Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00251

 

 

 

 

 

     

 

 

 

Ц.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/03376 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч И ТӨААТҮГ-т холбогдох, хохиролд төлсөн 7,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие И-ын тусгай үйлчилгээний, шатахуун хангалтын албаны нийтийн тээврийн жолоочоор 1988 оны 08 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл 35 дахь жилдээ ажиллаж байна. 2022 оны 07 сарын 16-ны өдөр албан үүргээ биелүүлж яваад анх удаа авто тээврийн зөрчил гаргасан. Албан байгууллагын тээврийн хэрэгслийн жолооч учраас байгууллагаас жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгалыг хариуцан хийлгэсэн. Гэтэл уг осол гарсан үед байгууллагын даатгалын хугацаа дууссан үндэслэлээр даатгалын байгууллагаас хохирол нөхөн төлөгдөх боломжгүй болсон. Иймд би өөрөө бусдаас зээл авч хохирогчид учирсан хохирол болох 7,500,000 төгрөгийг төлсөн. Даатгалын хугацаа хүчин төгөлдөр байсан бол даатгалын байгууллага хохирлыг бүрэн хариуцах боломж байсан. Байгууллага нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасныг зөрчиж даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан байсан. Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсны улмаас бусдад учирсан хохирлыг өмчлөгч бүрэн хариуцахыг хуульчилжээ. Энэ тухай байгууллагадаа хандаж миний төлсөн төлбөрийг байгууллагаас гаргуулан надад олгож өгөхийг хүсэж өргөдөл гаргасан боловч байгууллага хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандаж байна. Иймд хохиролд төлсөн 7,500,000 төгрөгийг гаргуулан иргэн Б.Жавхлант надад олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Ж- нь 2022 оны 07 сарын 16-ны өдөр албан үүргээ биелүүлж яваад авто тээврийн осол гаргасан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.2.1, 12.2.2, мөн албан тушаалын тодорхойлолтын 2-т тус тус зааснаар Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолоочийн хувьд Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг мөрдөж, аюул осолгүй үйлчилгээ үзүүлж, хариуцлагатай оролцох ёстой байсан бөгөөд даатгалгүй машинаар албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, холбогдох албан тушаалтанд даатгалд хамруулах талаар шаардлага тавьж болох байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 5,430,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж-ад олгож, үлдэх 2,070,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 101,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж-ад олгож шийдвэрлэжээ.

 4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Заавал даатгуулсан байх үүрэг нь Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч, ажилтан Ц.Ж-ын үүрэг байх ба тодруулбал Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зуйлийн 5.3-т Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон "С", "D" ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна гэж, Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д "тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг гэж тус тус зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамааран ажилтан Ц.Ж- нь жолоочийн даатгалд заавал даатгуулсан байх үүрэгтэй байна.

4.2.  Энэ талаар шүүх хуралд удаа дараа тайлбарлаж, нотолсон боловч үүнийг шүүх дүгнээгүй, мөн үгүйсгэл үндэслэлийг шүүхийн шийдвэрт заагаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцоогүй, улмаар тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Ц.Ж- нь хариуцагч И ТӨААТҮГ-т холбогдуулан хохиролд төлсөн 7,500,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ...Жолоочийн хариуцлагын тухай хуулийн 5.3-т зааснаар нэхэмжлэгч нь жолоочийн даатгалд даатгуулах үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь даатгалгүй тээврийн хэрэгслээр албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, холбогдох албан тушаалтанд даатгалд хамруулах талаар шаардлага тавьж болох байсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 17/

3.   Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Нэхэмжлэгч Ц.Ж- нь 2022 оны 07 сарын 16-ны өдөр 10:10 цагт Иргэний нисэхийн ерөнхий газрын өмчлөлийн Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн **** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Д.Жамьянсүрэнгийн жолоодож явсан Киа Бонго /Kia Bongo/ маркийн **** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. /хх 24, 60-67/

3.2.  Дээрх зам тээврийн осолд Ц.Ж- гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 0432233 дугаартай шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгуулсан. /хх 75, 76/

3.3.  Нэхэмжлэгч Ц.Ж- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр И ТӨААТҮГ-т нийтийн тээврийн жолоочоор ажилладаг бөгөөд зам тээврийн осол гарах үед албан үүргээ гүйцэтгэж явсан. /хх 102-105/

3.4.  Х үнэлгээ ХХК-ийн гаргасан 2022 оны 08 сарын 23-ны өдрийн 865 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар Киа Бонго /Kia Bongo/ маркийн ****УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,430,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. /хх 100/ 

4.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоож, хариуцагч И ТӨААТҮГ-аас 5,430,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ж-ад олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д заасан зохицуулалтад нийцжээ. Тодруулбал:

4.1.  Жолоочийн хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т тус тус зааснаар хариуцагч И ТӨААТҮГ нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоочийн даатгалд заавал даатгуулах үүргийг хүлээх бөгөөд ийнхүү даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

4.2.  Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх тул ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн нэхэмжлэгч Ц.Ж- үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг хариуцагч И ТӨААТҮГ-аас шаардах эрхтэй байна.  

5.   ...Анхан шатны шүүх Жолоочийн хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан зохицуулалтад дүгнэлт өгөөгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:

5.1.  Хэрэгт авагдсан Х даатгал ХХК, И төв-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 06 сарын 23-ны өдрийн Г21318593 тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, түүний хавсралт, И төв-ийн 2021 оны 08 сарын 14-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 10-1/691 тоот албан бичиг зэргээс үзвэл хариуцагч байгууллага нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлан, шалгаруулсны үндсэн дээр багцаар нь даатгуулдаг болох нь тогтоогдсон. /хх 25-28, 29-35/

Иймд нэхэмжлэгч Ц.Ж- нь тендер зарлах, сонгон шалгаруулах, даатгалын гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш тул түүнийг Жолоочийн хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу даатгалын гэрээ байгуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

5.2.  Жолоочийн хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-т тус тус заасан зохицуулалт нь өрсөлдөх хэм хэмжээ байх бөгөөд тус маргааныг өмчлөгчид холбогдох заалтыг хэрэглэн шийдвэрлэх нь зүйтэй.

 6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/03376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч И ТӨААТҮГ-аас 2023 оны 12 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 101,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР