Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00321

 

 

 

 

 

     

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03450 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ТӨХХК-д холбогдох, гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцааны үлдэгдэл 90,276,075 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь 1000 айлын орон сууц төслийн хүрээнд зарлагдсан тендерт шалгарч Т ТӨХХК-тай 2014 оны 06 сарын 09-ний өдөр 2014/02-20 дугаартай У аймгийн У суманд баригдах 105 айлын 3 орон сууцны барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр М" ХХК нь У аймгийн У суманд 105 айлын 7 давхар 3 орон сууцны барилга бүхий 1,302 м.кв талбай, 22,151 метр эзэлхүүнтэй, төмөр бетон каркасан бүтээцтэй, хөөсөн дуулаалгатай, зоорьтой 7 давхар, барилга угсралт барилгын засвар, тоног төхөөрөмж суурилуулах ажлын дотор инженерийн шугам сүлжээ, цахилгаан холбоо, дулаан цэвэр, бохир усан хангамж бүхий барилгын ажлыг гүйцэтгэх, Т ТӨХХК буюу захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч 6,595,831,491 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тохиролцсон. Манай компани гэрээний үүргээ биелүүлэн У аймгийн У суманд 105 айлын 7 давхар 3 орон сууцны барилгын ажлыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн болох нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах 2015 оны 08 сарын 31-ний өдрийн 22 дугаартай комиссын акт-аар нотлогдоно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийг дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 329,791,575 төгрөгийг барьцаалах нөхцөлийг тохиролцсон. Захиалагчаас дээрх барьцаалагдсан мөнгөнөөс зохих хэсгийг буцаан шилжүүлэн өгсөн боловч үлдэх 90,276,075 төгрөгийг төлөхгүй хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж манай компанийн эрх ашгийг хохироож байна. Манай компани гэрээнд заасан ажлын үр дүнг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам стандарт норм нормативт нийцэж байгаа эсэхийг шалган авах үүрэг бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс шалган хүлээн авснаар дээрх доголдол байхгүй нь баталгаажсан. Харин улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулснаас хойш мэдэгдэх боломжгүй биет байдлын доголдлын хувьд баталгаат хугацааны дотор буюу 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор хууль болон гэрээнд заасан. Баталгаат 3 жилийн хугацаанд гарсан доголдол, засваруудыг хариуцан гүйцэтгэсэн. Харин барилгыг ашиглалтад оруулснаас хойш 3 жил өнгөрсөн байхад гомдлын шаардлага гарган барьцаа мөнгийг өгөхөөс татгалзаж байгаа нь хууль болон гэрээгээ зөрчиж байна. Иймд У аймгийн У суманд баригдах 105 айлын 3 орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцааны үлдэх хэсэг болох 90,276,075 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Тус компани нь 2014 оны 06 сарын 09-ний өдөр 2014/02-20 дугаартай "У аймгийн У суманд баригдах 105 айлын 3 орон сууцны барилгын барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-г "М" ХХК, "Б ХХК, "Д ХХК-ийн түншлэлтэй харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээний дагуу нийт үнийн дүнгийн 5 хувь болох 329,791,575 төгрөгийг чанарын баталгааны барьцаа төлбөрт суутгасан. Гүйцэтгэгч талаас 2015 онд 3 орон сууцыг ашиглалтад оруулсан боловч барьж, ашиглалтад оруулсан орон сууцнууд нь БНбД болон техникийн тодорхойлолтод заасан стандарт шаардлагад нийцээгүй, чанар муутай, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц муу материалаар хийгдсэн болох нь У аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 20-07-030-131 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шалгалтаар "27, 28, 29-р байрны барилга нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д Механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх гэж заасныг хангахгүй байна гэж дүгнэлт гарсан. Дээрх гологдол, гэмтлүүд нь барилгыг ашиглаж байх явцад буюу чанарын баталгааны гурван жилийн хугацаанд үүссэн нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон манай байгууллагаас хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон. Үүний дагуу М" ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч тус компаниас бодитой арга хэмжээ аваагүй. Манай байгууллагаас уг асуудалтай холбогдуулан 2020 онд У аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт болон оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл, гомдолд үндэслэн орон сууцнуудад хэмжилт хийж, ажлын тоо хэмжээг гаргасан бөгөөд засварын ажлын төсөвт өртөгт 95,279,435 төгрөг шаардагдах тухай гүйцэтгэгчид албан бичгээр хүргүүлсэн боловч мөн адил ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул чанарын баталгааны үлдэгдэл 90,276,075 төгрөгийг гүйцэтгэгч талд олгоогүй. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 2014/02-20 дугаартай үндсэн гэрээний хавсралт болох "Гэрээний ерөнхий нөхцөл"-ийн 33.1-т Хэрэв гүйцэтгэгч зөрчил, гологдлыг төслийн менежерийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж арилгаагүй бол төслийн менежер зөрчил, гологдол арилгахад шаардагдах зардлыг тооцож гүйцэтгэгчээс гаргуулна" гэж заасны дагуу чанарын баталгааны үлдэгдэл барьцаа төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үндэслэлгүй. Түүнчлэн, дээрх асуудлаар 2020 онд гүйцэтгэгч талын түншлэлийн гишүүн "Б" ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 182/ШШ2021/02190 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барилгын чанарын баталгаат хугацаа 2018 онд дууссан гэж нэхэмжлэгч тал үзсэн бөгөөд уг хугацаанаас тооцож үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хугацаа дууссан байх тул "М" ХХК нь шаардах эрхээ алдсан буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Т ТӨХХК-д холбогдох гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцааны үлдэгдэл төлбөрт 90,276,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 609,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 2014/90-20 дугаартай У аймгийн У суманд баригдах 105 айлын 3 орон сууцны барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ний тусгай нөхцлийн 45.0-т заасан чанарын баталгааны барьцаа хөрөнгөнд төлөх төлбөр бүрээсээ суутгуулж байсан 5 хувийн чанарын баталгааны барьцааны үлдэгдэл 90,276,075 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Тус тендерийн баримт бичгийн Гэрээний тусгай нөхцөлийн 45.0-т чанарын баталгааны 5 хувь, 49.0-т гүйцэтгэлийн баталгаа 5 хувь байх-аар заасан. Манай компани гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 330,000,000 төгрөгийг Хас банкинд байршуулсан ба уг мөнгөө бүрэн авсан тул гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл нэхэмжлээгүй. Харин чанарын баталгааны барьцааг захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөр бүрээс 5 хувь буюу 329,791,575 төгрөгийг суутган авсан. Чанарын баталгааны 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад буцааж өгөөгүй тул шүүхэд хандсан. Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд зааснаар гүйцэтгэлийн болон чанарын баталгааны барьцаа 2 тусдаа зохицуулалттай.

4.2.  Гэрээний ерөнхий нөхцлийн 45.0-т барьцаа хөрөнгийн талаар заасан ба 45.2-т заасны дагуу ажил бүрэн дууссан учир бэлэн мөнгөөр болон бартераар 239,515,500 төгрөгийг авсан. Харин үлдэх 90,276,075 төгрөгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа авахаар болсон. Гэрээний тусгай нөхцлийн 32.0-т Чанарын баталгаат хугацаа 3 жил байна гэж зааснаар улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс хойш буюу 2015 оны 08 сарын 31-ний өдрөөс 3 жилийн хугацаанд гарсан зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгахаар заасан. Ингээд 3 жилийн хугацаанд гарсан зөрчил, гологдлыг тухай бүрт нь арилгаж байсан ба 2018 оны 08 сарын 31-ний өдөр чанарын баталгаат хугацаа дууссан. Гэрээний ерөнхий нөхцлийн 30.1-д Төслийн менежер гүйцэтгэгчийн ажлыг шалгаж, илэрсэн зөрчил, гологдлын талаар түүнд мэдэгдэнэ гэж заасан бөгөөд захиалагчаас чанарын баталгаат хугацаанд ажлыг шалгасан зүйлгүй. Харин 1-р байрны лифтны үйл ажиллагааны талаар 2018 оны 02 сарын 21-ний өдөр албан бичиг ирүүлсэн ба тухайн үед лифт сайн ашиглаж чаддаггүй иргэд болон хүүхдүүд лифтээр тоглож лифтийг гацаасан байсан учир лифт хариуцан суурилуулсан мэргэжлийн компанид хандан засвар үйлчилгээ хийж ажиллагаанд оруулсан. Үүнээс хойш лифттэй холбоотой зөрчил, гологдол ирж байгаагүй. Гэтэл шүүх эвдрэл гэмтлийг хэдийд засварласан, энэ зөрчил хэдий болтол үргэлжилсэн нь тодорхойгүй байх тул баталгаат хугацаа буюу гомдлын шаардлага гаргах хугацаа Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасны дагуу дуусгавар болоогүй гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: бид лифтийг тухайн үед засварласан учир энэ талаар дахин албан тоот өгөөгүй. Хариуцагчаас өгсөн 2019 оны У аймгийн улсын байцаагчийн дүгнэлтийг бидэнд танилцуулаагүй, хэргээс анх мэдсэн. Мөн тухайн албан тоот чанарын баталгаат хугацаа дууссанаас хойш гарсан тул манай компанид хамаарахгүй. Орон сууцны лифт байнга ашиглагддаг учир эвдрэл, гацаа гарахыг манай компани хариуцах үүрэггүй. Оршин суугчдын ашиглалтаас үүссэн эвдрэл, гэмтлүүд байсан.

4.3.  Хариуцагчаас гаргаж өгсөн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн У аймагт албан томилолтоор явсан тухай ажлын тайланд лифт эвдэрсэн талаар байдаггүй. Тэгэхээр лифтийг хэдийд засварласан, хэдий болтол үргэлжилсэн гэж шүүх дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй. Нөгөө талаар зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байвал тухайн маргаж байгаа харилцааг гэрээнд хэрхэн зохицуулсан талаар дүгнэх ёстой байхад шүүх талууд энэ талаар зохицуулсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийн заалтуудыг үндэслэн маргасан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

4.4.  Шүүх хариуцагчаас гарган өгсөн албан тоот болон өргөдөл, тайлан, ажлын төсвийн баримтаар нотлогдож байна гэсэн боловч энэ албан тоотуудын заримыг нь нэхэмжлэгч авч байгаагүй талаар тайлбарлаж хариуцагч өгсөн болохоо нотолж чадаагүй байхад шүүхээс нотлогдсон гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ талаар Гэрээний ерөнхий нөхцлийн 6-д заасны дагуу хариуцагчаас мэдэгдэл бүхий албан тоотууд өгсөн талаар нотолж чадаагүй байхад шүүх гэрээний заалтыг үнэлж дүгнэхгүй шийдсэн.

4.5.  Гэрээний ерөнхий нөхцлийн 30.1-д Төслийн менежер ажлыг шалгаж зөрчил, гологдлыг илрүүлж мэдэгдэх, 32.1-д гэрээний тусгай нөхцөлд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө гэж захиалагч буюу хариуцагчаас шалтгаалахаар байгаа гэрээний зохицуулалтыг хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн 33.1-д заасны дагуу 2018 оны 02 сарын 21-ний өдөр өгсөн 1-р байрны лифтийг хэвийн болгох тухай албан тоотын дагуу лифтийг засварлаагүй байсан бол шаардагдах зардлыг тооцон нэхэмжлэх эрхтэй байна. Гэтэл манай компаниас лифтний засварын зардал нэхээгүй, үүнийгээ нотолж чадахгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч нь манай компанид чанарын баталгааны 5 хувийн үлдэгдэл 90,276,075 төгрөгийг өгөхгүй байх үндэслэлээ нотолж чадаагүй учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү. гэжээ.

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т ТӨХХК-д холбогдуулан гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцааны үлдэгдэл 90,276,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 20-21/

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Т ТӨҮГ болон М ХХК, Б ХХК, Д ХХК-иуд 2014 оны 06 сарын 09-ний өдөр 2014/2-20 тоот У аймгийн У суманд баригдах 105 айлын 3 орон сууцны барилгын барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-г байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь У аймгийн У суманд 105 айлын 7 давхар 3 орон сууцны барилга бүхий 1,302 м.кв талбай, 22,151 м.куб эзлэхүүнтэй, төмөр бетон каркасан бүтээцтэй, хөөсөн дулаалгатай, шавардлага өнгөлгөөтэй, хөнгөн блокон хана, төмөр бетон цутгамал хучилттай, зоорьтой барилгын барилга угсралтын ажил, дотор инженерийн шугам сүлжээний ажлыг 2014 оны 06 сарын 16-ны өдөр эхэлж, 2014 оны 12 сарын 25-ны өдөр ашиглалтад оруулах, захиалагч нь ажлын хөлс 6,595,831,491 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 10-12/

3.2.  Дээрх барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ын 2015 оны 08 сарын 31-ний өдрийн 21 дугаартай актаар ашиглалтад хүлээн авсан. /хх 6-9/

3.3.  Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 43 дугаар зүйлийн 43.6-д Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно гэж, Тендерийн баримт бичиг-ийн 45.0-д Захиалагч нь гүйцэтгэгчид төлөх төлбөр бүрээс 5 хувийг чанарын баталгааны барьцаа хөрөнгөнд тооцон суутгаж авна гэж тус тус заасны дагуу 329,791,575 төгрөгийг суутган авсан, үүнээс 239,515,500 төгрөгийг гүйцэтгэгчид буцаан өгч, үлдэх 90,276,075 төгрөгийг өгөөгүй. /хх 67-арын нүүр, 166/

3.4.  У аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 20-07-030-131 тоот дүгнэлтээр У сумын 3-р багийн Галданбошигт хорооллын 27, 28, 29-р байрны барилгын эргэн тойрны бетон хаяавч суулт үүссэн, хананаас хөндийрсөн, суурь болон зоорийн давхар руу ус орох нөхцөл бүрдсэн, гадна засалд ан цав үүссэн, дулаалгын хөөсөнцөр хавтан хөндийрсөн, тортой шавардлага ховхорсон, барилгын дотор талд дүүргэгч хана, цутгамал төмөр бетон дам нуруу, баганын уулзвар хэсгүүдээр ан цав үүссэн, хүйтний улиралд тухайн ан цаваар дулаан алдагдаж, гаднаас тоос шороо, тортог барилга руу ордог, барилгын ус зайлуулах цайрдсан төмөр хоолой салж унасан, гадна дотор засал хуучирч элэгдсэн, зоорийн давхарын бохирын шугамын бэхэлгээ төмөр салсан, налуу алдагдсан, гадна бохирын шугам тослогтож бөглөрөл үүсдэг, дээврийн техникийн давхрын битүүмжлэл алдагдаж ус орсон, гадна дотор засал хуучирч элэгдсэн, цахилгаан шатанд байнга гэмтэл гардаг болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр барилгууд нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэгджээ. /хх 85/

3.5.  У сумын 3-р багийн Галданбошигт хорооллын 27, 28, 29-р байрны түрээслэгч оршин суугчдаас Т ТӨХХК-д барилгын чанартай холбоотой гомдол, мэдээллийг тогтмол ирүүлдэг. /хх 89-100/

3.6.  Т ТӨХХК нь өмнө дурдсан улсын байцаагчийн дүгнэлт, түрээслэгч оршин суугчдаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу ажилласан байх ба У аймгийн У сумын 105 айлын орон сууцны барилгын засварын ажлын төсвийг Барилгын хяналтын инженер, Барилгын төсөв хариуцсан мэргэжилтэн нар нийт 95,279,435 төгрөг гэж тогтоосон. /хх 179-195/

4.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасантай нийцжээ. 

5.   Нэхэмжлэгчийн гаргасан ...гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан... гэх тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь:

5.1.  Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор зохицуулжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ын 2015 оны 08 сарын 31-ний өдрийн 21 дугаартай актаар ашиглалтад хүлээн авсан өдрөөс хойш Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацааг тоолоход 2018 оны 08 сарын 31-ний өдөр дуусахаар байна.

Т ТӨХХК-ийн 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 1/223 тоот мэдэгдлээр Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх шаардлагыг хангаж ажиллах тухай М ХХК-д дээр дурдсан хугацааны дотор мэдэгдэж байжээ. /хх 96/

5.2. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолохоор тус тус зохицуулжээ.

У аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 20-07-030-131 тоот дүгнэлтээр барилга, байшингийн доголдлыг тогтоосон үеэс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацааг тоолоход 2022 оны 04 сарын 30-ны өдөр дуусаж байна. /хх 85/

6.   Иймд хариуцагч Т ТӨХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөр зохих хөлсийг бууруулах гэж заасны дагуу чанарын баталгааны барьцаа хөрөнгөнд тооцон суутган авсан мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 90,276,075 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д өгөх үүрэггүй байна.

7.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 610,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР