Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч: Б.Ч-,

Шүүгдэгч: Б.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905002030144 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, 1993 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Вагнер Ази ХХК”-д механикч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б-нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д-Вэе” бааранд иргэн Б.Ч-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр бааранд ажлынхаа найзуудын хамт сууж байгаад бүжгийн талбайд хэсэг залуучуудтай маргалдаад асуудлаа шийдэх гэтэл намайг цохьсон тул би хариу цохьсон. Гарах гэтэл хохирогч ухаан алдсан байсан. Би тухайн үед утсаа өгч байсан...” гэв.

Хохирогч Б.Ч-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн шөнө 2 найзын хамт бааранд бүжиглэж байгаад маргалдсан. Тэгтэл тэр залуу гаръя гээд байхаар нь найздаа очоод хэлтэл яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд байж байтал тэр залуу хүрч ирсэн. Би эхэлж нэг цохьсон. Түүнээс хойш юу болсоныг сайн санахгүй байгаа. Намайг араас зөөгч тэвэрч авсан байсан. Болсон үйл явдлыг санахгүй байна. Гэмтэлд үзүүлээд зураг авахуулсан. Тэгтэл цус хуралттай гээд 2018 оны 01 дүгээр сарын 03-аас 10-ны хооронд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Өөрт учирсан эрүүл мэндийн хохирол 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт баримтаа гарган өгсөн...” гэв.

Хохирогч Б.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны орой найз Б, Б нартай уулзаад хороололд караокед ороод нэг шил 0.5 литрийн архи хүний нэг, нэг пиво авч хувааж уусан. Тэгээд уг караокенээс гараад замын ард талд нь байсан Д-ВЭЕ нэртэй бааранд ороод бид нар нэг шил 0.75 литрийн Болор архи хүний нэг, нэг шил пиво авч уусан. ...би нэг шил пиво ууж дуусахад эрүүл байсан. ...тэгээд согтсон яг юу болсныг мэдэхгүй байна. ...Б, Б хоёр надад чи бааранд байхдаа хүнд цохиулсан гэж хэлсэн. ...Найз нар хэлэхдээ бааранд байсан намхан нүдний шилтэй залуу намайг цохьсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Шинжээчийн 1094 тоот дүгнэлтэд: “...Б.Ч-гийн биед 2 талын сильвийн ховил, зүүн суурийн цистерн болон дух зулайн дэлбэнгийн зай, 2 дагзны дэлбэнгийн атираа хоорондын зайнууд аалзан хальс доор цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Чширээний хажууд зогсож байхад дэлгэцийн зүүн талаас цайвар цамц бараан өмд, бараан гутал өмссөн гараа өргөсөн байдалтай залуу араас нь малгай өмссөн судалтай цайвар цамц өмссөн хар бараан өмд, гутал өмссөн залуу урдаа явж байсан залуугийн араас зүүн гарыг нь татахад уг цайвар цамцтай залуу цааш алхан харин судалтай цайвар цамцтай, малгайтай залуу Чрүү гараараа заагаад алхаж очоод Ч-гийн чихэнд юм хэлэхэд Чсудалтай цайвар цамцтай малгайтай залууг мөргөж хоорондоо гар гарнаасаа таталцаж Чцайвар судалтай цамцтай залууг цохиход судалтай цайвар цамцтай малгаатай залуу урдаас нь зууралдаж Ч-г 3 удаа цохиход хажуунаас нь зөөгч, хамгаалагч нар очиж салгав...” гэсэн тэмдэглэл /хх-н 19/,

Сэжигтэн, яллагдагчаар Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...манай найз уг залуучуудтай маргаж байсан. Тэгэхээр нь би очоод яагаад зүгээр байж чадахгүй байгаа юм бэ гэхэд уг залуу миний уруул руу нэг цохихоор нь би буцаагаад уг залууг 2-3 цохиход хамгаалагч нар ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б-нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д-Вэе” бааранд иргэн Б.Чинхсүлэнтэй маргалдаж улмаар өөрийг нь цохиход нь зөрүүлэн 2-3 удаа цохиж мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ч-гийн: “...тэгээд согтсон яг юу болсныг мэдэхгүй байна. ...Б, Б хоёр надад чи бааранд байхдаа хүнд цохиулсан гэж хэлсэн. ...Найз нар хэлэхдээ бааранд байсан намхан нүдний шилтэй залуу намайг цохьсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, шинжээчийн 1094 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-нь хохирогч Б.Ч-г өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ч-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт болон шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирогчийн Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын хооронд явсан унааны зардал, эмчилгээ хийлгэсэн баримт зэрэг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь болох нь баримтаар тогтоогдсон нийт 557.213 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Ч-д олгох нь зүйтэй.

Харин хохирогчийн хоол, хүнс авсан зардлыг хохирлоос хасаж тооцсон болно.

Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл шалтгаалан хоол, хүнс хэрэглэх тул дээрх хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзнэ.

Хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 557.213 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч-д олгосугай.
  5. Хохирогч Б.Ч- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР