Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00298

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 07 210/МА2024/00298

 

 

М.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/05287 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.Н

Хариуцагч: Ш.Т

Нэхэмжлэлийн шаардлага: газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.., хариуцагчийн өмгөөлөгч А.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М.Н нь Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, д байршилтай, нэгж талбарын 00000000000 дугаартай, 400 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг.

1.2 2023 оны 08 дугаар сард Ш.Т манай хашааны зүүн талын хашаанаас нэг хэсэг хашааг буулгаад өөрийнхөө хашааг манай хашааны оронд барьсан. Мөн эзэмшил газрын баруун талд 0.6 метрт блокон хашааны суурь, зүүн талд 1.9 метр газар дээр гаражийн суурь, дунд талд бохирын кольцо суулгасан. Хашаан доторх цахилгааны шон дээр хувийнхаа хяналтын камераа байрлуулсан. Бид тус, тусынхаа төлбөрийг төлж кадастрын компаниар хэмжилт хийлгүүлсэн. Хэмжилтээр манай хоёр кадастрын зургийн хоёр цэг давхцаж гарсан.

Иймд Ш.Тын хууль бус эзэмшлээс миний эзэмшлийн 20.78 м.кв талбайг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Ш.Т нь Сүхбаатар дүүргийн 00 хороо, гийн маргаан бүхий газрыг эзэмшдэггүй тул хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, д байрлах, нэгж талбарын 00000000000 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-00000000000 дугаарт бүртгэгдсэн, 310 м.кв газрыг хариуцагч Ш.Тын эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Маргааны зүйл болох газрыг Ш.Т эзэмшдэггүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 20.78 м.кв талбайг нэхэмжлэгч ямар баримтыг үндэслэж чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан нь ойлгомжгүй. Эрх бүхий этгээдээр хэмжилт хийлгэж, кадастрын цэгийг тодорхойлсны үндсэн дээр тухайн газрын давхцлыг тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4.2 Шүүх тухайн газрыг ямар байдлаар чөлөөлүүлэх, ямар эд хөрөнгийг хэрхэн чөлөөлөх талаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулах, нэхэмжлэгч нь хэрхэн ямар баримтыг үндэслэж намайг хариуцагчаар татсаныг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргах боломжтой байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Ш.Тд холбогдуулан газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... Ш.Т нь миний эзэмшлийн газрын баруун талд 0.6 метрт блокон хашааны суурь, зүүн талд 1.9 метр газар дээр гаражийн суурь, дунд талд бохирын кольцо суулгасан, хашаан доторх цахилгааны шон дээр хувийнхаа хяналтын камер байрлуулсан тул Ш.Тын хууль бус эзэмшлээс 20.78 м.кв талбай газрыг чөлөөлүүлнэ гэж тодорхойлжээ.

2.2 Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Ш.Т нь тухайн газрыг эзэмшдэггүй гэж үгүйсгэн маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй байна.

3.1 Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, д байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-00000000000 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 00000000000 дугаартай, 310 м.кв талбайтай газрыг бүхэлд нь, эсхүл тухайн газрын 20,78 м.кв талбайд ногдох хэсгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй нь буруу болжээ. Учир нь, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 20,78 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэх талаар дурдсан байхад шүүх тухайн газрыг бүхэлд нь буюу 310 м.кв талбайтай газрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлсөн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзнэ. Иймд хариуцагчийн ...нэхэмжлэлээс хальсан гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

4. Маргааны үйл баримт тогтоогдоогүй байна.

4.1 Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх дээрх газрын аль хэсгээр, ямар хэмжээгээр, хэрхэн нэвтэрсэн, тухайн нэвтэрсэн хэмжээнд ямар эд хөрөнгө байрлаж буй, эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч хэн болох, хөрш зэргэлдээ газар давхцаж буй эсэх үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдлыг дан ганц гэрэл зургаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

5. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

5.1 Дээрх зохицуулалтад зааснаар эзэмшигч нь шударга эзэмшигч байхаас гадна хариуцагчийн эзэмшил нь хууль бус, улмаар хууль бус эзэмшил нь шудрага эзэмшигчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд саад учруулсан байхыг шаардана. Хариуцагч нь хэдийгээр тухайн газрыг эзэмшдэггүй гэх тайлбараа нотлох үүрэгтэй боловч түүнийг тухайн маргаанд хариуцвал зохих этгээд мөн эсэхийг тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой болно. Иймд хариуцагчийн ...хариуцагч биш тул шүүхийн шийдвэрт зааснаар газрыг чөлөөлж өгөх боломжгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй байх тул хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/05287 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ш.Таас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН