Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э, С.Х, С.О, Д.О,

Ц.Т, С.Б, Д.У, М.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Э, С.Х, С.О, Д.О нарын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.Тий өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

шүүгдэгч С.Б, Д.У нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Э, С.Х, С.О, Д.О, Ц.Т, С.Б, Д.У, М.О нарт холбогдох 1805002580030 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Сын Х, 1983 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн  2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 422 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор нийт 5 жил хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 139 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтад зааснаар 1 жил 2 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 137 тоот шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 02 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

Монгол овгийн Дгийн О, 1988 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Зүүн хараагийн алтны уурхайд ажилладаг, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,

Гэндэн овгийн Цгийн Т, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Эйл хаус”-д тогооч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шүүчгийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3 дахь заалтад зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 02 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Боржигон овгийн Бийн Э, 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд засварчин ажилтай, Төв аймаг, Дэлгэрхаан сум, Хуримт мандалд оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ...тоотод түр оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

 урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 249 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасаж, үлдэх 2 сар 28 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж суллагдсан,

Боржигон овгийн Сын Б, 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ...тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

С дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3, 74.5 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 03 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Булаг овгийн Дын У, 1985 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... саунд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ...тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 3 хоногийн хорих ялаас чөлөөлөн сулласан,

Боржигон овгийн Сын О, 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум, 2 дугаар баг, Бургалтайд оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод түр оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд С дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлсэн,

Боржигон овгийн Мгийн О, 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ...тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  

Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.3 дахь заалтад зааснаар 2 жил 5 сар 24 хоногийн эдлээгүй үлдсэн хорих ялыг хугацаанаас өмнө  тэнсэн суллаж, хянан харгалзсан,

С.Х, Д.О, Ц.Т, Б.Э, С.Б, Д.У, С.О, М.О нар нь бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14.00 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах иргэн Х.Чулуунбаатарын эзэмшлийн автомат тоглоомын газарт эд хөрөнгийг нь авахаар илээр, хүч хэрэглэн довтолж хууль бусаар эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э, С.Х, С.О, Д.О, Ц.Т, С.Б, Д.У, М.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжтэй болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нь зүйтэй. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж шүүгдэгч С.Х, Д.О, Ц.Т, Б.Э, С.Б, Д.У, С.О, М.О нарт холбогдох эрүүгийн 1805002580030 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол С.Х, Д.О, Ц.Т, Б.Э, С.Б, Д.У, С.О, М.О нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Э, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйлсийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар нь тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 262 дугаартай яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэхээр тогтсон. Гэтэл шүүх гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг хийж Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа дахин хийх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй өмнөх захирамжийн үндэслэлийг үгүйсгэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч өөрийн санаачилгаар эсхүл талуудын хүсэлтээр хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзсан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэх заалтыг зөрчсөн. Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй.” гэж заасан боловч хавтас хэрэгт цугларсан ямар нотлох баримтыг үнэлж, шүүгдэгч нарын гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй таамагласан шинжтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг зөрчжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн сэдэлт санаа зорилго нь үйлдлээрээ илэрч тогтоогдсон. Үүнд: Тус тоглоомын газрын гадна болон дотор талын хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд авагдсаныг хохирогч Х.Чулуунбаатарын “...Мөн тоглоомын газрын доторх хяналтын камерын хард диск буюу хяналтын камерын санах ой, мөн хард-г аваад явсан байсан, ...Манай тоглоомын газарт орсон манайхаас эд зүйл авсан хард диск авсан залуучууд манай тоглоомын газарт ороод манай дүү Алтанхуягийг танайх 2.000.000 төгрөг гаргаад ир гэж хэлээд зодоод байсан гэсэн...”гэх мэдүүлэг, гэрч М.Алтанхуягийн “..Тэд намайг зодоод тоглоомуудыг эвдэлчхээд гарахдаа манай камерын бичлэг хадгалдаг хаард диск, загас тоглоомын 2 программ зэрэг эд зүйлсийг аваад явсан...” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон байна. Түүнчлэн яллагдагч Д.Оын“...Шагай надад бид нар автомат тоглоомын газарт очиж 1 хайрцагтай юм авна хүмүүсийг айлгаж байгаад авна зодож цохихгүй, камерын бичлэгийг санах ой хард авна гэж хэлсэн. Ингээд 10-аад залуучууд байгаа гэж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэснээр шинээр ямар нотлох баримтыг цуглуулж, ямар нөхцөл байдлыг тогтоох буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чухам ямар ажиллагаа явуулах талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 16.1 дүгээр зүйлийн 14 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. Шүүгчийн захирамжид шүүгдэгч Б.Э, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар үндэслэлээр өөрчлөн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тэдний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж хэрхэн нөлөөлж байгааг тодорхой заагаагүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана...” гэж заасныг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Э, С.Х, С.О, Д.О нарын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, зүйлчлэлийн хувьд учир дутагдалтай байна. Дээрмийн гэмт хэргийн бус танхайн гэмт хэргийн шинжтэй сэдэлт харагдаж байна. Тиймээс зүйлчлэлийг өөрчлөх хэрэгтэй. Мөн шүүгдэгч нарын оролцоонууд нь харилцан адилгүй байгаа юм. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Б, Д.У нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нарын оролцоо тодорхойгүй байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогдоогдохгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Тий өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн учраас хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Дээрмийн гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Прокуророос Б.Э, С.Х, С.О, Д.О, Ц.Т, С.Б, Д.У, М.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг шалгаж тогтоогоогүй, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй атлаа шүүгдэгч нарын үйлдлийг ганц дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хангах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байна.

Иймд прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид шүүгдэгч Б.Э, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх болсон үндэслэлээ тодорхой тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тодорхой, ойлгомжтой байх” шаардлагыг хангаагүй байгааг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд цаашид шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг ямар шалтгааны улмаас өөрчилсөн, эсхүл хүчингүй болгосон талаар хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаж байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Б.Э, С.Х, С.О, Д.О, Ц.Т, С.Б, Д.У, М.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ