Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0273

 


 

“С-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, тус яамны үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М, Ж.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0228 дугаар шийдвэртэй, “С-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, тус яамны БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0228 дугаар шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С-О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл хэлбэрээр гарсан тендерийн дахин үнэлгээний шийдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 тоот албан бичгийн “С-О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч “С-О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн захирал З.Б давж заалдах гомдолдоо: “...Үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлийг үзэхэд үнэлгээний хорооны гишүүн Ж.Ганбаатарын “Одоо дахин үнэл гэсний дагуу шаардлагад нийцсэн тендерээс харьцуулах хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг шалгаруулья ...” гэж хэлсэн, үнэлгээний хорооны гишүүд тус саналыг дэмжин “Эм Жи Эл Би” ХХК, “Хорол багана констракшн” ХХК-ийн шаардлагад нийцээгүй тендерийг дахин үнэлээгүй байдаг. Шүүгч хэрэгт байгаа нотлох баримтыг бүрэн судлалгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь дээрхээс харагдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дахин үнэлгээ хийлгэхийг даалгах шаардлага байхгүй гэтэл шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6-1/8098 тоот албан бичгийн дагуу нийт 10 компаниас ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийх нь зүйтэй байна...” гэж дүгнэсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6-1/8098 тоот албан бичигт 10 компанийг дахин үнэлгээ хийх гэсэн утга, агуулга огт байхгүй, харин ч “С-О” ХХК-ийн тендерээс татгалзах нь зүйтэй гэж дурдсаныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үнэлгээний хороо хэрэгжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана” гэж заасан. “С-О” ХХК, “Синчи Групп” ХХК-иуд тус тусдаа санхүүгийн тайлан гаргах ёстой байсан, мөн тендерийн баталгаа, бусад бүх баримт бичгийг “С-О” ХХК-иар бүрдүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үнэлгээний хороонд ирүүлсэн. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гуравдагч этгээд бидний зүгээс нэхэмжлэгчээс “Синчи Групп” ХХК-ийн санхүүгийн тайлангаас “С-О” ХХК-д холбогдох хэсгийг яаж олж харах вэ, хэрвээ нэгтгэсэн тайлан гаргасан бол охин компаниудын санхүүгийн тайлангийн нэгтгэсэн хэсэг мөн харагдах ёстой хэрэгт файлаар авагдсан баримтанд огт байхгүй гэдэг нь нотлох баримт шинжлэн судлах явцад ил болсон. Захиалагчийн тогтоосон “чадавхийн шаардлага”-ыг хангаагүй буюу санхүүгийн чадамжаа нотолж чадаагүй “С-О” ХХК-ийн дахин үнэлгээ хий гэж шаардаж байгаа нь анхан шатны шүүх маргааны бодит нөхцөл байдлыг тогтоохгүй, хэт нэг талыг барьж нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаж байна. Шийдвэрээр юуг шийдвэрлээд, хариуцагчдыг яах ёстой гэж хэлээд байгаа нь үнэндээ ойлгомжгүй байна. Учир нь Үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгосон ч Сангийн яамны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгэхээр “С-О” ХХК-ийн тендерийн шаардлага хангаагүй гэсэн Сангийн яамны шийдвэр хүчинтэй ч дахин үнэлгээ хий гэсэн шаардлага тавигдаад байдаг. Үүнээс үзэхэд шүүх тендерийн шаардлага хангаагүй компанийг дахин үнэлээд, хасах ёстой гэсэн шийдвэр гаргаад байна уу?

Гуравдагч этгээдийн зүгээс энэхүү 2/84, 2/85 дугаар албан бичгүүд нь захиргааны актын шинжийг огт агуулахгүй байна. Захиргааны байгуулагаас компаниудад маш олон төрлийн албан бичгийг хүргүүлдэг, албан бичиг бүр захиргааны акт болохгүй. Захиргааны акт болохын тулд хуульд заасны дагуу захирамжилсан, гадагш чиглэсэн шинжтэй ядаж байх ёстой. Төрийн нарийн бичгийн даргын албан бичиг нь үнэлгээний хорооны шийдвэрийг компаниудад мэдэгдсэн байна, түүнээс “С-О” ХХК-ийн тендерийн материалаас татгалзсан шийдвэрийг Сангийн яам, Үнэлгээний хороо шийдвэрлэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0228 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдвэрийг хүчингүй болгож өөрчилж өгөхийг хүсч байна” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/285 дугаар тушаалаар[1] Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэгийн барилга байгууламж, 240 ор бүхий цэцэрлэгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд уг үнэлгээний хороо 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр[2] сонгон шалгаруулалтыг явуулж, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор нэхэмжлэгч “С-О” ХХК-ийг тодорхойлсон байна.

Тухайн тендерт оролцсон “Жаргалантлуу” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хянан үзээд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “...Захиалагч “Жаргалантлуу” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлсэн шийдвэр үндэслэлтэй байна. ...Цахим санхүүгийн тайлангаас захиалагчийн “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлсэн “С-О” ХХК-ийн санхүүгийн тайланг хянан үзэхэд 2016, 2017 оны тайланг санхүүгийн байгууллагад ирүүлээгүй бөгөөд тухайн онуудын мэдээлэл системд байхгүй байгаа нь захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.2 /б/-д ...заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна. Иймд хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу “С-О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах нь зүйтэй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж байна” гэх 6-1/8098 дугаар[3] албан бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлжээ.

Уг албан бичгийн дагуу хариуцагч БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сары 03-ны өдөр дахин үнэлгээг хийж, 03 дугаартай хуралдаанаар /тэмдэглэл[4]/ “С-О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин үнэлгээгээр гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид тухайн шийдвэрийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн ба Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84 дүгээр албан бичгээр гуравдагч этгээдэд “гэрээ байгуулах эрх олгосон” тухай, 2/85 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан” тухай тус тус мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаартай захиргааны актын “С-О” ХХК-д холбогдох хэсгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээ болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

“С-О” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаартай захиргааны актын “С-О” ХХК-д холбогдох хэсгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.2 /б/-д “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан e-balance-аас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг тулган шалгана” гэж заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэж үзсэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6-1/8098 дугаар албан бичиг үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 18/539 дүгээр албан бичгээр “... “Синчи групп”, “С-О”, “Синчи констракшн” ХХК нь нэгдсэн санхүүгийн тайлан баланс гаргасан. Эдгээр компаниудын өмчийн эзэн болон хувьцаа эзэмшигч нь нэг хүн байдаг болно. Тиймээс ...санхүүгийн тайланг шалгахдаа “Синчи групп” ХХК-ийн нэр дээрээс харна уу” хэмээн санхүүгийн тайлангийн талаарх тайлбарыг тендерийн материалд хавсарган хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн байх бөгөөд тэрээр “...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.3-т зааснаар нэгтгэсэн санхүүгийн тайланг гаргадаг бөгөөд уг тайланг тендерийн материалд хавсаргасан ба тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.2 /б/-д заасан шаардлагыг хангасан” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан CD /нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийн баримт бичиг/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “... “С-О” ХХК-иар тусдаа тайланг ирүүлээгүй, нэгтгэсэн тайланг ирүүлсэн” гэх тайлбар зэргээс үзвэл “С-О” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичигт тухайн компаниар тусдаа гаргасан санхүүгийн тайланг хавсарган ирүүлээгүй байх бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ”, 6.4-т “Охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана.” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д ““нэгтгэсэн санхүүгийн тайлан” гэж Компанийн тухай хуулийн 6.4-т заасан санхүүгийн тайланг;”, 8 дугаар зүйлийн 8.3-т “Нэг буюу түүнээс дээш охин компанитай аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 3.1.11-д заасан нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана. Охин компани нь охин компанитай, тэдгээр нь охин компанитай гэх мэтээр үргэлжилсэн холбоо хамааралтай байгаа тохиолдолд хамгийн дээд шатны толгой компани нь нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана.” гэж заажээ.

Уг хуулийн зохицуулалтаас үзвэл охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах бөгөөд толгой компани нь нэгдсэн санхүүгийн тайланг гаргахаар байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй төдийгүй тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.2 /б/-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагч Сангийн яамны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх маргаж буй Сангийн яамны 1/8098 дугаар албан бичгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа зөрчилтэй дүгнэлт хийж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчжээ.

Учир нь Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу мэдэгдсэнийг БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн үнэлгээний хороо хүлээн авч, дахин хянан үзэхдээ нэхэмжлэгч “С-О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан бөгөөд нэгэнт Сангийн яамнаас нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер ТОӨЗ 5.2 /б/-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн төдийгүй “Ц” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, “С-О” ХХК нь санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байх тул БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн үнэлгээний хорооны шийдвэр зөв байна гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн “...үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглосон хуулийн зохицуулалттай ...тул хариуцагчийн гаргасан “Сангийн яамны албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхээс татгалзсан” гэх тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсний дагуу БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг оролцуулан дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн ч тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангахгүй байгаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхгүй юм.

Мөн анхан шатны шүүхийн “...үнэлгээний хороо оролцогчдын тендерт дахин үнэлгээ хийсэн нь ...шударга байх, хуулийг дээдлэх, эрх тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх захиргааны акт гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг зөрчжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулиар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2/84, 2/85 дугаартай албан бичгүүд /үйл ажиллагаа/ нь захиргааны акт биш байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй юм. 

          Өөрөөр хэлбэл, захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр буюу акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шинжийг агуулах ёстой атал нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй дээрх албан бичгүүд нь нэхэмжлэгчид шууд үр дагавар бий болгоогүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй баримт бичиг тул үүнийг захиргааны акт гэж үзэхгүй.

          Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “С-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0228 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С-О” ХХК-ийн Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаартай захиргааны актын “С-О” ХХК-д холбогдох хэсгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
  1. дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “С-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж,
  2. дахь заалтыг нэмэн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч “С-О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, “Ц” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                        Э.ХАЛИУНБАЯР

         ШҮҮГЧ                                                                        Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-91 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-123 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-30 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-144 хуудас