Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00115

 

 

 

 

 

     

 

С.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/04370 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ГХОХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие У ХНН-ийн маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр нийт 5 жил 5 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хариуцлага алдаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. У ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын 4-р протоколын 13-р хавсралт, У ХНН-ийн даргын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А-688 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог баталсан. Миний ажлын байрны нэршил өөрчлөгдөж, маркетингийн албаны орлогч дарга болсон. Гэтэл 2022 оны 10 сарын 20-ны өдрийн Б/I/555 тоот тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсөн ба уг тушаалын үндэслэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т гурван үндэслэлийг тусгасан бөгөөд яг аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа нь тодорхойгүй байна. Мөн миний ажлын байр байхгүй болсон гэж үзэхэд яг миний хийж байсан ажлыг маркетингийн албаны орлогч дарга Ч.М гэх хүнд хариуцуулж, шинээр ажилд авсан. Мөн маркетингийн албанд ахлах мэргэжилтэн нэг байсан тул орон тоо цөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд маркетингийн албаны орлогч даргын ажлын байранд томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн 4-р протоколын 12, 13-р хавсралтаар У ХНН-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо батлагдсан. Ерөнхий хорооны дээрх шийдвэрээр нэхэмжлэгч С.С-гийн ажиллаж байсан маркетингийн хэлтэс нь маркетингийн алба болон өөрчлөн зохион байгуулагдаж, хамран ажиллах хүрээ нь өргөжиж, тус албаны харьяанд У ХНН-ийн Г пресс төв буюу хэвлэлийн үйлдвэрийг харьяалуулсан. Ерөнхий хорооны орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Замын даргын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А/692 дугаар тушаалаар 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс маркетингийн хэлтсийг татан буулгаж, маркетингийн алба шинээр байгуулагдсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан маркетингийн хэлтэст бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан. Иймд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан С.С-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 2022 оны 09 сарын 13-ны өдөр орон тоо хасагдсан тухай мэдэгдлийг өгч, 2022 оны 10 сарын 20-ны өдрийн Б/I/555 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч С.С-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, хуульд заасны дагуу 3 сарын тэтгэмж олгосон. Г пресс төвийг маркетингийн албаны орлогч дарга өдөр тутмын шууд удирдлагаар хангаж ажиллахаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Замын даргын 2022 оны 09 сарын 21-ний өдрийн А-725 дугаар тушаалын 1-р хавсралтаар Маркетингийн албаны дүрэм, 2-р хавсралтаар Г пресс төвийн дүрэм-ийг баталсан. Тус албаны дүрмийн 3.6-д Албаны орлогч дарга нь Г пресс төвийн өдөр тутмын үйл ажиллагааг арга зүй, удирдлагаар хангана, 4.17-д Алба нь албаны ажилтнууд болон Г пресс төвөөс бүрдэнэ гэж заасан. Г пресс төвийн дүрмийн 3.4, 5.1, 5.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 7.2-т тус тус зааснаар маркетингийн албаны орлогч дарга нь Г пресс төвийн даргын үүргийг зэрэг хариуцан гүйцэтгэхээр зохицуулагдсан. Г пресс төв нь Г сонины редакц, хэвлэх цех, дэвтэрлэх цех, компьютерийн цех, аж ахуй гэсэн нэгжүүдээс бүрддэг, нийт 32 ажилтантай, өөртөө тусдаа санхүү, тайлан баланс гаргадаг салбар нэгж бөгөөд У ХНН-ийн албан хэрэгцээний бүх төрлийн үнэт цаас, маягт, хэвлэмэл хуудас, хүснэгт, ном сонин товхимлыг хэвлэдэг хэвлэлийн үйлдвэр тул нэхэмжлэгч С.С-гийн ажлын байр гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, У ХНН-ийн даргын 2020 оны А-801 дугаар тушаалын хавсралтаар Албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ыг баталсан байдаг. Нэхэмжлэгч С.С- нь маркетингийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан тул албан тушаалын зэрэглэлийн хувьд гүйцэтгэх, ангиллын хувьд ахлах (А-2) ажилтанд хамаарч байсан. Харин маркетингийн албаны орлогч дарга нь албан тушаалын ангиллын хувьд дээд (ДЭ-4) албан тушаалтан, албан тушаалын зэрэглэлийн хувьд удирдах ажилтан"-д хамаардаг тул албан тушаалын ангилал, зэрэглэлийн хувьд ч ялгаатай. Дээр дурдсан үйл баримтуудаар маркетингийн хэлтэс татан буугдсан болох нь, ахлах мэргэжилтны орон тоо хасагдсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М хувь нийлүүлсэн нийгэмлэг У-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Өөрөөр хэлбэл, маркетингийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан гэж үзсэн. Ажлын байр хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. "У ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын 4-р тогтоолын 13-р хавсралтын 27-д өмнө байсан маркетингийн хэлтсийн бүтцийг 28-д шинэчлэн маркетингийн алба болгон бүтцийг баталсан. Ингэхдээ орлогч дарга гэсэн хэсгийн ард нэршил өөрчилсөн буюу ахлах мэргэжилтний албан тушаалын нэршлийг өөрчилсөн гэх тайлбарыг тусгасан байдаг. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс ямар албан тушаалын нэршлийг өөрчилж орлогч дарга болгосон талаар тайлбар өгөөгүй бөгөөд бусад албадын орон тоо батлагдсан дараалал болон маркетингийн албаны орон тоо баталсан дарааллаас харвал ахлах мэргэжилтний орон тооны нэршлийг өөрчилсөн нь тодорхой харагддаг. Түүнчлэн, маркетингийн хэлтсийн дүрэм болон маркетингийн албаны дүрмээр хэлтэс албадын зорилго, чиг үүрэг яг хэвээрээ, орлогч дарга болон ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт мөн адил хийгдэх ажил үүрэг хэвээрээ юм.

4.2.  Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо маркетингийн албаны орлогч даргад Г пресс хэвлэх үйлдвэрийг харьяалуулсан байна гэсэн. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г пресс хэвлэх үйлдвэр нь өөрийн гэсэн бие даасан удирдлагатай, түүнчлэн Г прессийг хариуцна гэх боловч ахлах мэргэжилтний хийж гүйцэтгэж байсан ажил, үүрэг яг хэвээрээ байгаа нь баримтаар нотлогддог. Орлогч даргын ажил үүргийн хуваарьт Г прессийг нэгтгэсэн гэх боловч Г пресс нь өөрийн гэсэн удирдлагатай, мөн орлогч даргын ажлын үндсэн чиг үүрэг, зорилго, зорилт, тэдгээрийн хүрээнд хийгдвэл зохих ажлууд нь ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилттой адилхан, хийвэл зохих ажлууд ч мөн хамаарч байгаа. Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын чиг үүрэгт Г пресс төвийг удирдлагаар хангах нэмэлт ажлыг хариуцуулж, ахлах мэргэжилтний ажлын байрны нэрийг өөрчилж, орлогч даргын ажлын байрыг бий болгосон гэж үзэж байна. Албан тушаалын ангилал зэрэглэлийн хувьд орлогч дарга нь Д Э ангилалд хамаарах тул нэхэмжлэгч дээрх албан тушаалд томилогдох нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ерөнхий хорооны тогтоолд тайлбар гэх зүйл байхгүй. Албан тушаалын чиг үүрэг, цалин хөлсний зэрэглэл өөрчлөгдөөгүй байхыг нэршил өөрчлөгдөнө гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан маркетингийн ахлах мэргэжилтэн гэдэг нь гүйцэтгэх албан тушаалын 2-р зэрэглэлийн цалинтай. Харин маркетингийн албаны орлогч дарга нь удирдах дээд албан тушаалтны ангилалд хамаарах ба энэ 2 албан тушаалын хооронд зэрэглэл болон цалин хөлсний ялгаа гарна. Хуучин маркетингийн хэлтэс нь санхүүгийн балансгүй дотоод нэгж байсан бол Ган зам пресс үйлдвэрт шилжүүлснээр бие даасан баланстай, захиран зарцуулах эрхтэй алба болон хувирсан. У хэлтсийн даргаас дээшхи бүх албан тушаалтнууд нийтийн албан тушаалтан гэж явдаг. Тиймээс тухайн гүйцэтгэх албан тушаалтан ахлах зэрэглэлийн маркетингийн ахлах нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй, ердийн хөдөлмөрийн эрх зүйн харилцааны албан тушаалтан байсан. Маркетингийн албаны орлогч даргад томилж өгнө үү гэх нэхэмжлэл нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд үндэслээгүй. Эрхийг сэргээнэ үү гэдэг болохоос шүүхийн шийдвэрээр шинэ албан тушаалд томилж өгнө үү гэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                            ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч М ГХОХХК-д холбогдуулан маркетингийн албаны орлогч даргын ажил, албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 20-22, 167, 190-195/

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл, дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Талууд 2021 оны 03 сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ-г хугацаагүйгээр байгуулж, ажилтан С.С- нь маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэх, ажил олгогч М ГХОХХК нь сард 1,628,950 төгрөгийн үндсэн цалин олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах нөхцөлийг харилцан тохиролцсон. /1хх 7-9/

3.2.  М хувь нийлүүлсэн У нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын 4-р протоколын 12-р хавсралтаар У-ын бүтэц, зохион байгуулалтыг, 13-р хавсралтаар алба, бие даасан хэлтсийн түвшний орон тооны хуваарийг тус тус баталсан. /1хх 69-71, 72, 73-75, 157-160/

3.3.  Үүний дагуу М-ын даргын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А/688 тоот тушаалын 1-р хавсралтаар алба, бие даасан хэлтсийн орон тооны жагсаалтыг, А/692 тоот тушаалаар маркетингийн хэлтсийг татан буулгаж, маркетингийн албыг байгуулсан. /1хх 33, 34-36, 37/

3.4.  Ажил олгогч М ГХОХХК-ийн даргын 2022 оны 10 сарын 20-ны өдрийн Б/I/555 тоот тушаалаар С.С-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. /1хх 6/

3.5.  Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Ерөнхий хорооны 2022 оны 4-р хурлын протоколын 13-р хавсралт, У-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, хамтын гэрээний 6.8.3-т заасныг тус тус үндэслэн ба тушаалд ...бүтцийн өөрчлөлт орсон... гэсэн үндэслэлийг тусгажээ. /1хх 6/ 

4.   Ажилтан С.С- хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна. /1хх 1-арын нүүр, шүүхийн дардас, 6-тушаалыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэгээ/

5.   Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь хариуцагч компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр бодитоор хасагдсан, эсхүл цөөрсөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал:

5.1.  Ажилтан С.С-гийн гарын үсэг бүхий маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт болон ажилтан Ч.М-ийн гарын үсэг бүхий маркетингийн албаны орлогч даргын ажлын байрны тодорхолтод тусгагдсан чиг үүрэг, ажлын байрны үндсэн зорилт, ажлын байрны гол үйл ажиллагаа ижил буюу хоорондоо зөрүүгүй. /1хх 10-12, 86-88/

5.2.  Ажил олгогчийн зүгээс 2022 оны 10 сарын 20-ны өдөр маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэй С.С-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2022 оны 10 сарын 04-ний өдөр маркетингийн албаны орлогч даргаар Ч.М-ийг томилсон. /1хх 6, 89/

5.3.  Бүтцийн өөрчлөлтөөс өмнө маркетингийн хэлтэс нь хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, судалгаа, шинжилгээний инженер 1, тээврийн үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн 2, тээврийн бус үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн 2, хэвлэлийн график дизайнер 1, компьютер график дизайнер 1, нийт 9 орон тоотой байсан бол бүтцийн өөрчлөлтөөр маркетингийн алба нь албаны дарга 1, орлогч дарга 1, тээврийн үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн 2, тээврийн бус үйл ажиллагааны маркетингийн мэргэжилтэн 2, хэвлэлийн график дизайнер 1, компьютер график дизайнер 1, хэвлэл, нийтлэлийн ажилтан 1, нийт 9 орон тоотой болсон. /1хх 35/

 6.   Дээрхээс үзвэл, ажил олгогч нь бүтцийн өөрчлөлтөөр маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн-ий орон тоог хассан гэж тайлбарлах боловч тухайн ажил, албан тушаал бодитоор хасагдаагүй буюу маркетингийн албаны орлогч дарга болж нэршил нь өөрчлөгдсөн, мөн ижил чиг үүрэг, ажлын байрны үндсэн зорилт, ажлын байрны гол үйл ажиллагаа бүхий ажил, албан тушаалд бусад этгээдийг томилсон байна гэж дүгнэхээр байна.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан ...миний ажлын байрны нэршил өөрчлөгдсөн..., ...намайг ажиллаж байх хугацаанд Ч.М хэмээх хүнд ... миний ажлын байртай гүйцэтгэх ажил үүрэг нь ижил ажлын байрны тодорхойлолт дээр энэ хүнийг шинээр авч ажиллуулсан... гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. /1хх 167/

Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн-ийн ажил, албан тушаал компанийн бүтцийн өөрчлөлтөөр маркетингийн албаны орлогч дарга болж нэршил нь өөрчлөгдсөн тул нэхэмжлэгч С.С- нь тухайн ажил, албан тушаалд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг буруутгах үндэслэлгүй, улмаар давж заалдах шатны шүүхээс холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна. /1хх 167/

 7.   Үүнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан зохицуулалтад нийцнэ.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үндэслэлгүй тушаал гарсан 2022 оны 10 сарын 20-ны өдрөөс шүүхэд гомдол гаргасан 2023 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцоход дундаж цалин хөлс 2,881,672 төгрөг х 11 сар 10 хоног = 31,698,381 төгрөг + 1,309,850 төгрөг = 33,008,231 төгрөг болж байна. /1хх 4-5/

 8.   Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч М ГХОХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/04370 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.С-г М ГХОХХК-ийн маркетингийн албаны орлогч даргын ажил, албан тушаалд тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 33,008,231 төгрөгийг хариуцагч М ГХОХХК-аас гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч М ГХОХХК-д даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 322,991 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.С-гаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР