Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00169

 

2024 01 22 210/МА2024/00169

 

 

А.М, О.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/05123 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.М,

Нэхэмжлэгч О.Б

Хариуцагч: Б.Г

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н. л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А.М нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах 94 м.кв үл хөдлөх хөрөнгийг Орон сууцны ипотекийн гэрээ-ний үндсэн дээр 206,000,000 төгрөгөөр худалдан авсан. Урьдчилгаанд бэлнээр 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу 176,000,000 төгрөгийн зээлэн авч төлсөн. Гэтэл О.Б нь Б.Гд өртэй байснаас шалтгаалан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б.Гд миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших бичиг баримтын хамт шилжүүлж өгсөн. Ийнхүү шилжүүлэхдээ Б.Г нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэвч Б.Г нь зээлийн үүргийг биелүүлээгүй тул А.Мийг зээлийн муу ангилалд оруулсан.

1.2 Б.Гтэй Өр төлбөр барагдуулах тухай хэлцэл хийх үед нийт зээлийн үлдэгдэл 176,803,934 төгрөг байсан. Хэлцлийг байгуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийг Б.Г эзэмшилдээ авч, одоог хүртэл бусдад түрээслүүлэн ашиг олж байгаа.

1.3 Иймд өр төлбөр барагдуулах нэрээр А.Мийн 206,000,000 төгрөгийн үнэ бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Б.Ггээс албадан чөлөөлж, А.М, О.Б, Б.Г нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А.М, О.Б, Б.Г нар нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай гэх хэлцэл байгуулсан. Б.Г 2018 онд А ХХК-аас орон сууц худалдан авахын тулд тус компанийн борлуулалтын албанд ажиллаж байсан О.Бтэй холбогдон түүнд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 27,100,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тэрээр мөнгийг А ХХК-д шилжээгүй тул О.Бт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

2.2 Улмаар А.М нь ...манай нөхөр шоронд орох гээд байна, та гомдлоо татаад авчих, миний нэр дээр ипотекийн зээлтэй, ордер нь гаргаагүй байр байгаа, та зээлийг үргэлжлүүлэн төлөөд өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргуулаад авчих гэж хэлсэн саналыг зөвшөөрч, талууд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийг бичгээр байгуулсан ба хариуцагч нь тус үл хөдлөх эд хөрөнгийн зээлийг төлсөөр өнөөдрийг хүрсэн.

2.3 А.М, О.Б нар нь бизнес хийх нэрийдлээр Б.Ггээс бэлэн болон дансны шилжүүлэг, зээлээр худалдах, худалдан авах гэх мэт хэлбэрээр нийт 47,500,000 төгрөгийг сар бүрийн 10 хувийн хүүтэй, Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг 13,500,000 төгрөгт тооцож, нийт 61,000,000 төгрөгийг зээлсэн. 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 07 дугаар сар хүртэл нийт 24,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлж, үндсэн зээлийг төлөөгүй ба сар бүр 4,500,000 төгрөгийг ипотекийн зээл төлөлтөд оруулж зээлээс хасахаар харилцан тохиролцож хэлцэл байгуулсан. Сар бүрийн ипотекийн зээл төлөлтийг хийх үүрэг нь Б.Гд бус А.М болон О.Б нарт байсан. Тус орон сууцны урьдчилгаанд 27,100,000 төгрөг, ипотекийн зээлийн сар бүрийн төлөлтөд 45,223,185 төгрөг төлсөн байх бөгөөд гэрээний үүргийг А.М бус Б.Г өнөөдрийг хүртэл биелүүлсээр ирсэн.

2.4 Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэлцлээс татгалзах тухай саналыг Б.Гд бичгээр хүргүүлсэн. Үүнийг хариуцагч зөвшөөрөхгүй тухайгаа А.Мийн цахим /фейсбүүк/ хаягт илгээсэн. Энэ тухай А.М нь мэдэж байсан.

2.5 Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарвал миний нэр дээр шилжүүлж өгөх талаар хэлж байсан, энэ тухай 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцлийн 3-т заасан. Тус хэлцэлд зааснаар А.Мийн төлөх сар бүрийн төлбөрийг хариуцагч төлдөг. А.М нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн төлбөрийг төлж дуусгаж, Б.Ггийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн хэдий ч тус байрыг өөрийн өмчлөлийн зүйл гэж үзэж Б.Гг албадан чөлөөлүүлэх нь үндэслэлгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Б.Г 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ипотекийн урьдчилгаанд 27,100,000 төгрөгийг сар бүрийн зээлийн төлөлтөд 45,223,185 төгрөгийг төлсөн. 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 167,167,080 төгрөгийн үлдэгдэлтэй. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн 35 хувь буюу нийт 72,323,185 төгрөгийг Б.Г төлсөн. Цаашид энэхүү зээлийн төлж, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг өөрийн нэр дээр гаргуулах хүсэлтэй. Иймд тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Гг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч нарын тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Б.Гтэй А ХХК-ийн барьж байсан байрснаас орон сууц худалдан авах боломжийн тухай ярилцаж Б.Г өөрийн хүсэлтээр урьдчилгаа болох 27,100,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш тухайн барилгын ажил хэвийн явагдаж байсан ч А ХХК-ийн З ХХК дампуурлаа зарлаж, тухайн байранд ипотекийн зээл гаргахгүй, мөн хугацаандаа ашиглалтад орохгүй болсон нь тодорхой болоход Б.Г урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. А.М нь Б.Гтэй уулзаж урьдчилгаанд өгсөн мөнгийг гарган өгөх боломжгүй З ХХК-ийн зээлээр авсан орон сууцыг Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийн дагуу хүлээлгэн өгсөн.

4.2 Б.Г нь орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойших 38 сарын хугацаанд 31 удаа зээлийн хугацааг хэтрүүлж, үүнээс 7 сар дамнуулан хугацаа хэтрүүлэн төлсөн. Иймд бид 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ээс татгалзах тухай хүсэлтээ Б.Гд илгээсэн. Энэ талаар хэд хэдэн удаа уулзалт хийсэн боловч шийдвэрт хүрээгүй тул шүүхэд хандсан.

4.3 Бид Б.Г нь 45,223,185 төгрөг төлсөн тал дээр маргахгүй. Б.Ггээс авсан 23,100,000 төгрөг болон түүний зээлд төлсөн мөнгийг бид төлөхөд татгалзах зүйлгүй. Харин Б.Г нь өөрийн хүлээсэн үүргээ 31 удаа биелүүлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 106.1, 50 дугаар зүйлийн 56.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.М, О.Б нарын нэхэмжлэлтэй 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр байр, 0 тоотод байрлалтай 94 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Ггийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр байр, 0 тоотод байрлалтай 94 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигчээр Б.Гг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөг 1,262,150 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А.М, О.Б нараас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Гд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1 А.М нь хамтран амьдрагч О.Бийн 27,100,000 төгрөгийн өрийг барагдуулах зорилгоор хэлцэл байгуулсан. Уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэтэл шүүхээс хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Б.Гг шударга эзэмшигч гэж нэхэмжлэлийн хүрээнээс хальж шийдвэрлэсэн.

6.2 Нэхэмжлэгч нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хууль ёсны дагуу эзэмшилдээ авсан. Банкны гэрээ болон урьдчилгаа төлсөн байдал зэргээс үзвэл А.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шудрага эзэмшигч.

6.3 Талуудын байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 42.2.3, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй. Мөн Б.Г нь бидний өртэй байдлаа далимдуулж, гарцаагүй байдалд оруулж дээрх хэлцлийг байгуулсан. Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн аль зүйл заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй, хэт ерөнхий заалтыг баримталсан.

6.4 Өмчлөгчөөр тогтоолгох, эзэмшигчээр тогтоолгох тухай ойлголт нь хоёр өөр ойлголт байтал анхан шатны шүүх хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг эзэмшигчээр тогтоосугай гэж шийдвэрлэж хуулийг илтэд буруу хэрэглэсэн.

6.5 Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах урьдчилгаанд 76,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 32,325,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд банкны өмнө нэхэмжлэгч үүрэг хүлээсэн тул тэрээр шударга эзэмшигч. Гэтэл шүүх Б.Гг зээлийн гэрээний үүрэгт банканд 23,280,596 төгрөг төлсөн үндэслэлээр шударга эзэмшигч гэж үзсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Талууд анх хэлцэл байгуулахдаа нотариатаар гэрчлүүлэх саналтай байсан. Гэвч тус байрны улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй тул нотариатаар гэрчлүүлэх боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хоорондоо ярилцаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсан. Тус гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэдгийг тодорхойлох үндэслэлийг хэлцлийн 3 дугаар хэсэгт заасан.

7.2 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Б.Гд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Б.Ггийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгч А.М, О.Б нар нь хариуцагч Б.Гд холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодорхойлоогүйгээс Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан, хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж дүгнэх боломжтой гэж үзэв.

4. Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ ...бусдаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч өмчлөгч болсон, ...ийнхүү худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг төлж, үлдэх хэсгийн төлбөрийг бусадтай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх, ...тухайн зээлийн мөнгөн төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмнөөс зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон, ...хариуцагч зээл төлөх үүргээ зөрчсөн тул уг хэлцлээс татгалзсан, ...талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж тодорхойлсон.

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.

5.1 Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа.

5.2 Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй.

6. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч А.М болон Ю ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэх ӨХ-61/17 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ авагдсан. Тухайн гэрээний үнийг 251,440,000 төгрөг болох талаар, мөн урьдчилгаа 75,440,000 төгрөгийг захиалагч А.М төлөх талаар тус тус заасан. /1хх 120-122/ Түүнчлэн, нэхэмжлэгч А.М нь банк ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-2017/65 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан. Гэрээнд нэхэмжлэгч А.М нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор банк ХХК-аас 176,000,000 төгрөгийг 30 жилийн хугацаатай зээлсэн талаар заасан. /1хх 6-11/

6.1 Дээрх гэрээнүүдийн нэг тал болох Ю ХХК болон банк ХХК-ууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцоогүй байхад анхан шатны шүүх гэрээний талуудын хооронд тухайн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Харин дээрх гэрээнүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу нэхэмжлэгч шудрага өмчлөгч гэх тайлбарын үндэслэл болж байна.

7. Нэхэмжлэгч А.М нь бусадтай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ болон зээлийн гэрээний дагуу түүнд өмчлөх эрх үүссэн эсэх, мөн талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх, нөгөөтэйгүүр, хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч нар гэрээг цуцлах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

8. А.М болон Ю ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ӨХ-61/17 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ гэх гэрээ байгуулагдсан, улмаар А.М нь банк ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-2017/65 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан баримтыг хариуцагч үгүйсгээгүй.

8.1 Улмаар талууд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийг байгуулж, харилцан гарын үсэг зурсан. /1хх 37-38/

8.2 Гэрээний 1-т Б.Г нь орон сууц авахаар зээлийн урьдчилгаанд 27,100,000 төгрөг өгсөн ба уг мөнгөнөөс 23,100,000 төгрөгийг О.Бээс нэхэмжилж байгаа, харин О.Б, А.М нар нь өнөөдрийн байдлаар уг өрийг тооцон эзэмших эрхийг шилжүүлэхээр тохирсон Ө-ийн 0-р хороо, 00-р хорооллын 00-р байрны 0 тоот хаягт байрлах, 94 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг банкинд төлсөн байдаг тул талуудын өр, авлагын мөнгөн дүнг дүйцүүлэн тооцож өр барагдуулсанд тооцож байна гэж, 2-т О.Б нь Б.Гд төлөх 27,100,000 төгрөгөөс 2019.06.14-ний өдөр 4,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 23,100,000 төгрөгийн өрийг өөрийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эхнэр А.Мийн нэр дээрх орон сууц захиалгын гэрээг үндэслэн Зны 2017.08.04-ний өдрийн ЗГ2017/65 тоот санхүүгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа Ө-ийн 0-р хороо, 00-р хорооллын 00-р байрны 0 тоот хаягт байрлах, 94 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Гд санхүүгийн зээлтэй нь хамт шийдвэрлүүлэхээр болов гэж, 3-т О.Б, А.М нарын З ХХК-ийн эрх хүлээн авагчид шилжсэн Ө-ийн 0-р хороо, 00-р хорооллын 00-р байрны 0 тоот хаягт байрлах, 94 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох Зны 2017.08.04-ний өдрийн ЗГ2017/65 тоот санхүүгийн зээлийн гэрээг Зны эрх хүлээн авагчийн зүгээс Монгол Улсад тогтволртой үйл ажиллагаа явуулж буй бусад арилжааны банкинд 2021 онд шилжүүлэх нөхцөлөөр шийдвэрлэх үед А.М нь өр тооцон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Ггийн А.М нь өр тооцон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Ггийн эзэмшилд шилжих бүхий л боломжийг хамтран шийдэхээр болов гэжээ.

8.3 Дээрх гэрээг Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хуулиар тухайн гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлага тавигдахгүй. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгч нарыг дарамтлан, гарцаагүй байдалд оруулсны улмаас нэхэмжлэгч нар өөрсдийн хүсэл зоригоос гадуур тухайн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэхгүй. Иймд тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Талуудын хооронд байгуулагдсан, хүчин төгөлдөр дээрх гэрээний дагуу тэдний хооронд Иргэний хуулийн 180 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүх нэмж дүгнэв. Учир нь, мөн зүйлд зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх гэрээ дэх талуудын хүсэл зоригийг тайлбарлавал, хариуцагчаас нэхэмжлэгч О.Бт шилжүүлсэн 27,100,000 төгрөгийн 23,100,000 төгрөгийг тухайн орон сууцыг нэхэмжлэгч А.М бусдаас худалдан авахад урьдчилгаа төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгт харилцан тооцож, тухайн орон сууцанд ногдох үүрэг болох А.М болон банк ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-2017/65 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-д заасан зээлийг буцаан төлөх үүрэг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрх бодитоор хариуцагчид шилжихээр тохиролцсоноор талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн байна. Дээрх үндэслэлээр талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн өмчлөгчийн шаардах эрх болон өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох холбогдох зохицуулалтыг тайлбарлан, хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

9.1 Хариуцагч нь дээрх гэрээний үүрэг болох 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-2017/65 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний төлбөрт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нийт 43,031,586 төгрөгийг банк ХХК болон нэхэмжлэгч А.Мт төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /1хх 43-53, 75, 82, 234-243/ Хариуцагч уг үйл баримттай холбоотой давж заалдах гомдол гаргаагүй.

9.2 Хариуцагч нь А.Мийн бусдын өмнө хүлээсэн дээрх зээлийн гэрээнд заасан зээлийг эгүүлэн төлөх хуваарь буюу 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх, мөн 2022 оны 03 дугаар, 4 дүгээр, 0 дугаар сарын төлбөрийг төлөөгүй зөрчил гаргасан боловч зээлийн гэрээний нийт хугацаа болох 30 жилтэй харьцуулан үзвэл уг зөрчил нь нэхэмжлэгч нар гэрээг хугацаанаас өмнө цуцлах хэмжээний ноцтой зөрчилд тооцогдохооргүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн тухайн зөрчлийг ялимгүй зөрчил-д тооцож, нэхэмжлэгч нарыг гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасанд нийцсэн байна. Түүнчлэн, хариуцагчийн дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгч нар Монголбанкны муу ангилалд орсон гэх үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

9.3 Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл хүчин төгөлдөр, хариуцагчийн зээлийн мөнгөн төлбөрийг буцаан төлөх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзах боломжгүй. Иймд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв.

10. Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох хариуцагчийн сөрөг шаардлага нь бие даасан шаардлагын шинжийг агуулаагүй, татгалзлын үндэслэл болсон байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл гэж үзэн, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг тайлбарлан хэрэглэж, хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Тодруулбал, маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг Б.Г нь хэлцлийн дагуу шилжүүлж авсан, одоо эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 180 дугаар зүйлийн 186.1, 50 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Гд холбогдох, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг Б.Ггийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч А.М, О.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нарт холбогдох тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт тус тус оруулж, нэхэмжлэгч нарын ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/05123 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлийн 186.1, 50 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Гд холбогдох, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг Б.Ггийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч А.М, О.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Бийн төлсөн 1,332,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН