Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00187

 

 

 

 

 

     

 

О.Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/04465 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Ж-ы нэхэмжлэлтэй, хариуцагч А.Т, Т.Г нарт холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ж-, хариуцагч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2018 оны 07 сарын 27-ны өдөр Төрийн банкны Таван шар тооцооны төвөөс барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг зээлж, уг зээлээр ************ арлын дугаартай, **** УБА улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн автомашиныг лизингээр худалдан авсан. Зээлийн төлбөрт сар бүр 610,000 төгрөг төлдөг. Уг автомашинаа 2019 оны 04 сар хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан. Тухайн үед хариуцагч А.Т нь манай охин дүүтэй хамт амьдардаг байсан ба бага насны 2 хүүхэдтэй, унаа муутай байхаар нь би машинаа хэрэглүүлж байсан. 2019 оны 04 сард надаас миний машиныг гуйж авч яваад өнөөдрийг хүртэл эргүүлж өгөлгүй намайг хохироосоор байна. Гэтэл 2019 оны 08 сарын сүүлээр Т.Г над руу утсаар яриад таны Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн автомашин надад байгаа, 10,000,000 төгрөгийн барьцаанд авсан, энэ мөнгийг төлөөд машинаа ав гэж хэлсэн. 2020 оны 02 сард дахин залгаж чиний автомашин надад байна 14,000,000 төгрөг өгөөд машинаа ав гээд Худалдаа хөгжлийн банкны 458021114 тоот дансны дугаарыг явуулсан. Хэрвээ машинаа авахгүй гэвэл задлаад эд ангиар нь салгаж зарлаа гэсэн. Иймд машинаа Т.Гийн хууль бус эзэмшлээс бүрэн бүтэн гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч А.Т нь энэ автомашиныг Т.Гөд шилжүүлсэн, унаж, хэрэглэж байсан учир хамтран хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

2.   Хариуцагч А.Т татгалзал, тайлбартаа: 2018 оны 08 сард миний хамтран амьдарч байсан О.Баярцэцэг нь 5,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, Төрийн банкны Таван шар салбараар дамжуулан өөрийн төрсөн ах О.Ж-ы нэр дээр 2009 онд үйлдвэрлэсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн автомашиныг лизингээр авахуулсан. Улмаар 2019 оны 07 сараас О.Баярцэцэг маргаан бүхий автомашиныг худалдах талаар ярьж, худалдахад нь туслахыг гуйж байсан. Тухайн үед би үнэгүй.мн болон фейсбүүк-т автомашин худалдах зар тавьсны дагуу Т.Г утсаар залгаж Саппоро дээр уулзаж, худалдан авахаар болсон. 16,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг хэлэхэд би урьдчилгаа 10,000,000 төгрөг өгье, мөн би банкны зээлийг нь найдвартай төлнө, эсхүл нэг дор зээлийг нь хаагаад авна гээд О.Ж-ы дугаарыг аваад мөнгийг нь төлж дуусгаад автомашины нэрийг шилжүүлж авая гэсэн. Ингээд 2019 оны 08 сарын 01-ний өглөө 11:00 цагийн үед Т.Гийн оффисын байрны хашаанд автомашиныг байрлуулсан. Энэ үед миний дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс сарын дараа Т.Г залгаад автомашиныг чинь авахаа больсон, өдрийн 100,000 төгрөг төлөөд машинаа аваарай гэж хэлсэн. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Хариуцагч Т.Г татгалзал, тайлбартаа: Хариуцагч А.Т надаас мөнгө зээлсэн боловч өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Би А.Тулгыг хувийн шугамаар таньдаггүй, түүнээс ямар нэгэн байдлаар хөдлөх эд хөрөнгө шилжүүлж авч байгаагүй. Нэхэмжлэгч маргаан бүхий автомашиныг надад байгаа гэсэн ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр надаас нэхэмжилж байгаа нь утгагүй байна. Мөн маргаан бүхий автомашин нь Төрийн банкны өмчлөлийн зүйл гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бусдын өмчлөлийн зүйлийг хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжилж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж харагдаж байна. Хэрвээ автомашиныг Т.Гөөс гаргуулж шийдвэрлэлээ гэхэд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй. Учир нь тухайн автомашин Т.Гөд шилжсэн болох нь, хаана, хэнд байгаа нь тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан хариуцагч Т.Гөөс Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, *************** арлын дугаартай, **** УБА улсын дугаартай автомашиныг, хэрэв тухайн автомашины чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар буцааж өгөх боломжгүй бол үнэ 26,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ж-д олгож, хариуцагч А.Тд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг дурдаж, дутуу төлсөн 217,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Т.Гөөс 287,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ж-д олгож шийдвэрлэжээ.  

5.   Хариуцагч Т.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Анхан шатны шүүх 2023 оны 04 сарын 03-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, талууд нэмэлт тайлбар хэлэх шатанд Тээврийн цагдаагийн газраас маргаан бүхий автомашины талаарх лавлагаа авах-аар хуралдааныг хойшлуулсан. Дараа нь буюу 2023 оны 08 сарын 24-ний өдөр мөн л нотлох баримт шинжлэн судалсны дараа асуулт хариултын үе шатанд шүүгч нэхэмжлэгчээс асуулт асуух замаар Төрийн банкны ажилтны гэрчээр өгсөн мэдүүлэг-ийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэхдээ нэхэмжлэгч өөрийн үндэслэл, тайлбараа өөрөө нотлох үүгээ хэрэгжүүлсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй бөгөөд, үүний үр дүнд шүүх нэхэмжлэгчийн нотлох үүргийг өмнөөс нь хэрэгжүүлсэн. Тээврийн Цагдаагийн газраас гаргуулах лавлагаа, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодорхойлсон гэх Төрийн банкны ажилтны гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүсэлт гаргах замаар шүүх хуралдаанаас өмнө гаргуулах боломжтой нотлох баримт байсан буюу бүх нөхцөл байдал нь нэхэмжлэгчид илэрхий байсан. Түүнчлэн, иргэний хэрэг үүсгэснээс хойш 2 жилийн хугацаанд нотлох баримтаа бүрдүүлэх хангалттай боломжтой байсан. Дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгч өөрөө шууд болон шүүхэд хүсэлт гаргах замаар цуглуулах, тайлбар үндэслэлээ нотлох үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байхад шүүх түүнийг нь харгалзаж үзэхгүйгээр өмнөөс нь цуглуулж өгсөн. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтыг 2 удаа хэрэглэсэн нь зөрчил болсон гэж үзэж байна.

5.2.  Шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нотлох ажиллагаа явуулсан тул хөндлөнгийн төвийг сахисан байх зарчмаа зөрчиж, бүхэлдээ нэхэмжлэгчийн талд байсан. Энэ нь талууд эрх тэгш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох суурь зарчим давхар зөрчигдсөн. Шүүхийн процесс ажиллагаагаа хуульд нийцүүлэн хийж байж түүнээс гарсан шийдвэр хууль ёсны байх бөгөөд тэнд шударга ёс тогтоно.

5.3.  Шүүх давхар нотлогдоогүй, тайлбар, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь үндэслэлгүй. Гэрч нь ...Т.Г гэх хүн ярьсан... гэдэг боловч утсаар ярьсан хүн үнэхээр Т.Г мөн байсан эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд баримтууд энэ шаардлагыг хангаагүй.

5.4.  Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь автомашин болохоос үнийг төлүүлэх нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж, боломжгүй бол үнийг төлүүлнэ гэх агуулгаар шийдвэрлэсэн нь шүүх төвийг сахисан хөндлөнгийн байх, талуудын эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна. Автомашины үнийг 26,000,000 төгрөг гэж юунд үндэслэсэн нь тодорхойгүй.

5.5.  Хариуцагч Т.Г нь автомашиныг аваагүй бөгөөд, авсан болох нь хангалттай нотлогддоггүй. Тиймээс Т.Гөөс автомашин гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийг шийдвэрлэхэд автомашины өмчлөгч болох Төрийн банкны эрх ашиг хөндөгдөж байхад Төрийн банк хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй.

5.6.  Түүнчлэн О.Ж- нь Т.Г-өөс бус А.Т-саа нэхэмжлэх ёстой гэж хариуцагч Т.Г үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Гөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2.   Нэхэмжлэгч О.Ж- нь хариуцагч А.Т, Т.Г нарт холбогдуулан Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, **** УБА улсын дугаартай автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 39, 40/

 3.   Хэрэгт авагдсан 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл, нэхэмжлэгч О.Ж- нь Төрийн банкны зээлээр Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, **** УБА улсын дугаартай автомашиныг худалдан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг автомашиныг Төрийн банкны өмчлөлд шилжүүлсэн, улмаар зээлийн эргэн төлөлтийг төлж байсан, тухайн автомашиныг даатгуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Иймд О.Ж-ыг тухайн автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй этгээд гэж үзэх тул хариуцагч Т.Гийн гаргасан ...автомашин нь Төрийн банкны өмчлөлд бүртгэлтэй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй... гэсэн агуулгатай татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн банк нь тухайн автомашины бодит өмчлөгч биш, харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг өөрийн нэр дээр бүртгүүлсэн этгээд байна.

 4.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч хөрөнгө нь бусдын хууль бус эзэмшилд байгааг нотлох үүргийг хүлээнэ.

Хэргийн баримт, зохигчдын тайлбараар Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, **** УБА улсын дугаартай автомашин хариуцагч А.Т, Т.Г нарын хууль бус эзэмшилд байгаа болох нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

5.   Нэхэмжлэгч О.Ж-ы гаргасан ...2019 оны 08 сарын сүүлээр Т.Г гэж хүн над руу залгаад чиний автомашин надад байна, 14,000,000 төгрөг төлөөд аваарай... гэсэн тайлбар, хариуцагч А.Тулгын гаргасан ...2019 оны 08 сарын 01-ний өдрийн өглөө Т.Гийн оффисын байрны хашаанд автомашинаа байрлуулсан... гэсэн тайлбар, А.Т, Т.Г нарын ярьсан гэх 2020 оны 10 сарын 01-ний өдрийн аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Т.Бямбажавын өгсөн ...Байсан үгүйг нь хэлж мэдэхгүй байна. Намайг Төрийн банкинд ажиллаж байх үед Т.Г гэж хүн яриад ... танай банкны барьцаанд байгаа Мицубиши маркийн автомашиныг надад барьцаанд авчираад өгчихсөн... гэсэн мэдүүлэг зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед маргаан бүхий автомашин хариуцагч Т.Гийн эзэмшилд бодитоор байгаа болохыг эргэлзээгүйгээр нотлох баримт болохгүй юм. /хх 1, 39, 204, 206/

6.   Анхан шатны шүүх Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, **** УБА улсын дугаартай автомашин хариуцагч Т.Гийн эзэмшилд бодитоор байгаа эсэхийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй атлаа түүнээс гаргуулж нэхэмжлэгч О.Ж-д олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна.

7.   Түүнчлэн, нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал анхан шатны шүүх хариуцагч Т.Гөөс 26,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзнэ. Улмаар, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх ...автомашиныг гаргуулах, эсхүл мөнгөн хөрөнгө гаргуулах... агуулгатай шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн явагдах нь тодорхойгүй үр дагаварт хүргэхээр болжээ.

 8.   Нэхэмжлэгч О.Ж- нь хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч А.Т, Т.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч О.Ж-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/04465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар зааснаар хариуцагч А.Т, Т.Г нарт холбогдох Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, **** УБА улсын дугаартай автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч О.Ж-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.НЯМБАЗАР