Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0780

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар0221/МА2017/0780

Улаанбаатар хот

 

 

 

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Д.Э нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 113/ШШ2017/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Э-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Э 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Г-ийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б/11 дүгээр “Д.Э-ийг үүрэгт ажлаас нь халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин болох 1093879 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүсчээ.

Хоёр. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 113/ШШ2017/0010 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э-ийг түүний өмнө эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 2768850 төгрөгийн цалинг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/11 дүгээр тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэжээ. Уг заалт нь төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлвэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байх тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд хуулийн энэ заалт нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдохгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э-ийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны үндсэн зорилтын 2.6-д “Үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн болон удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх, шаардлагатай мэдээлэл, арга зүйн зөвлөгөөгөөр хангах”, ажлын байрны гол үйл ажиллагааны 3.1.5-д “Удирдлагаас хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж, хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлэх”, ажлын байрны 6 дугаар үндсэн зорилтын 6.2-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь чанартай биелүүлэх” гэсэн үүргийг удаа дараа биелүүлээгүй нь гэрч З.С-ийн “...Д.Э-т орлогч даргын зүгээс байгууллагын шуурхай хуралдаан дээр 3-4 удаа үүрэг даалгавар өгч байсан, ихэвчлэн нэг утгатай байсан. Тэр өөрийнх нь хариуцдаг байсан байгууллагын гадна болон дотор талын мэдээллийг тогтмол шинэчилж байхыг үүрэг болгосон. Тухайн хурал дээр яригдсан үүрэг даалгавар дараагийн хурал дээр яригддаг байсан тул үр дүн гаргаж ажилласан гэж үзэхгүй байна”, гэрч Ш.Ш “...Би Засаг даргын орлогчийн хувьд удирдах албан тушаалтан, Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад үүрэг даалгавар өгөх субьект мөн. Д.Э-т гадна, дотно талын мэдээллийн самбарыг хариуцах ёстой гэж шуурхай дээр өгсөн үүрэг даалгавраа би өөрөө тэмдэглэлд тусгуулдаг. Сумын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эргэж тайлагнадаггүй” гэсэн мэдүүлэг.

Хариуцагч В.Г-ийн тайлбар, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын шуурхай хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгч Д.Э нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй нь нотлогдоогүй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв байх талаас нь үнэлээгүй байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэж, 25 дугаар зүйлээр нотлох баримт цуглуулах арга замыг тодруулж өгсөн байх боловч дээрх маргаан бүхий тушаалыг гаргахдаа хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1-д “Сонсох ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл” гэж заажээ. Уг тушаалын хувьд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр мэдэгдэх хуудас хүлээлгэн өгч ажлаас халах тухай тусгагдаагүй бөгөөд “3 хоногийн дотор холбогдох тайлбарыг ирүүлнэ үү” гэснээр “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл” гэсэн гарчигтай “...Мэдэгдэх хуудас авснаас хойш ямар нэгэн мэдэгдэл, тайлбарыг амаар болон бичгээр өгөөгүй” гэж тэмдэглэсэн нь хуулийн дээрх заалтыг биелүүлсэн гэж үзэхгүй” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Д.Э-ийн ажлын байрны тодорхойлолт, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын шуурхай хуралдааны тэмдэглэл, Д.Э-т 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын тушаал зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн, мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.5-д заасан шаардлагуудыг хангаж сонсох ажиллагаа явуулсан байхад Захиргааны ерөнхий хуулийн зохих зүйл заалтыг зөрчиж нотлох баримт бүрдүүлээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Э Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь нотлогдож байгаа тул Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 113/ШШ2017/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд  хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий тушаалын үндэслэл болсон нэхэмжлэгчийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн нөхцөл байдал нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Д.Э-ийн гаргасан гэх “зөрчил”-ийн талаарх нотлох баримтууд нь ихэвчлэн гэрчийн мэдүүлгүүд байх бөгөөд энэ тохиолдолд гэрчийн мэдүүлэг дангаараа хөтөлбөргүй нотлох баримт болохгүй. Түүнээс гадна нэхэмжлэгчийг буруутгаж буй зөрчлүүдийн шинж байдал, үр дагаврыг хариуцагчаас тушаал гаргахдаа зайлшгүй харгалзан үзэж шаардлагатай.

Шуурхай хуралдаан дээр нэг агуулга бүхий шаардлагыг нэхэмжлэгчид байнга тавьдаг байсан гээд үүнтэй холбоотой байгууллагын гадна, дотно мэдээллийг шинэчлэх ажиллагаа бүрэн хийгддэггүй гэх зөрчил нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халах хэмжээний ноцтой зөрчилд тооцогдох эсэх, нөгөөтэйгүүр тухайн самбар дээрх мэдээллийг зөвхөн нэхэмжлэгч бус бусад мэргэжилтнүүд ч өөрсдийн хариуцсан чиглэлээр хариуцан ажиллуулдаг байх тул энэ асуудлыг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан авч үзсэн нь учир дутагдалтай.

Түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан “эрх зүйч” мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа явуулсан, холбогдох нотлох баримтыг хангалттай бүрдүүлсэн гэдэг ч бодит байдалд нэхэмжлэгч Д.Э-т өөрийг нь ажлаас халах талаар мэдэгдэл хүргүүлсэн нь хангалттай бус өөрөөр хэлбэл тушаалын үндэслэл болсон албан үүргээ удаа дараа биелүүлээгүйг нотлох 1 үндэслэлдээ өмнө гаргасан сахилгын зөрчилд ногдуулсан тушаалыг хавсаргасан нь сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулахгүй байх байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Харин шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 буюу зөвхөн төрийн албаны зарчмын заалтыг баримталсан нь хангалттай бус, өөрөөр хэлбэл уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” заалтыг баримтлах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан нөхцөл байдал нэхэмжлэгчийн тухайд үүсээгүй гэж дүгнэсэн атлаа энэхүү зохицуулалтыг шийдвэрт баримтлаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 113/ШШ2017/0010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,...” гэсний дараа “...25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1...” гэж нэмсэн өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН