Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 203/МА2024/00009

 

 

 

В.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00127 дугаар шийдвэртэй,

В.*******ийн нэхэмжлэлтэй

******* ХК-д холбогдох,

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн, Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.******* миний бие нь 2008 онд Шинжлэх Ухаан Техникийн их сургуулийг Хими технологич мэргэжлээр төгсөж 2013 оны 08 дугаар сараас Өмнөговь аймгийн ******* толгой ХК-д нарийн бичиг, 2019 оны 08 дугаар сараас мөн ******* толгой ХК-даа хүний нөөцийн ажилтнаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгууллагын зүгээс намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн билээ.

Миний бие тус компанид 10 орчим жил ажиллахдаа нэг ч алдаа дутагдал гаргалгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн хэдий ч компанийн удирдлагын зүгээс ажилтандаа хуульд үл нийцсэн шаардлага тавьж өөрөөр хэлбэл ростерийн амралтын үеэр болон 7 хоногийн амралтын өдрүүдэд ажилдаа ирэхийг шаардаж, амралтаараа очих боломжгүй байгаагаа илэрхийлэхэд загнах, өргөдлөө өг гэх мэтээр дарамтлах болсон учир би ийнхүү аргагүйн эрхэнд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өргөдлөө өгсөн билээ.

Ингээд би өөрийн хүсэлтээр бус дарамт шахалтаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн учир одоо намайг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.*******ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Б/39 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан ажилдаа эргэн орох хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч В.******* бие Өмнөговь аймгийн Цогтцэций сум ******* толгой" ХК-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Б/39 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Б/39 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж нэмэгдүүлж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч В.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...дарамт шахалтаас болж ажлаас чөлөөлөгдсөн..." гэж тайлбарлажээ. БНМАУ-ын 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 cap хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай. гэж, мөн хуулийн 2.2-т ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох" гэж тус тус заасан.

Дээрх хуулийг үндэслэл болгон Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 450 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой ******* ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, тус тогтоолын 3.1 дэх заалтаар ...компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөх...-ийг даалгасан.

Нэхэмжлэгч В.******* нь 2013 оноос хойш тус компанид гүйцэтгэх захирлын туслах, хүний нөөцийн ажилтан, хүний нөөцийн менежерээр ажилласан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн бодлого, ажилтныг сонгон шалгаруулах ажилд тэр тусмаа онцгой дэглэм тогтоосон энэ цаг хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх нэн шаардлагатай байсан.

Гэтэл компаниас зарласан сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулах, компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах, хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэрийн төсөл боловсруулах ажлын байрны тодорхойлолт боловсруулах зэрэг удирдлагын зүгээс даалгасан үүрэг даалгаврыг огт гүйцэтгээгүй, ажлын байрыг удирдлагын зөвшөөрөлгүй орхин явдаг, өглөө цагаа бүртгүүлсэн боловч тосгон дахь гэртээ орж, орой ажил тарсны дараа цагаа бүртгүүлдэг энэхүү үйлдэл, хандлагад удирдлагаас зүй ёсны шаардлага тавихад би тушаал шийдвэр боловсруулж огт үзээгүй, Г.Лхагваа дарга л хийдэг байсан би хийж мэдэхгүй, чадахгүй" гэх тайлбар өгдөг.

Бэлтгэсэн тушаал шийдвэрийн төсөл, танилцуулга нь үг үсэг, утга найруулгын алдаатай, компанийн боловсон хүчний мэдээлэл огт байхгүй зөвхөн аман байдлаар танилцуулдаг, цаасан баримт судалгаа шаардахад 14-30 хоногийн дараа дутуу мэдээлэл өгсөн зэргийг удирдлагын зүгээс удаа дараа сануулж, анхааруулж, зааж зааварчилж ажилласан боловч огт сайжраагүй, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж чаддаггүй болох нь 1 capын хугацаанд харагдсан.

Харин удирдлагын зүгээс В.*******т хүндэтгэлтэй хандаж, дээрх үйлдлүүдэд сахилгын шийтгэл оногдуулаагүй бөгөөд гүйцэтгэх боломжтой үүрэг даалгавар өгч, сонгон шалгаруулалтад ирүүлсэн иргэдийн материалыг нэгтгэн танилцуулах үүргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгөхөд 20-ны өдөр буюу баасан гарагт ажил тарахаас өмнө ажлын байраа орхин явсан, утсаар удаа дараа залгахад утсаа аваагүй, огт холбоо тогтоогоогүй тул арга буюу бичиг хэргийн ажилтан Х.Отгонбаатар, хяналт шалгалтын ажилтан Г.Энхжаргал, гүйцэтгэх захирлын туслах Ц.Маргад-Эрдэнэ нараар иргэний материалыг бүтэн 3 хоногийн турш нэгтгэн гүйцэтгүүлж, хүн нэг бүрээр судалгааг гаргуулсан.

Дээрх удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, онцгой дэглэм тогтоосон цаг үед утсаа аваагүй, албаны бэлэн байдал хангаж ажиллаагүй үйлдлийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө компанийн нийт ажилчдын хурлын үеэр удирдлагын зүгээс хүний нөөцийн ажилтан В.*******ийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хүний нөөцийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа, ажилтны ур чадвар, ажлын гүйцэтгэл туйлын хангалтгүй байгаа тул албан тушаал бууруулан томилно гэдгийг хамт олных нь өмнө ил тодоор хэлсэн. Харин нэхэмжлэгч В.*******ийг хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдэл гаргаагүй бөгөөд хурлын дараа Захиргаа, удирдлагын газрын захирлын өрөөнд орж ирэн би албан тушаал буурч ажиллаж чадахгүй өргөдлөө өгнө гээд гарч явсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 өдөр ажилдаа ирээгүй тасалсан.

В.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө өгөхийн зэрэгцээ, албаны байранд өөрийн хөрөнгөөр худалдан авсан зарим тавилгаа компанид худалдах саналтай байгаагаа илэрхийлж, өргөдөл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн.

Дээрх ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, ажилтны мэргэжил ур чадвар, үр дүнг тус тус харгалзан ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/39 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасныг тус тус заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч В.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх", 42.2.7-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх" гэж хуульд тусгайлан заасан үндсэн үүргээ биелүүлэлгүй, байгууллагын удирдлага, хамт олны үйл ажиллагааг үл дэмжин ажлаас цааргалан улмаар ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, эдэлж хэрэглэж байсан тавилга эд зүйлээ 1,9 сая төгрөгөөр худалдан борлуулсан атлаа ажил олгогчийг үндэслэлгүйгээр буруутган нэхэмжлэл гаргаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд *******" ХК-ийн удирдлагын зүгээс В.*******т хүчээр ажлаа өгөхийг тулган шаардсан, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан аливаа үйлдэл гаргаагүй учир нэхэмжлэлдээ үндэслэл болгож буй тайлбар нь үндэслэлгүй болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд ... хандах эрхтэй: гээд 154.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой шийдвэрийг нэхэмжлэгч нь мэдсэнээс хойш 30 хоногийн дотор маргах эрхтэй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч В.*******ийн нэхэмжлэл, түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч В.*******ийг ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн ажилтнаар эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1- д зааснаар хариуцагч ******* ХК-аас нэхэмжлэгч В.*******ийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15517200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.*******т олгож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ******* ХК-д нэхэмжлэгч В.*******ийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 305736 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гээс гаргасан давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 127 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн шаардлагын хэмжээнд хууль зүйн дүгнэлтээ бүрэн дүүрэн тусгаагүй, хэргийн бодит нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Нэхэмжлэгч В.******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн өргөдөл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, гэрч С.Батсайханы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч В.*******ийн зүгээс "... чи ажлаа өг, ямар ч мэдлэг боловсролгүй байна, буруу бичлээ гэж, гэрч С.Батсайханы зүгээс ...тэрийг хий, энийг хийх ажлыг нь тодорхой хэлэхгүй мөртөө та хоёрыг ажлаас ажлын байрны тодорхойлолтоор шахаж гаргана гэсэн шахалтууд байдаг байсан гэж бодож байгаа гэж тус тус мэдүүлдэг боловч нэхэмжлэгч нь ажлын байрны дарамт, зүй бус 2 шаардлага тавьсан гэдгийг нотолсон талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, гэрч С.Батсайхан нь тодорхой гэрчлээгүй байхад нэхэмжлэгч, гэрч нарын тайлбарыг үндэслэсэн атлаа иргэний хэрэгт зохигч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарган өгсөн бүхий л нотлох баримтуудыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй. Хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй болжээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т "ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3- т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасныг зөрчсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаараа нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, үүнийг нотлох баримтаар нотлоогүй болно. гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч В.*******т 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг албажаад гаргахад өөрт нь утсаар холбогдож ирж гардан аваарай гэж хэлсэн ба урьд нь ажил албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар мэдэгдэж, өөр албан тушаалд томилж ажиллуулах талаар өөрт нь хэлж, мэдэгдэж байсан.

Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаа цахимаар гардан авсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хариуцагчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаараа нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн талаарх нотлох баримт гаргаж нотлоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаар хуудсанд Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид энэ тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв. гэж дүгнэн бичжээ.

В.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй үндэслэлийг бий болгож байна. Учир нь Нэхэмжлэгч В.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ...уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй. гэж дүгнэн бичиж шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр өөрөө ойлгомжтой, тодорхой байх буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлээгүй нь тухайн тушаалын хувьд эрх зүйн үр дагавартай буюу хүчинтэй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу В.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцсэн, шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа, гэрээг цуцалсан үндэслэл, журам, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* ХК-ийн хүний нөөцийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...14-30 хоногийн дараа дутуу мэдээлэл өгсөн зэргийг удирдлагын зүгээс удаа дараа сануулж, анхааруулж, зааж зааварчилж ажилласан боловч огт сайжраагүй, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэх чадваргүй болох нь 1 сар гарны хугацаанд харагдсан.

В.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө өгөхийн зэрэгцээ, албаны байранд өөрийн хөрөнгөөр худалдан авсан зарим тавилгаа компанид худалдах саналтай байгаагаа илэрхийлж, өргөдөл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой шийдвэрийг нэхэмжлэгч нь мэдсэнээс хойш 30 , хоногийн дотор маргах эрхтэй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч В.*******ийг ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.2 дэх заалт, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсгийг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /хавтас хэргийн 38 дахь тал/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч В.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан үндэслэл нь нотлогдон тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь В.*******т мөн ч их боломж олгосон. Зааварчилгаа өгсөн. Миний хувьд ажлын хатуу шаардлага тавьж байсан. Гэхдээ энэ нь дарамтлах биш ажлын шаардлага гэж ойлгож байгаа. ...01 дүгээр сарын 20, 21-ны өдрүүд амралтын өдөр байсан уг өдөр нь боломжтой өдөр байсан учраас В.*******ийг сонгон шалгаруулалтын материал буюу нийт 953 иргэний материал ирсэн байна. Үүнийг 3 хувааж хүний нөөцийн ажилтан, менежер, захирлын туслах нарт хувааж нэгтгэн танилцуулах үүрэг чиглэл өгсөн боловч В.******* 5 дахь өдөр нь ажил тарахаас өмнө ажлаа орхиж явсан.

Ингээд амралтын өдөр ирж ажиллана гээд араас нь залгахад утсаа авахгүй, хүнээр хэлүүлэхэд хариу өгдөггүй явсаар байгаа 23-ны өглөө бүх нийтийн ажилчдын хурал дээр албан шаардлага тавьсан. Ийнхүү амралтын өдрүүдэд ирж ажиллаагүйн улмаас захирлын туслах, бичиг хэрэг, хяналт шалгалтын ажилтан гэсэн гурван хүнийг томилон бүртгэл, судалгааны ажлыг бүтэн 3 өдөр сууж байж нэгтгэж танилцуулсан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч дээрх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч В.******* нь "... компанийн удирдлагын зүгээс ажилтандаа хуульд үл нийцсэн шаардлага тавьж өөрөөр хэлбэл ростерийн амралтын үеэр болон 7 хоногийн амралтын өдрүүдэд ажилдаа ирэхийг шаардаж, амралтаараа очих боломжгүй байгаагаа илэрхийлэхэд загнах, өргөдлөө өг гэх мэтээр дарамтлах болсон учир би ийнхүү аргагүйн эрхэнд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өргөдлөө өгсөн. Гарах өргөдөл дээрээ тэр бүгдийг бичсэн байгаа. Өдөрт 2-оос 3 удаа ...чи ажлаа өг, ямар ч мэдлэг боловсролгүй байна, буруу бичлээ гэж хүнийг байнгын дарамталдаг гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч В.******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн өргөдөл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, гэрч С.Батсайханы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч В.******* нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох газарт хандсан болох нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1-189 дугаартай /хавтаст хэргийн 5 дахь тал/ албан бичгээр тогтоогдсон байна., ...ажил олгогч нь ...тушаалдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэддүгээрт заасан ямар ноцтой зөрчлийг ажилтан нь хэзээ, хэрхэн гаргасан, ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар дурдаагүй. ...хөдөлмөрийн гэрээний нэрлэн заасан ноцтой зөрчлийн аль хэсэгт хамаарагдахыг тодорхой тусгаж дүгнэгдээгүй, В.*******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ... тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгож, В.*******ийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тооцож, ******* ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 517 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.*******т олгохоор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ******* ХК-д даалгасан болно. гэсэн дүгнэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00127 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч ******* ХК нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

  Ц.ОТГОНЦЭЦЭГ