Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00357

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр Дуга 210/МА2024/00357

 

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/04008 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ШГгазарт холбогдох,

 

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7011 дугаар захирамжаар Г.Одгэрэл, А.Эрдэнэтөгс, Топтийм катеринг ХХК-аас 247,205,000 төгрөгийг гаргуулж Хас банк ХК-д олгохоор шиидвэрлэсэн. Мөн дээрх төлбөрийг сайн дураар Хас банк ХК-д төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах, 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 23/0005 дугаартай 396 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0204057 дугаартай газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. ШГгазар нь Улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах, 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 23/0005 дугаартай 396 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0204057 дугаартай манай газрыг 574,860,000 төгрөгөөр шинжээчийн үнийг тогтоосон гэх боловч анхны албадан дуудлага худалдааны үнийг 70 хувь буюу 402,402,000 төгрөгөөр тогтоож, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад дуудлага худалдааг явуулсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар манай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 50 хувь буюу 287,430,000 төгрөгөөр тогтоож, манай байгууллагад огт мэдэгдэхгүй анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж, хууль зөрчсөн байна.

1.3. ШГгазраас Ө ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 50 хувь болгож 287,430,000 төгрөгөөр худалдах гэж байгааг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг ШГгазар шинжээчээр үнэлгээ тогтоолгосон нь үл хөдлөх эд хөрөнгийг бодит үнэ ханшнаас хамаагүй доогуур үнэлж, албадан дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгчид хуульд заасны дагуу мэдэгдээгүй, өмчлөгчийг албадан дуудлага худалдаанд оролцох нөхцлийг хааж, үл хөдлөх эд хөрөнгийг маань үнэгүйдүүлж хууль бус үйл ажиллагаа явуулж байна.

Иймд ШГгазрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/07011 дугаар захирамжаар Г.Одгэрэл, А.Эрдэнэтөгс, Топтийм катеринг ХХК нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 274,000,000 төгрөгийг гаргуулж, Хас банк ХК-д олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ө ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 29/8 toot хаягт байрлах Ү-2201018449 дугаарт бүртгэлтэй 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Г-2201027384 бүртгэлийн дугаартай 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталгаажуулсан.

2.2. ШГгазраас шинжээч томилсон ба шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 574,860,000 төгрөгөөр тогтоосон. Уг шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч Топтийм катеринг ХХК эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01085 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шинжээчийн үнэлгээг хэвээр үлдээсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1485 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 001/ХТ2021/00747 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

2.3. Үүнийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж дээрх үл хөдлөх хөрөнгийг 289,430,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч нар нь 3 жилийн хугацаанд 24,395,000 төгрөгийг төлсөн, одоогоор шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 250,350,000 төгрөг байна.

2.4. ШГгазраас Ө ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хөрөнгийн үнэлгээ 574,860,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4/4787 тоотоор, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 4-155/15170 тоотоор анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4-155/17398 тоотоор 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4-155/19053 тоотоор худалдан борлогдсон талаарх мэдэгдэлүүдийг баталгаат шууданд хүлээлгэн өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ... гэж зааснаар өмчлөгч Ө ХХК нь ажиллагааны талуудад хамааралгүй этгээд юм.

2.5. Мөн хуулийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ. гэж заасан. Иймд ШГгазар нь өмчлөгч этгээд болох Ө ХХК-д дуудлага худалдааг заавал мэдэгдэх үүргийг хуулиар хүлээгээгүй. Гэхдээ хариуцагч нь өмчлөгч этгээд болох Ө ХХК-д боломжит аргаар мэдэгдсэн.

Дуудлага худалдааны зарыг 14 хоногийн өмнө сонин хэвлэлээр нийтэд мэдээлж байгаа бөгөөд мөн төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс нь Ө ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч н.Амгаланбаатарын хүү учир дуудлага худалдааны талаар мэдээлэл авах, дуудлага худалдаанд оролцох эрх нь нээлттэй байсан болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. Үл хөдлөх эд хөрөнгийг их, бага үнэлсэн үнэлгээний маргааныг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн тул энэ талаар дахиж ярих шаардлагагүй. Иргэний хуулийн зохицуулалтаараа 2 дахь дуудлага худалдаанд 50 хувиар бууруулах хуулийн зохицуулалт байгаа.

3.2. Хас банк ХК нь төлбөр төлөгч Топтийм катеринг ХХК, А.Эрдэнэтөгс, Г.Одгэрэл нараас шүүхийн шийдвэрийн дагуу 274,000,000 төгрөгийн төлбөр авах ёстойгоос 24,000,000 төгрөгийг л төлсөн. Энэ талаар төлбөр төлөгч нар нь шүүхээр маш удаан маргаж байгаа ба үнэлгээний талаар хүртэл маргасныг шүүх шийдвэрлэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад Ө ХХК-д 5 удаагийн мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиа баримтлах тусгайлсан хуулийн зохицуулалттай.

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д төлбөр авагч, төлбөр төлөгч гэдэг бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд байна гээд заачихсан. Харин Ө ХХК нь уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгч этгээд ажиллагааны талууд гэдэг этгээдэд заавал дуудлага худалдааны талаарх заавал мэдэгдэх үүрэггүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар хариуцагчийг мэдэгдэх ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан ШГгазарт холбогдох, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдыг илт ялгаварлан гадуурхаж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчиж, Монгол улсын үндсэн хуульд заасан өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох би тус өдрийн шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан Б.Адалбек өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлж зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэж байна.

5.2. Нэхэмжлэгч нь үнэлгээний талаар нэхэмжлэл огт гаргаагүй байтал анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг буруу дүгнэж, урьд тогтоогдсон үйл баримтын талаар хэрэгт бүхэлд нь дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 20, 22, 23, 24, 25-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нөхцөл байдлаар тус хэрэгт бүхэлд нь дүгнэлт хийсэн.

5.3. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний тэмдэглэлийг надад огт танилцуулаагүй, танилцуулсан эсэх талаарх үйл баримтаа хариуцагч нотолж чадаагүй, тус тэмдэглэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй. Мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/26 тогтоол нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байна. 4-155/17398 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай мэдэгдэл нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн байна.

Тодруулбал: 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэлд дурдсанаар хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр болох талаар Ө ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтоход танилцуулав, мэдэгдэл тогтоолтой танилцсан боловч гарын үсэг зурахаас татгалзав гэж.

Гэвч Ц.Баяртогтох би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр очиж, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн мэдэгдэлтэй танилцах ямар ч боломжгүй бөгөөд анхан шатны шүүх энэ он цаг хугацааны талаар анхаар ч үзээгүй нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн гэж үзэхээр байна. /1хх-ийн 218/

5.4. Мөн шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгч талд мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ажиллагааг хариуцагчийг гүйцэтгэсэн байна гэж шүүх дүгнэв гэж, 4-155/17398 дугаар 2021 оны 10 дугаар сарын 01-ийн өдөр болох хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол шуудан ХК-ийн тамга дарагдаж, хариуцагч энэ өдөр мэдэгдлийг шууданд хийж илгээсэн гэж тайлбарладаг боловч уг тайлбараа баримтаар нотлодоггүй.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал Сумын ширхэнцэгийн 2-р багийн Засаг даргын тодорхойлолтоор Ө ХХК 1994 оноос хойш Сэлэнгэ, Мандал, Ширхэнцэг хуучин хүнсний үйлдвэрийн байр-01 тоот хаягт оршин байдаг гэжээ. Тэгвэл 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шуудангаар илгээсэн тогтоол, мэдэгдэл нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 3 хоногийн дотор Ө ХХК-ийн дээрх хаяг дээр очсон эсэх, очих боломжтой эсэх талаар анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

5.5. Тус хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11563 дугаар захирамжаар Иргэний хэрэг үүсгэж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх дээр явагдаж байхад Улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах 174,2 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, нэгж талбарын 23/0005 дугаартай 396 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0204057 дугаартай манай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ШГгазар Хас банк ХК-ийн өмчлөлд шилжүүлж, улмаар Хас банк ХК нь иргэн Р.Цэнд-Аюушт шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасныг ноцтой зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6-д Дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж, өөрөөр хэлбэл Хас банк ХК нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож манай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан нь хуульд нийцээгүй, энэ нь Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-т заасан нөхцөл бий болсон байтал шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль бусаар зохион байгуулсан байдаг.

5.6. Манай компанийн зүгээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн төлбөрийг төлж авах асуудлаар Хас банк ХК болон ШГгазарт хандсан боловч танай компани нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш, мөн танай хөрөнгө нэгэнт өөр иргэний өмчлөлд шилжсэн учир ямар ч боломжгүй гэж тайлбарладаг.

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална ажиллах ёстой байтал Т.Мөнхзул, Б.Саяболд нар нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж манай компанийн эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн нь хууль ёсны байх зарчмыг алдагдуулж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/04008 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Адалбек шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах ёстой байсан.

Шүүгчийн туслах Б.Адалбек өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг бүрэн төлөөлж оролцох боломжтой гэж шүүх үзэж, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Амгаланбаатараас итгэмжлэл авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай танилцахаар ирсэн. 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдэл нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гарсан байсан.

Гэвч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтоход биечлэн тогтоол, албадан дуудлага худалдааны мэдэгдлийг танилцуулсан боловч тогтоол, мэдэгдэл танилцуулсан баримтад гарын үсэг зурахгүй гэсэн болохыг шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

6.3. Албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж, тус дуудлага худалдааны ялагч тодорч, өмчлөх эрх Хас банк ХК-ийн нэр дээр шилжсэн.

Шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлнэ.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчээс үндэслэл тогтоогдоогүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өмгөөлөх эрхээр хангасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд өвчтэй гэдэг шалтгаанаар шүүх хуралдааныг 6 сарын хугацаатай хойшлуулсан. 6 сарын дараа дахин шүүх хуралдаан зарлахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийг үл хүндэтгэн ирээгүй.

7.2. Шүүх шийдвэр гаргахдаа үнэлгээтэй холбоотой шийдвэрийг үндэслэл болгоогүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд тэр үүргээ өөрөө биелүүлээгүй. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гаргахаас өмнө Хас банк ХК дуудлага худалдаанд оролцож, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авч, хэсэг хугацааны дараа дараагийн худалдан авагчид худалдан борлуулсан ба үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан.

Хас банк ХК-ийг өмчлөх эрх шилжүүлэх явцад шүүхээс ямар нэгэн түдгэлзүүлэн тухай захирамж гараагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Албадан дуудлага худалдаа явагдаад 14 хоногийн дотор эсхүл дуудлага худалдаа явахаас өмнө Ө ХХК, А.Эрдэнэтөгс, Топтийм катеринг ХХК-ийн өмнөөс төлбөр төлөөгүй бөгөөд одоог хүртэл тухайн төлбөр төлөгдөөгүй тул тухайн үед дуудлага худалдааг зогсоох үндэслэл байгаагүй.

7.3. Р.Цэнд-Аюуш, Топтийм катеринг ХХК нарыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч талаас 2 удаа гаргаж байсан боловч шүүгч тухай бүрт нь захирамжаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч ШГгазарт холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/07011 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Г.Одгэрэл, А.Эрдэнэтөгс, Топтийм катеринг ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 274,000,000 төгрөг гаргуулж, Хас банк ХК-д олгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаарт бүртгэлтэй, 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороонд байрлах, улсын бүртгэлийн Г-2201027384 дугаарт бүртгэлтэй, 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Төлбөр төлөгч Топтийм катеринг ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01085 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1485 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00747 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 184-201/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан тул хариуцагч байгууллагаас явуулсан шинжээч томилсон, үнэлгээ тогтоолгосон ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

5. ШГгазрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/42 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч Г.Одгэрэл, А.Эрдэнэтөгс, Топтийм катеринг ХХК болон өмчлөгч Ө ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4-155/15170 тоот мэдэгдлээр мэдэгджээ. /1хх-208-212/

 

6. Анхны албадан дуудлага худалдаа явуулсан боловч үнийн санал ирээгүй үндэслэлээр ШГгазрын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/26 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан ба Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаарт бүртгэлтэй, 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороонд байрлах, улсын бүртгэлийн Г-2201027384 дугаарт бүртгэлтэй, 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт шинжээчийн тогтоосон үнэ болох 574,860,000 төгрөгийн 50 хувь буюу 287,430,000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 287,430,000 төгрөгөөр худалдан борлогджээ.

 

6.1. Хариуцагч байгууллагаас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 176, 177 дугаар зүйлд тус тус нийцсэн байна.

 

6.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлэх үүрэгтэй.

 

ШГгазраас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4-155/17398 дугаартай мэдэгдлээр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/26 тоот тогтоолыг төлбөр төлөгч Г.Одгэрэл, А.Эрдэнэтөгс, Топтийм катеринг ХХК, өмчлөгч Ө ХХК-д баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх-217-220/

 

Түүнчлэн, Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтоход 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хоёр албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хоёр албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол танилцуулаагүй гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй./1хх-216/

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2023/02580 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан гэж үзнэ.

 

7.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй.

 

7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Р.Цэнд-Аюуш, Топтийм катеринг ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2023/21127 дугаар захирамжаар гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

7.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гаргасан эсэх нь зохигчдын хооронд үүссэн албадан дуудлага худалдааг хүчингүй болгохтой холбоотой маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/04008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР