийн тодорхойлолт /1хх-ийн 79/, хохирлын баримт /1хх-ийн 37-45/, төлбөрийн баримт /1хх-ийн 52-53/, өвчний түүх /1хх-ийн 60/, Тээврийн хэрэгслэлийн барьцаат зээлийн гэрээ /1-р хх-87-95/, тээврийн хэрэгслийн барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /1хх-ийн 87/, барьцааны гэрээ 1хх-ийн 91/, Иргэний хариуцагчаар татах тогтоол, түүнийг асуусан тэмдэглэлэ /1-р хх-99-101/, шинжээчийн дүгнэлт 1хх-ийн 160/, ял шалгах хуудас 1хх-ийн 204/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоол 1хх-ийн 207/, иргэний үнэмлэхний лавлагаа 1хх-ийн 224/, цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт 1хх-ийн 225/, оршин суугаа газрын тодорхойлолт 1хх-ийн 226/, мөрдөгчийн санал 2хх-ийн 4/, Хаан банкны депозит дансны хуулга /2хх-ийн 5/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Газарчин дээд сургуулийн урд талын Шар хадны эцсийн буудал руу явдаг замд Хьюндай Соната 7 маркийн 04-36 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Хөдөлгөөний дүрмийн 9.2, 8.4-дэх заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан Шевролет Крузе маркийн 73-36 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Ж.Ганболд, П.Алтантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус  учруулсан болох нь

Хохирогч Ж.Ганболдын: “...зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал өөдөөс 2 машины хурц гэрэл маш хурдтай гарч ирж харагдсан. Би тэр 2 машиныг уралдаж байна гэж бодсон. Би тэгээд автомашиныхаа хурдыг хастал өөдөөс нөгөө 2 машины нэг нь шууд урсгал сөрж  орж ирээд маш хүчтэй мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн...Маш их гомдолтой байна…” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Алтантуяагийн: “...их хурц гэрэл өөдөөс тусаад машин их хурдтай өөдөөс орж ирж харагдсан тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд амьсгаа авч чадахгүй машин дотроо байж байсан. Би машиныхаа жолооч талын урд суудал дээр сууж явсан. Маш их гомдолтой байна…” гэх мэдүүлэг,

Насанд гэрч Г.Тэмүүлэнгийн: “...Осол болох үед би унтаж байсан. Харин ээжийн орилох дуунаар л сэрсэн…” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Алтантуяа нь гэм буруутай этгээдээс эмчилгээний зардал гэж 1.241.160 төгрөг, хүүхдийн эмчилгээний зардалд 131.800 төгрөг нийт 1.373.260 төгрөгийг,

Хохирогч Д.Ганболд нь гэм буруутай этгээдээс эмчилгээний зардалд 1.534.111 төгрөг, авто машины засварт 2.547.000 төгрөг, авто осолд орсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин 1.826.448 төгрөг, машин журмын хашаанд байсны төлбөр 1.130.000 төгрөг бүгд 7.037.559 төгрөг болсон, эхнэр бид хоёрын нийт хохирол 8.410.819 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б нь хохирол төлбөрт 1.200.000 төгрөгийг өөрийн сайн дураар нөхөн төлсөн тул хасч үлдэх 7.210.819 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүх хохирогч П.Алтантуяа, Д.Ганболд нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийг үндэслэлтэй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж үзсэн бөгөөд тухайн хэрэгт 04-36 УНВ улсын дугаартай Хьюндай Соната 7 маркийн авто машин нь Грилле ХХК-ийн өмч болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иргэний хариуцагчаар тогтоогдсон Грилле ХХК нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 449.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг арилгах үүрэг хүлээсэн этгээд мөн гэж шүүх дүгнэв.

Иймд иргэний хариуцагч Грилле ХХК-иас нийт 7.210.819 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч П.Алтантуяад 1.373.260 төгрөг, хохирогч Д.Ганболдод 5.837.559 төгрөгийг олгох нь зүйтэй.

Харин Иргэний хариуцагч Грилле ХХК нь шүүгдэгч Б.Баярбатын хувьд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул хохирол төлбөрт гаргуулсан 7.210.819 төгрөг, 04-36 УНВ улсын дугаартай Хьюндай Соната 7 маркийн авто машин эвдрэл гэмтлийн үнэлгээ 1.480.400 төгрөг, бүгд 8.691.219 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б-аас гаргуулж иргэний нэхэмжлэгч Грилле ХХК-нд олгох зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно.

Мөн хохирогч П.Алтантуяа, Д.Ганболд, иргэний хариуцагч Грилле ХХК-иуд нь уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч нарт учирсан хохирлоос зарим хэсгийг төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-д урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 3 сарын хорих ял оногдуулан, оногдуулсан хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэжээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2 жилээс 8 жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульд заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-д өмнө Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 3 сарын хорих ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэгштгэлд хамруулахад шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг 2 жилийн ялтай дүйцүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялд тооцож, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хэрэгт хураагдан ирсэн Б.Б-ын эзэмшлийн №1100955 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгох, 01987325, 0321252 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг тус тус эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 900 нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б-д оногдуулсан 900 нэгжээр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож 2 /хоёр/ сар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 4 жил 3 сарын хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэгштгэлд хамруулж Б.Б-д оногдуулсан хорих ялыг 2 жилийн ял дээр,

энэ тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 900 нэгж буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Баярбатын бүгд биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих  ялаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Шүүгдэгч Б.Б-ын эзэмшлийн №1100955 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  3. Энэ хэрэгт хураагдан ирсэн 01987325, 0321252 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгож, Б.Б нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
  4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Грилле ХХК-иас 7.210.819 /долоон сая хоёр зуун арван мянга мянга найман зуун арван ес/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч П.Алтантуяад 1.373.260 төгрөг, хохирогч Д.Ганболдод 5.837.559 төгрөгийг олгосугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас нийт 8.691.219 /найман сая зургаан зуур ерэн нэгэн мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Грилле ХХК-нд олгосугай.
  6. Хохирогч П.Алтантуяа, хохирогч Д.Ганболд, иргэний хариуцагч Грилле ХХК нь цаашид гаргах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР