Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00429

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр Дуга 210/МА2024/00429

 

 

А.А, БНХАУ-ын иргэн С нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/00063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.А, БНХАУ-ын иргэн С нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Шт холбогдох,

 

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ч ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хэлцлээр шилжсэн хөрөнгүүдийг эзэмшил өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А.А М.Ш нар хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт 153/3 тоот хаягт байрлалтай, 9,992 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалттай газар дээр түүхий эд, мах боловсруулах зориулалттай үйл ажиллагаа явуулахаар барилга барихаар болсон.

Уг барилгын ажлыг дууссаны дараа хамтран ажиллаж, ашиг хуваах тул А.Агийн эзэмшил, өмчлөлд байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газар болон Ч ХХК-ийн 100 хувийн хувьцааг М.Шт худалдахаар мөн тохиролцсон.

1.2. М.Штай 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компани худалдах худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, газар болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх төлбөрт 30,000,000 төгрөг, Ч ХХК-ийн хувьцаа болон эрх шилжүүлэх төлбөрт 1,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөг авахаар харилцан тохиролцсон боловч М.Ш нь дээрх төлбөрийг төлөөгүй.

1.3. Шинээр үл хөдлөх эд хөрөнгө нэмж барихад нийт 1 тэрбум орчим төгрөг болсон бөгөөд М.Ш нь огт хөрөнгө оруулалт хийгээгүй, нэхэмжлэгч талаас бэлнээр болон дансаар гаргаж өгсөн мөнгийг, өөрийн хөрөнгийг зарцуулсан гэж тайлбарладаг. Ингээд маргаан үүсэх болсон тул маргаан бүхий газрын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийлгэсэн.

1.4. М.Штай хийсэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ч ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хэлцлээр шилжсэн мөнгө, хөрөнгийг эзэмшил өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

1.1. Талуудын хооронд гэрээ хэлцлийг байгуулахдаа талууд хүсэл зоригийн илэрхийлэл маргаан бүхий эд хөрөнгө, хувьцааг худалдах худалдан авах зорилготой байсан. Тодруулбал, А.Ан нөхөр гэгдэх БНХАУ-ын иргэн С нь Монгол улсад оршин суух визний хугацаа хэтэрсэн, энэ асуудлыг зохицуулах шаардлагатай байсан тул гэрч н.Наранцэцэг, хариуцагч М.Ш нарт маргаан бүхий хөрөнгүүдийг худалдах санал гаргасан.

1.2. Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо, Эмээлт 84018, Эмээлтийн зам гудамж 153/3 тоот хаягт байрлах, Үйлдвэр аж ахуйн зориулалттай 240 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Шын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох М.Шт хамтран ажиллах санал тавьсан.

1.3. Ч ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулан хариуцагчид хуулийн этгээдийн тоон гарын үсэг бүхий флаш диск, тамга тэмдэг, хуулийн этгээдийн гэрчилгээг М.Шт хүлээлгэн өгсөн. Гэвч БНХАУ-ын иргэн С болон эхнэр А.А нар нь хууран мэхэлж хуулийн этгээдийн тамга, гэрчилгээг авчихаад буцаан өгөөгүй, Ч ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээлгэн өгсөн бичиг баримт, эд зүйлээс одоо хариуцагчид тоон гарын үсэг бүхий флаш диск хадгалагдаж байгаа. Эндээс үзвэл хувьцааг үнэхээр худалдах, худалдан авах хүсэл зоригтой байсныг тодорхойлж болохоор байна.

1.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус ба нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл анх маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс татгалзах буюу хүчин төгөлдөр болсон хэлцэл гэж үзэн гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гарган шийдвэрлүүлсэн байдаг.

1.5. Нэхэмжлэгч талаас дээрх гэрээ хэлцлүүдийг үнэхээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд М.Шыг тухайн газар дээр шинээр бүтээн байгуулалтыг хийж байх цаг хугацаанд энэхүү гомдлын шаардлагаа гаргаж байгаагүй нь ихэд эргэлзээг төрүүлж байна. Иймд энэхүү гомдол маргаан нь худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцааны явцад үүссэн маргаан биш, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр үүссэн маргаан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.А, М.Ш нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 02- ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн Ч ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Ү-2201046975 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт /18401/ эмээлт зам гудамж 153/3 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.Агийн эзэмшил болон өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч М.Шт даалгаж, А.Агийн нэхэмжлэлээс газар болон компанийг эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэсэн хэсгийг болон нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн С-гийн хариуцагч М.Шт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, хариуцагч М.Шаас орчуулагчийн зардалд 320,000 төгрөгийг гаргуулж Элит хонгор ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч А.А нь анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /307,950 төгрөг/, Чинсүжинт ХХК-ийг худалдах худалдан авах гэрээ /28,550 төгрөг/, Компанийн эрх шилжүүлэх гэрээ /70,200 төгрөг/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах /70,200 төгрөг/, Үл хөдлөх эд хөрөнгө, Ч ХХК /70,200 төгрөг/, Газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигчээр А.Аг тогтоолгох/70,200 төгрөг/, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах /70,200 төгрөг/ тухай шаардлагуудыг гаргажээ.

4.2. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа 687,500 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 453,350 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хэд хэдэн удаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөхдөө улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад зааснаас үзвэл 6 шаардлага гаргасан бөгөөд үүнд 617,300 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой атал төлөөгүй. Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа болжээ. Үүнээс харахад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсныг илтгэж байна.

4.3. Мөн тухайн хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа өөрчилсөн нь анхнаасаа залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байсан тул Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байсан. Үүнээс үзэхэд тухай маргааныг иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн журмаар шалгагдсаны дараагаар шийдвэрлэх ёстой байсан.

4.4. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.А нь хариуцагчид мэдэгдэлгүйгээр буюу нууцаар түүний хөрөнгөөр барьсан 3 үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан. Үүнтэй холбоотойгоор тухай маргаан бүхий гэрээний үндсэн дээр шилжүүлэхээр тохиролцсон газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхэд хэдэн төгрөгөөр үнэлж мэдүүлсэн талаарх нотлох баримтыг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс гаргуулах хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүх М.Ш нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг өөрөө тус шүүхэд гарган өгөх боломжтой байхад шүүх нотлох баримтыг цуглуулахаар захирамж гаргасан гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцэхгүй байна.

4.5. Гэвч шүүгч хүсэлтийг хангасан хэр нь өөр агуулгаар тэмдэглэлд тусгаж, захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх нь ойлгомжгүй байдлаар шийдвэрлэж, нотлох баримтыг дутуу /маргаан бүхий газарт нийт 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байгаа/ цуглуулсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг тухайн өдрийн шүүх хуралдааны дүрс бичлэгээс тодруулах боломжтой байна.

Дээрх нотлох баримтууд бүрэн дүүрэн ирсэн тохиолдолд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлалд дурьдсанчлан нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үнийг тодорхойлоход ач холбогдолтой байсан.

4.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие даргалагч шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, 92 дугаар зүйлийн 92.2-т заасны дагуу татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хуульд заасан эрхийн дагуу 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг санаатайгаар зөрчсөн.

4.7.А.Аг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцуулж, дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг өөрийн биеэр оролцуулах хүсэлт гаргасан боловч биечлэн оролцоогүй болно.

4.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт ач холбогдол бүхий үзлэг хийн баталгаажуулсан зөөврийн санах ойд байгаа тоон гарын үсэг нь маргаан бүхий Ч ХХК-ийн тоон гарын үсэг мөн болохыг эрх бүхий байгууллагаар тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч шүүгч хангалттай нотлогдсон гэж үзэж тус хүсэлтийг хүлээж аваагүй.

4.9. Газрын эрх шилжүүлэх гэрээг талууд ямар нэгэн хариу төлбөргүйгээр хийсэн. Харин газрын эрхийг бүртгүүлэхэд нэхэмжлэгч А.Ан зүгээс газрын албанд гомдол, хүсэлт гаргасны улмаас газрын эрхийг бүртгүүлж чадаагүй.

Үүнийг анхан шатны шүүх буруу дүгнэн Газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус байна гэсэн нь үндэслэлгүй.

Хамтран ажиллах тохиролцоо байсан гэж үзвэл энэхүү хэлцлүүд нь тохиролцооны нэг хэсэг болох нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл Стой тохиролцсоны дагуу хэлцэл хийж, М.Ш шилжүүлэн өгөх зорилгоор хэлцэл хийсэн үйлдэл нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн бодит хэлцэл болно.

4.10. Анхан шатны шүүхийн шүүгч өөрөө нэхэмжлэгчийг хөтөлж асуусны үндсэн дээрээс нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлуулж баталгаажуулсан.

Гэтэл хариуцагч М.Ш нь А.Атай ямар нэгэн байдлаар хамтран ажиллах хэлцлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлж харилцаанд ороогүй бөгөөд зөвхөн Стой хэлцэл хийсэн байдаг.

Нэхэмжлэгч болон түүний хамтран амьдрагч С нарын хооронд ямар ойлголцол, тохиролцоо хийснийг хариуцагч М.Ш мэдэх боломжгүй учраас А.Агийн хэлцэл хийх хүсэл зориг бодитой байсан гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/00063 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулах замаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч олон нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй гэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудлыг тавьж болох байсан боловч тавиагүй. Гэрээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талаас төлсөн учраас шүүх улсын тэмдэгтийн хураамж дутуу байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ бол эрүүгийн хэрэг гэж ярьдаг. Хариуцагч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1097 дугаар Прокурор тогтоолоор иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан байна гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Тус маргаан эрүүгийн журмаар шийдвэрлэх маргаан байна уу, иргэний маргаан байна уу гэдэг асуудалд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул эргэлзээ байхгүй.

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч газар дээр барьсан эд хөрөнгийн лавлагаа авах талаар ярьсан боловч энэ талаарх баримт нь хэрэгт хамааралгүй. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хангах, хангахгүй асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх асуудлыг үнэлдэг. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй хүсэлт гаргаж байгаа талаар тайлбар хэлсэн.

5.4. Мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахад хүсэлтийг шийдвэрлээгүй гэж байна. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн шатанд шүүгч талуудаас хүсэлт байгаа эсэхийг тодруулж, хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангаагүй тул шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан. Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 05 дугаар тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91, 92 дугаар зүйлийг тайлбарласан. Тус тайлбарт хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхгүй гэж заасан. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нь тухайн үед үндэслэлгүй хүсэлт байсан, одоо ч гэсэн давж заалдах гомдлын үндэслэл болж байгаа нь үндэслэлгүй.

5.5. Давж заалдах гомдлын 6-д ийнхүү үл хөдлөх эд хөрөнгө газрын эрх шилжүүлэн авсны дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгө дээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцсон байдаг гэж байна. Талуудын хооронд хамтран ажиллах тохиролцоо байсан гэж хариуцагч маргадаг.

Хариуцагчийн хариу тайлбар болон давж заалдах гомдолд бичсэнээр хамтран ажиллах тохиролцоо байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хамтран ажиллах гэрээ, тохиролцоотой холбоотой шаардлага гаргах эрхийг анхан шатны шүүх нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй. БНХАУ-ын иргэн С нь н.Наранцэцэг, М.Шт нартай хамтарч ажиллах талаар санал тавьсан болохоос эд хөрөнгө шилжүүлэх талаар санал гаргаагүй.

5.6. Хариуцагч тал 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнүүд дээр бичигдсэн үнийн дүн болох нийт 31,000,000 төгрөгийг төлсөн гэж маргадаг. Төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч мөнгийг гэрээний зориулалтаар шилжүүлээгүй, М.Шаас А.А руу шилжүүлсэн мөнгө байдаггүй. Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

5.7. Давж заалдах шатны шүүхээс өмнө нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж дурдсан боловч тодруулах ёстой зүйл нь нэхэмжлэгч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж эсэх, эсхүл гэрээний үүргийн талаар маргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн.

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан. Үүнээс гадна хариуцагч эрүүгийн журмаар гомдол гаргаж, шалгуулсан.

Иргэний хэрэг үүсэхээс өмнө А.А, С, М.Ш нар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Хамтран ажиллах тохиролцоо байсан болохоос эд хөрөнгө шилжүүлэх хүсэл зориг байгаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч М.Шт холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ээс татгалзаж, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компани худалдах худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт /18401/ эмээлт зам гудамж 153/3 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046975 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт 153/3 тоот хаягт байрлалтай, 9,992 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн дугаарт бүртгэгдсэн газрын хууль ёсны эзэмшигчээр тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч А.А нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлт /18401/ эмээлт зам гудамж 153/3 тоот хаягт байршилтай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай, 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч М.Ш нь 30,000,000 төгрөгийг төлөх;

3.2. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч А.А нь өөрийн эзэмшилд байгаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлт 153/3 тоот хаягт байршилтай 9,992 м.кв талбайтай газар эзэмших эрхийг эрх хүлээн авагч М.Шт шилжүүлэх;

 

3.3. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Компани худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ч ХХК-ийн захирал А.А нь Ч ХХК-ийн 100 ширхэг хувьцааг худалдах, худалдан авагч М.Ш нь 1,000,000 төгрөгийн үнэ төлөх;

 

3.4. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ч ХХК-ийн захирал А.А нь 20,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй нэг бүр 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг энгийн хувьцаатай 1 гишүүнтэй Ч ХХК-ийн өөрт оногдох 100 хувийн энгийн хувьцааг М.Шт шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээнүүдийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 6-14 дэх тал/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шийдэл зөв боловч үндэслэлийг буруу тодорхойлсон алдаа гаргасныг залруулна.

 

4.1. Нэхэмжлэгч нь ... хамтран ажиллах зорилгоор дээрх гэрээнүүдийг байгуулсан гэж, М.Ш нь хохирогчоор өгсөн тайлбарт ... Би 2005 оноос эхлэн Эмээлт зах дээр ноолуур авдаг ажил хийж байгаа юм. Тэгээд ажиллаж байхад 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Хятад улсын иргэн Тао Тао буюу Баяраа надтай уулзаад хамтран махны үйлдвэр барих санал тавьсан. Тэгээд бид нар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нотариат ороод газрын эрх, 220 м.кв сендвичин байшин, компанийн эрх шилжүүлэх гэрээг хийсэн., ...би 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. гэж мэдүүлжээ.

 

4.2. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсгэх зорилго байгаагүй, харин мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцааг үүсгэх зорилгоор уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ болон компаний эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан гэж үзэхээр байна.

 

4.3. Анхан шатны шүүх дээрх хэлцлээс хууль зүйн үр дагавар үүсч, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлт /18401/, эмээлт зам гудамж 153/3 тоот хаягт байршилтай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай, 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө М.Шын өмчлөлд шилжсэн байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Дүр үзүүлж хийсэн хэлцлээс хууль зүйн үр дагавар үүсэхгүй, хэлбэрийн төдий байгуулдаг хэлцлийг ойлгоно. Харин талуудын хоорондын хүсэл зориг, хэргийн үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл байгуулсан гэж үзэхээр байна.

 

Учир нь зохигчдын хүсэл зориг нь хамтын үйл ажиллагаанд зориулж талуудын хэн аль нь ямар хөрөнгө оруулалт хийх, ашиг алдагдлыг хэрхэн хуваах талаар тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулах атал дээр дурдсан худалдах-худалдан авах гэрээ болон газрын эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдаж, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан нь хуулийн дээрх үндэслэлд хамаарч байна.

 

4.4. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар 56.1.3 дахь хэсэгт зааснаар А.А, М.Ш нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ч ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон өөрчлөлт оруулна.

 

5. Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй.

 

5.1. Анхан шатны шүүх Ү-2201046975 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18401/, эмээлт зам гудамж, 153/3 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.Агийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч М.Шт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцжээ.

 

Мөн, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр А.А нь өөрийн эзэмшилд байгаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлт 153/3 тоот хаягт байршилтай 9,992 м.кв талбайтай газар эзэмших эрхийг эрх хүлээн авагч М.Шт шилжүүлэх, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Компани худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдагч Ч ХХК-ийн 100 ширхэг хувьцааг М.Шт шилжүүлж, хууль зүйн үр дагавар үүсээгүй тул эдгээр хэлцлээр буцаан шилжүүлэх хөрөнгө болон хуулийн этгээдийн хувьцаа байхгүй талаар үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

5.2. Хэрэгт авагдсан баримтаар Ц.Наранцэцэгийн Хаан банкны 5022408350 дугаартай данснаас С-ийн Хаан банк дахь 5025862200 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Шинэ од гүйлгээний утгаар 20,000,000 төгрөг болон 1,000,000 төгрөгийг, А.Ан Хаан банк дахь 5025938816 тоот дансанд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Шинэ од ЦС гүйлгээний утгаар 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Гэрч Ц.Наранцэцэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... 20,000,000 төгрөгийг газрын төлбөрт шилжүүлсэн, 1,000,000 төгрөгийг Ч ХХК-ийн төлбөрт шилжүүлсэн, ... газрын мөнгөнөөс цаана нь 10.000.000 төгрөг үлдсэн гэхээр нь 10 хоногийн дараа шилжүүлсэн .. цс гэдэг нь Цэцгээгээс гэсэн утгатай гэж, гэрч С шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй ... М.Ш ах надаас ноосны мөнгө 20,000,000 төгрөг аваад буцаагаад 20,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг би ноос зарсны ашиг өгсөн юм байна гэж ойлгосон гэж тус тус мэдүүлсэн.

Нэхэмжлэгч С нь Ц.Наранцэцэгтэй эрх зүйн харилцаанд оролцож, нийт 31,000,000 төгрөгрийн авлагатай байсан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар эргэлзээгүй нотлогдохгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар гэрч Ц.Наранцэцэгийн 20,000,000 төгрөгийг газрын төлбөрт шилжүүлсэн, 1,000,000 төгрөгийг Ч ХХК-ийн төлбөрт шилжүүлсэн, ... газрын мөнгөнөөс цаана нь 10.000.000 төгрөг үлдсэн гэхээр нь 10 хоногийн дараа шилжүүлсэн гэх мэдүүлгийг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж үзнэ.

 

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас 31,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч М.Шт олгосон өөрчлөлт оруулна.

 

6. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.1. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 453,350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлжээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үнэ 30,000,000 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Компани худалдах, худалдан авах гэрээ-ний үнэ 1,000,000 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Мөн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-нд үнийг дурдаагүй тул улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тооцож, 140,400 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 476,900 төгрөг төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 23,550 төгрөгийг нэхэмжлэгч нараас нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

6.2. М.Шаас С, А.А нар холбогдуулан гаргасан гомдлыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1097 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор ...гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх нь субьектив эрх бөгөөд хэдэн удаа, хэрхэн өөрчлөхийг шүүх хязгаарлах боломжгүй юм.

 

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6.3. Шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/26313 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлт /18401/ эмээлт зам гудамж 153/3 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай, 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг анх удаа бүртгүүлэхэд мэдүүлсэн мэдүүлгийн маягтыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүгчийн захирамжид заасан баримт Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1255 дугаар албан бичгээр баримтыг шүүхэд хүргүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

6.5. Хариуцагч тал нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд татгалзлын шатанд татгалзаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагдаагүй үндэслэлд хамаарна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/00063 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан А.А, М.Ш нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ч ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, дээрх хэлцлээр шилжүүлсэн Ү-2201046975 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт /18401/ эмээлт зам гудамж 153/3 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.Агийн эзэмшил болон өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч М.Шт даалгаж, нэхэмжлэгч А.А, БНХАУ-ын иргэн С нараас 31,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч М.Шт олгож, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн С-гийн хариуцагч М.Шт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 23,550 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулж, хариуцагчаас 476,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад, хариуцагч М.Шаас орчуулагчийн зардалд 320,000 төгрөгийг гаргуулж Элит хонгор ХХК-д тус тус олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР