Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04419

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04419

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, 6 дугаар гудамж, 17 тоотод оршин суух, эмэгтэй, Бэсүд овогт Цэрэнгийн Наранцэцэг /РД-ПБ69022065/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8-7 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Намсрайн Эрдэнэчимэг /РД-ТБ64051261/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /шүүхэд төлөөлөх эрх-0475/, хариуцагч Н.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бид хоёр нэг хашаа хамт хөлсөлж байсан бөгөөд Н.Эрдэнэчимэг эгч машин зардаг, би нүүрс зардаг байсан.

Хариуцагч нь надад мөнгө хэрэгтэй байна, дүү нарынхаа нэр дээр машин оруулж ирж зардаг гэж байсан тул би 9 сая төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаанд хүүд 1,350,000 төгрөг өгсөн. 2015 оны 9 сард 1 сая төгрөг өгснийг би зээлийн хүүд суутгаж тооцсон.

Ингээд хариуцагчаас үндсэн зээл 9 сая төгрөг, алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэж 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6,400,000 төгрөг зээлд төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 2,600,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 7,100,000 төгрөг Н.Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү.

Бид зээлийн гэрээний 3 дахь хэсэгт алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцвол 15,750,000 төгрөгийн алданги төлөхөөр байгаа боловч хуульд 50 хувиас хэтрүүлж болохгүй гэж заасан тул 4,500,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч шүүхэд хандсанаас хойш зээл төлсөн тул алдангиа багасгахгүй гэв.

Хариуцагч Н.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ц.Наранцэцэгээс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 9 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Зээлийн хүү болох 450,000 төгрөгийг 3 сар төлж байтал миний нөхөр М.Ганбаатар 2 удаа цус харван, эрүүл мэндийн асуудал гарч өөрийн олон жилийн явуулж байсан дэлгүүр, барны бизнесээ зогсоон нөхрөө асрах болсон.

Энэ гэнэтийн асуудал миний амьдралд цохилт болж, эргэн төлж байсан төлбөрийн асуудал хүндэрч, зээлийн хугацаагаа 2 сар сунгаж нийт 5 сарын хүүд 2,250,000 төгрөг төлж зээлээ төлж чадахгүйд хүрсэн.

Гэсэн хэдий ч би өөрийн хүсэл зоригоор цэвэр итгэлцэл дээр энэ мөнгийг төлж барагдуулах ёстой гэж үзэн 2015 оны 9 дүгээр сарын 03-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 6,400,000 төгрөг, нийт 7,400,000 төгрөг төлсөн.

Хариуцагч Ц.Наранцэцэг нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нөхөр н.Буяндэлгэрийн хамт Стандарт хэмжилзүйн төвийн өмнө машинтайгаа ирж ярилцан, та үлдсэн 8 сая төгрөгөө өгөөд хоёулаа дуусгая гэсэн байснаасаа буцаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

Мөн миний төлсөн 1 сая төгрөгийг үндсэн зээлээс хасаагүй байгааг би ойлгохгүй байна. Өмнө нь би Ц.Наранцэцэгээс мөнгө зээлээд хугацаанд нь өгдөг байсан, манай нөхөр өвдсөний улмаас миний эдийн засгийн байдал хүндэрсэн.

Одоо би зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөгийг төлнө, алданги төлөх боломжгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь Н.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа багасган, үндсэн зээлд 2,600,000 төгрөг, алдангид 4,500,000 төгрөг, нийт 7,100,000 төгрөг хариуцагчаас гаргуулахыг шаардаж байна. /хх-32 дугаар хуудасны ар тал/

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч, үлдэх 5,500,000 төлөх боломжгүй гэж марган, үндэслэлээ ... нөхөр өвдсөний улмаас эдийн засгийн боломжгүй болсон, алданги төлж чадахгүй ... гэж тайлбарладаг. /хх-33 дугаар хуудас/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн буюу хариуцагч Н.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчээс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 9 сая төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, зохигчид хугацааг 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сунгасан, мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Наранцэцэгийг зээлийн гэрээний хугацаанд 3 сарын хугацааны хүүд 1,350,000 төгрөг /3*450,000 төгрөг/ төлсөн, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, шүүхэд хандсанаас хойш 6,400,000 төгрөг төлсөн гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүйн гадна нэхэмжлэгч тал, хариуцагчаас зээлийн хүү шаардаагүй. /хх-33-34 дүгээр тал/

Харин талууд зээлийн үлдэгдэл болон зээлийн төлбөрт суутгасан тооцооллын талаар маргаж байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоож өгсөн ба мөн зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол ... үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дууссан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн уг хугацаанаас хойш зээлийн үүрэгт төлсөн 1,000,000 төгрөгийг зээлийн хүүд суутгасан нь дээрх хуулийн заалтад харшилж байна. /хх-33 дугаар/

Иймээс хариуцагч Н.Эрдэнэчимэгийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, түүний үндсэн зээлийн үлдэгдлийг 8 сая төгрөгөөр тооцох нь зүйтэй.

Хариуцагч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт 6,400,000 төгрөг төлсөн байдаг тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу үндсэн зээлээс хасч Н.Эрдэнэчимэгийг үндсэн зээлд 1,600,000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ. /хх-32-33 дугаар тал/

Алдангийн хувьд:

Хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцжээ.

Хариуцагч Н.Эрдэнэчимэг, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэм буруутай болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагчийн, төлбөрийн чадваргүй гэх тайлбар нь гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс үүссэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. /хх-12, 33 дугаар хуудас/

Н.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгчийг шүүхэд хандах үед үндсэн зээлд 8 сая төгрөг төлөхөөр байсан тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг 4 сая төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1,600,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Эрдэнэчимэгээс 104,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан учир шүүх хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,600,000 /таван сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Эрдэнэчимэгээс 104,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД