| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/03013/И |
| Дугаар | 210/МА2024/00212 |
| Огноо | 2024-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/00212
2024 01 26 210/МА2024/00212
Б.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/03326 дугаар шийдвэртэй
Д.Эийн нэхэмжлэлтэй, Б.О, М.Н нарт холбогдох
52,891,852 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагч М.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. М.Н бид хоёр Австрали улсаас машин оруулж ирж зараад 128,000,000 төгрөгийн ашиг олсон. Би өөрийн дансанд шилжүүлж авсан мөнгөнөөс 71,000,000 төгрөгийг буцааж хамтын дансанд шилжүүлээд, үлдсэн 57,000,000 төгрөгөөс 19,940,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.От зээлж, түүний Хаан банкны ,,,тоот дансанд шилжүүлсэн. Тэрээр энэ мөнгийг Чингэлтэй дүүргийн хайлаастын эцэст байрлах нийтийн орон сууц, цэцэрлэгийн барилгын засварт хэрэглэнэ гэж зээлээд өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Уг барилгын засвар дуусч, түрээслүүлээд мөнгө нь орж ирэхээр эргүүлж төлнө гэсэн боловч одоо нэг ч төгрөг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн.
1.2. Би 2014 оноос 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Австрали улсад ажиллаж, амьдарч байсан. Энэ хугацаанд М.Нтай 2015 онд танилцаж, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэсэн. Миний бие М.Ныг Австрали улс руу авч явах, өөрийн гэсэн орон сууц худалдан авах зорилгоор Хаан банкны ,, тоот дансыг дундаа эзэмшиж тус дансанд Австрали улсад ажиллаж олсон мөнгөө шилжүүлдэг байсан. Гэтэл М.Н нь миний ажиллаж хөдөлмөрлөж, хөлс хүчээ дуслуулж олсон мөнгийг надад хэлэлгүй өөрийн төрсөн ээж Б.О руу 8 удаагийн гүйлгээгээр нийт 32,951,852 төгрөгийг шилжүүлсэн. Би дээрх 32,951,852 төгрөгийг үндэслэлгүйгээр Б.От шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай маргааны үеэр М.Нын дансны хуулгыг үзсэнээр олж мэдсэн. Иргэний хуульд гэр бүл болсноос хойш үүссэн эд хөрөнгийг дундын эд хөрөнгө гэж тайлбарладаг. М.Н нь энэ дундын эд хөрөнгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан нь хилийн лавлагаагаар тогтоогдоно.
Энэхүү нөхцөл байдалд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн бөгөөд магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгч Д.Э, хариуцагч М.Н нар Хаан банкинд хамтран данс эзэмшдэг. Мөн Д.Э нь Австрали улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа дээрх дансанд 78,591,320 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулга, талуудын тайлбар зэргээр нотлогджээ. Мөн гэрлэгчид хамтын амьдралын хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хариуцагч М.Н, түүний эх Б.О, Б.О нарын түрээс агуулгаар 4,500,000 төгрөгийг хамтын данснаас, М.Нын эзэмшлийн Хас банк 0 тоот данснаас Б.Оын зээл төлсөн, түрээс ээждээ өгсөн мөнгө гэсэн агуулгаар 31,616,852 төрөг тус тус зарлагадсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн.
Иймд хариуцагч Б.Оаас нийт 36,415,926 төгрөг, хариуцагч М.Наас 16,475,926 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Оын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М.Нтай 2015 оноос хойш гэр бүл болж манайд амьдарч байх хугацаандаа Австрали улсаас машин оруулж ирмээр байна, та мөнгө зээлээч гэж миний охин Б.Оаас удаа, дараа гуйсны эцэст Б.Оы эзэмшилд байсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Есүгэн пабыг зарсан мөнгөнөөс 54,220,000 төгрөгийн зээлийг 2018 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл хугацаанд цувуулж авсан. Уг мөнгөөр Австрали улсаас 3 машин оруулж ирсэн бөгөөд зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.О нь Д.Эөөс зээлсэн мөнгөө 2018 оны 3 дугаар сараас хойш шаардахад 2018 оны 7 дугаар сар хүртэл өгөлгүй зугатаж байгаад 2018 оны 6, 7 дугаар сард машин зарагдахад мөнгийг М.Н болон Д.Э нарын хамтын дансанд оруулж, уг данснаас нийт 130,000,000 төгрөгийг аваад миний охин М.Ныг зодоод зугтаасан. Зодсоны дараа бид очиж уулзахад 19,940,000 төгрөгийг нэхүүлж байж “зээлээ өгөв” гэх утгаар миний Хаан банкны ,,,тоот данс руу шилжүүлж Б.Од төлсөн.
Үүний дараа хамтын дансанд үлдсэн мөнгөөрөө дахин машин захиалж зараад Б.Оы мөнгийг хүүтэй төлнө гээд Австрали улс руу дахин машин захиална гэж мөнгө аваад одоо хүртэл өгөлгүй М.Наас салсан. Б.Од төлөх ёстой үлдэгдэл мөнгийг хүүгийн хамт төлөөгүй явж байгаа тул Б.О шүүхэд үлдэгдэл мөнгөө нэхэмжилсэн. Энэ 19,940,000 төгрөг нь биднээс зээлсэн мөнгөө буцаан өгсөн бөгөөд гүйлгээний утга нь “зээлээ өгөв” гэж бичсэн байсан. Ийм Д.Эөөс мөнгө авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидэнд өөрийн авсан мөнгөө буцаан өгснөө зээлсэн мэт нэхэмжлэл гарган залилан хийж намайг гүтгэж байна. Нэхэмжлэлийн үндэслэлд намайг Хайлаастад байрлах объектдоо засвар хийсэн гэж бичсэн байна. Уг объектыг Б.О бид хоёр 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хас банкнаас 75,000,000 төгрөгийн зээл авсан мөнгөнөөс болон түрээсийн орлогоос засварласан.
2.2. Миний эзэмшлийн Хас банкны ,,,, тоот данс руу орсон 32,951,852 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би олон жил үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, дэлгүүр кафе ажиллуулах зэрэг орлого олж ирсэн. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа мөнгөний хувьд миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж хаягт байршилтай үйлчилгээний 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээсийн гэрээний үндсэн дээр хариу төлбөртэй түрээслэн төлбөрөө М.Н, Б.О нарын хамтран эзэмшдэг Хас банкны 111 тоот дансаар аваад өөрийн эзэмшлийн Хас банкны ,,,, тоот данс руу дамжуулан шилжүүлдэг байсан. Учир нь анх гэрээ хийхдээ Хас банкны 111 тоот дансыг түрээслэгч нарт өгсөн байсан. Миний хоёр дансны хооронд шилжүүлсэн мөнгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд тогтсон орлого, үл хөдлөх эд хөрөнгөтэй тул хүнээс мөнгө зээлэх шаардлага байхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 19,940,000 төгрөгийг Б.Оаас зээлсэн мөнгөө өгөхдөө Б.О, Б.О бид хоёрын дундын данс руу зээл төлөхдөө санаатай гүйлгээний утгыг буруу бичиж нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, энэ нэхэмжилж байгаа мөнгөө шилжүүлсэн данс нь Б.О, Б.О бид хоёрын дундын данс юм. Үүнээс үзэхэд ямар ч хамаагүй аргаар бусдаас мөнгө салгах явуургүй санаатай хүн гэж ойлгож байна. Иймд үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч М.Нын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч тал нэгэнт шийдэгдсэн зүйлийг дахин нэхэмжилж байна. Д.Э бид хоёр 2016 оны 12 дугаар сард Австрали улсад очсон бөгөөд бидний визний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан. Бид хоёрт ямар ч мөнгө байгаагүй. Д.Э оюутны визтэй байсан учраас 7 хоногт 20 цагаас илүү ажиллах эрх байхгүй. Д.Э өдөр нь хичээлдээ явж, орой нь ажил хийдэг, харин би өдөрт 2 төрлийн ажил хийдэг байсан. Д.Э ямар ч мөнгө явуулдаггүй. Ээжийн дансанд тогтмол түрээсийн мөнгө ордог байсан тул би Австралийн визэнд орохын тулд ээжийнхээ дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлж ашигласан. Би өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж, тогтмол орлоготой байсан учраас Д.Эөөс ямар нэг байдлаар мөнгө авах шаардлага байхгүй. Д.Э Австрали улсаас мөнгө явуулах байсан бол өөрийн хувийн ,,,,,,,,,, гэх дансанд явуулах байсан. Яагаад өөрийн данс руу мөнгө шилжүүлэхгүй байна вэ гэхээр хариу тайлбар өгч чаддаггүй.
Харин гэр бүл цуцлуулах маргаанд ...миний зээл Хаан банкинд байсан, тэрийг дундын данснаас 8,000,000 төгрөг татаад авсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөөд ярьсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн хэрэг дээр Д.Э 27,274,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь н.Бурмаагаар дамжуулсан 14,000,000 төгрөг, дансанд нь орсон 5,000,000 төгрөг гээд Б.Оаас орж ирсэн мөнгөнүүдийг өөрөө яах ч аргагүй зөвшөөрөөд, энэ мөнгийг авсан. Үлдсэн мөнгийг би зөвшөөрдөг. Ингээд 19,940,000 төгрөгийг бид хоёр Б.Од өгсөн. Б.О ямар дансандаа мөнгийг авах, тэр данснаасаа хэрхэн үрэх нь бидэнд хамаагүй. Д.Э миний ээжээс ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэж байгаа бол миний ээжийн байранд оруулсан 15,000,000 төгрөг, миний эгчийн оруулсан 12,500,000 төгрөг, билетийн мөнгө 5,000,000 төгрөгийг өгөх хэрэгтэй. Энэ байранд оруулсан 27,000,000 төгрөг дээр Б.Оы өгсөн 27,000,000 төгрөгийг нэмэх юм бол 50,000,000 гаруй төгрөг болж байна. Д.Эийн ах нь Б.Од 5,000,000 төгрөг өгсөн гэж яриад байгаа. Тэр ах нь Д.Э бид хоёроос мөнгө зээлээд бид хоёр Б.Оаас мөнгө зээлээд та Б.О руу мөнгөө өгчих, бид хоёр Б.Оаас зээлсэн гэж хэлээд Б.Оы данс руу тэр мөнгийг шилжүүлсэн.
Д.Эөд өгөх мөнгө байсан бол ах нь мөнгө гуйвуулгаар Д.Э рүү явуулж болно. Заавал Б.Оаар дамжуулах шаардлага байхгүй. Хас банкны ,,,,, 111 тоот данс бүгд миний нэр дээр бүртгэлтэй болох нь Хас банкны тодорхойлолтоор тогтоогдоно. Би өөрийн данснаас өөрийн данс руу гүйлгээ хийсэн. Би Д.Эийн данснаас мөнгө авч зарцуулаагүй. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага дээр бичсэн 8 удаагийн гүйлгээ нь он, сараараа дансны хуулгатай таардаггүй. Өнөөдөр нэгэнт шийдэгдсэн хэрэг маргаануудыг дахин шийдэх гэж байгаа бол миний 3 автомашины хэрэг маргааныг яагаад хэрэгсэхгүй болгосон юм бэ, гурван шатны шүүх дээр 3 автомашин ирсэн нь нотлогдож байна, та хоёрын дундын данснаас мөнгө гарсан нь нотлогдож байна. Гэхдээ үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэсэн шийдвэрийг шүүх гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй юм байна, би тусад нь гаргая гээд Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад наад асуудал чинь нотлогдсон байгаа учир бид дахин шийдэхгүй гэсэн. Үүнтэй адилхан өнөөдрийн хэрэг маргаан өмнө нь шийдсэн учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Миний бие 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Э, М.Н нарт их хэмжээний мөнгийг олон удаагийн гуйвуулгаар Австрали амьдарч байхад зээлдүүлсэн. Уг мөнгө нь өөрийн өмчлөлийн кафе, ресторан зарсан мөнгө байсан. Намайг мөнгөтэй болсныг М.Намандах мэдэж байсан учир 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн М.Н, Д.Э нар Австрали улсад оршин суух визны хугацаа дуусах гэж байгаа тул машин аваад Монголд худалдан борлуулсны дараа танд удаахгүй мөнгийг чинь эргүүлэн төлнө. Мөнгөний хүүнд бид 2 эндээс танд бас хямд машин худалдан аваад гаалийн мөнгийг мөн хүүнд нь төлж өгье гэж гуйгаад байсан тул би дүү М.Над итгэн мөнгөө тэдний хэлсэн дансанд ам.доллараар бодож өгсөн. 2018 оны 04 болон 05 сард техник импортын гааль дээр машинууд буусан ба 3 ширхэг клугер машин 1 ширхэг лексус RX ирсэн ба тэр 2 миний зээлдүүлсэн мөнгөний хүүнд өгсөн 2013 оны клугер машин их эвдрэлтэй осолд орсон машиныг надад хүлээлгэн өгсөн. Тэд оруулаж ирсэн 3 машинаа 2018 оны 6, 7 дугаар сард худалдан борлуулсан. Би зээлсэн мөнгөө шаардахад Д.Э, М.Н нар маш их гуйлгаж араасаа өчнөөн чирэгдэл хэл ам хийсний дараа эгчээ танд Австрали улсаас жимс шахагч мексер 40 доллораар авчирсан тэрнийхээ үнийг хасаад урьдчилгаа мөнгийн явуулъя, үлдэгдлийг нь та жоохон хүлээж байгаач гэж удаа дараа гуйсан. Улмаар би ээж Отгонбаярын үндсэн эзэмшдэг хаан банкны дансыг явуулаад энэ данс руу хийгээрэй би гарч чадахгүй байна гэсэн тул 19,940,000 төгрөгийг хийсэн байсан.
4.2. 2018 оны 9, 10 дугаар сард Д.Э нь М.Ныг алах гэж оролдлого хийсэн, тэдний дундын дансанд байсан мөнгийг Д.Э дангаар авч буцаан данс руу нь хийсэн гэх мэт хэл ам гарч цагдаагийн хэлтэст хүртэл бүртгэгдсэн. М.Нын амьдарч байсан орон сууцны 8 давхрын балконоос түлхэж унагаах гэж байсан, удаа дараалан хана руу савж, данс болон гаалийн хашаанд машин М.Ныг хүлээн авах эрх болон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87-37 тоот байрнаас өөрийх нь нэрийг хасуулж барьцаанд тавих зөвшөөрөл авах гэх мэтээр маш их сүрдүүлэн дарамталж байсан. 2018 оны 11 сарын дундуур Д.Э нь салах өргөдлөө шүүхэд өгсөн гэдгийг сонсоод үлдэгдэл мөнгөө авья гэхэд “бид хоёр таны мөнгийг өгнө, та жоохон хүлээж бай” гэж худлаа хэлж намайг санхүүгийн хохиролд оруулж, ээжийг минь худал гүтгэж, өш хонзонгийн сэдлээр худал хуурмаг зүйл хийсэн.
4.3. Миний аав, ээж 2 бага дүү чинь тусдаа гарах гэж байна хэмээн ятгаж унаж байсан камри машиныг зарж, тэр хоёрын байрны мөнгөнд оролцуулсан өөрсдөөсөө 30 гаруй сая төгрөг нэмж байр авч өгсөн нь гэр бүлийн маргааны үеэр шүүхээр тогтоогдсон. Хэргийн материалийг харвал Б.О болон Б.О нарын данснаас 2018 оны 01 дүгээр сараас эхлэн Д.Эт гэх гүйлгээг хийсэн мөнгө хүлээн авсан гэдгээ шүүх дээр хүлээн зөвшөөрсөн. М.Н, Д.Э нарын ,, тоот хаан банкны дундын данс руу Б.О миний данснаас мөнгө орж байгаа болон тэр мөнгөөр гаалийн мөнгө төлж байгаа нь харагддаг. Мөн ,, тоот дундын данс руу нь машин худалдан борлуулсан мөнгө 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны хооронд 130 сая орчим төгрөг орж ирсэн. Д.Э тухайн мөнгийн шууд бэлнээр гарган авч өөрийн ,,,,,,,,,, тоот хаан банкны данс руу хийж тухайн дундын дансанд байсан мөнгийг зээлийн урьдчилгаа мөнгөө хийсний дараа буцаан ,, тоот дундын данс руу хийсэн. Мөн 19,940,000 төгрөгийг тэр хэсгийн гүйлгээг тасдан авч, хэрэг үүсгэн хуулийн байгууллагыг төөрөгдүүлэх гэж оролдон зүйл хийсэн. Д.Эийн ,,,,,,,,,, тоот данс нь өмнө ямар нэгэн гүйлгээ хийдэггүй орж ирсэн мөнгө нь ББСБ-аас орж ирж байгаа мөнгөнүүд харагддаг хэдий ч шууд ,, тоот дундын данс руу хийж байгаа нь харагддаг. 19,940,000 төгрөгтэй холбоотой хэрэг маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг хянан ажиллагаа явагдаж байна.
Д.Эийн нэхэмжлэлтэй, 2021 оны 04 сарын 16-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шүүхийн магадлалаар миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж дугнэсэн байгаа нь нэг хэрэг материал 2 шүүх дээр зэрэг хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаа нь Б.О, Б.О бид хоёрын хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөн явагдаж байгаа тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа Б.О миний нэхэмжлэлтэй, Д.Э, М.Н нарыг хариуцагчаар татсан иргэний хэрэгт нэгтэх эсвэл нэг хэрэг маргаан өөр шүүх дээр давхар хэлэлцэгдэж байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Б.Оаас 9,970,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эөд олгож, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,921,852 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.Над холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 174,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.1-т “...Хаан банк дахь ,,,,,,,,,, тоот данснаас шилжүүлэн авсан 128,000,000 төгрөгийн 71,000,000 төгрөгтэй холбоотой хэсгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00588 дугаар шийдвэр ...” шийдвэрлэсэн хэмээн шүүхийн тогтоосон үйл баримтыг буруугаар тайлбарласан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00588 дугаар шийдвэрээр талуудын хамтран эзэмшдэг хаан банк дахь ,, тоот дансны үлдэгдэл 20,000,000 төгрөгийг маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.3-аас 6.12 дахь хэсэг хүртэл хийсэн дүгнэлтийг нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа хэдий ч 6.13-т заасан дүгнэлтийг хүлээн зөвшөорөх боломжгүй. Учир нь шүүхийн зүгээс Д.Э Б.О нарын хооронд нэгэнт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн гэж шийдвэрийн 6.11 дэх хэсэг, тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар дүгнэж тогтоосон тул зээлдэгч Б.О нь зээлдүүлэгч Д.Эт зээлийн гэрээний үүрэгт 19,940,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэл бүрдэх юм. Гэтэл шүүхийн зүгээс өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт гаргаж, нэхэмжлэлд байхгүй хэрэгт хамааралгүй үйл баримтаар дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн 6.11 дэх хэсэгт 19,940,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж дүгнэсэн атлаа 6.13 дахь хэсэг, тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар 9,970,000 төгрөгийг хариуцагч Б.Оаас гаргуулж Д.Эт олгож шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл 118.4, 118.5, мөн хуулийн 116 дугаар зүйл 116.2-т заасантай нийцээгүй.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.2-т “ ... Д.Э, М.Н нар 19,940,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөн дундын эд хөрөнгөд хамаарах талаар маргаагүй хэмээн дүгнэсэн атлаа мараагүй үйл баримтад өөрийн үзэмжээр дүгнэлт гаргасан. Тодруулбал, нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хязгаарлаж шийдвэрлэх зарчимтай байхад шүүхээс талуулын маргаагүй буюу 19,940,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж нэхэмжлэгч, хариудагч нар мараагүй байхад шүүхээс “ ... уг мөнгийг Б.Оаас дангаар шаардах эрхийг үүсгэхгүй хэмээн шууд өрөөсгөл дүгнэлт гаргасан. Хариуцагч М.Н нь Б.От зээлсэн 19,940,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө мөн гэж маргаагүй буюу шүүхээр Иргэний хуулийн 129, 130 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоолгоогүй, тийм шаардлага гаргаагүй байхад өөрөө сайн дураар тогтоон хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Хариуцагч М.Нын субьектив хүсэл зориг нь дээрх мөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэхээс илүүтэй Б.Оаас зээлсэн мөнгөнийхөө хариу төлбөрт буцаан өгсөн мөнгөн хөрөнгө гэж үзэж шүүх хуралдаанд тайлбарлан мэтгэлцсэн бөгөөд үүнээс үзэхэд хариуцагч М.Н нь анхнаасаа 19,940,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзээгүй. Түүнчлэн, маргааны зүйл болоод буй 19,940,000 төгрөг нь эргэлзээгүй тогтоогдсон гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө мөн юм бол шүүхийн дүгнэлтийн 6.1, 6.12-т дурдсанчлан М.Н нь шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.5-д заасны дагуу энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
6.2. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагч нараас 32,915,852 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь шүүхээс тогтоосон үйл баримт бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 04 сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлалд “ ...гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хариуцагч М.Н болон түүний эх Б.О нарын түрээс гэх агуулгаар 31,616,852 төгрөгийг тус тус зарлагдсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон хэмээн дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч талаас хариуцагч М.Нын шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг дансны хуулгаар нотолсон бөгөөд шүүх тухайн баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, мөн хуулийн 40.4-т заасныг тус тус зөрчсөн байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаар тогтоолыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь тус тогтоолын 2.2.3-т “...дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Энэ нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн эарчимд харшлахгүй. Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана. Иргэний болон захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг эрүүгийн хэрэгт дахин нотлох шаардлагагүй ... ” хэмээн тайлбарласан байдаг.
Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох 52,891,852 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Д.Э бид хоёр Австрали улсаас ирээд маш их хэмжээний өрөнд орсон. Австрали улсаас 4 автомашин оруулж ирж, зарж борлуулсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Бид хоёр ямар ч орлогогүй байсан нь бид хоёрын дундын “Хаан банк” ХХК-ийн ,, тоот дансны 2018 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх гүйлгээнээс тодорхой харагдана. Харин 04 дүгээр сарын 07-ны өдрөөс Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 24,000,000 төгрөг, 7,500,000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн. 05 дугаар сард дараагийн автомашинууд буусан. Дараа нь дахиад бидний дундын ,, тоот данс руу Б.Оаас мөнгө орж ирсэн. Автомашинуудаа зараад дансанд 129,000,000 төгрөг цугларсан байсныг Д.Э надад гар хүрч, 128,000,000 төгрөгийг хүч хэрэглэн авч явсан. 128,000,000 төгрөгийг авч яваад хэрэг бишдээд эхлэнгүүт буцааж данс руу 71,000,000 төгрөг хийгээд, өөрийнхөө дансанд 57,000,000 төгрөг үлдээгээд 36,000,000 төгрөгийг дур мэдээд хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Үлдсэн 19,940,000 төгрөгийг ээж болон эгч Б.Оаас зээлсэн мөнгөнийхөө урьдчилгаанд өгч, үлдэгдлийг нь удахгүй өгнө гэж авсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 57,000,000 төгрөгөөс 28,500,000 төгрөгийг нэхэмжилж маргалдсан. Би энэ бол гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн гэдгийг шүүхээр тогтоолгосон. Би Б.Од 19,940,000 төгрөгийн өөрт ногдох мөнгийг өгчихсөн учраас үлдэгдэл мөнгөө авна гэж маргасан. Шүүх баримтуудыг нотлоод дүгнэлт гаргаж, шийдвэрлэсэн. Хэрвээ манай ээж Б.От 19,940,000 төгрөгийг зээлдүүлэхээр байсан бол дундын данснаасаа би өөрөө явуулж болох байсан.
Гэтэл Д.Э санаатайгаар зохион байгуулж, хоёрдмол утгатайгаар гүйлгээ хийсэн. Австрали улс руу автомашины мөнгө 36,000,000 төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй. Д.Э тэр мөнгөнөөс хувьдаа завшиж, өөрийнхөө эдийн засгийг хангахын тулд хүч хэрэглэж, надаас авч явсан. 32,000,000 төгрөгтэй холбоотой маргааныг дахин, дахин ярьж байна. 2016 оны 05 дугаар сард Д.Э надаас гуйн барин миний ,, тоот дансны хамтран эзэмшигч болсон. Визний материал бүрдүүлээд, өөрийнхөө дансыг өөрөө ашигласан. Гэтэл Д.Э миний дансны хамтран эзэмшигч болсноос хойш “Хаан банк” ХХК надаас их хэмжээний мөнгө нэхсэн. Д.Э гэж танай нөхөр юм байна, чи өр төлбөрөө төл гээд миний өөрийн хуримтлуулсан ээжийн маань түрээсийн мөнгөнөөс дур мэдээд 7,079,000 төгрөгийг авсан. Үүний талаар Д.Э Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр ярьсан. Д.Э нь Австралид байхдаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зарлагын гүйлгээгээр 7,079,055 төгрөгөөр “Хаан банк” ХХК-ийн зээлээ хааснаас өөр зүйлд зарцуулаагүй гэж ярьсан. Д.Э нь миний хөдөлмөрлөж олсон мөнгө болон манай ээжийн түрээсийн төлбөрийг өөрөө дур мэдэн зарцуулсан. Би ямар аймар юм бэ гэж бодоод өөрийнхөө дансны үлдэгдэл мөнгийг аваад ээжийнхээ данс руу хамтран эзэмшигчээр орж, данснаас данс руу шилжүүлсэн. Хамгийн сүүлд энэ мөнгөнүүд явсаар байгаад ,,,,,,тоот дансанд 20,079,000 төгрөг болж төвлөрч орсон. Тухайн дансны үндсэн эзэмшигч нь М.Н би өөрөө. Өөрийнхөө данснаас өөрийнхөө орж болох дансуудаар дамжуулан өөрийнхөө хувийн “Хас банк” ХХК-ийн данс руу өөрийнхөө мөнгийг хийсэн. Д.Э чи дансандаа мөнгөтэй болчихсон юм чинь би наад дансанд чинь нэмэгдээд орчихъё гээд 2017 оны 05 дулгаар сарын 07-ны өдөр миний дансанд нэмэгдэж орж ирсэн. Миний хувь эзэмшлийн дансанд Д.Э хамтран эзэмшигчээр орж ирсний дараа 32,000,000 төгрөгийн маргаан бүхий мөнгөн дээр мөнгө нэмж байгаад дундын өмчлөлийн байраа худалдаж авсан.
Тэрнээс биш Д.Э надтай дөнгөж танилцсаны дараа 60,000,000-70,000,000 төгрөг хийгээд явж байсан зүйл байхгүй. Хэрэв Д.Эийн мөнгө байсан бол яагаад дундын дансны хуулган дээр нэг ч Д.Э гэж нэр байхгүй байгаа юм. Д.Э мөнгө хийсэн бол өөрийнхөө нэрийг бичээд мөнгө хийж болох л байсан. Гэтэл М.Н миний дансны хамтран эзэмшигч болчихоод чиний дансаар гүйлгээ хийе гээд хийж байсан. Сүүлд 29,079,000 төгрөгтэй дансыг хүртэл энэ данс чинь мөнгөтэй юм байна, энэ дансанд чинь би нэмэгдэж оръё гээд миний данс руу л дайраад байдаг байсан. Хэрэв Д.Э гэр бүлийн маргаанд яригдаад байгаа 70,000,000 төгрөг болон 32,000,000 төгрөг олох боломжтой байсан бол надтай гэрлэхээсээ өмнө орон сууц авах байсан. Д.Э өөрийнхөө нэр дээр хадгаламж нээж болох байсан ч тийм зүйл байхгүй, ямар ч мөнгөгүй байсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Эийн дансны хуулга нэг ч байдаггүй. Д.Эийн “Хаан банк” ХХК-ийн нэг л данс байдаг. Тэр данс руу оронгуутаа олон дахин давтагдсан данснуудаас энэ мөнгийг би өөрийн болгож болох юм байна, яагаад гэвэл энэ эзэмшлийн дансанд би хамтран эзэмшигч учраас миний мөнгө гэж зүтгэсэн. Д.Этэй гэр бүл болохоос өмнө тэр данснуудад 2015 оны 03, 04 дүгээр сард гүйлгээ орж, ирж байсан. Гэтэл Д.Э дансны хамтрангаар орж ирснээс хойш хүний дансаар өөрийнхөө зээлийг дур мэдэн төлснийгөө нэхэмжилж байгаа. Д.Э гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд орон сууцны 50 хувь гэдэг дээр маргахгүй, М.Над орон сууцны ногдох 50 хувийг гаргаж өгөхөд бид нар гомдол зүйлгүй гэж өөрөө ярьсан.
Яагаад гэвэл М.Над өмнө нь ийм мөнгө байсан юм байна, сүүлд нь орж ирсэн мөнгөн дээр яръя гэж маргаад орж ирсэн. Хэрэв 32,000,000 төгрөгийг Д.Э авах гэж байгаа бол Д.Эийн дансанд би хамтрангаар нэвтэрч ороод, дур мэдэн ээжийнх нь данс руу мөнгө хийсэн бол энэ маргаан өөрөөр яригдаж болох байсан. “Хас банк” ХХК-ийн данс бол миний данс. Би ээжтэйгээ хамтран эзэмшдэг. Би хоёр хөлтэй, хоёр гартай, хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай хүн. Д.Э хамгийн сүүлд нь 32,951,852 төгрөгийг үндэслэлгүйгээр Б.От шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай маргааны үеэр М.Нын дансны хуулгыг үзсэнээр олж, мэдсэн гэж хэлсэн байсан. Д.Э өмнө нь над руу мөнгө шилжүүлж байсан бол энэ мөнгийг би шилжүүлж байсан гэж мэдэх ёстой. Д.Э дундын данс юм чинь бүгд минийх гэж л зүтгэсэн. “Хас банк” ХХК-ийн дансанд орсон мөнгөөр байр аваад, Д.Э байрыг маань аваад явчихсан. Д.Э ажил хийсэн гэж өөрөө ярьдаг. Д.Э Австрали улсад үнэхээр ажил хийж байсан бол эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлөлт, гадаад дансны хуулган дээр нь цалин гэх үг хаана байгаа юм бэ. Гадаад дансны хуулга, өөрийнх нь ярьж байгаа тооцоо, миний Монгол банкны хуулгуудын он, сар, өдөр бүгд зөрдөг. Хаанаас яаж бодохоороо он, сар, өдөр нь зөрсөн гүйлгээг минийх гэж яриад байдаг юм бэ. Тийм зүйл байж болохгүй. Д.Э үнэхээр мөнгө явуулсан бол данснаас данс руу дамжуулж орж ирэх ёстой байсан. Д.Эийн виз нь оюутны виз тул мөнгө олох ямар ч боломжгүй гэжээ.
8. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэр гаргана. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр өөр, өөр байр суурьтай оролцож байна. Нотлох баримтад тулгуурлахгүй, хийсвэр байдлаар тайлбарлаж байна. 19,940,000 төгрөгийн хувьд Б.О, Б.О нар хувийн бизнес эрхэлдэг байж байгаад, кафе, пабыг худалдсан. Д.Э, М.Н нарыг Австрали улсад байхад 55,847,500 төгрөгийг зээлдүүлсэн. Д.Э, М.Н нарын орлогын эх үүсвэрийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Б.О, Б.О нараас зээлсэн мөнгөөр Д.Э, М.Н нар Австрали улсаас Монгол улс руу автомашин оруулж ирж, худалддаг байсан. Д.Э, М.Н нар 128,000,000 төгрөгийг дундын дансандаа төвлөрүүлсэн. Д.Э нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дундын данснаасаа өөрийн эзэмшлийн “Хаан банк” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлж аваад, 2 хоногийн дараа 19,940,000 төгрөгийг Б.Оын данс руу шилжүүлсэн. Энэ нь Б.О, Б.О нарын мөнгөнөөс эргүүлж төлсөн байдлаар харагддаг. 19,940,000 төгрөг яагаад бутархай мөнгө байдаг вэ гэхээр 60,000 төгрөгөөр миксер авч өгсөн мөнгийг суутгаад, 19,940,000 төгрөгөөр шилжүүлж байсан гэх тайлбарыг хэлж байсан. М.Н нь Д.Э бид хоёрын дундын данснаас 19,940,000 төгрөг гарчихсан учраас би 50 хувиа төлсөн гэж тайлбарладаг.
Д.Э “19,940,000 төгрөг миний мөнгө, би зээлсэн учраас авах ёстой” гэж нэхэмжлэл гаргасан. 19,940,000 төгрөгийг зээлдүүлээд, буцааж авсан тул уг мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Давж заалдах гомдлын 2 дахь хэсэгт дурдсанаар 32,951,852 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд тодорхой бус шаардлага байдаг. Хариуцагч нараас Б.О олон жил үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж, кафе, паб ажиллуулж орлого олсоор ирсэн. Б.Оын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж хаягт байршилтай үйлчилгээний 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээсийн гэрээний үндсэн дээр хариу төлбөртэй түрээсэлж төлбөрөө М.Н, Б.О нарын хамтран эзэмшдэг “Хас банк” ХХК-ийн 111 тоот дансаар авч, Б.Оын өөрийнх нь эзэмшлийн “Хас банк” ХХК-ийн ,,,, тоот данс руу дамжуулан шилжүүлдэг байсан. Учир нь анх гэрээ хийхдээ “Хас банк” ХХК-ийн 111 тоот дансыг түрээслэгч нарт өгсөн байсан. Д.Эийг Б.Оын данснаас өөрийн данс руу хийсэн мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байгаа талаар хариу тайлбар гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд Д.Э, түүний өмгөөлөгч нар М.Нтай 2015 оны 03 дугаар сард танилцаж, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Д.Э нь Австрали улсад ажиллаж, амьдардаг байсан тул гэрлэлтээ батлуулчихаад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр буцсан, 2 талд амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д.Э Монгол Улсад буцаж ирснээр 2018 оны 10 дугаар сарын эхээр гэрээсээ явах хүртэл хамт амьдарсан гэж тайлбар гаргаж байсан.
Мөн хадгаламжийн ,,,,,,тоот дансанд 62,502,633 төгрөг төвлөрснийг ээждээ итгэмжлэл өгч хаалгаад, уг мөнгөөр орон сууцыг худалдан авсан гэх тайлбарыг хэлж байсан. Гэвч нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 11-ний хооронд Б.О нь 8 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө данс руу шилжүүлж байсан мөнгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлдээ М.Нын эзэмшлийн “Хас банк” ХХК-ийн 0 тоот данснаас Б.Оын зээл төлсөн түрээс, ээждээ өгсөн мөнгө гэсэн агуулгаар 31,616,852 төгрөгийг тус, тус зарлагдсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул нэхэмжилж байна гэж бичсэн байсан. Энэ данс Б.О, Д.Э, М.Нын аль, алиных нь данс биш, хэний данс нь мэдэгдэхгүй данс байхад нэхэмжилж байна гээд нэхэмжлэлдээ дурдсан байсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ийм данстай хүн байхгүй. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын 2 дахь үндэслэл ийм учиртай. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “М.Н бид хоёр Австрали Улсаас машин оруулж ирж зараад 128,000,000 төгрөгийн ашиг олсон. Би өөрийн дансанд шилжүүлэн авсан мөнгөнөөс 71,000,000 төгрөгийг буцааж хамтын дансанд шилжүүлээд, үлдсэн 57,000,000 төгрөгөөс 19,940,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.От зээлдүүлсэн” гэж хэлдэг. Дундын дансанд хаанаас мөнгө төвлөрсөн гэдгийг Д.Э өөрөө тайлбарласан хэрнээ энэ мөнгө зөвхөн минийх гэж тайлбарлаж байгааг миний бие ойлгохгүй байна. Бид хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу ярих ёстой байтал үйлчлүүлэгчийнхээ хэлсэн тайлбараас эсрэг тайлбарлаад, гомдолдоо дурдсан. Энэ бүгдийг дүгнэж үзвэл нэхэмжлэгчийн гаргаж байгаа гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Давж заалдах гомдлыг хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн шийдвэрийг үндэслэж гаргасан байх ёстой. Таамаг байдлаар гомдол гаргах ёсгүй гэж миний бие үзэж байгаа тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдол гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
М.Н, Д.Э нар Австрали улсад сурж байхдаа автомашин оруулж ирмээр байна, мөнгөгүй байгаа тул та мөнгө зээлээч гэхээр нь олон удаагийн гүйлгээгээр мөнгө зээлсэн. Маргаж буй 19,940,000 төгрөг авсан гэж байгаа данс ээж бид хоёрын дундын данс юм. Б.О, Б.О буюу 2 эзэмшигчтэй пабаа худалдсаны дараа мөнгөө “Голомт банк” ХК-ийн дансанд хадгалж байхад М.Н, Д.Э нар мөнгө зээлье гэхээр нь зөвшөөрч, мөнгө зээлдүүлж байсан. Урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлье, гэхдээ миксер авсан 60,000 төгрөгөө хаслаа шүү гээд 19,940,000 төгрөгийг өрөндөө авч байсан. Энэ мөнгө бол манай ээжид ямар ч хамааралгүй, өрөндөө авсан мөнгө байгаа юм. Тэр өдөр М.Н дундын дансанд байсан мөнгийг намайг зодоод, Д.Э аваад зугтчихлаа гэхээр нь М.Ныг зодуулсны 2 хоногийн дараа 19,940,000 төгрөгийг өрөндөө авч байсан. 4 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар талд надаас Д.Э рүү мөнгөн гуйвуулгын компаниар дамжуулж, 14,728,000 төгрөг явуулж байсан баримт байгаа. Д.Э бүх шатны шүүхэд энэ мөнгийг би авсан гэж хүлээн зөвшөөрдөг. Хавтаст хэргийн 221 дүгээр талын ард талын хуудсан дээр миний “Хаан банк” ХХК-ийн 5028329787 тоот данснаас энэ мөнгийг шилжүүлж байсан баримт харагдаж байгаа. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр талын ард талын хуудсан дээр миний “Голомт банк” ХК-ийн 1809090048 тоот данс руу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай ээж Б.Оаас 10,000,000 төгрөг бэлнээр орж ирсэн.
Би тэр мөнгийг 2,835,000 төгрөг, 3,384,000 төгрөгөөр тус, тус Д.Эөд гэж шилжүүлсэн нь харагдаж байгаа. Д.Э уг мөнгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг. 3 өдрийн дараа дахиж утасдахаар нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр талын ард талын хуудсан дээр ээж бид хоёрын 1605133197 тоот дансыг барьцаалж, 12,000,000 төгрөгийг дансаар авч байсан. 4 дүгээр хавтаст хэргийн 222 дугаар талын ард талын хуудсан дээр “Хас банк” ХХК-ийн дансны хуулга байгаа. Уг дансны хуулган дээр М.Н, Д.Э нарын дундын данс руу 3,675,000 төгрөг, 5,820,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн байгаа. Энэ мэтчилэн би мөнгө явуулж байсан. Мөнгөний эх үүсвэр нь би байсан. Би өчнөөн мөнгө зээлчихээд урьдчилгаа аваад, үлдэгдлээ авч чадаагүй. Би хүнд сайхан сэтгэл гаргаж, тусалсныхаа төлөө настай ээжийгээ гүжирдүүлээд явж байна. Манай ээж өөрөө орлогын эх үүсвэртэй, хүнээс мөнгө зээлэхээр хүн биш. М.Н, Д.Э нарыг сайхан амьдраасай гэж тусалсан болохоос эцсийн дүнд ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. М.Н, Д.Э нарыг бүх шатны шүүх хуралдаанд орлогоо нотол гэхээр нотолж чаддаггүй. Иймд 19,940,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10. Хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрт хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Д.Э, хариуцагч М.Н нараас уг 19,940,000 төгрөгийг ямар нэг эрх зүйн үндэслэлтэйгээр авах ёстой байсан болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ. Гэтэл Б.О нь 19,940,000 төгрөгийг зээлж аваагүй, Б.Оаас зээлж авсан мөнгөө Б.О болон Б.О нарын дундын дансаар Д.Э нь Б.Од өгсөн гэж тайлбарлан хуульд зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ бүрэн биелүүлсэн. Б.О болон түүний охин Б.О нараас Д.Э болон М.Н нарт машин оруулж ирж зарахад зориулж зээлдүүлсэн санхүүгийн эх үүсвэрээ болгосон мөнгө гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Тухайн мөнгийг Б.О болон Б.О нараас зээлсэн гэдгийг бүрэн нотолсон Д.Эийн дансны хуулга байгаа. Энэ нотлох баримтаас Д.Эийн дансанд биднээс авсан зээл харагдана. Мөн Д.Э нь дундын данснаасаа бизнесийн мөнгө болох 128,000,000 төгрөгийг өөрийн дансандаа хийж, дараа нь зээлээ төлөхдөө гүйлгээний утгыг “зээл өгөв” гэж худал бичсэн нь харагддаг. Б.Оын ,,,тоот дансанд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 19,940,000 төгрөг орж ирсэн нь Д.Э, М.Н нарын Б.Оаас зээлж авсан 55,847,500 төгрөгөөс зээлээсээ эргүүлэн өгч байгаа утгатайгаар данс руу хийсэн. Гэвч Д.Э нь хариуцагчийн охин М.Наас салахдаа өш хонзон санан хариуцагч болон Б.Оаас авсан 55,847,500 төгрөгөөс зээлээ төлсөн боловч 19,940,000 төгрөгөө эргүүлэн нэхсэн байгаа нь бусдыг залилан, шүүхийг төөрөгдөлд оруулсан.
Д.Э нь хариуцагчийн охин М.Нтай гэр бүл болж амьдарч тэд М.Отгонбаяраас болон Б.О нараас 55,288,500 төгрөгийн зээл авч машин оруулж ирэх бизнес хийж байсан. Гэвч М.Над удаа дараа гар хүрч байр, машин, дансан дахь мөнгө болон М.Над аав ээжийн зүгээс өвлүүлж өгч байгаа хөрөнгөнд шунаж байсан. Д.Эийн ,,,,,,,,,, тоот дансны үлдэгдэл мөнгө 127,000,000 төгрөг байгаа нь харагдах ба энэ мөнгө нь охин М.Нын бизнесийн мөнгө бөгөөд тухайн үед М.Ныг айлган дарамталж өөрийн ,,,,,,,,,, тоот данс руу хийсэн ба охин М.Н араас нь хөөцөлдөж явсны эцэст 55,288,500 төгрөгийн зээлээс урьдчилгаа болох 19,940,000 төгрөг хийсэн гэж М.Н, Д.Э нар тухайн үед хэлсэн. Нэхэмжлэгч нь Б.Оыг Чингэлтэй дүүргийн Хайлаастын эцэст байрлах нийтийн орон сууц, цэцэрлэгийн барилгын засварт хэрэглэнэ гэж өөрөөс нь зээлсэн, барилгын ажил дуусаж түрээслүүлээд мөнгө орж ирэхээр буюу 9 сарын сүүлээр төлнө гэж хэлсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байна гэж нэхэмжлэлийн агуулгаа дурджээ. Б.Оы дансны хуулгаас харахад Д.Эөд мөнгө шилжүүүлсэн үйл баримтууд байгаа, Б.Оы зүгээс ч Д.Эөд мөнгө зээлдүүлсэн талаараа гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн байхад нотлох баримтаар үнэлэлгүй шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын тайлбарыг голчлон анхаарч, харин хариуцагч талын тайлбарыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Б.О, Б.О нарын Голомт банкны дундын данснаас нэхэмжлэгч Д.Эөд зээлүүлж байсан гүйлгээний утгыг анхаараагүй. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцсэн, улмаар холбогдох нотлох баримтыг бүрэн цугларсан үед гарах ёстой гэсэн агуулга бүхий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т нийцээгүй байна. Мөн шүүхийн шийдвэрээс харвал зээлийн гэрээ бодит байдал мөн эсэх, зээлийн гэрээний дагуу ямар үүрэг үүссэн, хариуцагч Б.О болон Б.О нарын дундын данс болон тус бүрийн данснаас Д.Эөд зээл өгч байсан талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Энэ нь мөн адил шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
11. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Б.Оаас би мөнгө зээлээгүй, би түүнд мөнгө зээлдүүлсэн. Д.Дэлгэрцэцэг, Т.Бадрах шүүгч нар өмнө нь энэ хэргийг шийдвэрлэж магадлал гаргасан. Та нар өмнө нь шийдвэрлэгдэж байсан хэргээс арай өөрөөр ярьж болохгүй. Бид нарын сүүлийн хурал гэж бодож байгаа тул хэлье гэсэн зүйлээ хэлмээр байна. Би Австрали улсад North Sidney English гэх курс, Kent гэх институтэд суугаад, хичээлийнхээ хажуугаар ажил хийж, 14 хоног тутамд цалингаа аваад Монгол руу ,, тоот данс руу хийдэг байсан. Би цалингаа цуглуулж байна гэж бодож байсан боловч М.Н тэр мөнгөөр ээжийнхээ түрээсийн төлбөрийг төлдөг байсан. Монголын шүүх эрэгтэй хүнд хатуу, эмэгтэй хүнд их аятайхан байдаг юм байна. Эрэгтэй хүн нэхэмжлэл гаргахаар хэрэгсэхгүй болгоод, эмэгтэй хүн нэхэмжлэл гаргахаар хангаад байдаг. Шүүхийн шийдвэрээр 75,000,000 төгрөгөөр авсан байрыг 65,000,000 төгрөгийг нь М.Над өг гэж шийдвэрлэчихсэн байна. Янжинлхам шүүгчийн шийдвэрлэсэн хэргийг Т.Бадрах шүүгчтэй бүрэлдэхүүн шийдвэрлэхэд 18,000,000 төгрөг дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Үнэндээ 128,000,000 төгрөг М.Н бид хоёрын мөнгө биш. Хэргээс үзвэл “НҮСО” ХХК-аас Австралиас орж ирсэн автомашиныг би авч, засаж, зараад, “НҮСО” ХХК-д 36,000,000 төгрөгийг нь өгөөд, 19,000,000 төгрөгийг нь ээжид нь зээлдүүлээд, үлдсэн мөнгийг дундын дансандаа хийгээд М.Н бид хоёр зарцуулаад явсан. 36,000,000 төгрөгийг Янжинлхам шүүгч анхан шатан дээр гэр бүлийн дундын эд хөрөнгө гээд шийдээд явчихсан. Б.О байшингаа засна гэж хэлээд мөнгө авсан. Би Монгол үгнээс өөр ямар үгээр зээл өгснөө нотолж бичих талаар мэдэхгүй байна. М.Н 36-50 хувь гэж шийдэхэд нь би авахгүй гэж шүүх хуралдаан дээр хэлээд, тайлбараа бичиж өгсөн. Энэ шүүх дээр ирэхээрээ арай өөр тайлбарлаад байна. Энэ асуудал нэгэнт дуусаж байгаа юм чинь бодит тайлбараа өгмөөр байна. 5 жил шүүхээр явлаа, та хэд намайг 3 жил шүүхийн хонгилоор чирлээ гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хэргийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлээгүй байх тул шийдвэрт үнийн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.О, М.Н нарт холбогдуулан 52,891,852 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Зээлийн гэрээний үүрэгт 19,940,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
3.1. Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлээ “М.Н бид хоёрын дундын дансанд байсан Австрали улсаас автомашин оруулж ирж зарсан 128,000,000 төгрөгөөс өөрийн дансанд шилжүүлэн авч үлдсэн 57,000,000 төгрөгийн 19,940,000 төгрөгийг Б.От зээлсэн” гэж,
Хариуцагч М.Н татгалзлаа “шүүх шийдвэрлэсэн хэрэг дээр Д.Э 27,274,000 төгрөгийг зөвшөөрдөг учраас 19,940,000 төгрөгийг бид хоёр Б.Отгочулуунд өгсөн” гэж,
Хариуцагч Б.О татгалзлаа “Д.Э охин Б.Оаас Австрали улсаас автомашин оруулж ирмээр байна мөнгө зээлээч гэж гуйхаар нь Есүгэн пабыг зарсан мөнгөнөөс 54,220,000 төгрөг зээлээд төлөөгүй, Б.Од 19,940,000 төгрөгийг дансанд шилжүүлж зээлээс төлсөн” гэж тус тус тайлбарласан.
Д.Эөөс Б.От 19,940,000 төгрөгийг зээлсэн үү, эсхүл Б.Оаас зээлсэн зээлийн төлбөрт 19,940,000 төгрөгийг Д.Э буцаан төлсөн үү гэдэг нь талуудын маргааны зүйл болжээ.
3.2. Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч М.Н нар гэр бүл болж 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулсан. /1-р хх-ийн 47-54/
3.3. Зохигчид “Хаан банк” ХХК-ийн ,, тоот дансыг хамтран эзэмшиж байсан бөгөөд уг данснаас 128,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн дансанд шилжүүлэн авч, улмаар 71,000,000 төгрөгийг буцаан хамтын дансанд шилжүүлснээр Д.Эийн дансанд 57,000,000 төгрөг үлдсэн үйл баримт талуудын тайлбар болон “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга, шүүхийн шийдвэр зэрэг баримтаар тогтоогдсон байна. /1-р хх-ийн 15-33, 65-90/
Дээрх 57,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөгтэй холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1024 дүгээр шийдвэрээр хариуцагч Д.Эөөс 18,530,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Над олгож, нэхэмжлэгч М.Наас 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Эийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 847 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 530,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна. /5-р хх-ийн 22-24/
3.4. Харин Б.Оы нэхэмжлэлтэй Д.Э, М.Н нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 55,839,500 төгрөг гаргуулах болон 2,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1785 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1286 тоот магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ зохигчдын маргаж буй 19,940,000 төгрөгийг дүгнээгүй байна. Улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний шүүх хуралдаанаар шийдвэр магадлалыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /5-р хх-ийн 9-17, 51-54/
3.5. Нэхэмжлэгч Д.Эийн шилжүүлэн авсан 57,000,000 төгрөгөөс 19,940,000 төгрөгийг хариуцагч Б.От шилжүүлсэн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна. Иймээс энэ хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв энэ талаарх хариуцагч М.Нын тайлбар үндэслэлгүй болно.
3.6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1286 тоот магадлалд Б.Оаас Д.Э, М.Н нарт 4,699,500 төгрөг зээлүүлсэн үйл баримт тогтоосныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан тогтоогдсон үйл баримт гэж зөв дүгнэжээ.
Дээрх магадлалаар хариуцагч Б.Оын “охин Б.Оаас Д.Э 54,220,000 төгрөг зээлсэн төлөөгүй байгаа” гэх, хариуцагч М.Нын “шүүх шийдвэрлэсэн хэрэг дээр Д.Э 27,274,000 төгрөгийг зөвшөөрдөг учраас 19,940,000 төгрөгийг бид 2 Б.Отгочулуунд өгсөн” гэх тайлбар тус тус үгүйсгэгдсэн байна.
3.7. Түүнчлэн, хариуцагч Б.О, М.Н нар нь “Б.Оаас авсан зээлээс 19,940,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр буцаан төлсөн” гэх тайлбар болон давж заалдах гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
3.8. Нэхэмжлэгч Д.Э нь Хаан банкны ,,,,,,,,,, тоот данснаас хариуцагч Б.Оын Хаан банк ХХК-ийн ,,,тоот дансанд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 19,940,000 төгрөгийг “Энхтөгсөөс зээл өгөв” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /1-р хх-ийн 6-7/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.
3.9. Д.Эийн шилжүүлэн авсан 57,000,000 төгрөгөөс 19,940,000 төгрөгийг Б.О, Б.О нарт зээлд төлсөн гэх үндэслэлээр М.Н нь Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан өөрт ногдох 27,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 8,970,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан байна. Ийнхүү татгалзсан тул Д.Э 19,940,000 төгрөгийг Б.Оаас дангаар шаардах эрхийг үүсгэхгүй гэж шүүх дүгнэж 50 хувь буюу 9,970,000 төгрөг хариуцагч Б.Оаас гаргуулж нэхэмжлэгч Д.Эөд олгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь зохигчдын хамтран эзэмшдэг Хаан банк ХХК-ийн ,, тоот данснаас нэхэмжлэгч Д.Э нь Хаан банк ХХК-ийн ,,,,,,,,,, тоот дансанд 57,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Д.Э нь өөрийн дангаар эзэмшдэг дансанд шилжин орж ирсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад хамтран эзэмшигчээс зөвшөөрөл шаардахгүй. Нөгөө талаар 19,940,000 төгрөгний зээлийн гэрээний хувьд Д.Э Б.О нар зээлийн гэрээний талууд болон оролцсон тул нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Оаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Оаас 19,940,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.
4. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М.Наас 16,475,926 төгрөг, хариуцагч Б.Оаас 16,475,926 төгрөг тус бүр гаргуулах шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлээ “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул хариуцагч Б.Оаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 16,475,926 төгрөгийг, хариуцагч М.Наас гэр бүлийн хамтран өмчлөх эд дундын эд хөрөнгөөс мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн 16,475,926 төгрөгийг тус тус гаргуулна” гэж тайлбарласан.
Хариуцагч Б.О татгалзлаа “өөрийн өмчлөлийн 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэн түрээсийн төлбөр М.Н бид хоёрын хамтран эзэмшдэг данс руу орж ирснийг миний данс руу шилжүүлдэг байсан тул миний 2 дансны хооронд шилжүүлсэн мөнгийг надаас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй” гэж,
Хариуцагч М.Н татгалзлаа “Д.Э оюутны визтэй тул 7 хоногт 20 цагаас илүү ажиллах эрхгүй байсан тул мөнгө явуулж байгаагүй, би 2 ажил хийдэг байсан. Визэнд орохын тулд ээжийнхээ дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлж, ашигласан, ээжийн дансанд тогтмол түрээсийн орлого орж байсан” гэж тус тус тайлбарласан.
4.2. Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй.
Тодруулбал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлалаар “...гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хариуцагч Д.Н болон түүний эх Б.О, Д.О нарын түрээс гэх агуулгаар 4,550,000 төгрөгийг хамтын данснаас, Д.Нын эзэмшлийн “Хас банк” ХХК-ийн 0 тоот данснаас Б.Оын зээл төлсөн, түрээс, ээждээ өгсөн мөнгө гэсэн агуулгаар 31,616,852 төгрөг тус тус зарлагадсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Нтай Хаан банк ХХК-ийн ,, тоот дансыг хамтран эзэмшдэг, уг дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг хариуцагч захиран зарцуулах эрхтэй байх тул түүнийг хууль бусаар, нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хамтын хөрөнгийг захиран зарцуулсан гэж үзэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч Д.Э нь давж заалдах гомдолдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэмжээг орон сууцны үнэ болон амьдарч байх хугацаандаа зарцуулсан буюу бусдад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг оролцуулан 151,248,852 төгрөгөөс тодорхойлон бодит бус дүнгээс ногдох хэсгийг гаргуулахаар маргасныг хуулийн үндэслэлгүй...” гэж дүгнэсэн шүүхийн магадлал хүчин төгөлдөр байна. /1хх-ийн 110-114/
4.3. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар дээрх үйл баримт тогтоогдсон гэж дүгнэн, хариуцагч М.Наас 16,475,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
4.4. Түүнчлэн, хариуцагч М.Н, Б.О нар өөрсдийн хамтран эзэмшдэг Хас банк дахь 111 тоот данснаас М.Н, Б.О нарын хамтран эзэмшдэг Хас банкны ,,,, тоот, Б.Оын эзэмшдэг Хаан банк дахь ,,,тоот дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр хариуцагч Б.Оыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар хийсэн анхан шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/03326 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...9,970,000” гэснийг “...19,940,000” гэж, “...128 дугаар зүйлийн 128.4, гэснийг хасч, “...42,921,852” гэснийг “...32,951,852” гэж,
2 дахь заалтын “...174,470” гэснийг “...257,650” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Оын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 174,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 372,560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ