| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 188/2020/0941/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 10.1.2.7., 10.1.2.11., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 222
Н.Б, Ш.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ш.Д-н өмгөөлөгч Л.Данзанноров, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1010 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлалтай, Н.Б, Ш.Д нарт холбогдох 2008 01650 0668 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б, Ш.Д нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Н.Б
2. Монгол Улсын иргэн, Ш.Д
Н.Б, Ш.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Ш.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч Ш.Д-д 12 жил хорих ял, Н.Б-д 15 жил хорих ял тус тус шийтгэж, Н.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай, Ш.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Н.Б-с 1.595.730 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... шүүгдэгч Н.Б-г 13 жил 6 сар хорих ял ...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Д болон түүний өмгөөлөгч Ж.Ганболд, шүүгдэгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Д гаргасан гомдолдоо “... Миний бие мөрдөн байцаалтын шатнаас өдийг хүртэл мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Гэвч шүүх хэтэрхий нэг талыг барьж, хэргийн үнэн зөвийг олж шүүгээгүйд гомдож байна. Хэргийг үнэн зөвөөр шүүж, цагаатгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б гаргасан гомдолдоо “... 1. Цогтбаяр байцаагчид би бүх болсон явдлыг хэлсэн боловч Хулан, Аззаяа, Очироо, Хонгио, Ганаа гэх 5 гэрчийн алинаас нь ч мэдүүлэг аваагүй. Энэ гэрчүүд тухайн үед юу болсныг мэдэж байгаа.
2. Би Цогтбаяр байцаагчид бичиг үсэг мэдэхгүй гэдгээ хэлсэн боловч намайг дарамталж, зодож, хүчээр мэдүүлэг авсан, миний өгсөн мэдүүлгийг өөрчилж худал мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан.
3. Мэдүүлэг өгсөн гэрчүүд болон Д-н өгсөн худал мэдүүлгийг огт шалгаж үзэлгүй, үнэн байдлыг тогтоолгүй эд мөрийн баримт хуурамчаар бүрдүүлсэн.
4. Би Ганаа дүүтэй дэлгүүр явсан. Тэр дэлгүүрийн камерийг шалгах хүсэлтийг хүлээж аваагүй.
5. Д-тэй нүүрэлдэж байцаалт өгье гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй.
6. Сонгинохайрхан дүүргийн шүүгч Алтантуяа, прокурор Яндаг нар нь шүүхийн хэлэлцүүлэгт намайг өмгөөлөгчгүй оруулсан. Би хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй.
7. Түргэний эмчийн мэдүүлэгт “өвдөлтийг мэдэрч ёолж байсан, хүзүүний хөшингө илэрсэн” гэсэн боловч тухайн хүнийг дараагийн шатлалд хүргэж өгөөгүй. Дээрх шалтгаануудаас болон цагдаагийн байгууллага нь миний бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан нэг талыг баримталж надад олон жилийн ял оноосонд би маш их гомдолтой байна. ... Хандсүрэн өмгөөлөгч миний хавтаст хэрэгтэй танилцаагүй, надад хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. ... Дараа нь би Отгонбаатар, Хандсүрэн өмгөөлөгч нараас татгалзаж П.Дэлгэр гэдэг өмгөөлөгчийг хорих 409 дүгээр ангиас хүсэлт бичиж авсан. ... Миний хувьд ямар ч буруу зүйл хийгээгүй, бид муудалцаагүй, цохиж зодоогүй мөртлөө тийм шаардлага ч байхгүй миний аав шиг хүн. ... намайг шударгаар шүүж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ш.Д-н өмгөөлөгч Л.Данзанноров хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч гомдол гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, манай үйлчлүүлэгч Ш.Д амь хохирогчийн биед урд хэсэгт нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Өөрийнх нь мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр баруун дал руу нь 1 алгадаад, мөн нурууны баруун доод хэсэгт 1 өшиглөсөн гэсэн нөхцөл байдал тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтэд энэ талын гэмтлүүд тодорхой тусгагдсан. Амь биед аюултай битүү гэмтэл нь хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний чацархай урагдал гэмтэл учирсан байгаа. Мөн баруун бөөр, ташаа, нурууны баруун доод хэсэгт хүч үйлчлэх юм бол амь насанд аюултай гэмтэл үүсэхгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтийн 9-д болон шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэгт тусгагдсан. Тухайлбал, ар талаас бөөр рүү өшиглөхөд чацархайн урагдал гэмтэл үүсэхгүй гэдгийг тодорхой хэлсэн. Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн тайлбар болон хууль хэрэглээнд тогтсон практикт ахмад настай буюу 60-аас дээш настай хүний эсрэг үйлдсэн бол шууд хүндрүүлэх бүрэлдэхүүн болно гэж заагаагүй. Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэдэгт өндөр настайн улмаас биеэ хамгаалж чадахгүй гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл шүүхийн тогтоол, магадлалд шууд Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заагдсан 60 нас хүрсэн гэдэг энэ шалгуурыг шууд авч хэрэглэсэн. Ахмад настай хүн, биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэг 2 бол ялгаатай ойлголт бөгөөд Ахмад настны тухай хуулийг төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Хэл зүйн хувьд авч үзэхэд 2015 онд бүтээгдсэн Монгол хэлний их тайлбар тольд 80-аас дээш настай хүнийг өндөр настай хүн гэж тооцдог, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар ч гэсэн 75-аас дээш настай хүнийг өндөр настай гэнэ. Өндөр настай хүний шалгуур хуульд тавигдсан байхад Ахмад настны тухай хуулийг авч хэрэглээд 60-аас дээш настай хүн бүрийн эсрэг үйлдсэн байх юм бол биеэ хамгаалах чадваргүй гэж үзэж хүндрүүлж зүйлчлэхээр буруу ойлгож хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Гуравдугаарт, бүлэглэн үйлдсэн гэх хүндрүүлсэн зүйлчлэл байх ёсгүй гэж үзэж байгаа. Тухайлбал, Н.Б, Ш.Д нарын үйлдэл нэг цаг хугацаанд хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл биш. Ш.Дэшзэвэгийн хувьд нурууны ар хэсэг, бөөр, ташаанд нь өшиглөснөөс хойш Н.Б ирж хохирогчийг алгадаж, хэвлий, цээж, аймхай хэсэг рүү нь өшиглөх үед дуугарсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр хохирогчийн амь насны эсрэг санаа зорилго нэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Тийм учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан заалт Ш.Д-д хамаарах тул шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч нарын гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримт, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа. Н.Б-н хувьд маш урт гомдол гаргасан байна. Мөн өмгөөлөгчийн нэмж ярьсан зүйлд эсрэг саналтай байгаа тул товч хэлье. Нэгдүгээрт, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зөвхөн 60-аас дээш өндөр настай гэдгээр авч үзээгүй бөгөөд тухайн үедээ гурвуулаа согтууруулах ундаа хэрэглэж, тасрах байдалтай байхад цохисон нь хэргээс маш тодорхой харагдаж байгаа. 2 шүүгдэгч бүлэглэж, нэг цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэдэг нь өөрсдийнх нь мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан тул шүүхээс гэм бурууд тохирсон шийтгэл оногдуулсан. Иймд шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Хэргийн үйл баримтыг гэрчлэн мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо уялдаа холбоотой. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас амь хохирогчид хэвлийн битүү гэмтэл, элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтэл учирсны улмаас нас барсан. Шүүгдэгч нарын үйлдэл, талийгаачийн амь хохирсон үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой байгаа. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь талийгаачийг биеэ хамгаалах чадваргүй, согтуурсан байсныг илэрхийлж байна. Иймд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б, Ш.Д нарт холбогдох хэргийг тэдгээрийн гаргасан гомдлуудыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н.Б, Ш.Д нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 6 тоотод Д овогтой Ч-н биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрх чөлөөнд нь халдаж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах чухал суурь болдог учиртай.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 958 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 106-110 хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 766 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 121-125 хуудас/, шүүгдэгч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны үед “... тэгээд миний уур хүрээд би “өө пизда” гэж хэлээд баруун хөлөөрөө Ч өвгөний баруун бөөр лүү нь нэг удаа өшиглөсөн ... нуруун /баруун далан/ дээр нь гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би баруун хөлөөрөө Ч өвгөний нурууны баруун доод хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Дараа нь өвгөнийг өргөж босгох гэж байгаад гараа баас болгочихоор би баруун хөлөөрөө Ч өвгөний баруун бөөр лүү нь нэг удаа өшиглөсөн. Б гараараа баруун дагз руу нь нэг удаа алгадаж цохьсон, тэгээд хөлөөрөө Ч-н цээж рүү нь цээжний аймхай хэсэгт нь нэг удаа өшиглөсөн ... Ч өвгөнийг би алгадахад яая гэж дуугарч байсан, дараа Б хөлөөрөө өшиглөхөд мөн яая гэж дуугарч байсан. Мөн намайг өшиглөхөд тэр өвгөн ёоё гэж дуугарч байсан ... Ч өвгөнийг Б гийн гэрт нь байхад бид хоёр цохиж зодсон ... Бид хоёроос өөр хүн байгаагүй, мөн “... би босооч гээд баруун дал дээр нь нэг удаа алгадсан. Босохгүй байхаар нь нурууны баруун доод хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өвгөний баруун гараас нь татаад босгож байтал Б ирээд “өө пизда чинь баачихсан байна” гээд дагз руу нь нэг удаа алгадаад миний гараас мултраад өвгөн газар сөхрөөд суусан чинь Б аймхай цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Цээжний аймхайн доод хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөхөд хэг гээд дуугарсан ... харин өмдөндөө баасан болохоор нь Б бид хоёр өвгөнийг цохиж өшиглөсөн юм ...”, шүүгдэгч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед “... өрөөний зүүн талд байх матрасны ар талд Д зогсчихоод матрасан дээр өөдөөс хараад сууж байсан Ч өвөөгийн гэдэс рүү нэг удаа өшиглөөд баруун гараараа толгойных нь зүүн шанаа орчим нэг удаа цохиход Ч өвөө матрас руу хойшоо хэвтэж харагдсан ...” талаар удаа дараа сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /2 дугаар хавтас 18-19, 26-29, 224-225 хуудас / болон гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх харьцуулан шинжилж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Н.Б, Ш.Д нар нь амь хохирогчийг хөнжилд бие заслаа гэх шалтгаанаар зодож, үхэлд хүргэх гэмтэл түүнд учруулсан болох нь шинжээчийн цогцост хийсэн шинжилгээгээр амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн улмаас цус алдаж нас барсан үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарын зодож, өшиглөсөн үйлдэл, амь хохирогчийн нас барсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэн, шүүгдэгч Н.Б, Ш.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснийг үгүйсгэх, эсхүл амь хохирогч Д.Ч нь өөр хүчин зүйлийн улмаас биедээ гэмтэл авч нас барсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Учир нь хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Н.Б, Ш.Д нар амь хохирогч Д.Ч-г зодож, цохисон үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Хохирогчийн “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдгийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг илэрхий мэдэж ухамсарласан байдал гэж ойлгодог билээ.
Химийн шинжилгээгээр амь хохирогчийн цусанд 2.9 промилль, хэвлийн бүлэнд 3.2 промилль спирт илэрсэн ба талийгаач нь гэмтэл авах үедээ хүнд зэргийн, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байсан болох нь шинжээчийн 958 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба түүнийг унтаж байхад нь “Н.Б-н гэрт хөнжилд нь бие заслаа” гэх шалтгаанаар амь хохирогчийн зүгээс эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байгааг мэдсэн атлаа шүүгдэгч нар бүлэглэн хэвлий, цээж, толгойн тус газарт нь өшиглөн зодсоны улмаас тэрээр хүнд гэмтэл авч нас барсан үйлдэл нь хохирогчийн “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх дээрх ойлголтод бүрэн хамаарахаас гадна гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд зэрэг бусад нотлох баримтуудад тулгуурлан шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэлтэй тогтоосон байх бөгөөд эдгээрийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б, Ш.Д нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Ш.Д-д 12 жилийн хорих ялыг нээлттэй, Н.Б-д 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлдээ хандсан хандлага, арга нь адилхан байхад оногдуулсан ял нь ялгамжтай байна гэж дүгнэн Н.Б-д оногдуулсан 15 жилийн хорих ялыг 13 жил 6 сар болгон хөнгөрүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг буруутган өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүгдэгч нарын гаргасан гомдлуудын хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа хэсэг нь хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг өөрөөр дахин тогтоолгох, шалгуулах, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгуулах агуулгатай байх бөгөөд энэ нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхойлсон, түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-д эрүү шүүлт тулгасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг доромжилж, зодож, хүчээр мэдүүлэг авсан, өгсөн мэдүүлгийг өөрчилж худал мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан, хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй талаар шүүгдэгч Н.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Д “... цагаатгаж өгнө үү”, шүүгдэгч Н.Б-н “... шударгаар шүүж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Д, Н.Б нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ