Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0264

 

С.Т-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч С.Т, түүний өмгөөлөгч Ч.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0214 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Т-гийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0214 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасныг баримтлан С.Т-гийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт “туршилтын хугацаанд тухайн төрийн албан хаагчтай Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэнэ” гэж заасан бөгөөд надтай яамны зүгээс ямарваа нэгэн байдлаар ямар ч гэрээ байгуулаагүй. Үр дүнгийн гэрээ байгуулаагүй мөртлөө уг журмын 8 дугаар зүйл заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Мөн Эрчим хүчний яамны Хөдөлмөрийн дотоод журмын 3.4 дэх хэсэгт зааснаар ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулах ёстой гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч надад яамны зүгээс ямарваа нэгэн байдлаар танилцуулсан зүйл огт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гэсэн зохицуулалт байдаг бөгөөд энэхүү зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахаас төрийн жинхэнэ албанд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа надад хамаарахгүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг хэрэгжүүлж надад сонсох ажиллагаа хийгээгүй бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 43 дугаар зүйлийн 43.4, 43.8-д заасныг тус тус зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0214 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221 дүгээр тушаалаар[1] нэхэмжлэгч С.Т-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын Яамны урсгал зардал хариуцсан мэргэжилтний албан тушаалд мөн оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 6 сар туршилтын хугацаагаар ажиллуулсан бөгөөд хариуцагч 257 дугаар тушаалаар[2] “...цалингийн тооцоог удаа дараа дутуу гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг ногдуулж, 307 дугаар тушаалаар[3] “туршилтын хугацаанд цалингийн тооцоог удаа дараа дутуу олгож албан үүргээ хангалтгүй биелүүлж цаашид уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ” гэх үндэслэлээр албан ажлаас нь чөлөөлж тус тус шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Т дээрх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 257, 307 дугаар тушаалуудыг “...тушаал гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Тодруулбал, хариуцагчийн 257 дугаар тушаалд дурдсан “...цалингийн тооцоог удаа дараа дутуу гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх зөрчил нь нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан тайлбар[4], төлбөрийн хүсэлт[5], Эрчим хүчний яамны 2018 оны 9 дүгээр сарын цалингийн мэдээ[6] зэргээр, 307 дугаар тушаалд дурдсан “...туршилтын хугацаанд цалингийн тооцоог удаа дараа дутуу олгож албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэх зөрчил нь / У.Нямгэрэлийн цалинг тооцож олгоогүй/ 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 10, 11 дүгээр сарын цалингийн мэдээ зэргээр тус тус тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно”, 18.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 8-д “Төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс дээрх зөрчлүүдийг гаргасан гэдгээ үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийг “ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй, тушаал гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй” гэх үндэслэлээр буруутгасан ба хариуцагч С.Т-д ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй нь түүний гаргасан гэх тухайн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй төдийгүй Урсгал зардлын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн яамны ажилчдын цалинг бодож олгох үүрэгтэйг мэдэж, тэрхүү албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдон, ажилчдын 9, 10 дугаар саруудын цалинг бодож олгон тухайн зөрчлийг гаргасны дараагаар дээрх байдлаар тайлбарлан өөрийгөө зөвтгөж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчийг ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй чиг үүргийг хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр буруутгаж маргаагүй тул ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй гэх нөхцөлөөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 257, 307 дугаар тушаалуудыг хүчингүй болгох боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг тодорхойлж, уг этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгохоор хуульчилсан ба уг хуулийн зохицуулалт нь үүссэн нөхцөл байдлыг арилгах боломжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд олгох явдал юм.

Хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн тушаалуудыг гаргахдаа С.Т-д мэдэгдэж, тайлбар аваагүй нь буруу боловч тухайн ажиллагааг хийснээр нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил арилахгүй тул энэ талаар гаргасан С.Т-гийн тайлбар болон давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохооргүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гэсэн зохицуулалт байдаг бөгөөд энэхүү зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахаас төрийн жинхэнэ албанд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа надад хамаарахгүй” гэж дурджээ.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж зааснаас үзвэл төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын ангилалд багтаж байгаа албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч гэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах заалт нь төрийн жинхэнэ албанд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа албан хаагчид хамаарахгүй гэж үзэхгүй төдийгүй нэхэмжлэгч нь уг албан тушаалыг эрхэлж байгаагийнхаа хувьд түүнээс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах учиртай тул тухайн гомдлыг хангахгүй орхив.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгөөс чөлөөлөгдөх хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргасан байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0214 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу С.Т шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 42 хуудас

[2] Хавтаст хэрэг 5 хуудас

[3] Хавтаст хэрэг 3 хуудас

[4] Хавтаст хэрэг 58 хуудас

[5] Хавтаст хэрэг 70 хуудас

[6] Хавтаст хэрэг 71 хуудас