| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/08035/и |
| Дугаар | 001/ХТ2017/00979 |
| Огноо | 2017-09-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/00979
Ж.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/00561 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 966 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын цалин болох 1 548 939 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаагийн гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа, Б.Болор-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр УБТЗ ХНН-ийн Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргаар томилогдон ажиллаж байгаад Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-М-153 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзан үзвэл зохих нөхцөл байдлуудыг зөв үнэлээгүй гэж үзэх тодорхой үндэслэлүүд байх тул хууль бус шийдвэр гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа юм. Тушаалын 1-р заалтад Ж.Мад ямар шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй, тодруулбал, “Ажлын ноцтой алдаа гаргасан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс осолд дөхсөн нөхцөлийг бүрдүүлсэн, байнгын хяналт тавиагүй зэрэг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй замын 4-р ангийн дарга Ж.М-ыг үүрэгт ажлаас нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, Ж.М-ыг Хөдөлмөр харилцааны албаны мэдэлд сахилгын шийтгэл тус тус ногдуулсугай” гэж заасан нь утга агуулгын хувьд авцалдаагүй, уялдаа холбоогүй, ойлгомжгүй байдаг. УБТЗ ХНН-ийн Хөдөлмөрийн харилцааны албаны дарга Б.Оюунчимэгтэй уулзаж, тушаалын утга агуулгыг тодруулж, ямар төрлийн зөрчилд, яг ямар сахилгын шийтгэл хүлээж байгаагаа асуухад “2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төмөр замын Цагаанхад зөрлөг дээр Зам засварын машинт станцын ажилтан К.Энхбаатар бетонон дэр ачих ажил хийж байгаад өндөр хүчдэлийн шугамын утас тасдсантай холбогдуулж, чамайг ажлаас халсан гэж хэлсэн. Тушаалын үндэслэх хэсэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтыг иш татсан боловч энэ заалтанд хамаарах нэг ч үйл баримтыг дурдаагүй байдаг. 2016 оны 10 дугаар сарын 24-27-ны хооронд Улаанбаатар төмөр ХНН-н даргын намрын улирлын ээлжит үзлэг Замын-Үүдээс Сайншандын хэсэглэлд хийгдэхэд би уг газарт ажиллаж байсан. Энэ үеэр ангийн даргын үүрэгт ажлыг орлогч дарга Д.Эрдэнэбаатар орлож, хөдөлгөөний аюулгуй байдлыг сахиулж үлдсэн. Ангийн орлогч дарга Д.Эрдэнэбаатар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Цагаанхад” зөрлөгт бетонон дэр ачих ажлыг төлөвлөж, шуурхай ажлын тушаал гарган ажил удирдагчаар замын 4-р ангийн инженер Д.Жамъянсүрэнг томилж Зам засварын машинт станцын ажилтнуудаар гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Ажил гүйцэтгэх явцдаа зам засварын машинт станцын ажилтан К.Энхбаатар ажил удирдагч Д.Жамъянсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр краныг хөдөлгөж, өндөр хүчдэлийн шугам тасдсан зөрчил гаргасныг Замын даргын үзлэгийн комисстой хамт Замын-Үүд өртөөнд ажиллаж байхад замын 4-р ангийн диспетчер мэдэгдсэн. Миний бие Цагаан хад зөрлөгт хийгдсэн ажлыг зохион байгуулах талаар ямар нэг үүргийг ажилтнуудад өгөөгүй. Зөвхөн хэрэг явдал болсоны дараа ангийн диспетчер мэдэгдсэний дагуу холбогдох хүмүүсийн хамт газар дээр нь очиж шуурхай арга хэмжээ авч ажилласан. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын албанд Цагаан хад зөрлөгт өндөр хүчдэлийн шугам тасалсан асуудал осолд дөхсөн тохиолдлоор бүртгэгдсэн эсэх лавлагаа гаргаж өгөхийг хүсэхэд “Осолд дөхсөн тохиолдолоор бүртгэгдээгүй, лавлагаа хийж өгөх боломжгүй. Эрх бүхий байгууллага шаардсан үед л болно” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр огт ийм нөхцөл үүсээгүй байхад ийм нөхцлийг бий болгосонд буруутгаж намайг ажлаас халсан нь үндэслэлгүй болж байна. Замын 4 дүгээр ангийн инженерүүдийн гаргасан тооцооллоор энэ ажил 2 цагаас илүүгүй хугацаанд бүрэн хийгдэж дуусдаг.
Тодорхой хугацаанд онцгой шаардлагаар хийгдээд дуусдаг энэ төрлийн ажилд байнгын хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй. Нөгөө талаар зөрчил гаргасан ажилтан К.Энхбаатар нь Зам засварын машинт станц буюу төмөр замын өөр нэг салбар байгууллагын ажилтан байдаг. Тэс өөр байгууллагын ажилтны үйл ажиллагаанд замын 4-р ангийн даргыг байнгын хяналт тавиагүй гэх үндэслэлээр буруутгасан нь зүйд нийцэхгүй тул тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 13-ны хооронд ОХУ-д суралцах томилолттой байхад буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-нд тушаал гарч, миний оронд А.Оргодол замын 4-р ангийн даргаар томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа хүлээж авсан байдаг. 2015 онд эдэлсэн ээлжийн амралтаас хойш тушаал гарах хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 11 сар тасралтгүй ажилласантай холбоотой ээлжийн амралтын болон цалин хөлсний тооцоо хийгдээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс хойш цалин хөлс, олговор бүгд зогссон. ОХУ-д суралцах томилолтоо дуусган Монголд ирсэний дараа тушаалыг албан ёсоор надад танилцуулаагүй. Хууль зүйн хувьд үндэслэлгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй, илт алдаатай, огт үүсээгүй нөхцөл байдлуудыг бий болгосон хэмээн буруутгаж надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан энэхүү хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтийг хангаж, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын цалин болох 1 548 939 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэн, төмөр замын байгууллагад ажилласан хугацааг тасраагүйгээр тооцуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, П.Ариунаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “УБТЗ”-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-И-153 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаап нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж гарсан. Ж.М нь өөрийн удирдсан ангийн үйл ажиллагаанд байнгийн хяналттай байх зарчмыг хэрэгжүүлээгүйгээс тус ангийн хэмжээнд ажлын төлөвлөлтийг зөв хийгээгүй, өвлийн бэлтгэл ажил хангалтгүй, ажиллагсадын ажлын сахилга хариуцлага суларсанаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгийн хажуугийн замаас КЖДЭ -253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг Замын 4-р ангийн ажилчид гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 квт-ын агаарын шугамыг тасалсан ноцтой зөрчил гарсан. Замын 4-р анги дээр Замын аж ахуйн албаны дарга Белош К.Р-ийн удирдаж хийлгэсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шуурхай хурлын тэмдэглэл №01-д албаны дарга нь тухайн осолд дөхсөн нөхцөл гарсан шалтгааныг тус ангийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил хангалтгүй байсан, ажиллагсадын ажлын сахилга хариуцлга их замбараагүй байгаагаас үүдэлтэй гэдгийг онцолсон байна. Уг хурлаас “2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр КЖДЭ кранаар төмөр бетон дэр ачих ажил гүйцэтгэж байхдаа цахилгааны 10 000 квт-ын цахилгааны утас тасалсан, замын ангийн өвөлд бэлдэх ажил хангалтгүй байгаа тул Замын 4-р ангийн дарга Ж.М-ын ажлыг өөрчлөх саналыг Замын даргад илтгэх” гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу Замын дарга нь “УБТЗ” ХНН-ийн дүрмээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Ж.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээр дурдсан нөхцөл, үндэслэлийг харгалзан үзэж Ж.М-ын гаргасан Замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний Б-II-153 тоот тушаалыг Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгап, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, төмөр замд ажилласан хугацааг тасралтгүйгээр тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/00561 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М-ыг “УБТЗ”ын Замын 4 дүгээр ангийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1 548 939 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Мад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “УБТЗ”д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “УБТЗ”аас улсын тэмдэгтийн хураамжид 39 733 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 966 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/00561 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 733 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй гарсан гэж үзэж, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй. “УБТЗ”-ын Замын 4 дүгээр ангийн дарга Ж.Мтай хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа зөвхөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгийн хажуугийн замаас КЖДЭ-253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 квт-ын агаарын шугамыг тасалсан үйлдэл гаргасан гэсэн зөрчлийг үндэслэл болгоогүй. Ж.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т “...Ажилтан нь аваар сүйрэл, ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, ...түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй ...тохиолдолд сахилгын шийтгэл урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан. Замын 4-р анги дээр Замын аж ахуйн албаны дарга Белош К.Р-ийн удирдаж хийлгэсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл №01-д албаны дарга нь тухайн осолд дөхсөн нөхцөл гарсан шалтгааныг тус ангийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил хангалтгүй байсан, ажиллагсадын ажлын сахилга хариуцлага их замбараагүй байгаагаас үүдэлтэй гэдгийг онцолсон байна.
Уг хурлаас “2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр КЖДЭ кранаар төмөр бетон дэр ачих ажил гүйцэтгэж байхдаа цахилгааны 10 000 квт-ын цахилгааны утас тасалсан, Замын ангийн өвөлд бэлдэх ажил хангалтгүй байгаа тул Замын 4-р ангийн дарга Ж.М-ын ажлыг өөрчлөх саналыг замын даргад илтгэх” гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шуурхай хурлын шийдвэр болон замын даргын үзлэгийн үеэр тус ангийн ажил бүхэлдээ муу байсан учраас замын дарга нь “УБТЗ” ХНН-ийн дүрмээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Ж.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Ж.М-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-2-153 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасныг баримталж, Ж.М-ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу “аваар сүйрэл, ажлын ноцтой алдаа гаргасан, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс осолд дөхсөн нөхцөлийг бүрдүүлсэн, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр “УБТЗ”ын 4 дүгээр ангийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгт төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг гүйцэтгэх явцад станцын машинч К.Энхбаатар нь өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны агаарын шугамыг тасалж, байгууллагад хохирол учруулсан гэх зөрчил гарах үед Ж.М нь албан томилолтоор Замын-Үүд хотод ажиллаж байсан нь тогтоогдсон, тухайн ажлыг ангийн орлогч дарга нь албан үүргийн дагуу хариуцаж байсан байх ба уг зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т нийцжээ.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү зөрчил гаргасан, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдсан болохыг тус тус нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...хоёр шатны шүүх тушаалд хамаарахгүй зөрчлийн талаар дүгнэлт хийсэн, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон тус ангийн өвлийн бэлтгэл ажил хангалтгүй байсан, ажиллагсдын сахилга бат хангалтгүй байсан, ...тус ангийн ажил бүхэлдээ муу байсан...” болохыг дүгнээгүй гэжээ. Хариуцагчийн тайлбар, түүний гаргасан баримтуудаас үзэхэд “УБТЗ” нь Цагаан хад зөрлөгт гарсан зөрчилд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэж тайлбар, нотолгоо гаргасан байх ба шүүх хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийг зөв тогтоож, дүгнэсэн байх тул гомдлыг хангах үндэслэлгүй юм.
Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/00561 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 966 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА