Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00138/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Ц*** овогт Т*** Э***ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 9-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Т*** овогт Г***  Б***д холбогдох

 

22 357 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Г.Б***тай 2014 оны 10 дугаар сарын 01-нд гэрээ байгуулан 10 сая төгрөгийг зээлсэн. Би энэ мөнгийг өөрөө банкнаас зээлж авсан. Сар болоод мөнгөө өгөхгүй болохоор нь гэрээ байгуулсан. Ингээд шүүхэд хандаж зээлийн үндсэн төлбөр 10 сая төгрөг, хүү 3580 000 төгрөг, алданги 8 777 900 төгрөг нийт 22 357 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авч алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна. хариуцагч Г.Б*** нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 4780 000 төгрөг өгсөн. Үүний 1889 000 төгрөг нь хүүд, үлдсэн 2 937 000 төгрөг нь үндсэн зээлд өгсөн. Үндсэн зээл 10 000 000 төгрөгнөөс үндсэн зээлд төлсөн 2 937 000 төгрөгийг хасаад үндсэн зээл 7 062 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 12 062 000 төгрөг нэхэмжилж байна. хариуцагч Г.Б*** нь зээлийн гэрээнд сар бүр 360 000 төгрөгөөр тусгасан боловч зарим сард нь төлдөггүй, эсвэл бага хэмжээгээр төлдөг тул бидний хооронд хийсэн зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Б*** шүүхэд гаргасан тайлбартаа :

Нэхэмжлэгч Т.Э***ээс гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хэргийг хянан хэлэлцэх хугацаанд 360 000 төгрөгийг төлж байгаа болно. анхан шатны шүүхийн шийдвэрээс хойшхи хугацаанд 2016 оны 7 сараас бусад саруудад 360 000 төгрөг, 2016 оны 8 сард 250 000 төгрөг төлсөн болно. Бидний зээлийн гэрээ нь цөөн хоногийн хугацаа хэтэрсэн болохоос хариуцагч Г.Б*** би Т.Э***ийг залилсан зүйл байхгүй.

Нэхэмжлэгч Т.Э***тэй холбоотой зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулах эх үүсвэр нь улсын төсвийн санхүүжилт юм. Монгол Улсын Засгийн газар, УИХ солигдсонтой холбоотойгоор санхүүжилт удааширч, зогссон. Шинэ засгийн газар нь 2016 оны улсын төсөвт тодотгол хийх болсон. Улсын төсвийн тодотгол батлагдсанаар санхүүжилт хийгдэх тул манайд санхүүжилт хийгдэхээр холбогдох зээлийн төлбөрийг барагдуулах болно. Одоогоор зээлийн гэрээ үргэлжлэн явагдаж байгаа, зээлийн төлөлтийг хийж байгааг хянан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Э*** нь хариуцагч Г.Б***д холбогдуулан 22357900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж үндсэн зээл 7 062 000 төгрөг, алданги 5000.000 төгрөг нийт 12 062 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Б*** нь би зээлийн гэрээний дагуу төлөлт хийж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Э***, хариуцагч Г.Б*** нар нь харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг, 3 жилийн хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй, сар бүрийн 01-ний өдөр 360 000 төгрөгийг төлж байхаар, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар бодож алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 4/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр  талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нь зээлийн гэрээний 2-т заасан хугацаанд төлөх төлбөрийг хугацаа хожимдуулж, дутуу төлдөг болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.Э***ийн Төрийн банкны депозит дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Зээлийн гэрээний 3-д “зээлдэгч сар бүр төлөх төлбөрийн хугацааг 1 ба түүнээс дээш удаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг дуусгавар болгож үндсэн зээлийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй”, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгчид урьдчилан сануулсан бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах нь зүйтэй.

 

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232.6-д зааснаар хариуцагч Г.Б***гаас үндсэн зээл 7 062 000 төгрөг, алданги 3 531 000 төгрөг нийт 10593 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 469 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                      

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э***, хариуцагч Г.Б*** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж,  хариуцагч Г.Б***гаас  10 593 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э***т олгож, 1 469 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Э***ээс улсын тэмдэгтийн хураамжинд 269740 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч Г.Б***гаас 184438 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУЯА