Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1450

 

Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04419 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн

Хариуцагч Н.Эрдэнэчимэгт холбогдох

           

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч Н.Эрдэнэчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг

Хариуцагч Н.Эрдэнэчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр нэг хашаа хамт хөлсөлж байсан бөгөөд Н.Эрдэнэчимэг эгч машин зардаг, би нүүрс зардаг байсан. Хариуцагч нь надад мөнгө хэрэгтэй байна, дүү нарынхаа нэр дээр машин оруулж ирж зардаг гэж байсан тул би 9 000 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд хүүд 1 350 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сард 1 000 000 төгрөг өгснийг зээлийн хүүд суутгаж тооцсон. Ингээд хариуцагчаас үндсэн зээл 9 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дэх хэсэгт заасныг үндэслэж алданги 4 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6 400 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа  багасгаж, үндсэн зээл 2 600 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, нийт 7 100 000 төгрөгийг Н.Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү. Бид зээлийн гэрээний 3 дахь хэсэгт алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцвол 15 750 000 төгрөг алдангид төлөхөөр байгаа боловч хуульд 50 хувиас хэтрүүлж болохгүй гэж заасан тул 4 500 000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч шүүхэд хандсанаас хойш зээл төлсөн тул алдангиа багасгахгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Наранцэцэгээс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 9 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Зээлийн хүү болох 450 000 төгрөгийг 3 сар төлж байтал миний нөхөр М.Ганбаатар 2 удаа цус харван, эрүүл мэндийн асуудал гарч өөрийн олон жил явуулж байсан дэлгүүр, баарны бизнесээ зогсоон нөхрөө асрах болсон. Энэ гэнэтийн асуудал миний амьдралд хүнд цохилт болж, эргэн төлж байсан төлбөрийн асуудал хүндэрч, зээлийн хугацаагаа 2 сар сунгаж нийт 5 сарын хүүд 2 250 000 төгрөг төлж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Гэсэн хэдий ч би өөрийн хүсэл зоригоор цэвэр итгэлцэл дээр энэ мөнгийг төлж барагдуулах ёстой гэж үзэн 2015 оны 9 дүгээр сарын 03-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 6 400 000 төгрөг, нийт 7 400 000 төгрөг төлсөн. Ц.Наранцэцэг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нөхөр н.Буяндэлгэрийн хамт Стандарт хэмжилзүйн төвийн өмнө машинтайгаа ирж ярилцан, та үлдсэн 8 000 000 төгрөгөө өгөөд хоёулаа дуусгая гэснээсээ буцаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Миний төлсөн 1 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаагүй байна. Өмнө нь би Ц.Наранцэцэгээс мөнгө зээлээд хугацаанд нь өгдөг байсан, манай нөхөр өвдсөний улмаас миний эдийн засгийн байдал хүндэрсэн. Одоо би зээлийн үлдэгдэл 1 600 000 төгрөг төлнө, алданги төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Эрдэнэчимэгээс 104 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх алдангийг тооцохдоо шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн үлдэгдэлээр тооцсонд гомдолтой байна. ...Хуульд зааснаар үлдэгдэл төлбөр 1 600 000 төгрөг байх ба үүний алданги нь хуульд зааснаар 800 000 төгрөг болж манай төлөх төлбөр нь 2 400 000 төгрөг байна. Хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдэх заалтаар 3 200 000 төгрөг илүү төлөхөөр шийдсэн байх тул 3 200 000 төгрөгийн төлбөрт давж заалдах гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэл гаргасан өдрөөр алданги тооцох хууль байхгүй, албан ёсны, албан бус тайлбар байхгүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч Н.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгч Ц.Наранцэцэгээс 2015 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 9 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэхээр бичгээр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээг 1 сарын хугацаагаар сунгасан /хх-4/ үйл баримт тогтоогдож байна.

 

          Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

          

Хариуцагч зээлийн гэрээний үүргээс 3 сарын хүү 1 350 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин үндсэн зээл, алдангийн талаар маргасан байна.

 

         Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч 2015 оны 5 дугаар сарын  21-нд 6 400 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 03-нд 1 000 000 төгрөг нийт 7 400 000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан “Үүрэг гүйцэтгэх дараалал”-д нийцүүлэн, шүүх үндсэн зээлээс хасч тооцсон нь зөв болжээ.

 

         Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцон, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

         Харин шүүх алдангийг буруу тооцон, дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс гаргасан тайлбартаа “Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн төлсөн 6 400 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч 2 600 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үндсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 1 300 000 төгрөгийг алдангид тооцох ёстой байна.

 

Ийм учраас хариуцагч Ц.Наранцэцэгээс үүргийн гүйцэтгэлд нийт 3 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 5 600 000...” гэснийг “...3 900 000...” гэж, “...1 500 000...” гэснийг  “...3 200 000...” гэж, 2 дахь заалтад “...104 550...” гэснийг “...77 350...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Эрдэнэчимэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                            Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                        Д.БАЙГАЛМАА