Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00168

 

Б.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02920 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Ж

Хариуцагч: Х төв Б

Нэхэмжлэлийн шаардлага: 5,901,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б.Хийгийн өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр Цахилгаан станцын баруун уулзварын замд явж байгаад 11 цаг 25 минутын үед Х төв Б-ын өмчлөлийн Н.Мын жолоодож явсан Тоёота ландкрузер-100 маркийн, 0000 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарсан.

1.2 Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр Тоёота ландкрузер-100 маркийн, 0000 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Мын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас Н.Мыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчлийн хэргийн хохирлыг нэхэмжилсэн боловч буруутай этгээд төлж барагдуулаагүй.

1.3 Б.Ж нь Б.Хийгийн өмчлөлийн осолд орсон Тоёота Приус-20 маркийн, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Н.М нь А Б-ын ажилтан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гарган хохирол учруулсан.

1.4 Тоёота Приус-20 маркийн, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр 5,020,300 төгрөг гэж тогтоосон. Нэхэмжлэгч нь үнэлгээний зардалд 240,500 төгрөг, тээврийн хэрэгсэлийн оношилгооны төлбөрт 90,500 төгрөг, журмын хашааны төлбөрт 220,000 төгрөг, тээврийн хэрэгслийг ачуулсан төлбөрт 120,000 төгрөг, автомашины зогсоолын төлбөрт 210,000 төгрөг, нийт 881,000 төгрөгийг төлсөн.

1.5 Зам тээврийн осол гарах үед Н.Мын ажиллаж байсан байгууллага нь Х төв Б, Хөдөө, аж үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт ухааны ололт нэвтрүүлэх төв гэж байсан ба осол гарснаас хойш хуучнаар Хөдөө, аж үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт ухааны ололт нэвтрүүлэх төв-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, хуулийн этгээдийн нэр ньХ төв Б болсон.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хохирол нийт 5,901,300 төгрөгийг Х төв Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Х төв Б-ыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор шинээр байгуулсан. Р ололт нэвтрүүлэх төв-д жолоочоор ажиллаж байсан Н.Мыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв-д ажилд томилоогүй. Н.М нь Хөдөө, аж үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт ухааны ололт нэвтрүүлэх төв-ийн жолоочийн ажлаас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн. Тухайн Тоёота ландкрузер-100 маркийн, 0000 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллагын үндсэн хөрөнгөд шилжүүлж аваагүй. Р ололт нэвтрүүлэх төв-ийн өмчлөлд байгаа.

2.2 Р ололт нэвтрүүлэх төв-д жолоочоор ажиллаж байсан Н.М нь байгууллагын эзэмшлийн авто машинд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. Тус төвийн албан тушаалын тодорхойлолт, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.5-т зааснаар ажилтны буруугаас байгууллагад хохирол учруулбал, хохирлыг төлж, байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасан.

Иймд шинээр байгуулагдсан Х төв Б-ын чиг үүрэг нь өөрчлөгдсөн, байгууллагын жолоочийн зөрчлийн хэргээс үүсэх хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дүгээр зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан А Б-аас 5,260,800 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 640,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б. Жгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А улсын төсөвт үйлдвэрийн газраас 99,123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Жд олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 202207 дугаар дүгнэлтээр өмнөх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын акт, ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын бичлэг зэргийг үндэслэж, дүгнэлт гаргахдаа Тоёота ландкрузер-100 маркийн, 0000 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл улаан гэрлээр нэвтэрсэн гэдгийг баталгаатай тогтоох боломжгүй байхад дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл, Тоёота Приус-20 маркийн, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Б.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18 дахь хэсэгт заасныг зөрчиж уулзварт орж зогссон нь бичлэгээс тодорхой харагдаж байна. Хэрэв Зогс шугам-ын өмнө зогсоод, зөвшөөрөгдөх гэрэл ассан үед хөдөлгөөнөө эхэлсэн бол уг осол гарахгүй байх боломжтой гэж, Тоёота ландкрузер-100 маркийн, 0000 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Н.М нь улаан гэрэл дохио зөрчсөн гэдгийг бататган тогтоох боломжгүй байна. Шинжээч нарын дүгнэлтүүд зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй.

4.2 Нөгөө талаар Н.М нь Х төв Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Н.Мыг жолоочоор авч ажиллуулах тушаал байхгүй атал манай байгууллагаас гэм хорын хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 2020 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу хариуцагч Н.Мын ажиллаж байсан байгууллагыг өөр Т үйлдвэрийн газартай нэгтгэсэн.

5.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Тухайн үед хариуцагч байгууллагад ажиллаж байсан Н.Мын гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Тээврийн цагдаагийн алба түүнд шийтгэлийн хуудас ногдуулсан ба хуулийн хүчин төгөлдөр болсон.

5.3 Шинжээчийн дүгнэлт болгоныг шүүх үнэлж, дүгнэх албагүй. Нэгэнт хүчин төгөлдөр болсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Х төв Б-т холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 5,901,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...Н.М нь манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, чиг үүрэг нь өөрчлөгдсөн байгууллагын жолоочийн зөрчлийн хэргээс үүсэх хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй, гэм буруу тогтоогдоогүй гэж үгүйсгэн маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1 Н.М нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 25 минут орчим Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 баруун уулзварын замд Тоёота ландкруйзер-100 маркийн, 0000 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Б.Жын жолоодож явсан Тоёота приус-20 маркийн, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан.

3.2 Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3100006191184671 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Мыг дээрх зам тээврийн осол гаргасан гэм буруутайд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар 100 нэгжтэй тэнцэх нэгжээр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр. /1хх 5, 9/

3.3 Дээрх зам тээврийн ослын улмаас Б.Жын жолоодож явсан Тоёота приус-20 маркийн, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,020,300 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч нь үнэлгээний хөлсөнд 240,500 төгрөг төлсөн. /1хх 6-7/

3.4 Зам тээврийн осол гарсан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн жолоодон явсан Тоёота приус-20 маркийн, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй байсан. Улмаар нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлсэн. /1хх 16, 23/

3.5 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Тоёота ландкруйзер-100 маркийн, 0000 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл Р ололт нэвтрүүлэх төв Б-ын, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын эзэмшилд тус тус бүртгэлтэй. /1хх 75, 2хх 121-122/

3.6 Н.М нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Р ололт нэвтрүүлэх төв Б-т жолоочоор ажиллаж байсан.

3.7 Н.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу хариуцагч байгууллагын нэр бүхий ажилчдыг тээвэрлэн явахдаа зам тээврийн осол гаргасан. /1хх 158-164/

3.8 Хариуцагч Х төв Б-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б-04 дугаар тушаалаар Н.Мыг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. /1хх 76-79/

3.9 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци ТӨААТҮГ, Р ололт нэвтрүүлэх төв Б-ыг нийлүүлэх замаар Х төв Б-ыг байгуулсан.

4. Дээрх үйл баримтуудаас үзвэл Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци ТӨААТҮГ болон Р ололт нэвтрүүлэх төв Б-ыг нийлүүлэх замаар Х төв Б-ыг байгуулсан. Н.М нь зам тээврийн осол гаргах үедээ Р ололт нэвтрүүлэх төв Б-т жолоочоор ажиллаж байсан тул нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

4.1 Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь зааснаар өмнөх хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлага шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжинэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Х төв Б-т өмнөх хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлага шилжих тул тухайн маргаанд хариуцагч нь хариуцвал зохих этгээд мөн байна.

4.2 Н.М нь өмнөх хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажиллаж байхдаа буюу хариуцагч байгууллагын нэр бүхий ажилчдыг тээвэрлэн, жолоочийн ажил үүргээ гүйцэтгэх үедээ зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан байна. Түүнчлэн, хариуцагч нь хожим түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь зам тээврийн осол гарах үед Н.Мыг хариуцагч байгууллагын ажилтан байсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...манай байгууллага гэм хорыг хариуцахгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, хариуцагч Х төв Б-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б-04 дугаар тушаалаар Н.Мыг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн атлаа түүнтэй ...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, жолоочоор авч ажиллуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 85-86/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 87-88/, шинжээч Дотоод хэргийн Их сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 202207 дугаар дүгнэлт /1хх 215-/ийн хоорондын зөрүүтэй байдлыг арилгахаар шүүхээс дахин шинжилгээ хийх шинжээчээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг томилсон. /2хх 47-49/

5.1 Шинжээч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2155 дугаар дүгнэлтээр ...Урд гарсан шинжээчийн дүгнэлтүүдийн аль нь зөв болохыг тодорхойлох эрх зүйн мэдлэг байхгүй, авто техникийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй, уг асуултад ямар нэг шинжлэх ухааны арга хэрэгсэл ашиглах боломжгүй, ...техникийн талаас бүрэн бүтэн байдлыг тогтоосон баримт байхгүй тул зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй гэжээ. /1хх 60-63/

5.2 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар буюу байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийг шаардсан. Анхан шатны шүүх шаардлагын хүрээнд буюу ажилтны зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг ажил олгогч буюу хариуцагч хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилтан Н.Мын гэм буруу тогтоогдсон байх тул энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргах нь ач холбогдолгүй болсон байхаас гадна шинжээч дүгнэлт гаргах боломжгүй талаар шүүхэд мэдэгдсэн байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан дүгнэж маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шинжээч нарын дүгнэлтүүд зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас 5,260,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

7. Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул анхан шатны шүүх зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02920 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,123 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН