Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00231

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2024           01           29                                        210/МА2024/00231

 

 

ЖЯ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/05096 дугаар шийдвэртэй,

ЖЯ-ны нэхэмжлэлтэй, А.Б-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ..дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, ..... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32019/03054 дугаартай захирамжаар ЖЯ бусдад залилуулсан гэх гомдлыг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр ЖЯны нэхэмжлэлтэй, Э.А, А.Б нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай тогтоолоор .... дугаар бүхий эрүүгийн хэргийн яллагдагч Э.А нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.2. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын архивд хадгалагдаж байгаа .... дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр ЖЯ нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, 1 давхрын ....м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгч байна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ЖЯ-ы эзэмшлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, 1 давхрын .... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууц нь Э.А гэгчид шилжсэнийг нотариатч Н.О баталсан.

Гэтэл гэрчийн мэдүүлэгт нотариатч Н.О-аас “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг би батлаагүй, миний бүртгэлийн дэвтэрт тухайн гэрээг баталсан тухай бүртгэл байхүй. Мөн уг гэрээн дээр байгаа тамганы дардас болон О гэж бичиж зурсан гарын үсгүүд минийх биш, миний хувьд тамганы дардас дээр огноог бичихдээ гараар буюу балаар бичдэггүй, заавал тусгай дардсаар огноог бичиж дардаг. Мөрдөгчийн үзүүлсэн гэрээний баталгааны тэмдэг дээрх огноог балаар бичсэн бөгөөд энэ огноог бичсэн бичиг ч гэсэн минийх биш. Мөн наадах гэрээн дээр чинь дарагдсан баталгааны тэмдэг нь гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн тухай тэмдэг дарагдсан тул гэрээ хуурамч гэрээ” гэжээ. Түүнчлэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3855 тоот шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дээрх нотариатчийн гарын үсэг нь Н.О биш гэж гарсан.

1.3. Нотариатч Н.О-ын батлаагүй, хуурамч гэрээг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, 1 давхрын .... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууц нь А.Б-ын нэр рүү шилжсэн. Харин 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариат гэрчлэх үед байлцаагүй, Э.А гэгч нь нотариатын тамга тэмдэг, нотариатчийн гарын үсгийг дуурайлган зурж уг гэрээг хуурамчаар үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоосон. Энэ үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу А.Б-ийн эзэмшилд шилжсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, мөн хуулийн 56.1.10-т “Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасныг тус тус үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болон 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, :.... байр, 1 давхрын ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр ЖЯ-ыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. А.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 байр, 1 давхрын 420.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг төлж шилжүүлэн авснаар хууль ёсны өмчлөгч болсон. Улмаар А.Б нь энэ орон сууцны тодорхой хэсгийг н.Д-д орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаар 194.93 м.кв талбайг н.Д, А.Б нар өмчлөгчид болсон. 2019 онд Э.А нь энэ хэргийн хамтран хариуцагчаар оролцож байсан боловч нас барсан учраас маргаантай үүрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар эрх залгамжлагчид шилжээгүй. Эрүүгийн хэргийн нотлох баримт бол тухайн эрүүгийн хэрэг дээрээ л нотлох баримт болно.

Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг дээр тухайн эрүүгийн хэргийн нэг ч гэрчийг асуусан зүйл байхгүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй. Тиймээс эрүүгийн хэргийн баримтууд нотлох баримт болохгүй. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар тогтоолоор А.Б нь орон сууцын хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан гэдэг үйл баримтыг тогтоосон. А.Б бол энэ хэргийн хариуцагч биш хариуцвал зохих этгээд бол нас барсан тул А.Б-оос дараагийн хэлцлээр шилжүүлж гэрээний үнээ төлж авсан. А.Б-ийн бүртгэл нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр тул А.Б-оос  н.Д-г хамтран өмчлөгчөөр нэмсэн.

2.2. Шүүх анхнаасаа үндэслэлгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. Учир нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32019/03054 дугаар захирамжаар тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 сарын 20-ны өдөр төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүх улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн тэмдэглэгээгээр улсын тэмдэгтийн төлсөн гэж үзэх боломжгүй гэж үзэн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа энэ хураамж төлсөн баримтаа дахин хавсарган өгсөн байхад иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй.

2.3. ЖЯ-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С-ийн гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ шүүгчийн захирамжийн үндэслэл нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр К.С-т олгосон итгэмжлэл болон сүүлд өгсөн итгэмжлэлүүд нь хэзээ, хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, Гадаад харилцааны сайдын 2010 оны 5 сарын 19-ний өдрийн 42 дугаартай баримт бичиг, баталгаажуулах, гэрчилгээ олгох журмын дагуу итгэмжлэл олгоогүй, ЖЯ-ы хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн оршин сууж байгаа улсын журмын дагуу итгэмжлэл олгож, холбогдох байгууллагаар дамжуулан ирүүлэх байсан. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гарагсан гэх үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б-т холбогдох, худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 27/7 байрны 1 давхарын 420,5 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч ЖЯ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүгчийн захирамжийн үндэслэх нь хэсгийн 3-т шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3855 дугаар дүгнэлтэд “... 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний доод хэсэгт тэгш өнцөгт хэлбэртэй тэмдэгний дардас мэт зүйлийн дотор хэсэгт зурсан шинжилж буй гарын үсэг нь Н.О-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна ...” гэжээ. Уг шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатч Н.О батлаагүй нь нотлогдсон. Мөн шүүхийн журмаар 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дугнэлтэд “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй .... дугаартай хавтаст материалд авагдсан 2018 оны 02 сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд зурагдсан гарын үсэг нь ЖЯ-ы гэх гарын үсгийн загварууд гарын үсгийн бүтцийг илэрхийлэх шинж тэмдэгээрээ өөр байх тул харьцуулан шинжлэх боломжгүй гэжээ. 2018 оны 02 сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дээрх гарын үсэг нь нэхэмжлэгч ЖЯ-ы гарын үсэг биш болох нь нотлогдсон.

Түүнчлэн, Гэрч Н.О-ын мэдүүлэгт “...2018.02.05-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ЖЯ-ны эзэмшлийн орон сууц нь Э.А гэгчид шилжсэн гэрээг та баталсан уу гэхэд уг гэрээг би батлаагүй. Яагаад гэвэл миний бүртгэлийн дэвтэрт гэрээг баталсан тухай бүртгэл байхгүй. Мөн уг гэрээн дээр байгаа тамганы дардас болон О гэж бичиж зурсан гарын үсгүүд минийх биш, миний хувьд тамганы дардас дээр огноог бичихдээ гараар буюу балаар бичдэггүй, харин тусгай дардсаар огноог бичиж дардаг. Мөрдөгч таны үзүүлсэн гэрээний баталгааны тэмдэг дээрх огноог балаар бичсэн байна. Энэ огноог бичсэн бичиг ч гэсэн минийх биш байна. Мөн наадах гэрээн дээр чинь дарагдсан баталгааны тэмдэг нь гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн тухай тэмдэг дарагдсан тул энэ гэрээ хуурамч гэрээ байна гэж мэдүүлсэн. Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчээс гэрчээр нотариатч Н.О-ыг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хангаагүй. Хавтаст хэрэгт буй нотлох баримтуудыг шүүгч бүрэн үнэлэхгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4-т “...шинжээчийн 3855 дугаартай дүгнэлтийн хувьд өмчийн хэлцэл буюу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийг хүчингүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд харин нэхэмжлэгч ЖЯ болон Э.А нарын хооронд байгуулагдсан үүргийн хэлцлийг хүчин төгөлөдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.2. Үндэслэх нь хэсгийн 2-т Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байрны 1 давхрын ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нь эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт “Ц” ХХК-ны өмчлөлд бүртгэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЖЯ-ы өмчлөлд, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЖЯ болон Э.А нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Э.А-ийн өмчлөлд, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Э.А-ээс А.Б-ийн өмчлөлд тус тус шилжсэн үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар өгсөн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлангаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, .... байрны 1 давхрын ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ЖЯ-тай хийсэн гэрээний дагуу cap бүрийн төлбөрийн нэхэмжлэхүүд хууль ёсны эзэмшигчийн онлайн хаягаар нэхэмжлэгчид очдог. Энэ төлбөрийн нэхэмжпэхийн дагуу ЖЯ нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг хүртэл 25,433,122 төгрөгийг төлсөөр ирсэн нь дээрх үл хөдлөх хөрөнгийн шударга ёсны өмчлөгч болох нь нотлогдож байна.

Гэтэл дээрх 420.5 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан Э.А, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан А.Б нар шударга өмчлөгч юм бол өнөөдрийг хүртэл 5 жил, 10 сарын хугацанд контортой гэрээгээ хийж, өөриин өмчлөлиин хөрөнгөниихөө ашиглалтын зардлыг төлөхгүи яваад байгаа нь хариуцагч нарыг шударга өмчлөгч биш болохыг нотлож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцэл”, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсний дагуу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу иргэн А.Б-ын эзэмшилд шилжсэн дээрх 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр ЖЯ-ыг тогтоолгож, шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Давж заалдах гомдолдоо ямар нотлох баримтыг буруу үнэлсэн, ямар хууль хэрэглээний алдаа гаргасан талаар дурдаагүй. А.Б нь маргаан бүхий орон сууцыг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авсан бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасан хууль ёсны өмчлөгч юм. Гэрчээр н.О-ыг оролцуулах тухай хүсэлтийг шүүгч захирамжаар шийдвэрлэсэн тул энэ талаарх гомдол нь үндэслэлгүй. Нотариатын үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасантай хамааралгүй. Шинэ өмчлөгчөөс дараагийн өмчлөгч нарт шилжсэн асуудал байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй. Ашиглалтын зардал төлсөн талаарх баримт гаргаж өгсөн бөгөөд тус баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ЖЯ нь хариуцагч А.Б холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болон 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд  тооцож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, 1 давхрын ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “...миний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусдад шилжсэн...” гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчтэй нь хэлцэл хийж, үнийг бүрэн төлж өөрийн өмчлөлд шилжүүлж авсан...” гэж тайлбарлан маргажээ.

 

4. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ....байр, 1 давхрын .... м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь ЖЯ болон Э.А-ийн байгуулсан гэх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Э.А-ийн өмчлөлд, дараа нь Э.А болон А.Б-ийн байгуулсан гэх 2018 оны 03 сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр А.Б-ийн өмчлөлд тус тус улсын бүртгэлд бүртгэгдэж, улмаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хамтран өмчлөгчөөр Ч.Д нэмж улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /1-р хх-ийн 106-107/

 

5. Зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ЖЯ болон Э.А-ийн байгуулсан гэх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох эсэхээс хамаарч шүүх үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар шийдвэрлэх учиртай.

 

5.1. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох Э.А нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, улмаар түүний өвлөгч, эрх залгамжлагч байгаа эсэх нь тодорхойгүй тохиолдолд шүүх тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хууль зүйн дүгнэлт өгөхгүй.

 

5.2. Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч А.Б-оос гадна иргэн Ч.Д улсын бүртгэлд бүртгэгдсэн, мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь нэхэмжлэгчийн тодорхойлсон 420.5 м.кв-аас өөр хэмжээтэй буюу 178.16 м.кв талбай нь “М” ХХК-ийн өмчлөлд салгаж бүртгэгдсэн байх тул ЖЯ-ны гаргасан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 байр, 1 давхрын 420.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б холбогдуулан шийдвэрлэх боломжгүй. /1-р хх-ийн 183-184/

 

6. Маргаан бүхий 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн болон 2018 оны 03 сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан гэрээний нэг тал болох Э.А нас барсан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч А.Б-ийг шударга өмчлөгч гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах дүгнэх нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Н.О-ыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/05096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

  

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

                                    ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ