| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02048/И |
| Дугаар | 210/МА2024/00172 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/00172
2024 01 22 210/МА2024/00172
Я.Цийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04170 дугаар шийдвэртэй,
Я.Ц-гийн нэхэмжлэлтэй, Г.Д, Ш.Б нарт холбогдох
Орон сууцны үлдэгдэл төлбөрт 58,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
60,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. "Б" ХХК нь 2015 оны байдлаар Я.Ц /,,/-т 1,312,233 юань буюу 400,000,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байсан. "Б" ХХК нь дээрх өр төлбөрөөс 100,000,000 төгрөгт тооцон өөрийн компанийн захиалгаар барьж байсан 40 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 60а байр, 48 айлын орон сууцны 2 дугаар орцны ,, тоотод байрлах, 45.09 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 67,635,000 төгрөг, мөн байрны 40 тоотод байрлах 31.88 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 47,820,000 төгрөг, нийт 115,455,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч Я.Ц /,,/-т өгсөн. Дээрх 2 ширхэг орон сууцны төлбөр болох 115,455,000 төгрөгийг "Б" ХХК-д нэхэмжлэгч нь арилжааны гэрээний дагуу 100 хувь төлж, өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан.
1.2. 2015 оны 7 дугаар сард хариуцагч нар тухайн 2 орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг Я.Ц /,,/-т тавьсныг хүлээн зөвшөөрч, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч нар "Б" ХХК-ийн оффисын байранд очиж дээрх 2 ширхэг орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг Г.Дгийн нэр дээр шилжүүлэн өгч, 2 ширхэг орон сууцны үнэ болох 100,000,000 төгрөгийг 2016 оны 4 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон.
1.3. Хариуцагч нар гэрээний дагуу шилжүүлж авсан 2 ширхэг орон сууцнаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 60а байрны 48 айлын орон сууцны 2 дугаар орцны ,, тоотод байрлах 45.09 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х.Од, мөн байрны 40 тоотод байрлах 31.88 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ц.Бд тус тус шилжүүлж 100,000,000 төгрөгийг авсан атлаа өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид төлөөгүй. Хариуцагч нар дээрх 2 ширхэг орон сууцны үнэд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр, хожим 12,000,000 төгрөгийг цувуулан өгсөн талаар маргахгүй. Иймээс хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,000,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талууд орон сууц худалдах-худалдан авах, цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх зэргээр хамтран ажилласан. 2015 оны 7 дугаар сард Я.Ц /,,/ нь "Б" ХХК-аас авлагаа авч чадаагүй, тэдний барьж байгаа байрнаас 100,000,000 төгрөгийн байрны захиалгын гэрээ өгсөн гэсэн. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр "К" ХХК нь Багахангайд цэвэрлэх байгууламж барих гэж байна, тэр барилгыг барьж өгч чадах уу гэж ирсэн. Улмаар 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Я.Ц /,,/ нь намайг "К" ХХК дээр дагуулан очиж төлөөлж гэрээ байгуулсан. Энэ ажлын мөнгийг бид байрны мөнгөнд суутгуулах учир мөнгө аваагүй, Я.Ц /,,/ бүгдийн авсан. Я.Ц /,,/ нь "К" ХХК-аас мөнгөө бүрэн аваагүй, байрны мөнгөө авъя гэсэн тул цувуулаад 42,000,000 төгрөг өгч, 58,000,000 төгрөг үлдсэн.
2.2. Багахангай дүүргийн 2.174 м.кв барилга угсралтын ажлын хөлс 97,848,000 төгрөг, нэмэгдэл ажил 540 м.кв дотор хана, хаалга, цонх угсралт материалын үнэ ороод 30,000,000 төгрөг, нийт 127,848,000 төгрөг, үүнээс Я.Ц /,,/-ээс ажилчдын цалинд өгсөн 15,083,000 төгрөг, байрны үлдэгдэл 58,000,000 төгрөгийг хасаад 60,848,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Г.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Я.Ц /,,/ нь "К" ХХК-аас Багахангай дүүрэгт цэвэрлэх байгууламж барих гэж байгаа, тэр барилгыг барьж өгч чадах уу гэж ирсэн. Уг барилга нь 36*60.4*8 хэмжээтэй 2174 м.кв барилгын төмөр карказ, сэндвич, хаалга, цонх угсрах ажлууд байсан тул ажлын хөлсийг 1 м.кв үнэ 45,000 төгрөгөөр буюу нийт 97,848,000 төгрөгөөр гүйцэтгэхээр аман тохироо хийсэн. Улмаар 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр "К" ХХК дээр очиж Я.Ц /,,/ төлөөлөн гэрээ байгуулснаар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа орсон.
3.2. Бид энэ ажлыг хийж дуусгаад байрны мөнгөнөөс хасаж тооцно гэдгийг хоорондоо ярьж тохирсон бөгөөд ажлыг хийж дуусгасан. Багахангай дүүргийн 2174 м.кв барилга угсралтын ажлын хөлс 97,848,000 төгрөг, нэмэгдэл ажил 540 м.кв дотор хана, хаалга, цонх угсралт материалын үнэ ороод 30,000,000 төгрөг, нийт 127,848,000 төгрөг, үүнээс ажилчдын цалинд өгсөн 15,000,000 төгрөг хасагдаж тооцогдоод 113,848,000 төгрөг авлага үүссэн. Дээрх мөнгөнөөс байрны үлдэгдэл мөнгө болох 58,000,000 төгрөгийг хасаад 60,848,000 төгрөг болж байна. Иймд Я.Ц /,,/-ээс 60,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
4.1. Я.Ц /,,/ нь "К" ХХК-тай дээрх гэрээг байгуулаагүй. Уг шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй тул тусад нь шаардлага гаргаж шийдвэрлүүлэх асуудал. Түүнчлэн, дээрх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргааны шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Д, Ш.Б нараас 58,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Ц /,,/-т олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Я.Ц /,,/-ээс 60,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Дгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д, Ш.Б нараас 447,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Ц /,,/-т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:
6.1. Талууд орон сууц худалдах-худалдан авах, цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх зэргээр хамтран ажилласан. 2015 оны 7 дугаар сард Я.Ц /,,/ нь "Б" ХХК-аас авлагаа авч чадаагүй, тэдний барьж байгаа байрнаас 100,000,000 төгрөгийн байрны захиалгын гэрээ өгсөн гэсэн. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр "К" ХХК нь Багахангайд цэвэрлэх байгууламж барих гэж байна, тэр барилгыг барьж өгч чадах уу гэж ирсэн. Улмаар 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Я.Ц /,,/ нь "К" ХХК дээр очиж гэрээ байгуулсан. Энэ ажлын мөнгийг бид байрны мөнгөнд суутгуулах учир мөнгө аваагүй, Я.Ц /,,/ бүгдийн авсан.
6.2. Я.Ц /,,/ нь "К" ХХК-аас мөнгөө бүрэн аваагүй, байрны мөнгөө авъя гэсэн тул цувуулаад 42,000,000 төгрөг өгч, 58,000,000 төгрөг үлдсэн. Багахангай дүүргийн 2.174 м.кв барилга угсралтын ажлын хөлс 97,848,000 төгрөг, нэмэгдэл ажил 540 м.кв дотор хана хаалга цонх угсралт материалын үнэ ороод 30,000,000 төгрөг, нийт 127,848,000 төгрөг, үүнээс Я.Ц /,,/-ээс ажилчдын цалинд өгсөн 15,083,000 төгрөг, байрны үлдэгдэл 58,000,000 төгрөгийг хасаад 60,848,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй учир тусдаа шийдвэрлүүлэх боломжтой. 2015 оны ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаарддаг бөгөөд үүнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Мөн хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэдгээ нотлоогүй, орон сууцны оронд ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг авах талаар талууд тохиролцоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Орон сууцны үлдэгндэл төлбөр болох 58,000,000 төгрөгийг өгөх талаар хариуцагч тал маргадаггүй. 2015 оны 12 дугаар сард хийсэн ажил гүйцэтгэх гэрээ 12 дугаар сард дууссан гэж тайлбарладаг атлаа 2016 онд Г.Д, Ш.Б нар уг мөнгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я.Ц /,,/ нь хариуцагч Г.Д, Ш.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
3. Талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрт тооцохоор тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Нэхэмжлэгч Я.Ц /,,/ нь "Б" ХХК-д нийлүүлсэн бараа материалын үнэд тус компанийн барьж буй орон сууцнаас хоёр ширхэг орон сууц авахаар тохиролцсон, эдгээр ирээдүйд бий болох 2 ширхэг орон сууцыг "Б" ХХК-тай худалдан авах гэрээ байгуулах, уг орон сууцыг шилжүүлэн авах эрхийг Г.Дд шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /1-р хх-11, 48-51/
4.1. Гэрээ байгуулах эрх шилжүүлснийг үндэслэн "Б" ХХК, Г.Д нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 60А байрны 48 айлын орон сууцны ,, тоот, 45.09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 67,635,000 төгрөгөөр, 40 тоот 31.88 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 47,820,000 төгрөгөөр худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан байна. /1-р хх-ийн 9-10
4.2. Хариуцагч Г.Дгийн зүгээс 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууц худалдах, худалдан авах гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тул нэхэмжлэгчид төлбөр тооцоог 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгах талаар баримт үйлдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /1-р хх-ийн 11/
Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
5. Хариуцагч Г.Д нь 1 өрөө орон сууцыг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ц.Бд 40,000,000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х.Од 60,000,000 төгрөгөөр, нийт 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, мөн хариуцагч нэхэмжлэгчид орон сууцны үнэд нийт 42,000,000 төгрөг төлсөн болох нь худалдах худалдан авах гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01649 дугаар шийдвэр, мөнгө төлсөн баримт болон зохигчийн тайлбараар тус тус нотлогдсон. /1-р хх-ийн 53-55/
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
6. Анхан шатны шүүх хариуцагч нараас нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэл болох төлбөрийн үлдэгдэл 58,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу байгааг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулна.
7. Хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Я.Ц /,,/-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
7.1. Нэхэмжлэгч Я.Ц /,,/ нь хариуцагч Ш.Бийн өмнөөс "КИ" ХХКтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Багахангай дүүрэгт цэвэрлэх байгууламжийн 2,174 м.кв бүхий барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд 112,765,000 төгрөг авах байсныг нэхэмжлэгч авсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
7.2. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ