Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 12 210/МА2024/00137

 

 

Б.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/03834 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: И

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцанд хийсэн засварын зардалд 10,273,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орон сууц түр эзэмшүүлэх гэрээг Итай байгуулсан. Уг орон сууц нь хүн амьдрах шаардлагыг хангахгүй байсан тул миний бие цахилгааны иж бүрэн монтажны, сангийн иж бүрэн засварын, шал болон таазны мөөгөнцөрийг арилгах, хаалга, цонхыг янзлуулах зэрэг иж бүрэн засварыг 10,273,000 төгрөгөөр хийлгүүлсэн.

1.2 М дарга тушаалаар намайг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Иймд орон сууцанд хийсэн нийт засварын зардал 10,273,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 И болон Б.М нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц түр эзэмшүүлэх 01 дугаартай гэрээний 3.2-т ...ажилтан нь орон сууцны урсгал засварын асуудлыг хариуцаж, 2 жилд нэг удаа урсгал засвар хийнэ гэж заасан. Энэ нь орон сууцанд түр амьдарч байгаа эзэмшигчийн үүрэг.

Уг орон сууцны нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч анх гэрээ байгуулахдаа байгууллагын удирдлагад танилцуулж, засвар үйлчилгээ хийлгэх талаар тохиролцоогүй, гэрээнд тусгаагүй, оршин суугч нэгэнт амьдрах гэж байгаа орон сууцны нөхцөлийг сайжруулах, аятай, тухтай амьдрах нөхцөлөө бүрдүүлэх зорилгоор урсгал засвар хийлгэсэн зардлаа байгууллагаас нэхэмжлэх нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч тухайн орон сууцад анх орохдоо хүн шууд амьдрахад ямар ч боломж, нөхцөлгүй байсан бол түүнийг мэдсэн үедээ гэрээ байгуулахаас татгалзах, орж амьдрахгүй байх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 М 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б93 дугаар тушаалаар Б.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

3.2 Б.М нь М байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00, дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, нэг өрөө сууцанд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц түр эзэмшүүлэх гэрээ-ний дагуу оршин сууж, түр эзэмшиж байсан. Гэрээний 2.2-т Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд орон сууцыг буцаан авна гэж заасан тул Б.Мын хууль бус эзэмшлээс тухайн орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Би ажлаас халсан тушаалын хүчингүй болгуулахлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд уг хэргийг шийдвэрлэсний дараа байрын чөлөөлөх эсэх асуудал яригдах тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 298 дугаар зүйлийн 298.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ИМаас засварын зардалд 8,580,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мад олгож, илүү нэхэмжилсэн 1,693,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИМаас улсын тэмдэгтийн хураамжид 152,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мад олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Нэхэмжлэгч Б.Мын 2019 оны 0 дугаар сарын 11-ний өдөр Ит хандаж гаргасан ...Байгууллагын эзэмшлийн хуучны нэг өрөө байр эзэнгүй бөгөөд сар бүр байгууллагаас зардал гарч ашиглахгүй байгаа байранд миний бие засвар үйлчилгээ хийж, сар бүрийн ашиглалтын зардлыг нь төлж дараагийн ажилтан орж амьдрах хүртэл түр оршин суух нөхцөл бололцоог хангаж өгнө үү гэж гаргасан өргөдлийг харгалзан байгууллагын удирдлага Б.Мыг албаны орон сууцанд амьдруулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ гэрээний 3.2-т ажилтан нь орон сууцны урсгал засварын зардлыг хариуцаж, 2 жилд 1 удаа урсгал засвар хийнэ гэдэг байдлаар талууд тохиролцсон ба дээрх засварыг яг хэзээ хийхийг нарийвчлан тохиролцоогүй байгааг шүүх анхаарч, түүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

6.2 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлахдаа ...хүн амьдрах ямар ч боломжгүй байр байсан. Тухайн үед шууд орох ямар ч боломжгүй байр байна гээд захиргаа удирдлагын дарга болон аж ахуйн албаны хүмүүст хэлсэн. Нөгөө хүмүүс тийм байна, эхний ээлжинд хүн амьдарч болох хэмжээний засварын мөнгийг өөрөөсөө гаргаад хийчих. Явцын дунд шүүхэд нэхэмжлэл гаргаад, байгууллагаас тухайн гаргасан зардлаа гаргуулаад явчих боломжтой юм байна гэж тохиролцсоны үндсэн дээр би 2019 онд байгууллагын нэг өрөө байрыг түр эзэмшүүлэх гэрээг байгуулсан гэснээс үзэхэд И хүнийг хүчээр, хууль бусаар өөрийн өмчийн байрандаа оруулж, амьдруулсан мэт, нөгөө талаар нэхэмжлэгч өөрөө засвар үйлчилгээ хийж амьдарна гэсэн өргөдөл зэргээсээ эсрэг ирээдүйд шүүхээр маргахаар тохиролцсон мэт бодит байдалтай нийцээгүй тайлбар гаргасныг шүүх анхаарч үзээгүй байна.

6.3 Орон сууцны өмчлөгчийг орон сууцандаа засвар хийхийг хуулиар үүрэгжүүлээгүй ба хэзээ засвар үйлчилгээ хийхийг өмчлөгч өөрөө тодорхойлохоор байхад энэ нь шүүхийн хүн амьдрах зориулалттай нийтийн орон сууцыг шаардлага хангасан байдлаар засаж, тохижуулах үүрэгтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийн үндэслэлгүй бөгөөд шаардлага хангасан байдлаар засаж, тохижуулах гэх хэмжүүрийг шүүх тогтоохгүй, тогтоох ч боломжгүй юм.

6.4 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцыг чөлөөлүүлэх асуудал байгаа нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарч байна. Тодруулбал, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой буюу орон сууцны засварын зардал, орон сууцыг чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь орон сууцтай холбоотой нэг маргаан ба дээрх маргааныг хамтатган хянан хэлэлцэх нь маргааныг түргэн шуурхай шийдвэрлэхэд ач холбогдолтой.

6.5 Орон сууц түр эзэмшүүлэх гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр дууссан. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчтэй холбоотой хөдөлмөр эрхлэлтийн харилцааны маргаан ирээдүйд хэрхэн шийдвэрлэгдэх нь уг орон сууцанд заавал нэхэмжлэгч Б.М амьдрах давуу эрхтэй гэдгийг илэрхийлэхгүй.

6.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлд хамаарах өөр орон сууцны засварын зардал гаргуулах, албаны орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай ямар нэг иргэний хэрэг аль нэг шүүхэд байхгүй байгаагаас үзэхэд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Хариуцагчийн гомдолд дурдсан сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй гэдэг нь үндэслэлгүй. Учир нь, ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, тэндээ яригдах боломжтой. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар урсгал засвар биш, эд хөрөнгөд засвар орсон нь тогтоогддог. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.М нь Ит холбогдуулан орон сууцанд хийсэн засварын зардалд 10,273,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.1 М даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/1006 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Х хороолол, 1 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг ажилтан Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Мад түр хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. /хх 141/

2.2 Дээрх тушаалын дагуу И нь Б.Мтай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц түр эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр дээрх орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2 жилийн хугацаатай нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр тохиролцсон. /хх 74/ Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01-1/21 дугаартай Орон сууц түр эзэмшүүлэх гэрээний нэмэлт, өөрчлөлт гэрээ-ээр тухайн орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр хугацааг сунгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх 75/

3. М даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар Б.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх 35/

4. Гэрээнд заасан орон сууц нь хүн амьдрах шаардлагыг хангаагүй үндэслэлээр нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөө засан сайжруулсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хариуцагч байгууллагын ажилтны хувьд гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт заасан албаны орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн хуулийн 311 дүгээр зүйлийн 311.3 дахь хэсэгт зааснаар тухайн харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдох журам нэгэн адил хамаарна.

5.1 Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өмчлөгч буюу хөлслүүлэгчийн хувьд хүн амьдрах шаардлага хангасан орон сууцыг хөлслөгч болох нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлснээ баримтаар нотлох үүрэгтэй.

5.2 Нэхэмжлэгчийн 2019 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн ...миний бие засвар үйлчилгээ хийж ...түр оршин суух нөхцөл бололцоог олгож өгнө үү гэх хүсэлтийг хариуцагч зөвшөөрч, түүнд түр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтаас үзвэл ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан орон сууцыг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. /хх 153/ Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

6. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй. Орон сууцыг зориулалтын дагуу ашиглах буюу хүн амьдрах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан хэмжээнд засан сайжруулах нь эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад хамаарна. Мөн зүйлд заасан хөлслөгчийн шаардах эрх нь засан сайжруулалтын талаар хөлсүүлэгчид мэдэгдсэн байхаас гадна хөлслүүлэгч засан сайжруулалт хийх боломжгүй байсан, мөн хөлслөгчийн гаргасан зардал зайлшгүй байсан зэрэг нөхцөлүүд бүрдсэнээр хэрэгжинэ.

6.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8,580,000 төгрөгийг орон сууцны бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой буюу хүн амьдрах боломжтой, ашиглалтын шаардлага хангахтай холбоотой нэхэмжлэгчээс гарсан зайлшгүй зардал гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд засан сайжруулалт хийх талаар анхнаасаа хариуцагчид мэдэгдсэн нь түүний 2019 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтээр тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнийг үгүйсгээгүй.

7. Гэрээний 3.2-т ажилтан нь орон сууцны урсгал засварын зардлыг хариуцаж, 2 жилд 1 удаа урсгал засвар хийх талаар заажээ. /хх 11/ Тухайн урсгал зардалд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн засан сайжруулалт хамаарах талаарх татгалзлаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч өөрийн зардлаар засвар хийх талаар талууд гэрээгээр тохиролцсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан тухайн орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх үндэслэлгүй агуулгаар хүлээн авахаас татгалзсан нь агуулгын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, сөрөг шаардлага нь үндсэн шаардлагад харилцан тооцогдох үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ...харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан агуулгаар өөрчлөлт, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 298 дугаар зүйлийн 298.2.2 гэж Иргэний хуульд байхгүй зүйлийн хэсгийг баримталсан техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлт тус тус оруулна.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/03834 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 298 дугаар зүйлийн 298.2.2 ... гэснийг 289 дүгээр зүйлийн 289.2.2 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 65 дугаар зүйлийн 65.1.7 ... гэснийг 73 дугаар зүйлийн 73.2 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН