Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00312

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 16 210/МА2024/00312

 

 

Ө ХХК, Г.Цын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/05000 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө ХХК,

Нэхэмжлэгч: Г.Ц

Хариуцагч: АХХК

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ө ХХК болон АХХК нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Г/01/2021 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц нь Х дүүрэгт баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий барилга, 16 давхар орон сууц барих барилга угсралтын ажилд хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Гэрээний явцад АХХК гэрээг цуцлах санал гаргаж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдсэн.

1.2 Улмаар АХХК-ийн зүгээс гэрээг цуцалсантай холбоотой гэрээний хохиролд Х дүүрэг, 00 дугаар хороо, Г 21 апартмент хотхоны 0 дугаар орцны 0 дугаар давхрын 43.7 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, 87,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг өгөхөөр тохиролцож, АХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ц болон Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц нар нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 000/00 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэтэл М ХХК-ийн зүгээс гэрээнд заасан орон сууцыг шилжүүлж өгөөгүй.

Иймд Х дүүрэг, 00 дугаар хороо, 000 апартмент хотхоны 0 дугаар орцны 0 дугаар давхрын 43.7 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Ө ХХК-ийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Х дүүргийн нутаг дэвсгэрт баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий 1 барилга, 16 давхар орон сууц барих барилга угсралтын ажилд нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар хэлэлцэж байсан боловч АХХК болон Ө ХХК нар нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ө ХХК болон Г.Ц нь гэрээний дагуу хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Өмнө нь үүссэн ажил хэргийн харилцааг алдахгүй, бусад төсөлд хамтран ажиллах зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулах саналыг тавьж, талууд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 000/00 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ Г.Ц биелүүлээгүй.

2.2 Мөн нэхэмжлэгч Г.Ц нь н.Цийг дарамтлан Г/01/2021 дугаартай хамтран ажиллах гэрээг 1 хувь үйлдэж, гэрээг танилцуулахгүйгээр гарын үсэг зурахыг шаардаж, энэхүү гэрээг болон бусад бичиг баримтад гарын үсэг зурсан тул АХХК-ийн хүсэл зорилгыг илэрхийлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл. Хамтран ажиллах гэрээг цуцалсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ХХК, Г.Ц нарыг хариуцагч АХХК-ийн барьж ашиглалтад оруулсан, Х дүүрэг, 00 дугаар хороо, 000 апартмент хотхоны 0 дугаар орц, 0 дугаар давхар, 43,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч АХХК-иас 595,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх хариуцагчаас Ө ХХК-д төлсөн 21,268,600 төгрөгийн баримтыг харгалзан үзээгүй.

4.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс хүсэлт гаргах саналыг илэрхийлэхэд татгалзсан бөгөөд уг баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байсан. Тооцоо нийлсэн акт нэхэмжлэлийн шаардлага болон маргааны зүйлтэй холбоогүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавсаргуулах, мөн С.Цийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэрэг маргааныг шийдвэрлэх шаардлагатай нөхцөл үүссэн.

4.3 Гэрээг хариуцагч АХХК-ийн зүгээс хоёр удаагийн албан бичгээр Орон сууц захиалгаар барих бариулах гэрээ-ний төлбөрийг төлөх хугацаа, гэрээг цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн бөгөөд гэрээг цуцалсан тухайд шүүхээс дүгнэлт хийгээгүй.

4.4 Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар Ө ХХК болон С.Ц нарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцэлд хамтран ажиллах гэрээний хохиролд ... орон сууцаар хохирлыг барагдуулав гэж тусгагдсан бөгөөд Г.Ц болон Ө ХХК-ийн гаргасан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, олох байсан орлого хэрхэн үүссэн тухай баримт хэрэг авагдаагүй бөгөөд шүүхээс хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй. Мөн өмнөх жилийн тооцоо нийлсэн акт гэх баримтад тусгагдсан үнийн дүнгүүд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтаар тогтогдоогүй.

4.5 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан хэлцлийг байгуулах үед нэхэмжлэгч Г.Ц нь өөрийн нөхрийн хамт С.Цийг машиндаа 2 цаг гаруй хугацаанд дарамталж, гарын үсэг зурахыг шаардаж хэлцлийг байгуулсан.

4.6 Хариуцагч АХХК нь хавтаст хэргийн өмнөх жилийн тооцоо нийлсэн акт гэх баримтад тусгагдсан үнийн дүн 88,505,481 төгрөгөөс 21,268,600 төгрөгийг АХХК-аас төлсөн, С.Ц нь 59,856,202.47 төгрөгийг мөн төлсөн нь бодит нөхцөл байдал үүнээс үзвэл нийт 81,124,802 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Шүүхээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид огтоос мөнгө шилжүүлээгүй гэж дүгнэн 2021 оны 06 дугаар сарын 24- ны өдрийн 000/00 дугаартай Орон сууц захиалгаар барих бариулах гэрээ-ний төлбөрийг хэлцэл, өмнөх жилийн тооцоо нийлсэн актыг үндэслэн нэхэмжлэгч нарыг үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн гэж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Ө ХХК болон Г.Ц нар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Энэ нь хэрэгт авагдсан тооцооллын баримтаас харагддаг. Цемент, арматур, суурийн ажлын зардлуудын төлбөр тооцоо бүгд Г.Ц буюу Ө ХХК-аас гарсан. Гэтэл АХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байна гэж хүсэлтээ гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдэх явцад С.Цийн фэйсбүүк /facebook/ хаягаас Г.Цын фэйсбүүк /facebook/ хаяг руу бичсэн чатыг үзлэг хийж бэхжүүлж авсан. Тухайн чатад уг төслийн борлуулалтыг Г.Цын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын Мондора риалти групп ХХК-аар гүйцэтгүүлэх, Х дүүрэгт баригдаж байгаа байрнаас 2 өрөө байрыг орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлж өгөх байсан. С.Цийг дарамталж гарын үсэг зурсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэг авагдсан баримтуудыг үнэн зөв дүгнэсэн гэж үзэж байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Ө ХХК, Г.Ц нь хариуцагч АХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Ө ХХК болон АХХК нь Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. АХХК нь уг гэрээг цуцалсантай холбоотойгоор гэрээний төлбөрт 87,000,000 төгрөгийн үнэ бүхий, Х дүүрэг, 00 дугаар хороо, Г 21 апартмент хотхоны 0 дугаар орцны 0 дугаар давхрын 43.7 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч талд өгөхөөр тохиролцсон. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлсон.

3.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...нэхэмжлэгч Г.Ц нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 000/00 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Мөн С.Цийг дарамтлан гэрээнд гарын үсэг зуруулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэн маргасан.

4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний үүргийг шаардсан агуулгатай байна. Харин шаардлага нь өмчийн эрх зүйн шинжийг агуулсан буюу өмчлөгчөөр тогтоолгох байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх үүнийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, тухайн нөхцөлд үндэслэл болон шаардлагыг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалт харилцан адилгүй бөгөөд дээрх байдлыг тодруулснаар хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх учиртай.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ө ХХК, Г.Ц нар нь хамтран нэхэмжлэгчээр оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчөөгүй байх боловч шүүх уг маргаанд нэхэмжлэгч тус бүрийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт Ө ХХК болон АХХК-ийн тэмдэг дарагдсан 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. /хх 13-15/ Нэхэмжлэгч Г.Ц нь шаардлагын үндэслэлээ уг гэрээнээс үүдэлтэй талаар тайлбарласан.

Түүнчлэн, нэхэмжлэгч Г.Ц болон АХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 000/00 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, /хх 16-19/ Ө ХХК нь 2 гишүүнтэй талаарх мэдээлэл агуулсан улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус хэрэгт авагдсан байна. /хх 4/ Нэхэмжлэгч Г.Ц нь Ө ХХК-ийг бүрэн төлөөлж гэрээний үүргийг бусдаас шаардах эрхтэй эсэх, мөн тухайн гэрээнүүд нь хэрхэн нэхэмжлэгч тус бүрийн шаардах эрхийг бий болгож буй үйл баримт тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа үндэслэл, тэдгээрийн ялгаа заагийг тодруулах шаардлагатай байна.

6. АХХК нь 1 гишүүнтэй, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэх удирдлагаар Д.Баясгалан улсын бүртгэлд бүртгэлтэй талаарх мэдээлэл агуулсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. /хх 32/ Гэтэл нэхэмжлэгч Ө ХХК-ийг төлөөлж Г.Ц, АХХК-ийг төлөөлж С.Ц нарын хооронд байгуулсан гэх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дугаартай хэлцэлийн 5.а-д 2021-06-24 өдөр байгуулсан Ш-21/02 тоот орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоог С.Ц бүрэн хариуцаж барилга ашиглалтад ормогц Г.Цт хүлээлгэн өгнө. Энэхүү байрны төлбөр тооцоо нь бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хохиролд С.Ц /АХХК/ нь Г.Ц /Ө ХХК/-д олгохоор болов. Гэрээний хохирлын үнийн дүнг тооцож барьж буй барилгын 0 дугаар давхарын 2 өрөө 43,7 м.кв 87,400,000 /захиалгын гэрээтэй/ орон сууцаар хохирлыг барагдуулав. гэж заажээ. /хх 81-82/ Өөрөөр хэлбэл, гэрээг байгуулсан гэх С.Ц нь АХХК-ийг бүрэн төлөөлж тухайн хэлцлийг бусадтай байгуулах эрхтэй эсэх үйл баримтыг шүүх тодруулах нь маргаанд ач холбогдолтой.

7. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэр гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх агуулгаар тайлбар гаргасан. /хх 110/ Шүүх тухайн асуудлыг буюу маргааны зүйл болж буй орон сууцны улсын бүртгэл дэх өмчлөгчийн талаарх үйл баримтыг тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууц бодитоор хэний өмчлөл, эзэмшилд байгааг тодруулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.

8. Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/05000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 170 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН