Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 118

 

Т.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00138/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг  дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаар  шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц овогт Т-ын Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Т овогт Г-ын Б-д холбогдох,

“Зээлийн төлбөр 22.357.900 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нэр дээр 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авч Г.Б-д өгсөн. Учир нь тухайн үед Г.Б- нь ажил, гэр дээр ирж цалингийн зээл авч өгөөч Орхон аймагт цэцэрлэгийн барилгын тендер авсан нэг тэрбумын санхүүжилттэй удахгүй нэг сарын дараа урьдчилгаа санхүүжилт орж ирэх үед буцаагаад өгнө гэж гуйж шалаад байсан учир арга буюу 10.000.000 төгрөг түүнд зээлсэн. Тухайн үед зээл аваад хүүгүй өгч банкны төлөлтийг Г.Б- төлөхөөр тохиролцсон боловч амласан ёсоороо 1 сарын дараа зээлж авсан мөнгөө ч өгөхгүй банкны төлөлтийг төлөхгүй алга болсон. Миний зүгээс Г.Б-д итгэх итгэлгүй болсон учир зээлийн гэрээ байгуулсан тухайн үед удахгүй өгнө жоохон хугацаа өгөөч гэж гуйсан учир зээлийн гэрээг 3 жилээр хийсэн. Одоо 1 жил 5 сар болж байгаа боловч хүүгээ өгөхгүй удаа дараа зөрчиж мөнгөө нэхэх үед уурлаж уцаарлах, утсаа авахгүй хэдэн сараар алга болдог болсон. Иймээс миний бие цаашид энэ хүнийг хүлээгээд хохирох хүсэлгүй байгаа тул зээлийн гэрээний 3 дугаар заалт болох зээлдэгч сар бүр төлөх төлбөрийн хугацааг 1 ба түүнээс дээш удаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг дуусгавар болгож, үндсэн зээлийг хугацаанаас нь өмнө   төлөхийг  шаардах   эрхтэй  гэж  заасны  дагуу  Г.Б-гаас  үндсэн  зээл

C:\Documents and Settings\ Erdenetsetseg-Batamganan2016.doc

10.000.000 төгрөг, түүний хүү 3.580.000 төгрөг, алданги 8.777.900 төгрөг, нийт 22.357.900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Банкны зээлийн гэрээ байгуулсан өдөр болох 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл банкинд нийт 6.120.000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс хариуцагч Г.Б-, Ариунбат нарын надад төлсөн зээл, зээлийн хүүнд өгсөн 2.900.000 төгрөг байдаг. Нарийн тооцвол уг 2.900.000 төгрөгөөс зээлийн хүүд 1.264.933 төгрөг, үндсэн зээлээс 1.635.066 төгрөг, үндсэн зээлээс хариуцагчийн төлсөн мөнгийг хасаад 10.000.000 - 1.635.066=8.364.933 төгрөг үлдсэн тооцоотой байна. Иймээс хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл болох 8.364.933 төгрөг, үүн дээр гэрээний дагуу алданги 5.000.000 төгрөг нийтдээ 13.364.933 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Э-ээс зээлийн гэрээний дагуу 10.000.000 төгрөг авсан. Гэхдээ эргэн төлөлтийг банкны зээлийн гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон. Хугацаа хэтрүүлсэн тохиолдол байгаа. Дансаар нийт 4.845.800 төгрөг төлсөн. Банкны зээлийн гэрээг дуусгаад үлдсэн мөнгийг нь хаахаар ярилцсан. Одоо банкны үлдэгдэл нь 5.340,000 төгрөг байгаа. Би ойрын хугацаанд хаах болно гэжээ.

Дархан-Уул аймаг  дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Б-гаас 11.419.133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-т олгож, 10.938.766 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 269.740 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-гаас 179.656 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг  дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч байна. Бидний хооронд гэрээний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд 10.000.000 төгрөгийн 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлхээр тохиролцсон. Гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2017 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл тохиролцсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээг хугацаанаас нь өмнө зогсоосон нөхцөл байдал үүссэн байхад гэрээний хугацаатай холбоотой дүгнэлтийг огт хийгээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  шаардлага бууруулж үндсэн зээл 8.364.933 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 13.364.933 төгрөг, хариуцагч Г.Б-гаас нэхэмжлэлийн шаардлага 13.364.933 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар нотлогдсон 1.945.800 төгрөгийг хасч үлдэх 11.419.133 төгрөг гаргуулж гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна.

Шүүхийн дүгнэлтээс үзэхэд алданги гаргаж байгаа юм шиг байна. Хэрвээ алданги гаргаж байгаа бол гэрээний хугацаа хэзээ дууссан, үүнээс хойш хэд хоногийн хугацаа хэтэрсэн гэдгийг бодитоор тооцох хэрэгтэй. Гэтэл гэрээний хугацаа дуусах болоогүй байсныг шүүх анхаарсангүй. Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

                                                                     ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Т.Э- хариуцагч Г.Б-д холбогдуулж гэрээгээр зээлдүүлсэн 10.000.000 төгрөг, түүний хүү 3.580.000 төгрөг, алданги 8.777.900 төгрөг нийт 22.357.900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар  хариуцагч Г.Б-гаас 11.419.133,61 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-т олгож, 10.938.766,39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг судлан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

           Нэхэмжлэгч Т.Э- хариуцагч Г.Б- нарын хооронд 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жил 10 сарын хугацаатай байгуулагдсан байна.

           Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах тус тус эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас харвал нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа эсэх нь тодорхойгүй, шүүхээс энэ талаар тодруулж дүгнэлт хийгээгүй байна.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлага хангаагүй байхад шүүх энэ талаар тодруулалгүй зээлийн төлбөр дээр ойлгомжгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

           Тухайлбал шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт хариуцагч нь дээрх зээлийн гэрээний дагуу 4.845.800 төгрөг төлсөн талууд энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага 13.364.933,61 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар нотлогдсон 1.945.800 төгрөгийг хасч, 11.419.133 төгрөгийг  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, 10.938.766,39 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь огт ойлгомжгүй байна.

           Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх багасгах эрхтэй бөгөөд хэргийн 14, 15 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа эсэх нь тодорхой бус байхад энэ талаар  шүүх асууж тодруулаагүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

            Иймд хариуцагчийн гэрээний хугацаатай холбоотой дүгнэлтийг огт хийгээгүй, гэрээний хугацаа дуусгавар  болоогүй байсныг шүүх анхаараагүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Б-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                              

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААРЕНЧИН                             

                                               ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                   Л. АМАРСАНАА