Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00098

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00098

 

Б.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/03245 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие М ХХК-ийн С аймгийн газрын даргаар ажиллаж байсан ба 2023 оны 05 сарын 12-ны өдрийн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 дугаар тушаал гарсан нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, миний ажил, албан тушаалтай хамааралгүй үйл баримтыг үндэслэж шийдвэр гаргасан. 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б/152 дугаар тушаалын үндэслэл болсон эрхэлсэн албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашиглан өөрийн удирдлагад ажилладаг нэр бүхий 4 ажилтныг хувийн хэрэгцээндээ ажиллуулсан гэх үйл баримт нь 2023 оны 02 сард болсон. Миний бие шинээр байр худалдан авч, засвар үйлчилгээ хийх шаардлага гарсан. Улмаар 2023 оны 02 сарын 03-ны өдөр ажилтан, талийгаач Н.Ч-тай тааралдаж ажлын хөлс тохирон уналттай тааз хийлгэхээр болсон. Гэтэл Н.Ч 2023 оны 02 сарын 04-ний өдөр өөрийн авч ирсэн шатнаас унаж гараа багажинд цохиж гэмтээсэн. Би харгалзах хүнтэй нь эмнэлэгт хүргэж өгсөн. Үүнээс хойш би гэрийнхээ таазыг өөр хүмүүсээр хийлгэж ажлын хөлсөнд 300,000 төгрөг төлсөн. Дээрх үйл баримт нь би өөртөө хувийн ашиг хонжоо олох зорилгоор үнэ хөлсгүй ажиллуулж, мөлжсөн, гэрийн хана, таазны ажлыг хийхгүй бол ямар нэгэн арга хэмжээ авна гэх мэт дарамт, шахалт үзүүлээгүй, хүч хэрэглээгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бий болсон юм. Гэтэл дээрх үйл баримтыг С аймгийн газрын даргын үүрэгт ажилтай холбож, ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Түүнчлэн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б/152 дугаар тушаалын нэр нь Б.У-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах тухай гэсэн нь салаа утгатай буюу сахилгын шийтгэл ногдуулах, эсхүл ажлаас чөлөөлөхийн аль нь болох нь ойлгомжгүй байна. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.7-д заасныг үндэслэсэн. Тушаалын үндэслэл болгосон албан тушаалын эрх мэдлээ ашигласан гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.4-т заасантай зөрчилдөж байна. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг хэрэгжүүлээгүй. М ХХК-аас хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгох, ямар нэгэн арга хэмжээ авах талаар урьдчилан мэдэгдээгүй, тайлбарлаагүй, миний тайлбар, саналыг аваагүй шууд л ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. М ХХК нь 2023 оны 06 сарын 15-ны өдөр ...орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг байгуулахад компанийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс өөрийн төлөөлөлд нэр дэвшүүлэх, комиссын бүрэлдэхүүнийг эцэслэн сонгох ажлууд хийгдэж байгаа тул шийдвэрлэх боломжгүй... гэх үндэслэлгүй хариу өгсөн. Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмээр өргөдөл, гомдлыг шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй. Байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалт, ажлын хариуцлагын асуудлаас үүдэлтэй гомдлыг шийдвэрлэхгүй байгаа нь субъектив байдлаар хандсан үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас халсан нь буруу. Учир нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой. Б.У тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг жилийн хугацаатай байгуулсан нь дүр үзүүлж хийсэн хэлцэлд тооцогдоно. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болон. Мөн Дотоод хяналт шалгалт хийх журмаа зөрчсөн. Хүний нөөц ...11-11 дугаар дээр ирсэн дуудлага болон илгээсэн албан бичгийг үндэслээд хяналт шалгалт хийхээр 6 хүн С аймагт очсон, удирдамж гарсан... гээд байгаа ч удирдамж өгөөгүй. Сахилгын зөрчил тогтоогдсон гэж байгаа ч энэ талаар дүгнэлт байхгүй. С аймагт очиж ажиллаад бичлэгийг баримтжуулсан байна. Тэрийг сонсоход дандаа талийгаач Н.Ч гэдэг хүнтэй холбож ярьдаг. С аймгийн Прокурорын газраас ирсэн баримтууд байгаа. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд нас барсан шалтгаан нь Б.У гэдэг хүнтэй холбоотой гэсэн үг, өгүүлбэр байдаггүй. Иймд М ХХК-ийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б.У ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Б.У-ыг С аймгийн газрын даргын албан тушаалд 2018 оны 10 сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/332 дугаартай тушаалаар томилж, 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б/152 дугаартай тушаалаар түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Б.У нь 2023 оны 02 сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 сарын 10-ны өдөр өөрийн гэрийн засварын ажилд С аймгийн газрын ЦТ М Н.Ч гэдэг ажилтныг татан оролцуулж, уналттай тааз хийлгэсэн. Н.Ч нь Б.У-ын гэрт уналттай тааз хийж байхдаа 2023 оны 02 сарын 04-ний өдөр шатнаас унаж гараа гэмтээсэн. Илт гэмтэлтэй байхад нь буюу 2023 оны 02 сарын 10-ны өдөр түүнийг ажилд гаргасан. Н.Ч 2023 оны 02 сарын 13-ны өдөр ажлын байранд байхдаа нас барсан байдаг. Мөн 2023 оны 02 сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 сарын 09-ний өдрүүдэд С аймгийн газрын худаг сувагчлал, кабелийн байгууламжийн техникч Н.Т, М.Б, Э.Э нарыг өөрийн гэртээ засварын ажилд ажиллуулсан. Гэрт нь ирж ажиллаагүй худаг сувагчлал, кабелийн байгууламжийн техникч Э.Э-гийн 2023 оны 02 сарын цалин, хөлснөөс 1 өдрийн цалин хөлсийг хасч тооцсон. Эдгээр үйлдлүүд нь М ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар бүлгийн 3.1.7-д заасан ажилтны хориглох зүйлийг зөрчсөн. Б.У нь хэдийгээр нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцааг бий болгосон гэж дурдаж байгаа боловч гэртээ засварын ажилд ажиллуулсан ажилтнуудад болон талийгаач ажилтны ар гэрт нь ажил гүйцэтгэсний хөлс өгөөгүй. Өөрөө л талийгаач ажилтанд 50,000 төгрөг өгсөн гэж ярьдаг боловч үүнийгээ нотолж чадаагүй. Өөрийн удирдлагад ажилладаг ажилтнуудыг хувийн хэрэгцээндээ ажиллуулж, цалин хөлс олгоогүй нь албан тушаал, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ компанийн эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан, хийх ёсгүй үйлдэл хийсэн, өөртөө давуу байдал бий болгосон, хувьдаа ашиг хонжоо олсон үйлдэл юм. Түүнчлэн, Б.У нь М ХХК-ийн дүрмийн 9.1-т зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогддог бөгөөд төрийн өмчит хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7-д тус тус заасан хориглох зүйлийг зөрчсөн. Б.У нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.2.5-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэсэн болно. Мөн Компанийн Хүний нөөцийн зөвлөлийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн хурлаар Б.У ыг цахимаар оролцуулан, түүний гаргасан хувийн хэрэгцээндээ өөрийн удирдлагад байдаг ажилтнуудыг ажиллуулсан тухай сахилгын ноцтой зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, тайлбарыг нь авсан. Хүний нөөцийн зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Б.У-ыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж дүгнэж, дүгнэлтийг гүйцэтгэх захиралд танилцуулахаар шийдвэрлэсэн. Манай байгууллагын хөдөлмөрийн гэрээнд хугацаа огт тавиагүй. Аймгийн газрын дарга нь байнгын ажлын байр учраас хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна. 2022 оны хөдөлмөрийн гэрээ, 2023 оны хөдөлмөрийн гэрээний 1.5-д энэхүү гэрээг жил бүрийн нэгдүгээр улиралд хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журмын дагуу дүгнэнэ гэж заасан.

Иймд Б.У-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 157 дугаар зүйлийн 157.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М ХХК-д холбогдох М ХХК-ийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б.У ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т дүгнэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16.14, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчиж, Эрүүгийн хэрэг нээсэн тогтоолыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай мэтээр дүгнэж, шийдвэрт тусгасан нь хууль тогтоомжоос давсан дүгнэлт болсон гэж үзэж байна.

4.2.  Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 03 сарын 31-ний өдрийн А-1/585 тоот Иргэний өргөдөл, гомдлын тухай гэх албан бичгийг М ХХК-д хүргүүлсэн байна гэж эрх зүйн үр дагавар үүсгэхгүй баримтуудыг үнэлж дүгнэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас үзэхэд компанийн үйл ажиллагаа, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, түүнтэй холбоотой зөрчлийг шалгах, ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэхийг хянах нь дотоод хяналтын хийж гүйцэтгэх чиг үүргийн ажил бөгөөд хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын эрх хэмжээний асуудал биш болох нь харагдаж байна. Гэтэл эзэн бие нь тодорхойгүй, хэн, хаанаас, ямар үндэслэлээр гомдол ирүүлсэн эсэх нь үл мэдэгдэх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирсэн гэх албан бичгийг үндэслэл болгон Б.У-ыг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрлөх эрхэнд халдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэг ч удаа сахилга, зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй ажилтанд эрх зүйн байдлыг нь шууд дордуулсан арга хэмжээ авсан.

4.3.  С аймгийн газрын даргын эрх мэдлээ ашиглан, далайлган, өөртөө ашиг олж, түүний улмаас 4 ажилтнууддаа давуу байдал бий болгосон үйлдэл хийгээгүй, эдийн засгийн, эрх мэдлийн ашигтай байдлыг бий болгоогүй. Тушаалын үндэслэл болсон албан тушаалын эрх мэдлээ ашигласан гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.4-т тус тус заасантай зөрчилдөж байна.

4.4.  Шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. С аймгийн Прокурорын газраас 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 1/1111 дугаартай албан бичгээр ирүүлсэн нотлох баримтуудаар талийгаас Н.Чын нас барсан шалтгаан нөхцөл нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хаасныг нотолж байна. Гэтэл шүүх зөвхөн хэрэг нээсэн тогтоолыг өөрт ашигтай байдлаар шүүхийн шийдвэрт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасныг зөрчсөн.

4.5.  Шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Шүүхийн шийдвэрийн 13 дугаар тал, 4-т ажилтныг ажлаас халсан тушаал болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М ХХК нь 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг гаргахдаа хэн, ямар үндэслэлээр хохирсон болох болон хохирсон этгээдийн гомдол саналыг тодорхойлоогүй. Түүнчлэн, ТӨБЗГ-ын албан бичгээр л ярилцлага авч дүгнэлт гэх зүйл гаргасны дараа дутуу агуулгатай шийдвэрээ гэрч, хохирогч нар гэх 4 хүний мэдүүлгээр хамгаалуулж буй нь хууль ёсны байх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн тушаалын хууль зүйн үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг зөрчсөн буюу жилд нэг удаа гэрээ байгуулдаг байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гомдолд дурдагдсан бүх асуудлууд талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар няцаагддаг. Шүүгчийн захирамжийн дагуу 5 хүн гэрчээр оролцсон бөгөөд хариуцагч тал өөрсдөө дур мэдэж гэрчээр оролцуулсан, хууль зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдаад байгаа зүйл, нэхэмжлэгчийн тайлбар анхан шатны шүүх хуралдаанд баримтаар няцаагдсан. Анхан шатны шүүх хуралдаан талуудын мэтгэлцээний үндсэнд явагдаж байгаа. Шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй гэдэг асуудал яригдсан. Өөрсдөө хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хэрэгт нотлох баримтаар авагдаагүй асуудлуудыг ярьж анхан шатны шүүхийг буруутгаж ярьдаг. Дотоод хяналт шалгалтаараа энэ асуудлуудыг хянан шалгах ёстой байсан гэж байна. Маргааны гол үндэслэл нь хууль бусаар ажлаас чөлөөллөө гэдэг асуудал ярьдаг болохоос гомдлыг шалгахдаа хууль бус бүрэлдэхүүнээр шалгалт хийсэн гэдэг асуудал яригдаагүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан. Мэдүүлэг өгсөн 5 гэрч хэргийн бодит нөхцөл байдлыг ярьдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-4, 24-28/

Нэхэмжлэгчийн тодорхойлсон ...М ХХК-ийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б.У ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 тоот тушаалыг хүчингүй болгуулах... гэх шаардлага нь бие даасан шаардлага бус харин ...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох... шаардлагын үндэслэл байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс холбогдох хэсгийг хассан өөрчлөлтийг оруулна.

3.   М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 сарын 08-ны өдрийн Б/332 тоот тушаалаар Б.У ыг С аймгийн газрын даргаар томилж, улмаар 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б/152 тоот тушаалаар Б.У тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгожээ. /1хх 39, 40-41/

Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83.1, 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1.5, Хөдөлмөрийн гэрээний 6.3, 6.3.6, 6.3.10-т заасныг тус тус үндэслэсэн байх ба тушаалд ...Б.У нь хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдэл, давуу талаа ашиглах гэсэн хориглох зүйлийг зөрчиж, эрхэлсэн албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашиглан өөрийн удирдлагад ажилладаг нэр бүхий 4 ажилтныг 2023 оны 02 сард хувийн хэрэгцээндээ ажиллуулсан ... сахилгын ноцтой зөрчил үйлдсэн тухай дурджээ. /1хх 40-41/

4.   Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б/152 тоот тушаалд дурдагдсан үндэслэл буюу ажилтан Б.У нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

5.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Б/152 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ. Тодруулбал:

5.1.  гэрч Э.Э-гийн өгсөн ...Би очоогүй. Сая манайхан нийтдээ 3 хоног очиж ажилласан. ...Манайд очоод обой хуулаадах гэсэн. ...Ажил тараагүй байсан. Обой хуулж байгаад даргаа би хүүхдээ авлаа гэж хэлэхэд 16:30 болж байсан. Би хүүхдээ 16:30-д цэцэрлэгээс нь авдаг. ...Би хоёр өдөр ажилласан. ...Обой хуулсан. ...З дахь өдөр Н.Ч ах ирээд уналттай таазны төмрийг талд нь хийсэн байсан. Тэрийг гүйцээж дуусаад шохой хавтанг дээш нь боосон. ...Цалин хөлс өгөх талаар яриагүй... гэсэн мэдүүлэг, /1хх 149-152/

5.2.  гэрч М.Б-ын өгсөн ...Сүүлд гэрт нь очиж дүүжин тааз хийсэн. ...Нэг өдөр бүтэн хийсэн. Нэг өдөр очиж юм зөөж өгчихөөд гарсан. ...н.Э, н.Т, Н.Ч нартай ажилласан. ...Уналттай тааз хийсэн. ...Ширээ зөөсөн... гэсэн мэдүүлэг, /1хх 153-155/

5.3.  гэрч Н.Т-ын өгсөн ...2023 оны 02 сарын 06-нд обой хуулах гэж нэг очсон. ...Обой хуулаад орой 16:30 гээд дууссан. Тэгээд маргааш нь уналттай тааз хийнэ гэж байсан. Бид нар өдөр нь очиж ажилласан. Надад манай жолооч ширээ зөөж өгсөн. Тэр өдөр би уналттай тааз хийж ажилласан. З дахь өдөр нь өглөөнөөс орой хүртэл ажилласан. ...Цайны цагийн үеэр гараагүй. Н.Ч цуг ажиллаж байсан. ...2 дахь өдөр нь 09:00 цагаас 16:30 цаг хүртэл ажилласан. ...Эхний өдөр манай жолооч, н.Э, би байсан. ...Дараа нь н.Б байсан, би байсан, талийгаач байсан... гэсэн мэдүүлэг, /1хх 156-158/

5.4.  гэрч М.Г-гийн өгсөн ...Манай нөхөр 2023 оны 02 сарын 03-ны өдөр надад хэлж байсан юм. н.Ундрахынд дүүжин тааз хийх болсон хийе гэсэн. 2023 оны 02 сарын 04-ний өдөр очоод ажил хийж байгаад унаад гэмтсэн нь үнэн... гэсэн мэдүүлэг, /1хх 228-231/

5.5.  гэрч Н.Г-ийн өгсөн ...Талийгаач Н.Ч н.У-ын гэрт ажиллаж байгаад унаад гараа гэмтээгээд тааз нь дутуу байсан. ...2023 оны 02 сарын 08-ны өдөр М.Б, Н.Т, Э.Э нарыг явуулсан. Дарга хэлсэн болохоор явуулсан... гэсэн мэдүүлэг /1хх 231-234/

зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл, М ХХК-ийн С аймгийн газрын дарга Б.У нь 2023 оны 02 сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 сарын 09-ний өдрүүдэд тус компанийн С салбарын ажилчид болох Н.Ч, Э.Энхбүрэн, М.Б, Н.Т нарыг ажлын цагаар нь хувийн зорилгоор ажиллуулж, гэрийнхээ тохижилт, засварын ажлыг гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдож байна.

6.   Иймд ажилтан буюу нэхэмжлэгч Б.У ыг Хөдөлмөрийн гэрээний 6.3.6-д заасан албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан гэснийг, 6.3.10-т заасан компанийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйлийг зөрчсөн гэснийг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.7-д заасан Хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор компанийн нэр төр болон албан тушаалын эрх мэдэл, давуу талаа ашиглахыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ. /1хх 45, 68-арын нүүр/

Анхан шатны шүүхийн хийсэн ...ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэл нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн... гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

7.   Нэхэмжлэгч талын гаргасан татгалзал, давж заалдах гомдлын тухайд:

7.1.  Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан ...С аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 134 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн 233100089 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан..., ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 03 сарын 31-ний өдрийн А-1/585 тоот иргэний өргөдөл, гомдлын тухай гэх албан бичгийг М ХК-д хүргүүлсэн... гэсэн үйл баримтууд нь ажилтан Б.У хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх тухай хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй. /1хх 37, 116-118/

7.2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд үүний дагуу шүүхээс гэрчээс мэдүүлэг авахаар захирамжилж, улмаар хууль сануулж, зохих журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсан байх тул нэхэмжлэгч талаас гаргасан ...өөрсдийн хууль бус шийдвэрээ хамгаалуулахаар гэрчийн мэдүүлэг авахуулж буй үйлдэл нь удирдлагын эрх мэдлээ өөрсдөдөө давуу байдлаар ашигласан үйлдэл... гэх давж заалдах гомдлыг хангахгүй. /1хх 100-102, 144-146, 148, 205, 207/

7.3.  Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 1.5-д Энэхүү гэрээг жил бүрийн нэгдүгээр улиралд Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль журмын дагуу дүгнэнэ гэж тусгасныг хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэхгүй, улмаар ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.   Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохтой холбоотой, ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, шимтгэл төлснийг баталгаажуулахтай холбоотой, хөдөлмөрийн эрхийн маргааныг гомдол гаргах хугацааг сэргээхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг тус тус удирдлага болгосон нь оновчгүй байх тул эдгээрийг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

9.   Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/03245 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч М ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 Д.НЯМБАЗАР