Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0346/З |
Дугаар | 001/ХТ2016/0171 |
Огноо | 2016-05-16 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2016/0171
“УХБанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Э.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 109 дүгээр магадлалтай, “УХБанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЕТГ-т холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “УХБанк” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “УХБанк” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмших эрхийн 000305192 дугаар гэрчилгээ бүхий 3000 м.кв газрын эзэмшигч юм. Бидний эзэмшиж буй газрын баруун талд хил залгаа, газар эзэмших эрхийн бүртгэлийн 000303738 дугаар гэрчилгээ бүхий 475 м.кв газрыг “Глобал Хурд” ХХК эзэмшдэг. Уг компани нь өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихаар эскиз зургаа боловсруулан Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар хандан батлуулсан. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2013/422 дугаартай архитехтур төлөвлөлтийн даалгавар олгосон. “Глобал хурд” ХХК нь уг газар дээрээ барилга барихаар эскиз зургаа боловсруулан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан бөгөөд ингэхдээ уг эскиз зурагт тусгасан орц гарц, ногоон байгууламж, авто зогсоолыг хил давуулан манай газар дээр байхаар төлөвлөсөн байсныг бид 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өөрсдийн газар дээр очиж “Глобал хурд" ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзаж батлагдсан барилгын эскиз зургийг үзэх явцдаа олж мэдсэн. Уг батлагдсан эскиз зураг төслөөрөө барилгын ажил явуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дэх “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” үүргээ зөрчин бидний эрх ашигт халдсан үйлдэл юм. Мөн архитектур төлөвлөлтийн даалгаварт “Глобал Хурд” ХХК-ийн эзэмшлийн 000303738 дугаар гэрчилгээнд заасан 475 м.кв газарт 100 хувь барилгажихаар заасан нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-дэх “хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх”, 12 дугаар зүйлийн 12.6.3 дэх “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2013/422 дугаартай архитехтур төлөвлөлтийн даалгавар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлагдсан эскиз зураг төсөл баталсан үйлдэл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Глобал хурд ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр баталсан 2015/75 тоот дугаартай “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Глобал хурд” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2011 онд зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гурван гал худалдааны төвийн урд байрлах 475.5 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг худалдан авсан ба тус компанид тухайн үйлчилгээний барилгын доорхи 475.5 м.кв газрыг эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2011 оны 610 дугаар захирамжаар олгосон байна. Тус компани нь өөрийн эзэмшлийн газар дээрх үйлчилгээний барилгыг буулгаж, суурин дээр нь барилга барих хүсэлт гаргасныг судлан үзээд, Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, контор, үйлчилгээний зориулалттай барилга барих асуудал дэмжигдсэн. Хурлын шийдвэрийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2013/422 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ба уг даалгаврын дагуу барилгын эскиз зургаа боловсруулан ирж батлуулсан. Тухайн үед “Глобал хурд” ХХК-ийн эзэмшил газрын орчим “УХБанк” ХХК газар эзэмшдэггүй байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаартай захирамжаар “Глобал хурд” ХХК-ийн эзэмшил газрын зүүн талд 3000 м.кв газар эзэмших эрхийг “УХБанк” ХХК-нд олгосон. Манай байгууллагаас “Глобал хурд” ХХК-ийн барилгыг эзэмшлийнх нь газар дээр төлөвлөсөн бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан 2013/422 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг төслийг баталсан үйлдэлд “УХБанк” ХХК-ийн газар эзэмших эрх ашигт халдсан асуудал байхгүй болно.
“УХБанк” ХХК-ийн зүгээс “... “Глобал хурд” ХХК барилгын суурийн нүхээ ухахдаа тус банкны эзэмшлийн газарт хууль бусаар нэвтэрлээ ...” гэсэн гомдлыг 2014 оны 10 дугаар сард манай байгууллагад гаргасан ба газар дээр нь очиж хяналт хэмжилт хийхэд барилгын суурийг өөрийн эзэмшлийн газрын хэмжээнд хийж гүйцэтгэсэн байсан. Харин барилгын суурийн ухсан нүхний дээд хэсэг нь эзэмшлийн газрын хэмжээнээс гарсан байсан ба суурийн нүхийг булахад энэ зөрчил арилах боломжтой тул манай байгууллагаас тус компанид зөрчлийг яаралтай арилгах шаардлагыг хүргүүлсэн. “УХБанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг танай шүүхээр хянан шийдвэрлэх явцад “Глобал хурд” ХХК нь тус банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэлцэл байгуулсны дагуу өөрийн газраас хэтрүүлэн ухсан суурийн нүхний дээд хэсгийг буцаан булж, зөрчлийг арилгасан.
“Глобал хурд” ХХК нь барилга барихтай холбоотой техникийн нөхцөлүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас авч, улмаар барилгын төсөлд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэсэн байна. Тус компани нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг манай байгууллагад гаргасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дүгээр хавсралтын “А” хэсэгт заасан бичиг, баримт бүрдүүлж ирсэн тул 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 75/2015 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон.
“Глобал хурд” ХХК-ийн барилгын архитектур, төлөвлөлтийн даалгавар 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, уг даалгаврын дагуу зураг төсөл батлагдсан. “УХБанк” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар “Глобал хурд” ХХК-ийн эзэмшил газрын зүүн талд газар эзэмших болсон бөгөөд “Глобал хурд” ХХК-ийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл батлагдах үед, тухайн газар нь автомашины зогсоолын зориулалтаар ашиглагдаж байсан. Энэ байдлаас харахад Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн болох нь харагдаж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2013/422 дугаартай архитехтур төлөвлөлтийн даалгавар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлагдсан эскиз зураг төсөл, мөн газраас 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр баталсан 2015/75 тоот дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгосон үйлдэлд “УХБанк” ХХК-ийн эрх ашгийг хохироосон асуудал байхгүй тул тус банкны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Глобал хурд” ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“УХБанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЕТГ-т холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн зүгээс доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Гуравдагч этгээдийн хувьд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байгаа бөгөөд манай компанийн эзэмшил газар болон орчинд нэхэмжлэгч газар эзэмшдэггүй учир нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй бөгөөд “Глобал хурд” ХХК нь холбогдох хууль тогтоомжид зааснаар НЕТГ-т хандан архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг төслийг батлуулсан юм. Нэхэмжлэгчээс Нийслэлийн удирдлагад удаа дараа дээрх асуудалтай холбоотойгоор гомдол гаргаж байсан ба уг гомдлын хариуг өгч байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4 Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан НЕТГ-т холбогдуулан гаргасан “нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Глобал хурд” ХХК-д 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан 2013/422 тоот дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” болон эскиз зураг төслийг баталсан үйлдэл, “Глобал хурд” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр баталсан 2015/75 тоот дугаартай “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий “УХБанк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 109 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын эскиз зураг төслийг батлуулахад эзэмших эрх үүсээгүй байна гэж хянасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3-т хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасныг зөрчсөн болох нь харагдаж байна. Мөн УХБанк нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан, зөвшөөрөл олгосон холбогдох актууд нь банкны газар эзэмших эрх болон холбогдох хууль зөрчсөн тул илт хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад Шүүгч С.Төмөрбат маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан дараах хоёр асуудлыг тодруулсан байдаг. Үүнд:
а/ Хариуцагчаас тухайн талбайд 100 хувь барилгажих барилгын эскиз зургийг баталсан эсэх? Үүнтэй холбоотой маргаж байгаа эсэх
б/ Хариуцагчаас тухайн барилгын галын болон аваарын үеийн гарц УХБанкны эзэмшил газар руу орж төлөвлөгдсөн эсэх? Үүнтэй холбоотой маргаж байгаа эсэх
Тус асуудлуудыг тодруулсан ба хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид асуудал тус бүрт “Тийм” хэмээн хариулж хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 70,7%-д барилгажихаар эскиз зургийг баталсан байна энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэсэн заалтыг зөрчөөгүй байна хэмээн үзэж хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр, магадлал хуульд нийцсэн байх зарчмыг зөрчиж байна.
Мөн “Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “...орц, гарц, ногоон байгууламж, авто зогсоолын хил давуулан манай газар дээр байхаар төлөвлөсөн..., архитектур төлөвлөлтийн даалгаварт “Глобал Хурд ” ХХК-ийн эзэмшлийн 475 м.кв газарт 100 хувь барилгажихаар заасан” гэх байдал тогтоогдохгүй байна” хэмээн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэх заалтыг зөрчсөн болох нь тодорхой байна. Үүнд: а/Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас УХБанкны эрх ашгийг зөрчсөн болох талаар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №02-07-84/1580 тоот барилгын төлөв байдлын тухай дүгнэлт, б/ Саруул Товер төв 12 давхар эскиз зураг төсөлд дээрх тогтоогдохгүй байгаа зүйлс хууль зөрчсөн болохыг нотолсоор байхад шүүгчид тус нотлох баримтыг үндэслэлгүй хэмээн тооцож байгаа нь дээрх хянавал хэсгээс харагдаж байна.
УХБанкны газар эзэмших эрх ашгийг бодитойгоор зөрчигдсөн үеэс холбогдох төрийн захиргааны байгууллагад хандах эрхтэй. Мөн хариуцагч нь шүүх хуралдаан дээр хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-т заасан 30-аас багагүй хувь нь ногоон байгууламж, цэцэрлэгжилт авто зогсоол байна гэсэн заалтыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байтал шүүгч тухайн тайлбарыг үндэслэлгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байна гэснийг зөрчсөн болох нь харагдаж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 109 дүгээр магадлалыг тус бүр хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамааралтай Газрын, Хот байгуулалтын болон Барилгын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2013/422 дугаар “Архитектор төлөвлөлтийн даалгавар” болон эскиз зураг төслийг баталсан үйлдэл, “Глобал хурд” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 75/2015 дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай “УХБанк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж байгаа газар нь хил залгаа бөгөөд уг байршилд нэхэмжлэгч “УХБанк” ХХК-ийн газар эзэмших эрх нь 2014 онд буюу гуравдагч этгээд “Глобал хурд” ХХК-ийн дуудлага худалдаанд оролцож, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, тухайн үл хөдлөх хөрөнгө байрлах газрын эзэмшигч болсон 2011 оноос хойш үүссэн болохыг шүүхийн шийдвэр, магадлалд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тодорхой дүгнэжээ.
“Архитектор төлөвлөлтийн даалгавар”-т барилгажих талбайг 12.0х28.0 гэж заасан байгаагаас гадна “төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй нь цэцэрлэг, ногоон байгууламж, автозогсоол байх“ гэсэн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т заасан шаардлага нь өөрийн эзэмшил газарт байрлах хуучин барилгыг буулгаж шинээр барилга барихаар төлөвлөж байгаа тухайн тохиолдолд хамааралгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
Хуульд заасан журмын дагуу гуравдагч этгээд “Глобал хурд” ХХК-д захиргааны байгууллагаас олгосон маргаан бүхий захиргааны актуудыг цаг хугацааны хамаарлын хувьд дээрх шийдвэрээс хожим гаргасан захиргааны актын үндсэн дээр газар эзэмших эрхтэй болсон нэхэмжлэгч “УХБанк” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шалтгаанаар илт хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй юм.
Дээр дурдсанаар барилгын зураг төсөл нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө батлагдсан, нөгөөтэйгээр ослын орц, гарц зөвхөн онцгой байдлын үед ашиглагдах тул “...ослын орц, гарцыг нэхэмжлэгчийн газарт төлөвлөсөн нь эрх зөрчиж байна...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 109 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ