Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00427

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00427

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/00051 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 25,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Д.Э-тай 2023 оны 01 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний 3.6-д зааснаар сар бүрийн 26-ны өдөр үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохирсон. 2023 оны 01 сарын 26-ны өдрөөс өдий хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан. Д.Э нь хаягтаа оршин суудаггүй учраас эрэн сурвалжлуулсан. Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг алданги 8,500,000 төгрөг нийт 25,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбар гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Д.Э-гаас 22,500,000 төгрөг гаргуулан Д.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-гаас 270,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Д.А-д 10,000,000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү гэж нэхэмжилсэн 12,500,000 төгрөгийг төлөх боломжгүй. Харин 5,000,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Зээлийн хүү өндөр байгаа учраас 7,500,000 төгрөгийг татгалзаж байна гэжээ.

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Э-д 2023 оны 01 сарын 26-ны өдөр мөнгө зээлдүүлсэн. Гэрээний дагуу алданги тооцсон тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2.   Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Э-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг, алданги 8,500,000 төгрөг, нийт 25,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 09 сарын 13-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 10/

3.   Талууд 2023 оны 01 сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.А нь 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх, Д.Э нь тохирсон хугацаанд зээл, зээлийн хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 4/

Зээлдүүлэгч Д.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2023 оны 01 сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Эгийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан банкны орлогын ордероор нотлогдож байна. /хх 5/

Харин зээлдэгч Д.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна.

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв дүгнэсэн байх боловч алдангийн хэмжээг буруу тооцоолон зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийг үндэслэлгүй нэмэгдүүлжээ. Уг алдааг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүх залруулна.

Хууль болон гэрээнд зааснаар хариуцагчийн хүлээх үүргийг тооцоход үндсэн зээл 10,000,000 төгрөг + зээлийн хүү 5,000,000 төгрөг /10,000,000 х 10% х 5 сар/ + алданги 2,610,000 төгрөг /15,000,000 х 0.3% х 58 хоног/ = 17,610,000 төгрөг болж байна.

Өөрөөр хэлбэл, алдангийг зээлийн гэрээний хугацаа дууссан 2023 оны 06 сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 08 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд тооцно.

Иймд хариуцагч Д.Э-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,610,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ.

 5.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/00051 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Д.Э-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,610,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, үлдэх 7,890,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...270,450 төгрөг... гэснийг ...246,000 төгрөг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР