Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0016

 

Л.Т-ын нэхэмжлэлтэй                            

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0668 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Т-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүухийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0668 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Туулын Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжэгч шүүхэд гаргасан давжзаалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Анхан шатны шүүх тухайн сахилгын шийтгэл ногдуулсан Б/15 дугаар тушаалын хуулийн үндэслэлийг бодит байдалтай хэрхэн нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Төрийн захиргааны албан хаагчийг албан үүргээ хангалтгүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан ёс зүйн зөрчил гэж дүгнэж байгаа бол заавал тухайн байгууллагын “ёс зүйн хороо”-оор тухайн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бол холбогдох хяналт, шалгалтыг зохион байгуулах, тухайн хөндөгдсөн асуудал нь үндэслэлтэй, бодит байдалд нийцэж байгаа талаар тодруулах шаарлагатай байдаг. Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний А/12 дугаар тушаалаар чөлөөлж, мөн өдрийн А/13 дугаар тушаалаар нэхэмжпэгчийн орон тоо цөөрч сонгон шалгаруулалт явуулах болсон, эсхүл та тус ажил албан тушаалд тэнцэхгүй болсон талаар хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг явуулаагүй хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчтай холбоотой хөдөлмөрийн харилцааг тус хуулиар зохицуулаагүй тохиолдблд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар нөхөн буюу гүйцээн зохицуулахыг хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажилтан буюу төрийн албан хаагчийг бүтэц, орон тооны цомхотголоор чөлөөлөх болсон тохиолдолд урьдчилан 30-аас доошгүй, бөөнөөр нь бол 45-аас доошгүй хоногийн өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх үүргийг хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны өрөнхий хуулийн 26-р зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн мэтээр тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тусгайлан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулан” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл тухайн төрийн албаны харилцааг тусгайлан зохицуулаагүй тохиолдолд энэ хуулийг шууд хэрэглэж болох талтай бөгөөд манай тохиолдолд ТАТХ-ийн 11-р зүйлээр хедөлмөрийн харилцааг нөхөн зохицуулахаар хуульчилсан нь сонсох ажиллагааны хугацааг 30-45 доошгүй хоногийн өмнө мэдэгдэхийг хуульчилсан. Захиргааны ерөнхий хууль болон тусгай хууль нэг харилцааг адил зохицуулсан байвал нарийвчлан зохицуулсан хуулийн журмыг дагаж мөрдөх учиртай болохоос бүхий үйл ажиллагаанд энэ хууль үйлчлэхгүй буюу зохицуулаагуй харилцааг нөхөн, гүйцээж байгаа асуудал юм. Иймээс ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасанчлан эрх нь хөндөгдсөн этгээдэд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй холбогдох баримтыг нөхөн гаргасан. Тус сонгон шалгаруулалтыг явуулсан гэх баримтад үр дүнгийн гэрээ, сахилгын арга хэмжээ, цаг ашиглалтын байдал зэргийг дүгнэсэн бөгөөд шүүх дээрх сахилгын арга хэмжээ авсан асуудлыг хариуцагч сонгон шалгаруулахдаа үндэслээгүй гэж хэргийн материалтай танилцаагүй, эсхүл зориуд мэдэн будилж тайлбарлаж байна. Хариуцагчийн зүгээс дээр дурдсан баримтыг үндэслэж сахилгын шийтгэл тус бүрт оноо хасаж, үр дүнгийн гэрээний биелэлт байхгүй гэдгээр 100 оноо хасаж тооцсон байдаг. Гэтэл Үйлчилгээний тасгийн даргаар ажиллаж байсан гэрч н.Ц Тэтгэвэрийн байцаагчаар ажиллаж байсан гэрч н.Ө нар 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг тасаг дүгнээгүй, Байгууллагын дотоод дурмийн 2 дугаар зүйлд зааснаар Тасгийн дарга мэргэжилтний гэрээний биелэлтийг дүгнэхийг хариуцах бөгеөд гэрч н.Цолмон шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд н.Туул болон тасгийн бүх ажилчдын гэрээний биелэлтийг дүгнээгүй гэж мэдүүлсээр байхад сонгон шалгаруулалтын 100 оноо үндэслэлгүй байхад сонгон шалгаруулалт хуульд нийцэж байна гэж дүгнэж байгаа нь хууль ёсны байх, захиргааны акт бодит байдал нийцсэн байх шаардлагыг зөрчиж байна. Хариуцагчийн зүгээс сонгон шалгаруулалт явуулах үндэслэл буюу шийдвэртээ 2016, 2017 оны гэрээний биелэлтийг харгалзана гэх мөртлеө тийм баримт хэрэгт байхгүй, шүүх хурлыг 3 удаа хэлэлцүүлгийн шат дуусаж байхад хариуцагчаас нэхэмжпэгчийг ажпын хариуцлага алдсан эсэх талаарх ийм, тийм баримт байна уу гэх маягаар хойшлуулж, хариуцагч тал шууд үйлчилж хэргийг шудрага бус шийдвэрлэсэн. Тэтгэврийн байцаагчийн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг тавиагүй, хариуцагчаас энэ үндэслэлээ тайлбарлаагүй, улсын байцаагчийн шалгалтын 2 жил тутамд зохион байгуулж тухайн шалгалтыг миний бие 2016 онд 110-102 оноотойгоор хамгийн өндөр буюу хангалттай үнэлгээгээр тэнцсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс одоо байгаа улсын байцаагч нар шалгалт өгөөгүй хүнийг ажиллуулж байгаа талаар тайлбарлаж байгаа нь шудрага, бодит байдалд нийцээгүй шийдвэрлэсэн. Мөч 17 жил энэ салбарт ажилласан намайг бүтэц орон тоо нэрээр төрийн- албанаас халж, тухайн хариуцагч байгууллагад 2018 оны 05 сараас хойш олон шалгалт өгөөгүй улсын байцаагчийн эрхгүй этгээдийг ажилд томилж, өөр ажил албан тушаалд томилох бололцоо зэргийг харгалзан үзэлгүй шууд чөлөөлсөн хууль бус шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжпэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжпэгч Л.Т-лаас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.2, 5.3.1, 5.5.3, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм"-ийн 2.1.9, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 163 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”- ын 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны А/04 тоот тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.1, 5.2.4, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13- ны өдрийн 02-06-337/10, 05 дугаар сарын 01-ний өдрийн 02-06-336/13, 02-06-337/14 тоот акт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02-06-336/51 тоот албан шаардлагыг тус тус үндэслэн нэхэмжпэгч Л.Т-д 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дээрх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, албан шаардлагад дурдсан иргэний тэтгэврийг дутуу тооцсон, давхардуулан олгосон зэрэг Л.Т-ын гаргасан алдаа нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилтоо хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой, энэ талаар маргаан бүхий актад дурдсан атлаа түүнийг албан үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй” гэдгийг ажлаа таслах зэргээр албан үүргээ шалтгаангүйгээр огт биелүүлээгүйг ойлгох бөгөөд Л.Т нь албан үүргээ гүйцэтгэсэн боловч хангалтгүй биелүүлсэн байхад сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/15 дугаар тушаал уг хуулийг зөрчсөн байна. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, маргаан бүхий тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3.2.4, 4.1.11, Засгийн газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогттол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалыгтус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбогдуулан албан хаагчдыг ажлаас чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасны дагуу бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан албан хаагчдыг ажпаас чөлөөлсөн байх тул нэхэмжпэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Т-ын ажиллаж байсан тэтгэврийн байцаагчийн орон тоо цөөрсөнтэй холбоотой уг албан тушаалд ажиллаж байсан Л.Туул, түүний адил үр дүнгийн гэрээ нь дүгнэгдээгүй /эрх бүхий этгээд дүгнээгүй/ тэтгэврийн байцаагч нарыг үр дүнгийн гэрээгээ дүгнүүлсэн тэтгэврийн ахлах байцаагч нартай харьцуулсан, мөн сахилгын арга хэмжээ авагдсан эсэх, иргэдээс ирүүлсэн санал гомдол, цаг ашиглалтын хувь гэсэн үзүүлэлтээр харьцуулан үнэлж, улмаар уг үнэлгээг үндэслэн Л.Туулыг тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авна” гэж заасныг зөрчсөн байна.

Учир нь Л.Т-ын үйл ажиллагааны үр дүнг дүгнээгүй, сахилгын арга хэмжээ авсан тушаал нь үндэслэлгүй, мөн иргэдээс ирүүлсэн гэх 2 гомдлын үндэслэлийг шалгаж тогтоогоогүй байхаас гадна зөвхөн эдгээр үзүүлэлтээр албан хаагчдыг харьцуулан үнэлсэн нь хангалтгүй болжээ.

Иймд хариуцагчийн дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжпэгч Л.Т-ын Төрийн албаны тухай хуульд заасан орон тоо цөөрсөн тохиолдолд нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх нь зөрчигдсөн байх тул нэхэмжпэлийн энэ хэсгийг хангаж, тэтгэврийн байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/22 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн орон тоог 6 байхаар баталсан, тэтгэврийн ахлах байцаагчийн орон тоо батлагдаагүй байхад тэтгэврийн байцаагч 10, ахлах байцаагч 4 хүн ажиллуулж байсан нь албан хаагчдыг чөлөөлсөн А/12 дугаар тушаалаас харагдаж байна.

Хариуцагч нь эдгээр албан хаагчдыг ямар үндэслэлээр ажиллуулж байсныг тодруулж, батлагдсан орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу шалгаруулж авахад энэхүү шийдвэр саад болохгүй.