Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00982

 

“ Л Ф “ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/107 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1087 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “ Л Ф “ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Чт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 466 918 412 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Ч нь тус ББСБ-тай 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 700 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202011969 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2205008553 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3 дугаар байр, 6 тоот, 42 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус тавьсан. ” Л Ф “ХХК нь Х.Чт 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 50 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 300 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 100 000 000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус хүлээлгэн өгч, 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Х.Чын Голомт банкны 1609075949 тоот дансанд 185 741 667 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний 1.9-д зээл олгосны шимтгэлд олгосон зээлийн дүнгийн 0,8 хувийн шимтгэлийг нэг удаа тооцож авна" гэж зааснаар суутган авч, үлдэх хэсгийг олгосон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-д зээлдэгч гэрээний хавсралтад дурдсан хуваарийн дагуу зээл түүний хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Х.Ч үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, харин хүүд 253 398 534 төгрөг, тухайн сарын хүүд 7 466 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25 510382 төгрөг, нийт 286 375 583 төгрөг төлсөн. Одоо Х.Чаас үндсэн зээл 700 000 000 төгрөг, зээлийн хүү 640 676 465 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126 241 946 төгрөг, нийт 1 466 918 412 төгрөг нэхэмжилж байна. Х.Чт 700 000 000 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 5 хувааж олгосон тул эхний саруудын хүүгийн дүн өөр өөрөөр бодогдсон ба хүү болон зээлийн тооцооллыг программаар бодсон тул ямар нэгэн маргаан байхгүй. Тус ББСБ 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр хүүгээ зогсоож, нэхэмжлэлээ 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан. Зээлдэгч төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол 3 барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч нь 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 946 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлөх хүсэлт гаргаснаар уг орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн тул үлдэх хоёр объектоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч бичгээр шүүхэд тайлбар гаргаагүй болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/107 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Чаас 1429 540 966 төгрөгийг гаргуулж, ” Л Ф “ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 377 445 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202011969 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2205008553 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3 дугаар байр, 6 тоот, 42 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 1 429 540 966 төгрөгийг гаргуулж, ” Л Ф “ ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, улсын үртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 492 542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Чаас 7 305 654 төгрөгийг гаргуулж ” Л Ф “ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1087 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/107 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 429 540 966 төгрөг гэснийг 1 297 823 541 төгрөг гэж, 37 377 445 төгрөг гэснийг 131 717 425 төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1 429 540 966 төгрөгийг гэснийг 1 297 823 541 төгрөгийг гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 7 305 654 төгрөгийг гэснийг 6 647 067 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Чаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 345 705 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Х.Ч миний бие "“ Л Ф “" ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 700 000 000 төгрөгийг хэсэгчлэн хүлээн авсан. Зээлийн гэрээний хугацааг 6 сараар тогтоосон ба зээлдүүлэгчийн нэг талын санаачлагаар 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээг шинэчлэн нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийг ам.доллар болгон хугацааг сунгасан байсан. Гэвч гэрээнд шинэчлэн оруулсан өөрчлөлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй төдийгүй зөвхөн зээлдүүлэгчийн ашиг сонирхлыг илэрхийсэн гэж үзэх боломжтой байсан юм. Зээлийн гэрээгээр талууд үндсэн нөхцлүүдийг харилцан тохиролцсон байсан бөгөөд миний бие зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч улс оронд бий болсон эдийн засгийн хямрал, санхүүгийн чадавхиас шалтгаалан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон юм. Гэхдээ миний бие, зээл болон зээлийн хүүгийн буцаан төлөлтөнд мөнгөн хэлбэрээр 190 381 250 төгрөг, бараа бүгээгдэхүүн хэлбэрээр 98 336 000 төгрөг, нийт 288 717 250 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сараас эхлэн 2015 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлсөөр ирсэн.

Зээлийн гэрээ байгуулахдаа зээл, зээлийн хүүг буцаан төлөх нөхцөл, хугацааг тусгайлан гэрээнд тохиролцож тусгаагүй ба буцаан төлөхдөө үндсэн зээл, зээлийн хүүг нийлүүлэн төлөхөөр тохиролцсон байсан. Зээлийн эргэн төлөлтийг төлсөн хугацаагаар үзвэл гэрээний хугацаанд буюу 2013 оны 03 дугаар сараас 2013 оны 09 дүгээр сарын хооронд 115 881 250 төгрөг, 2013 оны 09 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сарын хооронд 172 836 000 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлтийн тодорхой хуваарь байхгүй тул гэрээний хугацаа хэтэрсэн хугацаанд төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн холбогдох хэсэгт зааснаар үндсэн үүргийн төлбөрт буюу үндсэн зээлийн төлбөрт тооцох ёстой гэж үзэж байна. Дээрх тооцоогоор үзвэл үндсэн зээлийн хэмжээ 500 000 000 орчим төгрөг болох ба зээлийн хүүгийн хэмжээ мөн хэмжээнд уялдсан байх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч тал буцаан төлсөн бүх төлбөрийг зөвхөн хүүний төлбөрт тооцож тооцоо гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлыг баримтлан тооцож үзвэл, миний төлөх төлбөрийн хэмжээг 1 тэрбум 192 сая төгрөг гэж тооцох боломжтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн зарим хэсгийг хууль зүйн үндэслэлгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон боловч зарим хэсгийг буюу үндэслэлгүй гэж үзэж байгаа 105 823 541 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн хангалттай үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хууль зүйн үүднээс үзвэл зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Дээр дурдсан нөхцөл байдлыг шүүх хуралдаанд биечлэн оролцож, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэн өгч, тэгш эрхтэйгээ мэтгэлцэж хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах, шүүхээр хамгаалуулах эрхтэй байсан юм.

Энэхүү тооцоо болон хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагч талаас судлан зохих баримт бичгийг нотлох баримтын хэлбэрээр шүүхэд гаргаж өгөхөөр бэлтгэсэн байсан боловч шүүх хуралдаанд оролцохоор томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч зайлшгүй шалтгаанаар өөрчлөгдөж байсан, шинээр томилогдсон төлөөлөгч нөхцөл байдалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэт нэг талын эрх ашгийг хамгаалж, мэтгэлзэх эрхийг хангаагүй болно. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд холбогдох хуулийн заалтыг зохих ёсоор хэрэглээгүй, буруу хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаанд оролцож хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “ Л Ф “ХХК нь хариуцагч Х.Чаас зээлийн гэрээний үүрэгт 1 466 918 412 төгрөгийг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Х.Ч 700 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар, бизнесийн зориулалтаар зээлж авсан , үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Б.Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо, Х.Чинболд нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202011969 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалжээ. 

Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Давж заалдах шатны шүүх гэрээний үүрэг, зээлдэгчийн биелүүлээгүй үүргийн хэмжээг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тогтоохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Зээлийн гэрээний 1.12-т зээл түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд зээлийн гэрээний үүрэг биелэгдэх хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүргийг талууд  тохиролцсон тул үүргээ зөрчсөн хариуцагч тухайн үүргийг биелүүлэх ёстой байна.

 Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 700 000 000 төгрөг, үндсэн хүүд 130 308 337 төгрөг нийт 830 308 337 төгрөг төлөхөөс 286 375 583 төгрөгийг  төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 543 932 750 төгрөгөөс  2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүүг бодоход 628 242 326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125 648 465 төгрөг нийт 1 297 823 541 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.  Иймд биелүүлэх үүргийн хэмжээг буруу тогтоосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлөлт хийж байснаас үзэхэд үүргийг хүлээн зөвшөөрч байсан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг гурван жилийн дотор гаргах хуулиар тогтоосон хугацаа өнгөрөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1087 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 687 118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА