Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/380

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Чгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох 1905002030144 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            М овгийн Б-ны Б, 1993 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Вагнер Ази” ХХК-д механикч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 46-10 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

          Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д-Вэе” бааранд иргэн Б.Чгийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Быг "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 557.213 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Чд олгож, хохирогч Б.Ч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ч давж заалдах гомдолдоо: “...Б.Ч миний бие шүүгдэгч Б.Бд зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч тухайн өдөр ухаан алдсан байсан. Хэдийгээр найз нар маань намайг ухаангүй болсныг мэдээд, Гэмтлийн эмнэлэгт аваачсан боловч эмч нар “...Их согтолттой байна. ...” гэж хэлээд үзлэг хийлгүй эмнэлгээс буцаасан байсан.

Би 2 хоног ухаангүй байсан бөгөөд ээж маань хөдөөнөөс ирж, намайг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Шүүх эмнэлгийн эмч нар үзлэг хийгээд хүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд миний тархинд дагзны булчингийн хөшилт 1 хуруу үүссэн, байрлал албадмал болсон, тархинд цүлхэн төстэй бүтэц үүссэн гэж тэмдэглэсэн нь хүнд хор уршиг бүхий гэмтэл учирсныг нотолж байна.

Миний бие эмнэлэгт 14 хоног эрчимт эмчилгээ хийлгэсний дараа мөрдөгчтэй уулзахад “...Таны биед хүнд гэмтэл учирсан байна. ..." гэж хэлж байсан.

Эрүүгийн хэргийн шүүх хурлын үеэр Б.Быг миний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцон, яллаж байгааг ойлгож мэдсэн.

Ингээд шүүгчид хандан "...Би одоо хүртэл байнга тархи толгойгоо эмчлүүлж, ажил хийж чадахгүй, байнгын эмчийн хяналтад байна. Миний тархи толгойд хүнд гэмтэл учруулсан асуудлыг шийдээгүй байна. ..." гэж хэлэхэд “...Энэ талаарх гомдлоо мөрдөн байцаалтын шатанд шийдвэрлүүлэх ёстой байсан. ...” гэж хэлээд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би эмнэлэгт хэвтэж байхдаа гэмтлийн эмнэлгийн гадна байдаг гуанзнаас хоол хүнсний зүйл хэрэглэсэн ба уг хохирлыг гаргаж өгөөгүй. Шийтгэх тогтоолоор ямар хохирлыг тооцож, 557.213 төгрөгийг шүүгдэгчээс гаргахаар шийдвэрлэсэн талаар тодорхой дурдаагүй. Хохирлоос ямар хохирлын мөнгөн дүнг хасаж, хохиролд тооцох боломжгүй болсон нь ойлгомжгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, надад учирсан гэмтлийн зэргийг дахин тогтоолгох, миний нэхэмжилсэн мөнгөн дүнг бүрэн хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Миний гаргасан гомдлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Б “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн бөгөөд бусад зардлыг хохирогч иргэний журмаар нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д-Вэе” бааранд иргэн Б.Чгийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Чгийн “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...караокеноос гараад замын ар талд байдаг “Д-Вэе” нэртэй бааранд ороод хүний нэг шил пиво, нэг шил 0,75 литрийн “Болор” архи авч уусан. Би бүжгийн талбай дээр Баярбилэгтэй хамт бүжиглэсэн. Тэгээд юу болсноо санахгүй байна. ...Баярхүү, Баярбилэг 2 надад “...Чи бааранд байхдаа хүнд цохиулсан. ...” гэж хэлсэн. ...” /хх 4/,

гэрч Г.Баярхүүгийн “...Хүслэн ирээд надад “Нэг хүнтэй маргаад, гаръя гээд байна.” гэсэн. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм, зүгээр суу гэхэд Хүслэн “...Гарчихаад ирье. ...” гэсэн. Тэгээд хэрэггүй гэхэд Хүслэн дуугүй зогсоод байсан. Хажууд нүдний шилтэй, намхан, малгайгаа эргүүлээд өмссөн, танихгүй залуу ирчихсэн байсан бөгөөд нэг харахад манай найз Хүслэн газар унасан байсан. ...Баяраа “...Нэг залуу Хүслэнг цохисон, явуулж болохгүй. ...” гэхэд тэр залуу нь Баяраа руу дайраад байсан. ...” /хх 10-11/,

гэрч П.Баярбилэгийн “...Намайг яваад очиход Хүслэн алхаж байгаад нүүрээрээ газар унасан. Хамгаалагч “Найзыгаа гарга...” гэсэн бөгөөд би тухайн үед хамгаалагчид “...Цохисон хүнийг нь байлгаж байгаарай. ...” гэж хэлсэн. ...” /хх 12/,

шүүгдэгч Б.Бы “...2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ...”Д-Вэе” бааранд ...бүжиглэж байхад манай найзтай танихгүй хар хувцастай залуу маргасан. Уг залуу найзтайгаа байсан ба би “Яасан бэ.” гэхэд “Ална шүү.” гэхээр нь “Гаръя.” гээд найзтайгаа хамт гарсан. Араас гарч ирэхгүй болохоор нь буцаж ороход хамт байсан найз нь ширээний хажууд зогсож байхаар би очоод “Яасан бэ.” гэхэд уг залуу намайг цохисон ба би буцаагаад цохисон. Тэгээд хамгаалагч нар биднийг салгаад бид нарыг гарцгаа гэсэн. Гарахад миний цохисон залуу гадаа үүдэнд сууж байсан бөгөөд надад “Цохисон хүн чинь ухаан алдсан байсан. Байж бай. ...” гэхээр нь найзыгаа хамт Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. ...” /хх 29/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1094 дугаартай шинжээчийн “...Чинхүслэнгийн биед 2 талын сильвийн ховил, зүүн суурийн цистерн болон дух зулайн дэлбэнгийн зай, 2 дагзны дэлбэнгийн атираа хоорондын зайнууд аалзан хальс доор цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 16/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн "...Б.Чг ширээний хажууд зогсож байхад дэлгэцийн зүүн талаас цайвар цамц, бараан өмд, бараан гутал өмссөн, гараа өргөсөн байдалтай залуу, араас нь малгай өмссөн, судалтай цайвар цамц, хар бараан өмд, гутал өмссөн залуу урдаа явж байсан залуугийн араас зүүн гарыг нь татахад уг цайвар цамцтай залуу цааш алхан, хар судалтай, цайвар цамцтай, малгайтай залуу Б.Ч рүү гараараа заагаад, алхаж очоод, Б.Чгийн чихэнд юм хэлэхэд Б.Ч судалтай, цайвар цамцтай, малгайтай залууг мөргөж, хоорондоо гар гарнаасаа таталцаж, Б.Ч цайвар судалтай цамцтай залууг цохиход, судалтай цайвар цамцтай малгайтай залуу урдаас нь зууралдаж, Б.Чг 3 удаа цохиход хажуунаас нь зөөгч, хамгаалагч нар очиж салгав..." гэх тэмдэглэл /хх 19/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Быг "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Баярсайханы хохирогч Б.Чгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч Б.Ч "...Би одоо хүртэл байнга тархи толгойгоо эмчлүүлж, ажил хийж чадахгүй, байнгын эмчийн хяналтад байна. ...Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь миний биед хүнд хор уршиг бүхий гэмтэл учирсныг нотолж байна.

...Би эмнэлэгт хэвтэж байхдаа гэмтлийн эмнэлгийн гадна байдаг гуанзнаас хоол хүнсний зүйл хэрэглэсэн ба уг хохирлыг гаргаж өгөөгүй. Шийтгэх тогтоолоор ямар хохирлыг тооцож, 557.213 төгрөгийг шүүгдэгчээс гаргахаар шийдвэрлэсэн талаар тодорхой дурдаагүй. Хохирлоос ямар хохирлын мөнгөн дүнг хасаж, хохиролд тооцох боломжгүй болсон нь ойлгомжгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1094 дугаартай шинжээчийн  “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн /хх 16/ дүгнэлтээс үзэхэд хохирогч Б.Чгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл үүссэн болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх “...Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтас хэрэгт болон шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирогчийн Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын хооронд явсан унааны зардал, эмчилгээ хийлгэсэн баримт зэрэг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох нь баримтаар тогтоогдсон нийт 557.213 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Чд олгох нь зүйтэй. Харин хохирогчийн хоол, хүнс авсан зардлыг хохирлоос хасаж тооцсон болно. Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл шалтгаалан хоол, хүнс хэрэглэх тул дээрх хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзнэ. Хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд хохирогч Б.Чгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Чгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ