Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0536/З |
Дугаар | 001/ХТ2016/0008 |
Огноо | 2016-01-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2016/0008
А.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намжилсүрэн, Д.Одгэрэл нарыг оролцуулан, Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 500 дугаар магадлалтай, А.Н-ын нэхэмжлэлтэй, ТаЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Н- нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ТЕГ-ын даргын 334 дүгээр тушаалаар 10 дугаар тойргын Тахарын албанд шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн шүүхийн харуул хуягаар ажиллаж эхэлсэн. Гэтэл ТЕГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дугаартай тушаалаар А.Н-ыг илтэд үндэслэлгүйгээр, хууль зөрчиж ажлаас халах шийдвэр гаргасан.
ТЕГ-ын даргын 2015 оны 5/71 дугаартай тушаалын 1, 2 дэх хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа албаны дүрэмт хувцастай явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн, шалтгаангүйгээр ажил тасалсан тул” гэх үндэслэлийг зааж Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Тахарын албан хаагчийн ёс зүйн дүрэм, Тахарын албаны хөдөлмөрийн дотоод журмуудын холбогдох зүйл заалтуудыг удирдлага болгон ажлаас халсан. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.8, Тахарын албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгүүдэд зааснаар тахарын албаны албан хаагч нь үйл ажиллагааны чиглэлээр үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийтийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдгээрээ төрийн тусгай албан хаагчид хамаарах тул түүнийг ажлаас халах шийдвэр нь дээрх хуулиудад нийцсэн байх шаардлагатай.
Тахарын албаны хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт ажилтан албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх, түр чөлөөлөх, халахад Төрийн албаны тухай хуулийн 23-25 дугаар заалтыг баримтална. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, 25.1.3-д Монгол Улсын харьяатаас гарсан үндэслэлүүдээр төрийн албан хаагчийг ажлаас хална.
ТЕГ-ын даргын 2015 оны 5/71 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт дурдсан албан үүргээ гүйцэтгэж байхдаа, албаны дүрэмт хувцастай явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн, шалтгаангүйгээр ажил тасалсан гэх нөхцөл байдлыг хууль болон дүрэмд зааснаар үнэн зөв шалгаж тогтоон, үндэслэл бүхий албаны шалгалтыг нарийвчлан явуулалгүй хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлтийг уг тушаалаар гаргасан.
А.Н- нь 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жижүүрийн хувиартай байсан бөгөөд тухайн үедээ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2 дугаар байрны шүүхийн харуул хуягаар жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд ажлын цагаар ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж байсан удаа байхгүй.
Ноцтой зөрчил гэдэг нь тухайн ажилтныг сануулахгүйгээр ажлаас халах, чөлөөлөх үндэслэлийг хэлдэг. Гэтэл хариуцагч А.Н-ыг ноцтой зөрчил гаргасан гэх боловч ноцтой зөрчил гаргасан байна гэдэг зүйлийг тогтоосон зүйл байдаггүй. Мөн нэхэмжлэгчийг удаа дараа архи ууж байсан гэдэг тайлбарыг өгдөг бөгөөд өмнө сануулах арга хэмжээ авсан, хамт олны хурлаар авч хэлэлцсэн гэж хэлж байгаа боловч өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна.
Иймд ТЕГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дугаар тушаалын 1, 2 дах хэсгийн иргэн А.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ТЕГ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намжилсүрэн, Д.Одгэрэл нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Н- нь тус албанд ажиллах хугацаандаа 2015 оны 03 дугаар сарын 29-ны өдөр "албаны дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн" нь тогтоогдсон тул "Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 4.1.10-д заасан "албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ... албаны хувцастай явах үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, ... жолоодох" холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Тахарын албаны хөдөлмөрийн дотоод журмын 15.4-т "ТЕГ-ын удирдлага, дотоод хяналт аюулгүй байдал хариуцсан нэгжийн дарга болон Тойргийн тахарын албаны даргын шийдвэрээр эрх бүхий ажилтан, алба хаагч дангаар буюу хамтран албан шалгалт явуулж, ... шалгалт явуулсан мэдээг дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан нэгжид хүргүүлнэ" гэж заасны дагуу шүүхийн харуул хуяг, туслах тахараар ажиллаж байсан. А.Н-ын гаргасан зөрчилд Аравдугаар тойргийн тахарын албаны дарга Д.Дагвасүрэнгийн баталсан төлөвлөгөөний дагуу албаны шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан болно. Дээрх зөрчилд холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн албаны шалгалтаар А.Н- нь "Албаны хувцастай архи ууж, хувцсаа хаяж явсан нь миний буруу" гэсэн тайлбарыг өгч, тайлбартай танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан, албаны шалгалтын ажиллагааг дуусгаж, материалыг 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тэмдэглэл үйлдэн А.Н-д танилцуулсан. Мөн тэмдэглэлийн зөрчилд оногдуулсан сахилгын шийтгэлийн саналын талаарх тайлбар хэсэгт А.Н- нь "... архи уусан миний буруу ..." гэсэн байгаа нь албаны шалгалтын материалд хавсаргагдсан байна.
Мөн дээрх зөрчилтэй холбогдуулан тухайн үед хамт архи уусан гэх иргэн Б.Энхцэцэгээс тайлбар авсан ба Б.Энхцэцэг нь тайлбартаа "... Эрүүлжүүлэхээс гараад Э.Галбаатар, А.Н- хоёр хүнсний 1 дүгээр дэлгүүрийн тэнд байдаг бааранд орсон. Бааранд 19.00 цаг хүртэл тэр хоёр шил архи уусан. А.Н- уусан архиныхаа мөнгөө төлөхгүй явсан. Явахдаа ажлынхаа дээгүүр өмсдөг хувцсыг орхиод явсан ..." гэсэн байна. Энэ нь албаны дүрэмт хувцсыг бусдад барьцаанд үлдээсэн зөрчил болж байгаа юм.
ТЕГ-ын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор А.Н-д холбогдох зөрчилд Маргаан хянан шийдвэрлэх комисс байгуулсан бөгөөд тухайн комиссоос 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Аравдугаар тойргийн тахарын албаны шүүхийн харуул хуягаар ажиллаж байсан туслах тахар А.Н-ын гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан ТЕГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр тушаал үндэслэлтэй" тухай дүгнэлтийг гаргасан байна.
Хариуцагч талаас А.Н-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-аар сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас халах гэсэн тусдаа заалт байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 14.2-ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан халах зохицуулалтыг оруулж өгсөн.
ТЕГ-ын даргын тушаалд Ёс зүйн дүрмийн 4.1.10-ыг үндэслэсэн бөгөөд албаны хувцастай байх үедээ архидан согтуурсан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол тайлбар дээрээ нэхэмжлэгч гарын үсэг зурахгүй байх эрхтэй байсан. Хэн ч албадан гарын үсэг зуруулаагүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ТЕГ-ын даргын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дугаар бүхий “Э.Галбаатар, А.Н- нарыг ажлаас халах тухай” тушаалын А.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, А.Н-ыг 10 дугаар тойргийн Тахарын албаны шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн харуул хуягийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан А.Н-ын ажлаас халагдсан 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговрыг зохих журмын дагуу тооцон олгохыг ТЕГ-ын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 500 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намжилсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ТЕГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу нэхэмжлэгч А.Н-ын гаргасан зөрчлийг холбогдох журмын дагуу тогтоосон бөгөөд зөрчлийн шинж байдлыг харгалзан үзсэний дагуу сахилгын шийтгэлийг ногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д "Энэ хуулийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй" гэж заасан байхад давж заалдах шатны шүүхийн магадлал нь мөн хуулийн 26.1-д заасныг буруу хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал болон гарах үр дагавар нь маш сөрөг үр нөлөөтэй учраас халах сахилгын шийтгэл ногдуулсан билээ.
Нэхэмжлэгч А.Н- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2-т "Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана" гэсэн байдгийг илт зөрчсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагч болон нэхэмжлэгчид гардуулж өгсөн хувиуд нь хоорондоо утга агуулгын хувьд зөрүүтэй байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолд "Шийтгэвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоос бусад шийдвэр нь хэрэг маргааны талаар дүгнэлт бүхий шийдлийг агуулдаг, хууль хэрэглээний эрх зүйн актын нэг төрөл болох албан ёсны бичиг баримт юм" гэж заасан байдаг.
Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны даргалагчаас хариуцагч бидэнд хандаж "текникийн алдаа гараад хэвлэхэд гүйгээд хэвлэгдсэн байна" гэж хуралдаан эхлэхээс өмнө хэлсэн нь шүүгчийн гаргасан алдааг дөвийлгөсөн тайлбар төдийгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь шүүхийн шийдвэрийг уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурсаныг харуулж байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ТЕГ-ын даргын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дүгээр тушаалын өөрт хамааралтай хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэн А.Н-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Нэхэмжлэгч А.Н-ыг “төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулан, 10 дугаар тойргийн Тахарын албаны шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн шүүхийн хуяг, харуулын ажлаас халсан ТЕГ-ын даргын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дугаар тушаалын холбогдох хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэг болон Тахарын албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тахарын албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол энэ хууль болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Тахарын албаны алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” хэмээн заасантай нийцсэн, хууль ёсны шийдвэр байна.
А.Н нь 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр албаны дүрэмт хувцастай явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон, холбогдох нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан, үүгээр нэхэмжлэгч нь ТЕГ-ын даргын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 208 дугаар тушаалаар баталсан “Тахарын албаны алба хаагч, ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 4.1.10-т “... албаны хувцастай явах үедээ согтууруулах ундаа хэрэглэх ...”-г хориглоно гэж заасныг зөрчжээ.
Шүүхүүд нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлийг үгүйсгээгүй атлаа “... зөрчлийн шинж байдал болон зөрчлийг анх эсхүл давтан гаргаж байгаа эсэхийг харгалзан үзээгүй ...” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл муутай байна.
Тахарын албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Тахарын алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн тодорхой төрлийн шийдвэр болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хууль сахиулах бие даасан байгууллага бөгөөд түүний алба хаагч нь ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах шаардлагатайг энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгээр тодорхойлжээ.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу А.Н- нь төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ажиллахаа батлан тангарагласан төрийн албан хаагчийн хувьд албан үүрэгтээ хүндэтгэлтэй хандаж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ... албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй” гэж заасны дагуу ажлын бус үед ч биеэ зөв авч явах, ёс зүйн дүрмээр хориглосон хэм хэмжээг зөрчихгүй байх үүрэгтэй, ялангуяа бусдаас хууль биелүүлэхийг шаардах үүрэгтэй хууль сахиулагчийн хувьд энэ үүргээ чанд биелүүлэх нь зүй ёсны юм.
Гэтэл шүүхүүд “... нэхэмжлэгч өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан эсэхийг баримтаар тогтоогоогүй нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлийг бий болгохгүй, энэ нь ёс зүйн зөрчлийг удаа дараа зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэсэн Хөдөлмөрийн дотоод журмын заалттай нийцээгүй” хэмээн Төрийн албаны тухай, Тахарын албаны тухай хууль болон “Тахарын албаны алба хаагч, ажилтны ёс зүйн дүрэм”-ийг хэт явцуу хүрээнд тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Иймд “... шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал, болон үр дагавар нь маш их сөрөг нөлөөтэй ...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, А.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 558 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 500 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэг, Тахарын албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ТЕГ-ын даргын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5/71 дугаар тушаалын А.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгон 10 дугаар тойргийн Тахарын албаны шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн шүүхийн хуяг, харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай А.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л. АТАРЦЭЦЭГ