Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 113/ШШ2017/0003

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, шүүгч Б.Цэнд, С.Отгонтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Боржигин овогт Загдцэсэмийн Баярсайхан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 6 дугаар байрны 3-58 тоотод оршин суух (РД:ЗН62082410);

Хариуцагч: (1) Говьсүмбэр аймгийн Засаг дарга;

                      (2) Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжит сонгуулийн дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд авах ёстой 6 сарын тэтгэмж, төрийн одон медаль авсан тохиолдолд байгууллагын дотоод журамд заасны дагуу олгогдох урамшуулал зэргийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Говьсүмбэр аймгийг Засаг даргад даалгах; П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Баярсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Түмэнбаяр, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн, иргэдийн төлөөлөгч Э.Ууганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний биеийг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамж нь Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүхэлдээ хууль зөрчсөн хууль бус тогтоолд үндэслэсэн, түүнийг хянах үүргээ хэрэгжүүлэлгүй гаргасан захирамж юм. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нар нь хуулийг дараах байдлаар зөрчсөн болно. Тухайлбал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Сумын засаг даргыг огцруулах тухай” 08 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийнх нь баталсан хуралдааны дэгт дээрх хугацааг 5 хоногоор тогтоож өгсөн байдаг. Энэхүү тавигдах шаардлагыг мөн адил зөрчсөн болно. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар “Сумын засаг даргыг огцруулах тухай” асуудлыг хэлэлцүүлэхээр хэсэг төлөөлөгчийн гарын үсэг бүхий саналыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “... чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй ...” гэж заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Үнэлгээ өгөх тухай” 11 дүгээр тогтоолыг үндэслэн хурлын даргад өргөн барьсан байдаг. Гэтэл Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Үнэлгээ өгөх тухай” 11 дүгээр тогтоол хүчин төгөлдөр бус тогтоол байдаг. Учир нь уг тогтоолыг гаргахдаа хуралд ирсэн 22 төлөөлөгчдөөс 13 нь дэмжиж 59 хувиар шийдвэрлэсэн гэж үздэг. Гэтэл тус шийдвэрийг гаргасан хурлын ирц, саналын дүнг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасныг хэрэгжүүлэлгүй буруу тооцоолжээ. Иймээс тус тогтоол нь саналын дүнгээр хүчин төгөлдөр биш тогтоол юм. Нэгэнт хүчин төгөлдөр бус тогтоолоор “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж сумын Засаг даргаас огцруулах асуудлыг хэлэлцэхээр санал оруулсан нь үндэслэлгүй бөгөөд түүнийг хэлэлцсэн нь хууль бус юм. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Үнэлгээ өгөх тухай” 11 дүгээр тогтоолыг гаргахдаа Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланг хангалтгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй юм. Тус өдрийн хурлаар сумыг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг үнэлээгүй бөгөөд түүнийг үндэслэлгүйгээр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлэх боломжгүй юм. Мөн сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлэхдээ зорилт нэг бүрийг нэг бүрчлэн хэлэлцээгүй. Мөн тийнхүү дүгнэхдээ холбогдох журмыг огт баримтлаагүй хууль бус ажиллагаа юм. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “З.Баярсайханыг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/42 дугаар захирамж нь Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хуулийн дагуу гаргасан эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна сахилгын шийтгэл ногдуулах нийтлэг хугацааг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг. Гэтэл Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Үнэлгээ өгөх тухай” 11 дүгээр тогтоол нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гарсан байх бөгөөд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Б/42 дугаар захирамж нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Энэ хооронд 6 сарын хугацаа нь аль хэдийн өнгөрсөн байгааг харж болно. Долоон сарын өмнөх журмын дагуу бус үнэлгээгээр хүчин төгөлдөр бус тогтоолд үндэслэн “Чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж үзэн хууль зөрчиж гаргасан тогтоолыг хяналгүйгээр үндэслэж сумын Засаг даргаас огцруулсан Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийн Б/42 дугаар захирамж хууль бус юм. Хэрэв З.Баярсайхан миний бие ийнхүү хууль бусаар огцроогүй байсан бол ээлжит сонгуулийн дүнгээр бүрэлдсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэлдэхүүний шийдвэрлэж дэмжсэн шинэ Засаг дарга томилогдсоноор өөрчлөгдөх ёстой байсан. Энэ тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж авах баталгаат эрхтэй байсан. Гэтэл энэ баталгааг эдлэх эрхийг хууль бусаар халж, хязгаарласан. З.Баярсайхан миний бие нь ажиллаж байх хугацаандаа төрийн одон медаль “Алтан гадас” шагналаар шагнуулсан. Байгууллагын дотоод журамд заасны дагуу 1 сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал авах эрх үүсээд байсан. Энэ талаарх хүсэлтийг шийдвэрлүүлэхээр томилох эрх бүхий этгээд болох Говьсүмбэр аймгийн Засаг даргад тавьсан боловч шийдэж өгөөгүй. Иймээс энэ эрхийг бусдын адил эдлүүлэхийг шаардаж байна.

П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нар нь 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоны дараа аймаг болон сумын иргэдийн Төлөөлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлж, Монгол Улсын Засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “1. аймаг, нийслэл..., 2. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 3. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал” гэсэн нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог алдагдуулсан. Энэ хугацаанд З.Баярсайхан намайг огцруулах үйл ажиллагаанд оролцсоноор хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Иймээс дээрх нэр бүхий 3 төлөөлөгчийг оролцуулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аливаа үйл ажиллагаа илт хууль бус юм. Дээрх үндэслэл бүхий тайлбарт дурдсанчлан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Сумын засаг даргыг огцруулах тухай” 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгйин Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “З.Баярсайханыг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/42 дугаар захирамж зэрэг нь миний үндсэн хууль бусад хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон бусад эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэжээ.

Хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Түмэнбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн нийтлэг зохицуулалтыг заасан бол уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн тусгай зохицуулалтыг заасан байдаг. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид “Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах тухай” асуудлыг санаачлан хурлаар хэлэлцүүлэх талаар Хурлын даргад 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн байх бөгөөд уг саналд хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй төлөөлөгч гарын үсэг зурсан байх тул холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, мөн Засаг даргын огцруулах саналыг өргөн мэдүүлснээс хойш 3 хоногийн дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуралдаанаараа хэлэлцэн, хуульд заасны дагуу олонхийн саналаар /Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар/ шийдвэрлэсэн. Тус хуулийн 18 дугаар зүйлд сум дүүргийн хурлын онцгой бүрэн эрхийг заасан бөгөөд 18.1.1.“г”-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”, 18.1.1. “д”-д “сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэн З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах саналыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж болохоор байна. Мөн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанд 30 төлөөлөгч оролцохоос 16 төлөөлөгч оролцож, ирц 53.3 хувьтай байсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан шаардлагыг хангасан тул уг хуралдаан, хуралдаанаас гарсан шийдвэр хүчинтэйд тооцогдохоор байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан хугацааг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчөөгүй бөгөөд хэлэлцүүлэх асуудлыг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд төлөөлөгч нарт тараасан болно. Хуульд нэгэнт тодорхой заасан байгаа тул Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийг барьж асуудалд хандах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь хурлын дэг нь эрх зүйн актын хувьд хуулиас хүчин чадлаар доогуур юм. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 төлөөлөгч Сүмбэр сумын Засаг дарга З.Баярсайханы 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 11 дүгээр тогтоолоор хангалтгүй гэж үнэлсэн нь дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан “...чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй...” гэсэн үндэслэл болж байгаа тул Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах саналыг гаргаж Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Амарсайханд хүргүүлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Тус ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэхээр болж 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоол гарсан ба уг тогтоолыг хэлэлцэх асуудлын хамт Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хүргүүлсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасны дагуу Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргад хандан Сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хурлаар хэлэлцүүлэх тул хуралд материал ирүүлэх талаар албан бичгээр удаа дараа мэдэгдэхэд холбогдох материалыг хуралд ирүүлээгүй. Энэ талаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “... биелэлтүүдийг хуулийн хугацаанд бэлтгэж сумын Засаг даргад хянуулахаар өгсөн боловч хянаж байна гэх нэрийдлээр төрийн ажлыг удаашруулж, Тэргүүлэгчдийн хурал болон 16 дугаар хуралдаанд оруулсангүй” гэсэн тайлбарыг хүргүүлсэн байна. Иймд Засаг дарга З.Баярсайханыг хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтарч ажиллахаас татгалзсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй.

Мөн энэ талаар сумын Засаг дарга З.Баярсайханд “өөрт нь хамааралтай, хурлаар хэлэлцэх асуудлуудыг хуулийн хугацаанд оруулж ирэх, хуралд хүндэтгэлтэй хандах” талаар 4 удаа албан тоот өгч байсан нь хавтаст хэрэгт нотолгоо болон авагдсан байгаа болно. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үнэлсэн. Мөн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй нь уг хурлын төлөөлөгчдөөс Сүмбэр сумын Засаг дарга З.Баярсайханыг огцруулах санал гаргахад хүргэсэн байна. Сумын Засаг даргыг огцруулах бас нэг үндэслэл бол сум хөгжүүлэх сангийн зээлийг олгохдоо ямар чиглэлээр голчлон зээл олгох талаар сумын тэргүүлэх чиглэлийг баталсан захирамж гаргаагүй, эдийн засгийн тооцоо судалгаагүй, чанаргүй төсөл сонгон шалгаруулж зээлүүдийг олгосон, аймгийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/499 дүгээр захирамжийн 3-д “Тухайн санхүүгийн жилд бусад төслийн нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг 30 сая төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр тогтоох” гэж заасан байтал 6 хүнд хэтрүүлэн олгож, танил талдаа, намын гэх тодотголтой хүмүүсдээ давуу байдал олгосон гэх мэт ноцтой асуудлуудыг гаргаж байсан юм. Үүний нотлогоо бол 2013 онд Мэргэжлийн хяналтын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Алтанцэцэг Сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийн үйл ажиллагааг шалгаад гаргасан дүгнэлтэнд З.Баярсайхан нь “Монгол улсын засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 6 дугаар зүйлийн 6.3-д “Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, чанаргүй төсөл сонгон шалгаруулсан, тэдгээрт зохих хяналт тавиагүй нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол сумын Засаг даргад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 6 дугаар зүйлийн 6.4.7-д “төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталгаа, зээл, өр төлбөр, санхүүгийн үйл ажиллагаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүй үеийн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн тул тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу ажлаас огцрох үндэслэл болж байна” гэж тодорхой дурджээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д зааснаар Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болохоор байна. Өөрөөр хэлбэл Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит болон ээлжит бус сонгууль явагдаагүй, П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нарын Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй, хуралд оролцох эрхтэй байсан болно. Иймээс иргэн З.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 төлөөлөгч Сүмбэр сумын Засаг дарга З.Баярсайханы 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сүмбэр сумын  иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 11 дүгээр тогтоолоор хангалтгүй үнэлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан “...чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй...” гэсэн үндэслэл болж байгаа тул Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах саналыг гаргаж Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Амарсайханд хүргүүлсэн байна.  Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Тус ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын “эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэхээр болж 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоол гарсан ба уг тогтоолыг хэлэлцэх асуудлын хамт Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт хүргүүлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасны дагуу Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сүмбэр сумын Засаг даргад хандан сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, сумын Засаг даргын 2013-2016 оныд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хурлаар хэлэлцүүлэх тул хуралд материал ирүүлэх талаар албан бичгээр удаа дараа мэдэгдэхэд холбогдох материалыг хуралд ирүүлээгүй тул Засаг дарга З.Баярсайханыг хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтарч ажиллахаас татгалзсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалтгүй гэж үнэлсэн. Мөн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй нь уг хурлын төлөөлөгчдөөс Сүмбэр сумын Засаг дарга З.Баярсайханыг огцруулах санал гаргахад хүргэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт нийтлэг зохицуулалтыг заасан бол уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн тусгай зохицуулалтыг заасан байдаг. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид “Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах тухай” асуудлыг санаачлан хурлаар хэлэлцүүлэх талаар Хурлын даргад 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн байх бөгөөд уг саналд хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй төлөөлөгч гарын үсэг зурсан байх тул холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, мөн Засаг даргыг огцруулах саналыг өргөн мэдүүлснээс хойш 3 хоногийн дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуралдаанаараа хэлэлцэн хуульд заасны дагуу олонхийн саналаар шийдвэрлэсэн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд сум дүүргийн хурлын онцгой бүрэн эрхийг заасан бөгөөд 18.1.1.“г”-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”, 18.1.1.“д”-д “сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх”-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах саналыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад ирүүлсэн байх тул хууль зөрчөөгүй гэж үзэж болохоор байна. Мөн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанд 30 төлөөлөгч оролцохоос 16 төлөөлөгч оролцож, ирц 53.3 хувьтай байсан нь тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан шаардлагыг хангасан тул уг хуралдаан, хуралдаанаас гарсан шийдвэр хүчинтэйд тооцогдохоор байна. Дээрх нөхцөл байдлуудыг судалж Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/42 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэйгээр гаргасан болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу сумын Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа нь тухайн сумын Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болохоор байна. Өөрөөр хэлбэл Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч болсон нь уг хуулийн заалттай зөрчилдөхгүй бөгөөд шинээр Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид сонгогдоогүй тул П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нарын Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй тул хуралд оролцох бүрэн эрхтэй байна. Иймээс иргэн З.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байсан З.Баярсайханыг  ажлаас нь огцруулсан нь буруу гэж бодож байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг нь олгох ёстой. Сонгуулийн өмнө ажлаас нь халсан нь буруу, иргэн хүний хувьд миний бодлоор сонгуулийн дараа л дараагийн хүн нь тухайн ажилд томилогдох байх гэж бодож байна. Иймд З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулсан нь буруу гэж бодогдож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж; үлдсэн хэсгийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Маргаан бүхий дээрх захиргааны актуудын хүрээнд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь “Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 08 дугаар тогтоолыг гаргахдаа  холбогдох хууль болоод хуралдааны дэгийг зөрчсөн, хууль бус тогтоолд үндэслэсэн, аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамж нь Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус 08 дугаар тогтоолд үндэслэсэн; аймгийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хянах үүргээ хэрэгжүүлээгүй, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Сумын Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нотлогдсон, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-д заасан тусгай зохицуулалт үйлчлэх тул 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан нийтлэг зохицуулалт хамаарахгүй, хуулиар хязгаарласан зохицуулт байхгүй тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон нэр бүхий 3 төлөөлөгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж болно” зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргажээ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдааныг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт товлож, “а/ сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, б/ сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” зэргийг хэлэлцэхээр, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас[2] 75 дугаар тогтоол гарган уг ээлжит 16 дугаар хуралдааныг хойшлуулж, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлохдоо “в/ зохион байгуулалтын асуудал хэлэлцэх”, “г/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” зэргийг 67 дугаар тогтоолоор баталсан хэлэлцэх асуудалд нэмж баталсан[3] байна.

Улмаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн “зохион байгуулалтын асуудал”-ын хүрээнд З.Баярсайханыг сумын Засаг даргаас огцруулах асуудлыг шийдвэрлэж, 08 дугаар тогтоолыг аймгийг Засаг даргад хүргүүлжээ.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулахад маргааны эдгээр үйл баримтын хүрээнд дараах нөхцөл байдал тогтоогдоно. Үүнд:

а/ Ш.Билэггүмбэрэл, Ө.Баярсайхан, Ш.Отгонцэцэг, Л.Лоохууз, Л.Жамбаасүрэн, П.Амарсайхан, Я.Пүрэвсүрэн, Т.Түмэнбаяр, С.Энх-Амгалантогос, Г.Наранчимэг гэсэн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 төлөөлөгчөөс Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах тухай саналаа[4] 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гаргасныг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирсэн бичгийн бүртгэлд “бүртгэж, шилжүүлсэн” утгыг “8 дугаар сарын 02”-ны өдөр гэж тэмдэглэсэн[5], сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас уг асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцэх асуудал болгож баталсан зэргээс үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгчийн гаргасан “сумын Засаг даргыг огцруулах тухай” саналыг Хурлын дарга нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан.

б/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 67 дугаар тогтоолоор тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар тогтоолоор өөрчилснөөр З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн.

в/ Сүмбэр сумын Засаг даргад хүргүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаар албан бичиг, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2016.08.03” гэсэн огноо бүхий төлөөлөгчдийн бүртгэл, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлосон Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар ээлжит хуралдааны урилга, түүнд хавсаргасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах санал зэргийг[6] шүүх хуралдаанд гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай[7] харьцуулбал З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан “2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны урилга”-аас өөр материал, тодруулбал холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, холбогдох шийдвэрийн төсөл зэргийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд тараагаагүй байна.

Хурлын төлөөлөгч(ид) бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал санаачлан Хуралд оруулах, улмаар Засаг даргыг огцруулах тухай саналд төлөөлөгчдийн гуравны нэг нь гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлснээр 15 хоногийн дотор тухайн асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх”, 22 дугаар зүйлийн 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит ... хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 23 дугаар зүйлийн 23.4-д “... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 23.14-д “Хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “.../Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан/ саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуулиар зохицуулсныг болон түүнд нийцүүлэн тогтоосон дэгийг баримтлах нь зүйтэй байсан боловч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг шийдвэрлэж, дээд шатны Засаг даргад уламжлахдаа дээрх хэм хэмжээгээр тодорхойлсон шаардлага, горим, дараалал, хугацаа зэргийг бүхэлд нь зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.

Хуулийн дээрх зохицуулалт нь аливаа асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө холбогдох материал, үндэслэл, судалгаа, мэдээлэл, лавлагааг Хурлын нийт төлөөлөгчдөд урьдчилан танилцуулснаар хуралдаанаас гарах шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Засаг даргын албан тушаалаас огцорч байгаа нэр бүхий этгээдэд үг хэлэх, тайлбар, үндэслэл гаргах, Хурлын бусад төлөөлөгч нар ямар асуудал хэлэлцэх гэж байгааг урьдчилан мэдэх, холбогдох баримтыг судлах, өөрийн дүгнэлт, саналыг тодорхойлох боломжийг олгох, энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх агуулгыг илэрхийлж байгаа юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “г”-д зааснаар “сумын Засаг даргыг огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах” асуудал нь агуулгын хувьд “Хурлын зохион байгуулалт”-д хамаарах боловч 18.1.1, 18.1.2, 18.1.3 дахь заалтын дэд заалт бүрт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудлыг тусгайлан заасан тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар асуудал хэлэлцэхдээ дээрх байдлаар хуульд тусгайлан заасан тухайн агуулгаар нь, тодорхой томъёолохыг тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тодорхойлсон ба энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дагаж мөрдвөл зохих, хуулиар тогтоосон шаардлага болно.

Гэтэл “Зохион байгуулалтын асуудал”-ын хүрээнд сумын Засаг даргыг огцруулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд хэлэлцүүлэхээр Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар тогтоолоор тогтоосон. Тийнхүү товлон зарласан ч албан ёсоор хуралдаагүй, үйл баримт нь өнгөрсөн цагт өрнөсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хойшлуулах цаг хугацааны боломж хийгээд эрх зүйн зохицуулалт байхгүй тул “Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар тогтоолын агуулга хэвээрээ байсан, иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит Хурлыг хойшлуулж 25 хоногийн дараа хуралдсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолын агуулгыг Хурлын төлөөлөгчид мэдэж байсан тул 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд уг тогтоолыг тараах шаардлагагүй байсан” гэх хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг зөвтгөх, хүлээн авах боломжгүй байна.

Зүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээр дурдсан аливаа зохицуулалтууд нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аливаа асуудал хэлэлцэх бүх тохиолдолд хамаарах ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргах тохиолдол бүрт дээрх хэм хэмжээг дагаж мөрдөх нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “... хууль дээдлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд тус тус нийцнэ.  

Аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамж нь Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хууль бус 08 дугаар тогтоолд үндэслэсэн, уг захирамжид З.Баярсайханыг огцруулах болсон хууль зүйн үндэслэлийг тодорхойлон дурдаагүй[8] зэргээрээ мөн хууль бус захиргааны акт болно.

Дээрх байдлаар маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн улс төрийн албан тушаал хаших хувийн (иргэний) эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, захиргааны байгууллага (Хурал) шийдвэр гаргахдаа хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн дараах үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хуульд хязгаарласан зохицуулалт байхгүй тул нэр бүхий 3 төлөөлөгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд саналын эрхтэй оролцож болно” гэсэн агуулга бүхий тайлбарыг хүлээн аваагүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараах тогтолцоотой[9] байна: 9.1.1. аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал; 9.1.2. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал; 9.1.3. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал”, 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно” гэж тус тус зохицуулсныг тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “удирдлагын үндсэн зарчим”-тай уялдуулан дүгнэвэл П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн зөвшөөрөгдснөөр[10] Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байх буюу уг хурлын хувьд тэдний төлөөлөгчийн бүрэн эрх  дуусгавар болсон байхад тухайн Хуралд оролцсон асуудал нь хууль дээдлэх зарчим хийгээд аймаг, сумын хувьд тухайн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийн асуудлыг бие даан шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоонд нийцэхгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д “... орон нутгийн сонгуульд зэрэг, ...нэр дэвшихгүй“ гэж заасан хуулийн зохицуулалтыг агуулгын хувьд авч үзвэл “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” нь тус тусдаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан тогтолцоо болох ба төлөөлөгч нь “аймаг”, “сум”-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэгэн зэрэг төлөөлөгч байж болохгүй зарчимыг агуулж байна. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д зааснаар “... Монгол улсын иргэн нь төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй” боловч уул эрхээ эдлэхдээ дээрх зарчимд нийцүүлэх нь зүйтэй юм.

Гэтэл энэхүү зарчмыг алдагдуулж, улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно” гэж заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлж, сумын Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон этгээдүүдийг хуралдаанд оролцуулсан нь тухайн Хурлын төлөөлөгчдийн ирцэд нөлөөлсөн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэсэн хуулийн заалтууд тус тус зөрчигдсөн байх тул Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Хурал болоод түүнээс гаргасан 08 тоот тогтоол нь анхнаасаа хууль бус болжээ.

“Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тогтоол нь тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль бус 11 дүгээр тогтоолд үндэслэсэн, сумын Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “сумын Засаг дарга З.Баярсайхан нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг үргүй зарцуулсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллахаас татгалзсан” гэж тайлбарлах боловч маргаан бүхий аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамжид дурдаагүй үйл баримтын талаарх тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасны дагуу “Сумын Засаг дарга” гэдэг улсын төрийн албан тушаалтны эрх зүйн байдал (томилох, чөлөөлөх, огцруулах харилцаа хамаарна)-ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрөлд “Засаг даргыг огцруулах” харилцаа хамаарахгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх үндэслэлийг харгалзаагүй болохыг  дурдвал зохино.

 

“Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Говьсүмбэр аймгийг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

З.Баярсайхан нь Сүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 830.000 төгрөгөөр цалинжиж, түүн дээр нэг сарын үндсэн цалингийн 30 хувиар тогтоосон онцгой нөхцлийн нэмэгдэл авч байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[11] тогтоогдож байна. 

Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7 дахь заалтын а/-д “... дундаж цалин хөлс тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр;” тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж буй ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцоолбол:

Ажилгүй байсан нийт хугацаа: 105 хоног (2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл[12])

2016 онд цалин авсан сүүлийн 3 сарыг авч үзвэл: 6 дугаар сард 1110500 төгрөг, 7 дугаар сард 1103000 төгрөг, 8 дугаар сард 1969137 (ээлжийн амралтын хамт) төгрөг ба сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийн дундаж нь 4182637 төгрөг:3 сар=1394212 төгрөг, нэг өдрийн цалин хөлсний дундаж нь 1394212 төгрөг:21 хоног (сарын ажлын дундаж өдөр)=66391 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний нийт олговор нь 66391 төгрөг*105 хоног=6971055 төгрөг байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 105 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6971055 (зургаан сая есөн зуун далан нэгэн мянга тавин таван) төгрөг олгож, холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

“Ээлжит сонгуулийн дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд авах ёстой 6 сарын тэтгэмж, төрийн одон медаль авсан тохиолдолд байгууллагын дотоод журамд заасны дагуу олгогдох урамшууллыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “... бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг үндэслэн уг тэтгэмжийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамж нь дээр дурдсан үндэслэлээр тус тус хууль бус болох нь тогтоогдсон ба тэдгээр захиргааны актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн тодорхойлсон “хөдөлмөрлөх, ээлжит сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд чөлөөлөгдөхгүй байх эрх”[13]-ийн зөрчил арилах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамжаар Г.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулаагүй тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх, холбогдох тэтгэмж авах эрх баталгаа түүнд тус хуулиар олгогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 3 дахь заалтын г/-д “шагнал, урамшуулал гэж ...  , хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоон олгож буй мөнгөн урамшуулал орно” гэж тус тус зохицуулснаас үзэхэд төрийн одон медалиар шагнагдсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгохтой холбоотой харилцааг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан нь хууль тогтоомжид харшлах үйл ажиллагаа биш бөгөөд улс төрийн албаны тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан баталгаагаар хангагдах эрхтэй болно.  

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа “ажлаа хийж байсан бол Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу “Алтангадас одон”-ийн урамшууллыг авах байсан, хууль бусаар огцруулсан шийдвэрийн улмаас энэ урамшууллыг авч чадаагүй, хохирсон” гэж тайлбарлах ба төрийн албаны ангилал үл харгалзан аливаа төрийн албан хаагч төрийн одон медалиар шагнагдсан тохиолдолд түүнд мөнгөн урамшуулал олгох харилцааг Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан нь хууль тогтоомж зөрчөөгүй, маргаан бүхий 2 захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн болох нь дээрх байдлаар тогтоогдсон зэргийг хамтатган дүгнэвэл З.Баярсайхан нь Сүмбэр сумын Засаг даргын ажил албан тушаалыг хашиж байсан тохиолдолд энэ урамшууллыг нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1-д заасан захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлох үндэслэлтэй.

 

“П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон нэр бүхий 3 хүний Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд төлөөлөгчийн хувиар оролцож, огцруулах санал гаргасан үйлдэл”-ийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хамаарах илт хууль бус акт хэмээн тодорхойлж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй гэж тайлбарлажээ[14].

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгчийн илт хууль бусад тооцуулахаар гаргасан “нэр бүхий 3 төлөөлөгчийн сумын Засаг даргыг огцруулах хуралдаанд оролцож, санад өгсөн үйлдэл” нь дангаараа захиргааны актын шинж болон захиргааны байгууллагын шинжийг иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь бие даан агуулсан байх тохиолдолд шүүх уг шаардлагын үндэслэлд дүгнэлт өгч, шийдвэрлэх учиртай.

Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь захиргааны байгууллагад хамаарч байгаагийн хувьд түүнээс хамтын зарчимаар гаргасан шийдвэр нь захиргааны актын шинжийг хангахаар байх тул П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж “өөрийн нэрийн өмнөөс, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын шийдвэр гаргахад оролцсон үйлдэл”-ийг захиргааны байгууллагын шийдвэр буюу захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.

Дээрх байдлаар нэр бүхий 3 төлөөлөгч нь бие даан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу захиргааны байгууллага болохгүй, нэхэмжлэгч З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд оролцож, дэмжсэн санал нь шүүхийн харьяалан шийдвэрлэхээр Захиргааны ерөнхий хуульд тодорхойлон заасан захиргааны үйл ажиллагааны төрөлд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу уг шаардлагаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 130 дугаар зүйлийн 130.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож; ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6971055 (зургаан сая есөн зуун далан нэгэн мянга тавин таван) төгрөг, ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмж, төрийн одон медаль авсан тохиолдолд олгох нэг сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх урамшуулал зэргийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч З.Баярсайханд олгох; түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан З.Баярсайханаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан зарим нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч З.Баярсайханд холбогдох цалин хөлс, тэтгэмж, урамшууллыг олгох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас 35100 төгрөг, хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.ГАНЗОРИГ

     ШҮҮГЧИД                                                   Б.ЦЭНД

                                                                         С.ОТГОНТУЯА

 


[1] Хэргийн II хавтасны 27-29 дэх талд “нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох тухай” 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан  нэхэмжлэгчийн тайлбар авагдсан.

[2] Хэргийн I хавтасны 64-67 дахь талд авагдсан Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “...17.55 минутад эхэллээ, ... хурал 19.40 минутад хаалаа” гэж хуралдаан эхэлсэн, дууссан цагийг тэмдэглэсэн болно.

[3] Хэргийн I хавтасны 60 дахь талд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоол, 64-68 дахь талд Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон уг хуралдаанаас гаргасан 75 дугаар тогтоол авагдсан.

[4] Хэргийн I хавтасны 58 дахь талд авагдсан уг саналд дээрх нэр бүхий 10 төлөөлөгч гарын үсэг зурсан боловч хэргийн II хавтасны 48 дахь талд авагдсан, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын архивын “хуулбар үнэн” тэмдэг дарж, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нотлох баримтаар ирүүлсэн мөнөөх саналд гарын үсэг зурсан төлөөлөгчийн тоо “11” байх ба үүнд “Н.Хишигдорж” гэсэн гарын үсэг нэмэгдсэн болохыг тэмдэглэв.

[5] Хэргийн 46-47 дахь талд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн “хуулбар үнэн” тэмдэгээр баталгаажсан хуулбар авагдсан.

[6] Эдгээр нотлох баримтууд хэргийн II хавтасны 40, 45, 50-51 дэх талд авагдсан.

[7] Хэргийн II хавтсан дахь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: шүүгч С.Отгонтуяагийн асуултанд хариулсан хариуцагч Т.Түмэнбаярын тайлбар 119 дэхь талд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнгийн тайлбар 126 дахь талд тус тус тэмдэглэгдсэн.

[8] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг бол Засаг даргыг огцруулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон зохицуулалт болохгүй.

[9] Монсудар хэвлэлийн газар “Монгол хэлний тайлбар толь 1б”, УБ 2016 он, 204 дэх талд “Тогтолцоо гэдгийг эмх цэгц, эрэмбэ дараа бүхий бүтэц, бүрэлдэхүүн” гэж тайлбарлажээ.

[10] Хэргийн I хавтасны 131 дэх талд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоол авагдсан.

[11] Үүнд: Хэргийн II хавтасны 30 дахь талд авагдсан З.Баярсайханы нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 59 дэх талд авагдсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “З.Баярсайханыг сумын Засаг даргаар томилох тухай” Б/05 дугаар захирамж, 89 дэх талд авагдсан З.Баярсайханы 2016 оны цалингийн карт зэрэг хамаарна.

[12] Нэхэмжлэгч нь өөрийн ажилгүй байсан хугацааг “аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар огцруулснаас эхлэн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/73 дугаар захирамжаар П.Амарсайханыг Сүмбэр сумын Засаг даргаар томилсон өдөр хүртэл” гэж шүүх хуралдаанд тодорхойлсон болно.

[13] Энэ нь мөнгөөр илэрхийлэгдэн хөрвөх сэргэх боломжтой эрх

[14] Хэргийн II хавтасны 112, 129  дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагын төрлийг тодруулсан” тайлбар авагдсан.