Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 Ж.Мягмаржав, Б.Отгонбаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Нямжав,

шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадар, 

цагаатгагдсан этгээд Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Мягмаржав, Б.Отгонбаяр нарт холбогдох 2016 2602 2080 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Булганууд овогт Жумдааны Мягмаржав, 1967 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Мотор Кореа” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, АОС-ын 14 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧЖ67011771/.

2. Боржигин овогт Баярхүүгийн Отгонбаяр, 1980 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Эко Цонх” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 18 айлын 2-11 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хорооллын, 11б байрны 49 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: НШ80022971/;

Б.Отгонбаяр  нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “BM” үйлчилгээний төвийн байранд Ж.Мягмаржавтай цахилгааны ажлын гүйцэтгэлийн төлбөрийн асуудлаар үл ойлголцон маргалдаж, улмаар харилцан зодолдож, Ж.Мягмаржавын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ж.Мягмаржав нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “BM” үйлчилгээний төвийн байранд Б.Отгонбаяртай цахилгааны ажлын гүйцэтгэлийн төлбөрийн асуудлаар үл ойлголцон маргалдаж, улмаар харилцан зодолдож, Б.Отгонбаярын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, Ж.Мягмаржавын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Боржигин овгийн Баярхүүгийн Отгонбаярын бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Булганууд овгийн Жумдааны Мягмаржавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ж.Мягмаржавт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Отгонбаяр нь хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.Отгонбаярын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Отгонбаяр, Ж.Мягмаржав нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б.Отгонбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “ВМ” нэртэй үйлчилгээний зориулалттай барилгын подвалын давхарт байрлах цахилгааны удирдлага, шитний өрөөнд хохирогч Ж.Мягмаржавтай цахилгааны ажлын гүйцэтгэл, төлбөр мөнгөний асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг цахилгааны шит рүү нуруугаар нь түлхэж мөргүүлэх, заамдаж түлхэх зэрэг үйлдэл гаргасны улмаас хохирогчийн биед нурууны хооронд диск урагдсан хүндэвтэр гэмтэл, мөн гарын алганы шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан. Түүний энэхүү үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан Ж.Мягмаржавын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-14-15/, эмчилгээ хийлгэсэн баримт /хх-16-19/, гэрч Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-20-21/ шинжээчийн дүгнэлт /хх-28/, шинжээч Т.Чимэд-Очирыг байцаасан тэмдэглэл /хх-32-33, 34/, Ж.Мягмаржавыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-42/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-43-45/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Иймээс Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүтнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Харин шүүх хуралдааны явцад хохирогч Ж.Мягмаржавьн биед шинжилгээ хийсэн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн №10553 тоот шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж шүүх үзээд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1562 тоот дүгнэлт гаргуулсан.

Уг дүгнэлтээр: "...ШШҮХ-ийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 10553 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Ж.Мягмаржавын биед баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Хохирогчийн биед учирсан гэх баруун гарын сарвууны 5 дугаар хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвууны зөөлөн эдийн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Ж.Мягмаржавын биед бүсэлхийн 5 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхий 5 ууцны 1 дүгээр нугалам хоорондын жийргэвчийн урагдал гэмтэл тогтоогдсонгүй”  гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 10553 дугаар шинжээчийн дүгнэлт болон 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1562 дугаар дүгнэлт нь агуулгын хувьд хоорондоо эрс зөрүүтэй юм. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 10553 дугаар дүгнэлтээр Ж.Мягмаржавын бүсэлхийн 5 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалам хоорондын жийргэвчийн урагдал бүхий гэмтэл тогтоогдсон болохыг энэхүү дүгнэлт болон мөрдөн байцаалтад шинжээчийг байцаасан мэдүүлгүүд /хх-32-33, 34/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогддог. Мөн Ж.Мягмаржав нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш “Улаанбаатар Сонгдо”, “Гранд мед” эмнэлгүүдэд шинжилгээ өгч, Солонгос Улсад эмчилгээ хийлгэсэн байдаг. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1562 тоот дүгнэлтээр “...Ж.Мягмаржавын биед бүсэлхийн 5 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхий ууцны 1 дүгээр нугалам хоорондын жийргэвчийн урагдал гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн нь өмнөх дүгнэлтүүд болоод нуруу, бүсэлхийн үе мөчид эмчилгээ, шинжилгээ хийлгэж байсан бусад баримтуудтай зөрчилдсөн эргэлзээ бүхий дүгнэлт болсон байна. Иймээс дээрх дүгнэлтийг эргэлзээтэй болсон гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлүүдэд заасныг тус тус үндэслэн 10553 дугаар шинжээчийн дүгнэлт болон 1562 дугаар шинжээчийн дүгнэлтүүдийн хооронд үүссэн зөрүүг арилгаж, эргэлзээг гаргах, эрүүгийн хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор тогтоох, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор дахин шинжээч томилох хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй юм. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасны дагуу энэхүү хүсэлтийг хангах үндэстэй байсан гэж үзэж байна.

Мөн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолд “Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь үндэслэлтэй байна. ... Шинжээч нь дүгнэлт гаргахдаа хохирогч Ж.Мягмаржавын биед үзлэг хийгээгүй, түүний бүсэлхийн 5 дугаар нугалам, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын томографын зурагт хөндлөнгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж уншуулалгүй зөвхөн ашгийн төлөө үйлчилгээ явуулдаг “Сонгдо” болон “Гранд мед” эмнэлэгт үзүүлсэн талаарх тодорхойлолт, албан бичиг, өвчний түүх зэргийг үндэслэн 10553 тоот дүгнэлтийг гаргасан нь үндэслэл муутай тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ" гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу албан ёсны үйл ажиллагаагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын эмчилгээ, шинжилгээний баримтуудыг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэг гэдэг үндэслэлээр үнэлэхээс татгалзаж, дээрх эмнэлгүүдийн шинжилгээний баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг мөн үндэслэл муутай гэдгээр үнэлэхээс тус тус татгалзсан явдал нь хэт нэг талыг барьж хохирогч Ж.Мягмаржавын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймээс дахин шинжээч томилж дээрх хоёр зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүдийн эргэлзээг болон хохирогчийн биед учирсан гэмтэл нь ямар хүчин зүйлийн улмаас бий болсон болохыг тодруулах шаардлагатай байгаа юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Ж.Мягмаржав “цахилгааны тоолуурын хайрцаг мөргүүлж нуруу хугалсан” гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Цахилгааны тоолуурын хайрцаг нь түүний нурууны дээд хэсэгт таарах өндөрт байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Мягмаржавын нурууны гэмтсэн хэсгээс 30 см дээр байрлалтай. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нар нурууны дээд хэсгээр ямар нэг зүйл мөргөх, цохигдоход нурууны доод хэсэгт гэмтэл учрах боломжгүй гэдгийг хэлсэн бөгөөд энэ гэмтэл нь зөвхөн бөгсөөрөө хүчтэй унах, шатнаас унах үед үүснэ гэсэн. Хэрэг гарах үед Ж.Мягмаржавын биед дээрх гэмтэл учраагүй. Тэрээр эрүүгийн хэрэг үүсгэснийг мэдээд өөрт нь гэмтэл учирсан гэж гомдол гаргасан. Ж.Мягмаржав Америкт 1 сар болсон гэдэг нь худлаа. 7 дугаар сарын 5-ны өдөр яваад 7 дугаар сарын 15-ны өдөр эргэж ирсэн. Цагдаагийн байгууллагаас түүнийг дуудаж өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэснийг сонсгоход “би ч гэсэн зодуулсан байхад яагаад надад эрүүгийн хэрэг үүсгэдэг юм” гэж хэлээд явсан байдаг. Үүнээс хойш 10 хоногийн дараа ирэхдээ эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсэн баримтыг авчирч өгсөн. Мөрдөн байцаалтад түүний авчирч өгсөн баримтад үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд “Ж.Мягмаржавын нуруу урагдалтай” гэх зэргээр бичсэний учрыг асуухад “Өмнөх дүгнэлтээс хуулж бичсэн юм” гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Отгонбаярын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудад Ж.Мягмаржавын биед 2 гэмтэл учирсан гэх байдал тусгагдсан. Дээрх гэмтлүүд нь Б.Отгонбаярын үйлдлийн улмаас үүсээгүй нь мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт тогтоогдсон. Хэрэг гарах үед Ж.Мягмаржав нь гартаа олон тооны боодолтой түлхүүр барьж явсан бөгөөд тэр түлхүүрээр Б.Отгонбаярын толгой руу цохисны улмаас гартаа гэмтэл учруулсан. Өөрийнх нь үйлдлийн улмаас гэмтэл учирсан. Гэрч Эрдэнэцэцэгийн мэдүүлгээр Б.Отгонбаяр Ж.Мягмаржавд гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй. Ж.Мягмаржав нь Б.Отгонбаярын толгой руу гартаа барьсан түлхүүрээрээ цохисны улмаас гар гэмтсэн байх боломжтой гэж үзэж байна. Б.Отгонбаярын үйлдлийн улмаас Ж.Мягмаржавын бүсэлхий, нуруу гэмтсэн гэж байна. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад тухайн үйлдлийн улмаас Ж.Мягмаржавын нуруунд гэмтэл учраагүй болох нь тогтоогдсон. Хүний нурууны бүтцийг авч үзэхэд нурууны сэртэн яс нь хугарч байж дараа нь диск гэмтэх ёстой. Гэтэл Ж.Мягмаржавын нурууны диск гэмтсэн байдаг. Нурууны сэртэн яс гэмтэхгүйгээр жийргэвч, диск гэмтэхгүй. Анхны шинжээчийн дүгнэлт 8 дугаар сарын 1-ний өдөр гарсан. Үүнээс 1 сар 3 хоногийн дараа дахин шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч өмнөх шинжээчийн дүгнэлтэд тусгасан зүйлийг хуулж дүгнэлт гаргасан байдаг. Шинжээч эмч амбулаторийн картнаас хуулж дүгнэлт гаргасан гэдгээ хэлдэг бөгөөд өөрийн дүгнэлтдээ “урагдалтай гэжээ”,  “шахагдсан хугаралтай гэжээ” гэж бичсэнээр энэ нь нотлогддог. Шинжээч эмч Т.Чимэд-Очирыг шүүх хуралдаанд оролцуулж асуусан бөгөөд тэрээр “энэ нөхцөл байдалд уг гэмтэл нь үүсэх боломжгүй” гэсэн. Шүүхээс шинжээч томилж Ж.Мягмаржавын биед учирсан гэмтлийн талаарх бүх материалыг судалж үзэхэд “хугарал байж болзошгүй” гэсэн үг өгүүлбэр байсан. Мөн амбулаторийн картад “Д генератив дистротив /бүсэлхийн нугалмын/ өөрчлөлттэй, ясны сийрэгжилт, бүтцийн эдгэршгүй өөрчлөлтэй” гэсэн байдаг.  Гранд мед эмнэлгийн MRI шинжилгээний хариунд “L5 S1 үеийн нугалмын дискнүүд архаг өөрчлөлттэй” гэж бичигдсэн. Ж.Мягмаржавын нурууны зургийг уншсан дүрс оношилгооны мэргэжлийн шинжээч Чулуунсүх ямар нэг хугарал гэмтэл байхгүй, архаг өвчин байна гэдгийг хэлсэн. Эдгээр баримтад үндэслэн Ж.Мягмаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шийтгэж, Отгонбаярыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй. Үүнд ямар нэг эргэлзээтэй зүйл байхгүй. Хохирогч гарны гэмтэл авсан хэрнээ Америкийн Нэгдсэн Улс руу явсан байдаг. Хэрэв Отгонбаяр түүнд гэмтэл учруулсан бол тухайн үед нь хуулийн байгууллагад хандах боломжтой байсан. Цаг тухайд нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй нь өөрөө гараа хугалсанаа ухамсарласан байдаг. Мөрдөн байцаагч түүний гарт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилсон байхад нуруугаа давхар үзүүлсэн байсан” гэв.

Прокурор М.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүх хуралдааны явцад Ж.Мягмаржавын биед үзлэг хийсэн шинжээч эмч Чимэддоржийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 10553 дугаар шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж, шүүхээс дахин шинжээч томилсон. Уг дүгнэлтэд баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарал, няцрал гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаарна гэсэн. Харин бүсэлхийн 5 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 5 дугаар үеийн нугалам хоорондын жийргэвчний урагдал гэмтэл тогтоогдоогүй гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх хуралдааны хэлэцлүүлгийн явцад авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад авагдсан гэрэл зурагт түлхэгдэж гэмтэл авсан гэх цахилгааны тоолуурын хайрцаг нь гэмтэл авсан гэх газраас эрс зөрүүтэй байсан. Мөн баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарлыг хэрхэн яаж үүссэн талаар мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадахгүй байдаг. “Баруун гарт учирсан гэмтэл хэзээ яаж учирсныг санахгүй байна” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх Б.Отгонбаярыг цагаатгасан  нь үндэслэлтэй” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Ж.Мягмаржав нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “BM” үйлчилгээний төвийн байранд Б.Отгонбаяртай  цахилгааны ажлын гүйцэтгэлийн төлбөрийн асуудлаар үл ойлголцон маргалдаж, улмаар түүнд хүч хэрэглэсний улмаас биемахбодид нь “дээд баруун 1-р шүдний сулрал, дух, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, баруун шанаа, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Отгонбаяр /хх-10-12, 177/, шүүгдэгч Ж.Мягмаржав /хх-14-15, 177/ мөрдөн байцаалтад гэрч Г.Эрдэнэцэцэг /хх-20-21/, Д.Мөнхбаатар /хх-22-23/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9122 дугаартай дүгнэлт /хх-26/, шинжээч эмч М.Золжаргалыг /хх-31/ байцаасан тэмдэглэл болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадарын гаргасан: “…дахин шинжээч томилж, дээрх хоёр зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүдийн эргэлзээг болон хохирогчийн биед учирсан гэмтэл нь ямар хүчин зүйлийн улмаас бий болсон болохыг тодруулах шаардлагатай. Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзвэл гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхбаатарын өгсөн: “...Би 2-3 удаа болиулаад байхад дахин дахин ирсээр байгаад Отгонбаярыг зодсон. Отгонбаяр бол Мягмаржавыг огт цохиж зодсон асуудал байхгүй...” /хх-23/,

шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мягмаржавын өгсөн : “...Намайг багалзуурдаад түлхсэн. Түүнийг харуулах гэж өлмийгөө өргөж зураг авахуулсан. ...Тэр тохиолдолд дээгүүрээ мөргөгдөхөд бүсэлхий хэсгээрээ савагдаж цохигдсон. ...өргөж мөргүүлсний улмаас хугарсан гэж ойлгож байгаа...” /хх-179/,

сэжигтэн Ж.Мягмаржавын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-43/, түүнд холбогдох фото зургийн үзүүлэлт №4 /хх-45/, 

шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн: “...49 настай хүн энэ гэмтлийг идэвхитэй хөдөлгөөн хийж нуруундаа хэт ачаалал өгсний улмаас үүсэх боломжтой ... Гэмтэл учирсан хугацааг яг тодорхой зааж хэлэх боломжгүй ... Нуруугаар нь цахилгааны шийтийг мөргүүлэхэд нурууны сэртэн гэмтэхгүйгээр урд талдаа гэмтэхгүй ...Рентген зургийг хараад би дүгнэлтээ гаргасан...” /хх-127-128/,

шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн: “...Анх зураг ирүүлэхдээ толгойтой бланк дээр хэвлэж ирүүлдэг юм. Дүгнэлт гаргахдаа эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн оношийг хуулж бичсэн. ... хохирогч Ж.Мягмаржавд учирсан эсэхэд эргэлзсэн зүйл байхгүй учир дүгнэлтийг гаргасан. Хугацааны хувьд асуудал байгаа...” /хх-179/,

2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Амартүвшингийн өгсөн: “...Нарийн мэргэжлийн дүрс оношилгооны их эмч Чулуунсүхийн дүгнэлтээр хугарал тогтоогдоогүй гэж үзэж байна. ... Ж.Мягмаржавын нурууны гэмтэл нь энэ хэрэгтээ шалтгаант холбоогүй. Ямар ч шалтгаанаар үүссэн байх боломжтой. ... Бүсэлхийн 5 дугаар нугаламаас өөр ямар нэгэн цүлхийлт урагдалт байхгүй. ... 5 дугаар нугалам нь аарцаг ясны дээд хэсэгт байдаг ... Нуруугаар юм мөргүүлэхэд ахар сүүлийн дээд хэсэгт гэмтэл учрах боломжгүй ... Ж.Мягмаржавд жийргэвчний урагдалт үүсээгүй нь тогтоогдсон. Нугалам гэмтэхэд тухайн хүнд маш их зовиур өгнө...” /хх-178/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1562 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...2016.08.01-ны өдрийн №1055 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ... Ж.Мягмаржавын биед бүсэлхийн 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 5 ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн урагдал гэмтэл тогтоогдсонгүй.” /хх-164-165/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд цагаатгагдсан этгээд Б.Отгонбаяр нь Ж.Мягмаржавтай цахилгааны ажлын гүйцэтгэлийн асуудлаас болж маргалдаж, улмаар түүнийг түлхэж цахилгааны шит нуруугаар нь мөргүүлэх, заамдах зэрэг үйлдэл гаргасны улмаас хохирогчийн биед нурууны хооронд диск урагдсан, гарын алганы шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1562 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн “...Ж.Мягмаржавын биед …бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 5 ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн урагдал тогтоогдсонгүй...” /хх-164/ гэсэн заалт болон дээрхи гэрч, шинжээч нарын мэдүүлэгээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 10553 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “…Ж.Мягмаржавын биед ...бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 5 ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчний урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. … эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-28/ гэсэн хэсэг үгүйсгэгдсэн гэж үзэв.

Харин, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 10553 дугаартай шинжээчийн “...Ж.Мягмаржавын биед баруун гарын сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, ... гэмтэл тогтоогдлоо. ... гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-28/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1562 дугаартай шинжээчийн “...Ж.Мягмаржавын биед баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Хохирогчийн биед учирсан гэх баруун гарын сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна, тухайн гэмтэл авсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-165/ гэсэн дүгнэлтүүдээр Ж.Мягмаржавын биед баруун гарын сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал үүссэн нь тогтоогдож буй боловч мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхбаатарын өгсөн “...Мягмаржав гаднаас гартаа түлхүүр барьчихсан орж ирж байсан. Тэгэхэд нь анзаараагүй зогсож байсан чинь баруун гараараа нөгөө багц түлхүүрээр Отгонбаярын нүүр лүү 1 удаа цохиход хүүе гэхийн завдалгүй Отгонбаяр нүдээ бариад тонгойход нь толгой дээрээс нь хэд хэдэн удаа цохисон...” /хх-23/,

мөрдөн байцаалтад Ж.Мягмаржавын сэжигтнээр өгсөн “...Би гартаа 4 ширхэгтэй хэлхээтэй түлхүүр барьсан байсан. Миний гарт тэрнээс өөр зүйл байхгүй байсан....” /хх-42/,  

2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ж.Мягмаржавын өгсөн “...Би гараа хэзээ хугарсан эсэхийг мэдэхгүй байна. Миний гарыг Б.Отгонбаяр юмаар цохиогүй. Гаранд гадны хүч үйлчилсэн байх, тодорхой санахгүй байна. Шийдний доор өндөр бетон цутгасан байсан. Түүнийг гараараа цохисон байх, Тухайн үед уурлаж бухимдаад ухаан санаа самуурсан байсан...” /хх-179/

2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Отгонбаярын өгсөн “...түлхүүртэй гараараа нүүр рүү хоёр удаа цохисон. Би зугтаахад араас хэд хэдэн удаа цохисон... багцалсан арав гаруй түлхүүрээр цохисон...” /хх-122-123/,

2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн “...Шивнүүр яс хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих буюу цохигдох үед хугарах боломжтой...” /хх-127/,

    2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн “...Түлхүүрээр цохиход сорив үлдэх эсэх нь эмчилгээнээс хамаарна. Оёдол тавиулсан бол сорив арилахгүй байж болно. Зулгаралтын сорив арилж болно...” /хх-179/ гэсэн мэдүүлгүүд болон сэжигтэн Ж.Мягмаржавын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-43, түүнд холбогдох фото зургийн үзүүлэлтийг харьцуулан үнэлж дүгнэвэл цагаатгагдсан этгээд Б.Отгонбаярын санаатай үйлдлийн улмаас шүүгдэгч Ж.Мягмаржавын баруун гарын сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс “...Б.Отгонбаярыг хохирогч Ж.Мягмаржавын баруун гарын чигчий хурууны алганы сарвууны ясыг хугалсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар “хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуульд нийцсэн, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л зүйлүүдийг бүрэн шалгасан ба анхан шатны шүүхийн дээрхи дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин цагаатгагдсан этгээд Б.Отгонбаяр гаргасан давж заалдах гомдлоосоо тус шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.