Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 203/МА2024/00005

 

 

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 143/ШШ2023/00427 дугаар шийдвэртэй,

 

С.*******ийн нэхэмжлэлтэй,

 

******* ХХК-д холбогдох,

 

148 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

С.******* нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-ийн захирал Ц.*******тай Автомашин түрээслэх гэрээ байгуулан тухайн компанийн ******* тоот Хаан банкны дансанд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 130 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, мөн өдөр 20 000 000 төгрөг, нийт 160 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэвч хариуцагч компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар 2022 оны 10 cap хүрсэн тул арга буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Гэрээний төлбөрийг буцаан төлөх гэрээ байгуулан энэхүү гэрээндээ гэрээний үүргээ биелүүлэхгүй хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Хариуцагч компани 2022 оны 11 дүгээр сарын 30-нд 70 000 000 төгрөгийг С.******* миний 5601009517 тоот дансанд шилжүүлснээс хойш дахин төлбөр төлөөгүй бөгөөд тухайн гэрээний төлбөр нь алдангитайгаа нийлээд 135 000 000 төгрөгт хүрсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, гэж мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тул нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу алдангийг тооцсон болно. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулсан автомашин түрээслэх гэрээ болон 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл 90 000 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөгдөөгүй алданги 45 000 000 төгрөг нийт 135 000 000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж С.******* надад олгон иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* овогтой ******* миний бие Хятад улсын иргэн Баатарын санал тавьсны үндсэн дээр өөрийн ойр тойрны болон найз нөхдөөс NORD машины урьдчилгаанд нэхэмжлэгч С.*******ээс 160 000 000 төгрөгийг ******* мөрөн ХХК-ний дансаар дамжуулан авч Баатар луу шилжүүлсэн болно. Гэвч Хятад улсын иргэн Баатар хэлсэн хугацаандаа машин оруулж ирэхгүй удаж байсан тул Баатарыг Улаанбаатар хотод мөрдөн байцаах албанд гомдол гаргаж шалгуулж байгаа. Гэвч миний дансаар мөнгө дамжсан нь үнэн тул би энэ хүмүүсийг гомдолгүй болгож өгөхийн тулд би төлж өгөх нь үнэн болно. Иймд С.*******т 70 000 000 төгрөг хийж үлдэгдлийг нь хийж өгөхөөр ажилласан боловч ажил зогсонги байдалд орж үлдэгдлийг нь төлж чадахгүй өдий хүрсэн. Иймд үлдэгдэл мөнгө 90 000 000 төгрөгийг би төлж өгнө. Харин тэр алданги 45 000 000 төгрөгийн 20 000 000 төгрөгийг төлж өгье гэжээ.

Хариуцагч *******өрөн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн автомашин түрээслэх гэрээг байгуулахдаа ******* мөрөн ХХК-ийн захирал Ц.******* нь өөрийн компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгасан талх нарийн боовны үйлдвэрлэл, цайны газар, барилгын засал чимэглэл, замын тэмдэг, тэмдэглэгээ үйлдвэрлэх, авто машинаар ачаа тээвэрлэх, зэргээс өөр чиглэлээр буюу Авто машин түрээслэх үйл ажиллагаа эрхэлж ашиг олох зорилгоор байгуулсан хууль зөрчсөн үйлдэл нь Монгол улсын иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.9 дэх хэсэгт заасан ...хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл... хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр байх боломжгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******" ХХК-иас 148 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, ******* ХХК- ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 058 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 900 450 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 157 950 тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлын агуулга: Тус хэргийг шүүгч шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэг талыг хэт баримтлан шийдвэр гаргасан нь дараах баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2022.05.22-ний өдрийн гэрээг хариуцагч талаас Худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ, мөн нэрлэгдээгүй гэрээ ч байх боломжтой нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд шүүгч хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ гэж тайлбарлан хариуцагч талыг 90 сая төгрөгийг нэхэмжлэгч талд өгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэвч иргэний хуулийн 243 зүйлд зааснаар "худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан буюу худалдсан хөрөнгийг хүлээлгэн өгснөөр болон төлбөрийн бүрэн төлж барагдуулснаар баталгааждаг гэрээ юм.

Манай хэргийн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хувьд талуудын хүсэл зориг хамтран ажиллах, "******* мөрөн" ХХК-ийн гэрээний үндсэн дээр олж авсан нүүрс тээвэрлэх ажлыг хамтран хийх байсан бөгөөд үүнийг иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ ажиллах гэрээ гэж үзэж байна. Талууд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулахдаа С.******* 160 сая төгрөгөөр хөрөнгө оруулан БНХАУ-д үйлдвэрлэсэн НОРД маркийн тээврийн хэрэгслийг ******* ХХК, түүнийг төлөөлөн Ц.*******тай хамтран зээлээр худалдан авч нүүрс тээврийн үйл ажиллагаанд явуулан хамтран ашиг олох зорилготой байсан байна.

Гэвч хятад улсын тээврийн хэрэгсэл худалдах тал нийлүүлэх боломжгүй болж тохиролцсон хугацаанд монгол улсад импортлогдон ирэх боломжгүй болсон явдал нь С.******* өөрийгөө хохирогч болсон гэж бодон шүүхэд "******* мөрөн" XXK-с мөнгө гаргуулах болон бусад хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Гэвч иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хамтран хариуцна" гэж заасан байна.

Энэ нь хариуцагч "******* мөрөн" XXK-г зөвхөн С.*******ээс бэлэн авсан 160 сая төгрөг төлөх үүрэгтэйг илтгэж байх бөгөөд ямар нэгэн хүү алданги болон бусад зүйлд хариуцлага хүлээхгүй байх үндэслэл юм.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "гэрээний төлбөрийг буцаан төлөх гэрээ"-г мөн нэхэмжлэгч тал иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний шинжийг агуулсан учир мөн байна гэснийг шүүгч зөвшөөрч тус гэрээний 4.1.1 , 4.2 , 5.2 дугаар зүйлд зааснаар нийт хариуцагчаас 148 сая 500 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Гэвч энэ нь мөн хуулийг буруу хэрэглэж тайлбарлан шийдвэрлэсэн байна.

Учир нь тооцоо нийлэх гэрээний гол нөхцөл нь талуудын хооронд байгуулагдсан олон тооны төлбөрийг нэг төлбөр, шаардлага болгож цөөлдөг.

Мөн тус гэрээг талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох буюу талуудын хооронд байнгын олон удаа төлбөр төлөх нөхцөл үүссэн байх шаардлага гарсан байх явдал юм.

Тус тооцоо нийлэх гэрээгээр талууд эцсийн байдлаар төлөх төлбөрийн дүнг тохирох бөгөөд тохиролцвол хүү тогтоож болно гэж Иргэний хуулийн 466.5 дахь хэсэгт заасан байна.

Харин алданги заах талаар тусгаагүй боловч гэрээний хувьд нэг талаас төлбөл зохих үнийн дүнгийн талаар санал гаргаж нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг гэрээ учир талуудын гаргасан санал сүүлийнх буюу үндсэн гэрээгээр хүү алдангийн асуудлыг шийдвэрлэсэн байна гэх утгатай байна.

Гэвч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэхэмжлэгч талаас алданги тооцсон мөн түүнийг нэхэмжлэх шаардах эрх байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг тус шийдвэр хангаж чадаагүй байгаа учир хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж, хууль зүйн хувьд болон нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлт хийсэн шийдвэр болсон гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын эхний хэсэгт худалдан, худалдан авах гэрээ байгаагүй юм гэдэг зүйлийг ярьдаг. Гэтэл талууд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ нь худалдан, худалдан авах болон түрээсийн гэрээний шинжүүдийг агуулсан. Уг гэрээнээсээ 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр татгалзаад тухайн гэрээний үүрэгт С.*******ийн төлсөн 160 000 000 төгрөгийг ******* ХХК-иас олгоно гэж талууд тохиролцсон. Тус гэрээнд заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 80 000 000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 80 000 000 төгрөгийг нь С.*******т төлөх ёстой байсан. Үүнээс 70 сая төгрөгийг нь төлчихсөн. Ингээд үлдэгдэл 90 000 000 төгрөгөө нэхэмжлэгч нэхэмжлээд явж байгаа. 90 000 000 төгрөгийг хугацаандаа гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4, 232 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу алданги буюу гэрээний үүргийн гүйцэтгэл хангахаар талууд тохирсон. Үүнийхээ хүрээнд гэрээний үүргийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй учраас нийт гүйцэтгээгүй үүрэг буюу одоо дутуу байгаа 90 000 000 төгрөгөөс 45 000 000 төгрөгийг нь бид алдангийн хэмжээнд нэхэмжлээд байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4, 232 дугаар зүйлийн 6 дахь хэсэг болон 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний 4.1.1, 4.2-той нийцэж байна гэж үзсэн учраас нэхэмжилсэн. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасны дагуу ******* ХХК-тай гэрээгээр тохирсон автомашиныг С.******* гэдэг хүн өгөх боломжгүй болсон учраас 160 000 000 төгрөгийг буцааж өгье гэдэг байдлаар талууд гэрээг байгуулсан. Уг гэрээг нотариатаар батлуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн ямар хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн ойлгомжгүй гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Давж заалдах гомдол дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй учраас дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэдэг байдлаар шаардлага гаргасан байна. Дахин хэлэлцүүлэхээр буцаах нь өөрөөр хэлбэл анхан шатын шүүх дээр тухайн ажиллагаа маань давж заалдах шатын шүүх дээр гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дахин хэлэлцүүлэхээр буцаадаг. Гэтэл үүнээс гараад гомдлын шаардлага ойлгомжгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэх зүйл байхгүй байна. ******* ХХК-ийн захирал *******гийн хувьд шүүхэд өөрөө тайлбар өгч байсан. Нэхэмжлэлийн 90 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа дээр нь алдангиас 20 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар өгсөн байдаг. Гэвч С.******* нь жирийн нэгэн албан хаагч иргэн байгаа. 160 000 000 төгрөгөөр тухайн үедээ ******* ХХК-тай өгөөд 70 000 000 төгрөг авсан үлдэгдлийг нь авч чадаагүй. Хуульд заасны дагуу зайлшгүй алданги 45 000 000 төгрөгт өмгөөллийн хөлс 13 500 000 төгрөгийн үнэ бас багтаж байгаа учраас анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт шүүгч анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ талуудын хүсэл зоригыг худалдан, худалдан авах гэрээний хүсэл зоригоор илэрхийлсэн буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хүсэл зоригын шаардлага хангагдсан учраас гэрээг худалдан, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хуулийг тайлбарлачихсан. Гэтэл Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар Дээд шүүхийн эрх хэмжээнд л зөвхөн хууль тайлбарлах эрх нь байдаг. Анхан шатны шүүхэд хууль тайлбарлах эрх байхгүй. Анхан шатны шүүхийн шүүгч талуудын хүсэл зоригыг юунд үндэслэн худалдан, худалдах авах гэрээ гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Шүүгч хүсэл зоригыг тодорхойлох боломжгүй гэж манай талаас үзэж байна. Тэгэхээр тухайн үед байгуулсан гэрээний гол зүйл нь талууд ерөөсөө хамтарч ажиллая, ******* ХХК-ийн нүүрс тээвэрлэх эрхийг хамтдаа эзэмшээд, хамт тээвэрлэе, харин олж авсан ашгаа хуваая гэдэгт оршсон. Гэхдээ эхлээд нүүрс тээвэрлэхэд автомашин авах шаардлага үүссэн. Автомашин авахдаа тал талаар нь хуваагаад оруулаад ирье гэсэн тохиролцоо хийсэн. Гэтэл хамтарч ажиллаж байгаад, байдал буруугаар эргээд ирэхээр би хохирогч гээд мөнгө нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт уг гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Анхнаасаа худалдан, худалдан авах гэрээнд ямар автомашин, ямар арлын дугаартай, ямар овор хэмжээтэй нь тодорхойгүй. Бидэнд мэдэх эрх нь байсан. Гэтэл гэрээнд тэр зүйлүүдийг дурдаагүй цэг цэг гээд биччихсэн. Анхнаасаа худалдах зорилготой байгаагүй. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч анхнаасаа худалдах зорилготой байсан гэж шийдсэн. Үүнд худалдах, худалдан авах гэрээ байгаагүй. Зөвхөн хамтын харилцаа л байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч маргааны үйл баримтыг тогтоож, үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дараах дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

2.Нэхэмжлэгч С.******* нь ... 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-ийн захирал Ц.*******тай Автомашин түрээслэх гэрээ байгуулан тухайн компанийн ******* тоот Хаан банкны дансанд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 130 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг мөн өдөр 20 000 000 төгрөг нийт 160 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар 2022 оны 10 cap хүрсэн тул арга буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Гэрээний төлбөрийг буцаан төлөх гэрээ байгуулан энэхүү гэрээндээ гэрээний үүргээ биелүүлэхгүй хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулсан автомашин түрээслэх гэрээ болон 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл 90 000 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөгдөөгүй алданги 45 000 000 төгрөг нийт 135 000 000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч ******* мөрөн ХХК нь ...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн автомашин түрээслэх гэрээг байгуулахдаа ******* мөрөн ХХК-ийн захирал Ц.******* нь өөрийн компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгасан талх нарийн боовны үйлдвэрлэл, цайны газар, барилгын засал чимэглэл, замын тэмдэг, тэмдэглэгээ үйлдвэрлэх, авто машинаар ачаа тээвэрлэх, зэргээс өөр чиглэлээр буюу Авто машин түрээслэх үйл ажиллагаа эрхэлж ашиг олох зорилгоор байгуулсан хууль зөрчсөн үйлдэл нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.9 дэх хэсэгт заасан ...хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл... хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцжээ.

Хариуцагч ******* мөрөн ХХК нь 90 000 000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн ба талууд энэ талаар маргаагүй байна.

3. Зохигчид 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Гэрээний төлбөрийг буцаан төлөх 552 дугаартай гэрээ /хх-58/ -ний 1.3, 3.2, 4.2, 5.1-т Б тал гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож А талд төлнө гэж заасан алдангийг төлөх эсэх талаар маргаж байгаа тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 198 дугаар зүйлийн 198.1 Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлаж эрх зүйн харилцааг тодорхойлно.

4. Зохигчид 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Гэрээний төлбөрийг буцаан төлөх 552 дугаартай гэрээг байгуулахдаа тус гэрээний 1.1-т Гэрээний зорилго нь талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Автомашин түрээслэх гэрээ"-ний дагуу А талаас Б талын дансанд шилжүүлсэн 160 000 000 (нэг зуун жаран сая) төгрөгийг төлж барагдуулахад талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, ногдох хариуцлагыг тодорхойлж баталгаажуулахад оршино гэж зорилгоо тодорхойлсон.

Гэрээний 1.2-т А талын зүгээс Б талын ******* тоот ХААН банк дах дансанд 160.000.000 (нэг зуун жаран сая) төгрөгийг гурав хувааж 2022 оны 05 дугаар сарын 04-ний 130.000.000 (нэг зуун гучин сая) төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 (арван сая) төгрөг, мөн өдөр 20.000.000 (хорин сая) төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү мөнгийг Б тал хүлээн авсан болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь банкны хуулгаар нотлогдож байгаа болно.

1.3-т Энэхүү гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд Б тал дээрх мөнгийг ямар нэг хүү, алдангигүйгээр ашигласан бөгөөд дээрх гэрээний үүргээ (2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан "Автомашин түрээслэх гэрээ)-ний үүргийг энэхүү гэрээнд тохиролцсоноор гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож Б талаас алданги нэхэмжлэх эрхтэй.

4.1-т Б тал төлбөр төлөх тухай гэрээний үүргээ дараах хугацаанд, дараах хэмжээгээр төлж барагдуулна. Үүнд:

4.1.1. 2022 онд 11 дүгээр сарын 30-нд 80 000 000 /наян сая/ төгрөг

4.1.2. 2022 оны 12 дугаар сарын 30-нд 80 000 000 /наян сая/ төгрөг,

4.2-т Б тал гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө гэж гэрээний гол зүйлийг тохиролцон заажээ./хх-58/

5. Түүнчлэн, С.******* болон ******* мөрөн ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Авто машин түрээслэх гэрээ /хх-4-5/ нэртэй байгуулагдсан гэрээнээс үзвэл, хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулаагүй, аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй гэх зүйлгүй байгаа тул дээрх хуульд заасны дагуу гэрээг үгийн шууд утгаар нь ойлгож тайлбарлах нь зүйтэй байна. Тус гэрээнд ******* мөрөн ХХК нь Nord маркийн автомашиныг С.*******ийн өмчлөлд шилжүүлэх, С.******* нь 360 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тохиролцсон.

Иймд худалдагч тал ямар эд хөрөнгө шилжүүлэх,  худалдан авагч тал тохирсон үнэ төлөх үүргийн талаар тохиролцож хүсэл зоригоо хэн хэн нь илэрхийлсэн байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэж анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь худалдах- худалдан авах гэрээний дагуу 360 000 000 төгрөгийг шилжүүлэхээс гадна худалдан авсан автомашиныг хүлээн авах үүрэгтэй. Хариуцагч нь автомашиныг гэрээ болон хуульд зааснаар шилжүүлж өгөх үүргийг хүлээнэ.  

Хариуцагч нь дээрх үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, үүсэх үр дагавар буюу хохирлыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ******* мөрөн ХХК-иас 90 000 000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.

6. Харин дээрх гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч зөрчсөн үндэслэлээр талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Гэрээний төлбөрийг буцаан төлөх гэрээгээр хариуцагчаас алданги шаардахгүй эрхгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй:, 222.6 дахь хэсэгт Хүүгээс анз тооцохгүй: гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь худалдан-худалдан авах гэрээг цуцалснаас үүссэн төлбөрт алданги тооцож шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.******* нь алданги 45 000 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэж нэхэмжлэлээс 45 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Өмгөөлөх үйлчилгээний зардал 13 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр У.*******ад 135 000 000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөх үйлдэл хийх эрх олгох итгэмжлэл /хх-119/ -ийг 2 жилийн хугацаагаар олгосон байна. Улмаар 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр С.******* нь Ө.Эрдэнэ-Очиртой Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-120-121/ байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байгуулагдсан Гэрээний төлбөр буцаан төлөх гэрээ-ний 5.2-т заасны дагуу өмгөөллийн зардал 13 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, талуудын хооронд байгуулагдсан Гэрээний төлбөр буцаан төлөх гэрээ-ний 5.2-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэж, энэ шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн зохицуулалт нь гэрээнээс талууд татгалзаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан ба С.******* болон ******* мөрөн ХХК нь худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож, улмаар тус гэрээний төлбөрийг буцаан шаардаж гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******ын ...Уг гэрээнээсээ 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр татгалзаад тухайн гэрээний үүрэгт С.*******ийн төлсөн 160 000 000 төгрөгийг ******* ХХК-иас олгоно гэж талууд тохиролцсон. гэсэн тайлбар болон хэргийн бусад үйл баримтаар тогтоогдож байх тул дээрх гэрээний заалтыг үндэслэж хэргийн оролцогч хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж үзлээ. Түүнчлэн хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 900 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 143/ШШ2023/00427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.4, 219.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт гэж, 148 500 000 төгрөг гэснийг 90 000 000 төгрөг гэж, С.*******т олгож, гэсний дараа нэхэмжлэлийн шаардлагаас 58 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэж нэмж,

2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, ... 900 450 төгрөг гэснийг 607 950 төгрөг гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 900 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7дахь зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ш.ТӨМӨРБААТАР