Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00188

 

 

 

 

 

     

 

У.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03532 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ болон албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01776 дугаар захирамжаар Д.Б нь зээлийн гэрээний үүрэгт 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулснаар зээлийн гэрээний төлбөр бүрэн төлөгдсөнд тооцож, хариуцагч Д.Б 60,000,000 төгрөгийг төлснөөр хариуцагч У.А-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол, ** байрны **тоот хаягт байрлах 39.25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний барьцаалбараас чөлөөлөхөөр, мөн улсын тэмдэгтийн хураамжид 557,950 төгрөгийг Д.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан төлбөр төлөгч У.А миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол, ** байрны **тоот, 39.25 м.кв 2 өрөө орон сууцанд шинжээч томилж, орон сууцыг 53,500,391 төгрөгөөр үнэлсэн. 2022 оны 12 сарын 21-ний өдөр үнэлгээний мэдэгдэл гарсан бөгөөд уг үнэлгээний мэдэгдлийг надад танилцуулаагүй. Дээрх үнэлгээтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол, ** байрны **тоот, 39.25 м.кв 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/38 дугаар тогтоол гарч 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон байна. Уг дуудлага худалдаатай холбоотой 2023 оны 01 сарын 06-ны өдөр мэдэгдэл гарсан. Миний бие 2023 оны 01 сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцахад дээрх үнэлгээ хийгдсэн байхыг мэдсэн бөгөөд өмнө нь надад уг мэдэгдлийг танилцуулаагүй хууль зөрчсөн байна. 2023 оны 01 сарын 10-ны өдөр дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдэлтэй танилцаж хуулбарыг гардаж авсан болно. У.А- миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол, ** байрны ** тоот, 39.25 м.кв 2 өрөө орон сууцыг 53,500,391 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг зөрчсөн байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 сарын 19-ний өдрийн үнэлгээ болон 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/38 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 2.   Хариуцагч татгалзал, тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 1776 дугаар захирамжаар Д.Б, У.А-, Ш ХХК нараас 80,557,950 төгрөгийг гаргуулж Ш.Г-т олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол, ** байрны **тоот хаягт байрлах 39.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Б, У.А-, Ш ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан У.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол, ** байрны **тоот хаягт байрлах 39.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авч, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 53,500,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Д.Б, У.А-, Ш ХХК-д үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 12 сарын 21-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, мэдэгдлийг 2023 оны 01 сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Д.Б, У.А-, Ш ХХК-д баталгаат шуудангаар, 2023 оны 01 сарын 10-ны өдөр төлбөр төлөгч У.А-т биечлэн гардуулан өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3.   Гуравдагч этгээд Н.Э тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 1176 дугаар захирамжаар Ш.Г-ийн нэхэмжлэлтэй У.А- нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол, ** байрны ** тоот хаягт байрлах 39.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 05 сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу битүүмжилж, 2022 оны 11 сарын 30-ны өдөр хураан авсан байдаг. 2023 оны 01 сарын 03-ны 1/38 дугаартай тогтоолыг 2023 оны 01 сарын 03-ны өдөр баталгаат шуудангаар нэхэмжлэгч У.А-ын оршин суугаа хаягаар явуулсан. Мөн төлбөр төлөгч нь хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс тухайн тогтоолыг 2023 оны 01 сарын 10-ны өдөр давхар гардаж авсан байна. Одоо дуудлага худалдаа явуулах тогтоолыг надад гардуулаагүй, танилцуулаагүй, би мэдээгүй гэх тайлбар өгдөг боловч хэрэгт авагдсан 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Монгол шуудангийн баримт, 2023 оны 01 сарын 10-ны өдөр тогтоолыг гардаж авсан У.А-ын гарын үсэг, гардаж авсан огноо зэргээр тухайн тогтоолыг У.А- мэдэж байсан гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбар, татгалзал хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан 2022 оны 12 сарын 19-ний өдрийн А ХХК-ний үнэлгээг, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/38 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч У.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 5.   Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Шүүх нь гагцхүү шүүх хуралдаанаар гагцхүү иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага, эсхүл нэхэмжлэлээ өөрчилсөн бол өөрчилсөн шаардлагын хүрээнд, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн, багасгасан хэмжээнд зохигчдыг мэтгэлцүүлж шүүн таслах ажиллагааг явуулах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн эрх зүйн дүгнэлт өгч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй. Иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 сарын 03-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлээ нэхэмжлэгч тал өөрчилсөн, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгчийн 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 183/Ш32023/02633 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгээгүй гомдол болох А ХХК-ийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан 2022 оны 12 сарын 19-ний өдрийн А ХХК-ийн үнэлгээг, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/38 тоот анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

5.2.  Нэхэмжлэгч нар баталгаат шуудангаар явуулсан үнэлгээний дүгнэлтийг гардаж аваагүй, үнэлгээний дүгнэлтийг 2023 оны 01 сарын 10-ны өдөр мэдсэн гэж маргаж байх боловч гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар хангалтай нотолж чадаагүй болно. Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан хөдөлшгүй баримт болох баталгаат шуудангаар явуулсан баримтыг үнэлээгүй атлаа нэхэмжлэгч талын баталгаат шууданг хүлээн аваагүй гэх үгэнд үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасан асуудлаар гомдол гаргаагүй бөгөөд 55.3-т зааснаар үнэлгээний дүгнэлтийг мэдэгдээгүй гэж гомдол гаргасан байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барьцаа хөрөнгийг үнэлэх талаар талуудаас санал авсан, хөрөнгийг үнэлэх үнэлгээчин томилсон, үнэлгээний дүгнэлт гаргуулсан үйл баримтуудтай маргаагүй. Анхан шатны шүүхээс гомдол гаргаагүй асуудлаар буюу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч харилцан тохиролцсон эсэх талаар зохих ажиллагаа явуулж, тохиролцоогүй бол мэргэжлийн үнэлгээчин томилох ёстой... шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хоорондоо харилцан тохиролцож үнийг тогтоох боломжийг хангах талаар ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 2.   Нэхэмжлэгч У.А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол /13180/, ** байр, **тоот хаягт байршилтай, 39.25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 53,500,391 төгрөгөөр үнэлсэн А ХХК-ийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн үнэлгээ, Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/38 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 24/ Энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар шийдвэр гаргасан... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Гуравдагч этгээд Н.Э нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. /хх 134/

3.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01776 дугаар захирамжаар хариуцагч Д.Баас 80,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г-т олгож, хариуцагч Д.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох У.А-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол /13180/, ** байрны **тоот хаягт байршилтай, 39.25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /хх 28-34/

 4.   Шүүгчийн дээрх захирамжийг албадан биелүүлэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 03 сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, захирамжид заагдсан орон сууцыг 2022 оны 05 сарын 03-ны өдөр битүүмжилж, 2022 оны 11 сарын 30-ны өдөр хураан авч, үнэлгээг талууд, өмчлөгч тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 12 сарын 14-ний өдөр шинжээчээр А ХХК, захирал Ч.Жамьянг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх 35, 37-38, 41-42, 48/

 5.   Анхан шатны шүүхийн хийсэн ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хоорондоо харилцан тохиролцож үнийг тогтоох боломжийг хангах талаар ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй... гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, хэргийн 44-47-р талд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлэх тухай мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгчид шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн талаарх баримтууд авагдсан байна.

Төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй явдлыг үнэлгээг талууд, өмчлөгч тохиролцоогүй үндэслэлд хамааруулан ойлгох бөгөөд энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчин томилсон нь зөв, уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус нийцнэ.

 6.   А ХХК-ийн үнэлгээчин Б.У нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчинд 2022 оны 12 сарын 14-ний өдөр эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлаж, тэмдэглэл үйлджээ. /хх 72, 49-50, 51/

Улмаар, шинжээч нь захирамжид заасан Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол /13180/, ** байрны **тоот хаягт байршилтай, 39.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэ 2022 оны 12 сарын байдлаар 53,500,391 төгрөг болохыг тогтоосон байх ба үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, үнэлгээний зүйлийн шинж чанар /байршил, ашиглалтад орсон он, бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, эдэлгээ г.м/-ыг тодорхой тусгасан байна. /53-72/

Нэхэмжлэгч нь ...орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн... гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

 7.   Шинжээчийн гаргасан үнэлгээний тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгчид шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацаанд баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн байна. /хх 73-76/

8.   Үүний дараа Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/38 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 53,500,391 төгрөгийн 70 хувь болох 37,450,274 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ тухай төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгчид мөн баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн байна. /хх 77, 79-82/

 9.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлэхээр, 15 дугаар зүйлийн 15.7-д ийнхүү шуудангийн байгууллагад шилжүүлсэн бол хүргүүлсэнд тооцохоор тус тус хуульчилсан байх тул ...үнэлгээний мэдэгдлийг танилцуулаагүй, дуудлага худалдааны мэдэгдлийг танилцуулаагүй, үнэлгээ болон дуудлага худалдааны талаар 2023 оны 01 сарын 10-ны өдөр мэдсэн... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн ...мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх нь нотлогдохгүй... гэх дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 10.   Нэхэмжлэгч нь үнэлгээний талаархи гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргаагүй, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын талаархи гомдлоо мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан журмын дагуу гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

 11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч У.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол /13180/, ** байр, **тоот хаягт байршилтай, 39.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 53,500,391 төгрөгөөр үнэлсэн А ХХК-ийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн үнэлгээ, Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/38 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч У.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа гуравдагч этгээд Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.НЯМБАЗАР